Монголд ардчиллаас өөр юм байхгүй

(ШҮҮМЖ)

Японы эдийн засгийн профессор Тазами Масаки өөрийн бичсэн “Монголын бахархал” нэртэй ном дөнгөж сая хэвлэгдэн гарлаа. Зохиогч анх 2002 онд МУИС-ын урилгаар ирж тус сургуульд хэдэн жил багшилсан байна. Тэрнээс хойш ч Японы болон Монголын уул уурхайн компаниудад хуулийн болон эдийн засгийн зөвлөхөөр ажилласан. Энэхүү хорь гаруй жилийн дотор Монголд байнга ирж байсан, дотор нь ажиллаж ч байсан, маш их олон зүйлийг анзаарчээ. Монголын түүхийг ч, Монгол-Орос, Монгол-Япон, Монгол-Хятадын түүхэн болон өнөөгийн харилцаа, монголчууд эдгээр харилцаанд ямархуу байдлаар ханддаг тухай ч их судалжээ. Монголчууд өөрснөө өөрийн түүх уламжлалынхаа тухай ямар ойлголттой байдаг, өнөөгийн ертөнцийн талаар ямархуу төсөөлөлтэй байдаг зэргийг ч сонирхож олон монгол хүнтэй уулзан тэдний ойлголт араншинг тандсан аж.

Ном ер нь маш сонирхолтой, уншууртай. Монголчууд гадны хүний нүдэнд ямархуу харагддаг вэ, тэр дундаа дотор нь орж олон жил хөндлөнгөөс ажигласан эдийн засагч хүн хэрхэн үнэлж бусад улс орон ард түмэн үндэстэнтэй харьцуулж үзэхэд юугаараа давуу, юугаараа хоцрогдмол байгаа, түүний үндсэн шалтгаан хаанаа байна гэдгийг өөрийн дүгнэлт ажиглалтаараа тод томруун дүрслэн үзүүлжээ. Зуун хувь санал нийлэх дүгнэлтүүд ч байна, зургаан хувийг нь зөвшөөрөх бодол ч байна.Тазами Масаки гуайн бичсэн сонирхолтой номын зарим хэсэг, тодорхой хэлбэл өнөөгийн монголчуудын сэтгэлгээ, хөгжлийн хандлага, түүнийг зарим өөр ард түмэнтэй харьцуулсан дүгнэлт зэрэгт санаа бодлоо хуваалцах гэсэн юм.

МОНГОЛЫГ КАЗАХСТАНТАЙ ХАРЬЦУУЛСАН НЬ. 

Монгол улсад 1990 онд ардчилал тогтож, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн чөлөөт тогтолцоонд шилжсэн. Казахстан 1992 онд анх удаа тусгаар тогтнолоо тунхагласан. За бараг л зэрэг шахам Зөвлөлтийн бүрэн дарангуйллаас de jure чөлөөлөгджээ. 

1992 оны үзүүлэлтээр Казахстанд нэг хүнд ноогдох ДНБ 168 доллар байсан бол Монголд 724 доллар байж. Нэг үгэндээ хасагууд монголчуудаас 5 дахин ядуу байв гэсэн үг. Гэтэл энэ үзүүлэлтээр 2002 онд тэд монголчуудаас хоёр дахин баяжсан ба хөгжлөөрөө Монголын хамгийн өндөрт гарсан үе болох 2013 онд Казахстан бүр 3 дахин илүү гарч тасархай түрүүлсэн байна. Одоо Казахстан нэг хүнд ноогдох ДНБ 13 мянган доллар байгаа бол Монгол ердөө өчигдөр уржигдар анх удаа 5 мянган доллар боллоо гэж Ерөнхий сайд заралсан. Юутай ч энэ үзүүлэлтээрээ Казахстан нь Дунд Азийн бүх стан орнуудад тасархай тэргүүлэх болжээ.

Тэгвэл 1992 ондОлон улсын чансаагаар (Юун чансааг зохиогч бичээгүй байна) Монгол улс 78 дугаарт, Казахстан 157 дугаарт бичигдэж байсан бол Монгол улс эрчимтэй хөгжин ДНБ–ий жилийн өсөлт 17,5 хувьд хүрч дэлхийн рекорд тогтоож байсан 1913 онд Монголын чансааны үзүүлэлт 110 дугаарт бичигдэн ухарсан бол Казахстан 57 дугаарт бичигдэн 20 жилийн дотор 100 байраар урагшилжээ.

Зохиогч энэхүү нэгнийх нь амжилт, нөгөөгийнх нь уруудалтын шалтгааныг тогтолцооноос хайжээ. Тийм ээ, өнөөдөр Монгол улс Номхон далайгаас Хар тэнгис хүртлэх, Арктикаас Энэтхэгийн далай хүртлэх өргөн уудам газар нутагт ганцаараа ардчилалсан тогтолцоотэй нээлттэй нийгэм бүхий улс. Энэ бол бахархал. Харин Казахстан улс нэг хүний, бүр нэг гэр бүлийн дарангуйлалд 30 жил оршлоо. Гэвч эдийн засгийн байдал нь маш ялгаатай. Казахстаны Хятад руу гаргах экспорт 15%, Орос, Хятад гэсэн хоёр хөршийнх нийлээд 25%. Гэтэл экспортын нэгдүгээр түнш нь Итали, дөрөвдүгээр түнш нь Нидерланд. Монгол, Казахстан аль алин нь байгалийн түүхий эд дээр тогтдог. Хичнээн арвин баялагтай ч түүнээ олзворлох, зах зээлд гаргах туршлага ч байхгүй, технологи ч байхгүй, боловсон хүчин ч бэлтгэгдээгүй. Ийм хоцрогдсон орнууд юун түрүүн байгалийн өгөгдөл дээрээ тулгуурлаж гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар хөгжлийн гараагаа эхэлдэг. Арабын нүүдэлчид бурхнаас олдсон асар их байгалийн баялаг дээрээ тулгуурлан баяжсан төдийгүй түрүүчээсээ байгалийн баялагийн хараат байдлаас салж эдийн засгаа солонгоруулж эхэлсэн нь Катар, Арабын Эмиратийн Дубай зэргээс тод харагдана. Саудын Араб ч шашины түгжигдмэл байдлаасаа салахаар шийдэж байна.

Казахстан хэдийгээр дарангуйллын тогтолцоотой ч гэсэн гадаадын хөрөнгө оруулалтын компаниуд Казахстаныг Монголтой харьцуулахад илүү нээлттэй хялбар гэж нэгэн дуугаар дүгнэдэг. Юутай Засгийн газар нь амалснаа биелүүлж чаддаг гэцгээнэ. Мэдээж Ерөнхийлөгчийнх нь амлалт бүрэн хангалттай. Хязгааргүй эрх мэдэлтэй тэрээр амалсан бол за гээд ёогүй. Харин Монгол улсын эрх баригч нам, тэр байтугай нэг сайд, нэг газрын дарга, нэг албаны дарга солигдоход л урьдын бүх амлалт эгшин зуур хүчингүй болдог учир итгэхэд нэн бэрх гэж Масаки гуай бичжээ. Хоёр улс аль алин нь хээл хахууль, авилгад гүнзгий шигдсэн боловч Казахстаныг харьцангуй “цэвэрхэн” гэжээ. Казахстаны дээд тушаалтантай авилгаар ч хамаагүй тохиролцож чадвал бусад тушаалтнууд юу ч нэхэхгүй учир ажил амархан бүтдэг. Харин Монголын дээд доод тушаалтнууд улайм цайм гар харж, утга учиргүй авилга нэхэх нь өдөр тутмын хэвийн үзэгдэл учир ажил урагшилдаггүй.

Дарангуйллын дор хөгжиж буй Казахстан, хийгээд “нялх ардчилалдаа” будилан гацсан Монгол хоёрыг харьцуулж үзээд эрх чөлөө нийгмийн ардчилсан тогтолцоонд ороод түүнээ гуч гаруй жил тогтвортой хадгалсаар яваа монголчуудыг тогтолцооноосоо татгалзаад хасгуудыг дуурай гэж хэлэх гээгүй гэж зохиогч монголчуудыг урамшуулаад “гэвч эдийн засгийн дэвшил хөгжлийн хүвьд Казахстантай харьцуулахад даанч дээ гэмээр байна” гэжээ.

Гэхдээ л ардчилсан сонгуулиар засаг төрөө сольж чадах хэмжээний чөлөөт нийгэм нахиалж буй Монгол нь тэгэж ярьвал дарангуйллын тогтолцооноос хамаагүй дээр гэсэн зарим хүний яриаг сонсоод “Тэгээд юу гэж? Авилгаас өөр юм боддоггүй Монголын улс төрчид илүү дээр гэж үү?” гэж заримдаа өөрийн эрхгүй боддог гэжээ. Зохиогч Монголын эдгээр бүтэлгүйтэл, архагшсан доройтлын гол бурууг Монголын улс төрчдөд тохжээ. Монгол ардчилсан ч гэсэн бодит байдал дээр ардчилал нэрийн дор засаглал болон хуулийн орчноо байнга сольж, ард иргэддээ амалснаа биелүүлэхгүй хууран мэхэлж, улс төрийн тогтолцоогоо байнга тогтворгүй болгон түүнээсээ ашиг олоод сурчихсан улс төрчдөөс болоод хөгжил дэвшлийн зам мөрөө өөрснөө боогдуулаад байна. Иймээс одоо байгаагаа өөрчилж хөгжихгүй бол Монголын ирээдүй бүрхэг болж магадгүй. Монгол улс ардчилсан чөлөөт орны хувьд амжилт олж байж л хөгжихөөс өөр оршин тогтнох зам үгүй хэмээн Масаки гуай эцэст нь дүгнэжээ. 

Монголд өнөөдөр ардчиллаас өөр юм алга гэсэн зохиогчийн дүгнэлттэй би бүрнээ санал нэг байна. Гэхдээ дээр харьцуулсан хоёр орны 1990-ээд оны гарааны нөхцөл, хоёр ард түмний туулсан замнал түүх, ард түмнийх нь сэтгэлгээний ондоошил гээд өөр олон хүчин зүйл энэ хоёр орны сүүлийн гуч гаруй жилийн ялгааны цаад учир шалтгаанд бий гэж бодож байна. Монголын улс төрчдийн шунахай сэдэл, авилгын үүр болсон бодит байдал энэ дампуурлын гол шалтгааны нэг мөн. Гэхдээ чөлөөт ардчилсан сонгуулиар бараг дандаа аль л луйварчдаа зориуд тэгэж байгаа юм шиг сонгож өөрсдийн хувь заяагаа мэдсээр байж гарт нь атгуулдаг ард түмэн нь энд огт буруугүй гэж үү? Чөлөөт сонгуулиар сонгогддог алив удирдлага нь тухайн ард түмнийхээ жижигрүүлсэн проекц байдаг. Тиймээс ямар ард түмэн байна, тийм удирдлага байдаг гэсэн үг бий.

Эхлээд хоёр ард түмний түүхээс, ялангуяа Зөвлөлтийн хараат өв уламжлалаас үлдсэн ялгааг хэлье.

Гучаад оны Зөвлөлтийн хамтралжуулалтад хамгийн аймшигтайгаар өртөж хохирсон үндэстэн бол украинчууд, хасагууд юм. 1929 оны тооллогоор Казахстанд 3.7 сая хасаг үндэстэн байснаа 1939 онд 2.3 сая нь амьд үлджээ. Сая хагас хүн хамтралжуулалтын үед өлбөрч үхсэн. Харьцуулахад 1930 оны Монгол дахь хамтралжуулалтаар жилийн дотор нийт мал сүргийн гуравны нэг “алга болсон” ч зөвлөлт тогтолцоог эсэргүүцсэн 1932 оны ардын бослогын хүчээр хамтралжуулалтыг зогсоосноор монголчууд үй олноороо өлбөрч үхэх аюулаас аврагдсан юм.

Казахстаныг оросууд колончилж эхлээд удаагүй байсан 1897 оны статистикаар хасгууд нутагтаа хүн амын 85 хувийг эзэлдэг байжээ. Казахстан нь Зөвлөлт засгийн үед оросуудын цөллөгийн газар болсон учир олон үндэстний орон болж хувирсан. Өөрсдийнх нь статистикаар 1960 онл 2 сая 700 мянган хасаг үндэстэн Казахстаны нийт хүн амын дөнгөж 30 хувийг бүрдүүлж байсан бол 2021 онд 13.5 сая хасагууд улсынхаа хүн амын 70.5 хувийг эзлэх болжээ. Төрөлт тийм өндөр биш, энэ хооронд хасаг биш үндэстнүүдийн гадагш миграци нэлээд болсон болохоос дотогшоо миграци тийм нөлөөлөхүйц урсгал байгаагүй. 1960-1990 оны хооронд хасаг үндэстэн гурав дахин олон болжээ! Ингэхээр нэлээд эргэлзээтэй статистик байгаа биз? Дарангуйллын системд статистикийг дарангуйлагч зохиодог. Хасгууд өөрийн нутагтаа хүн амын давамгайлал болж чадлаа, энэ бол эзний гавъяа гэсэн суртал нэвтрүүлэгт эдгээр тоо хэрэг болсон байж магадгүй. 

2009 оны статистикаар хүн амын 96.5 хувь нь орос хэлтэй аж. Харин хасаг үндэстний 98 хувь нь хасаг хэл мэддэг гэнэ. 2011 оны бие даасан судалгаагаар Казахстаны 18 сая иргэний 2 сая нь хасаг эх хэлтэй гэж гарсан. Эдгээр нь голдуу хөдөө аж ахуйн районд амьдардаг, хүн амынх нь дийлэнх нь хасаг үндэстэн бүхий мужуудад аж. Ингэхээр Казахстаны хасаг үндэстний 70 хувийнх нь хувьд орос хэл эх хэл нь аж. Сүүлийн 30 жилд Казахстаны төр засгаас хасаг хэлийг сэргээхэд их анхаарч байгаа боловч юутай ч тэдний хувьд хасаг хэл бол шинээр сурч буй гадаад хэл юм. Энэ нь ялангуяа бараг нийт сэхээтнийг хамрана. Ийм үзүүлэлтээр украинчуудтай их төстэй. 1990-92 онд Казахстан улс байгуулагдангуут Монголоос 60 мянга орчим хасаг тийш нүүсэн. Гэвч хэдэн жилийн дараа ихэнх нь буцаж ирсэн, шалтгаан нь соёл таарахгүй, гол нь монголын хасгууд орос хэл мэддэггүй аж. Тэгээд тэнд гадуурхал нь илүү, ирсэн хүмүүсийг хоёрдугаар сортод үзэх хандлага их байж. Арваад жилийн өмнө арьс өнгө, оршин буй газраас үл хамааран эх хэл нь орос бол түүнийг орос үндэстэн гэж тооцож Оросын төр хамгаалалтдаа авна гэж Путин заралж хуульчилсан. Украинд хийж буй дайнаа ч энэ үзлээрээ шалтаглан зөвтгөсөөр. 

2009 ба 2021 оны өөрсдийнх нь статистикаар Казахстаны хасагуудын 70 хувь нь лалын шашинтай аж. Гэтэл америкчуудын хийсэн судалгаагаар энэ үзүүлэлт хоёр дахин байга байлаа. Хэдийгээр социализмын төгсгөлөөр хасгууд бараг нэлэнхүйдээ атеист болж хувирсан боловч лалын иргэншил хэдэн зуун жилийн өмнө нэвтэрсэн болохоор хүн ам нь уламжлалаараа сахилга баттай, зовлон тэсвэрлэх чадвартай болжээ. Иймээс ч монголчууд шиг тулгасан төрийн толтолцоог эсэргүүцэн бослого гаргаагүй, хэдэн саяараа коммунист туршилтын золиос болж өлбөрч үхэцгээжээ. Гэтэл монголчууд төвдийн бүддийн шашин соёлтой. Бүддизм бол бие даасан иргэншил биш, аль ч иргэншил, соёлд нэвтэрч чаддаг сургаальт соёл. Монголд бүр хожим 1960-аад оны үед л иргэншил (барууны) нэвтэрч эхэлсэн. Манж Чин улсын үед монголчууд ертөнцөөс тусгаарлагдсан вакум орчинд 200 жил амьдарчээ. Энэ оронд гадны соёл, шашин, худалдаа орж ирэх нь хориотой байв. Нэг талаас энэ нь нэг өрхөд хамт гишүүн болсон хятадын хүн амын түрэлтээс найдвартай хамгаалж монголчуудыг үндэстнийх нь хувьд авч үлдсэн эерэг талтай. Манж нар Оросын түрэмгийлэл, газар нутгийг нь дээрэмдэлтээс хамгаалж олон сая Хятад тариачдыг Манжуур руу нүүлгэн шилжүүлснээс болж манж үндэстний айдэнтити, соёл заншил байтугай хэл нь хүртэл мөхсөн. Ийм аюул монголчуудыг нөмрөөгүй. Гэхдээ ертөнцөөс тусгаарлагдсан, аль нэг иргэншилд хамрагдаагүй, хязгааргүй уудам газар нутаг дээр сая хүрэхгүй хүн амтай монголчууд дундад зууны хоцролтойгоор ХХ зуунтай золгосон. 

Энэ бүхнийг яагаад хэлэв гэхээр Лалын иргэншил нүүдэлчин хасгуудын зан заншил, ахуй, сэтгэлгээнд их өөрчлөлт үзүүлсэн, дараа нь Зөвлөлт засгийн үед энэ үндэстнийг бараг тэр чигээр нь оросжуулжээ. Зөвлөлтийн стан орнууд дотроос оросуудын нөлөөгөөр хамгийн иргэншсэн нийгэм нь Узбекстан, Казахстан хоёр байлаа. Гэхдээ узбекууд өөрийн хэл соёл шашин, ахуйгаа бараг бүрнээр нь авч үлдсэн бол олон үндэстний холимог хуурга болсон Казахстан Оросын соёл иргэншилд бараг бүрэн ууссан. Орос бол юутай ч өрнийн иргэншлийн тасархай. Яг ийм оросжсон процесст умарт монголчууд буюу буриадууд бүрнээ өртөн уламжлал, зан заншил, хэл соёлоосоо салжээ. Тэд өөрийн нутагтаа хүн амын ердөө хорь гаруй хувийг эзэлдэг учир, нөгөө талаас оросын колончлолд хэвээр байгаа тул хасгууд шиг түүх соёлоо эргэж сэргээх бололцоо үгүй болов уу.

Казахстан нь 1992 онд тусгаар тогтнохдоо Холбоот Оросын бусад мужуудтай харьцуулахад ядуу газар байсан боловч стан орнууд дотроо илүү хүчирхэг, илүү үйлдвэржсэн, илүү соёл иргэншил нэвтэрсэн, илүү боловсронгуйжсан, хөдөө аж ахуйн хүчирхэг улс орон байлаа. 1970-аад он гэхэд хэдийнээ аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болсон Зөвлөлт Казахстанд нийт үйлдвэрлэлийн 63 хувийг аж үйлдвэр, 25 хувийг хөдөө аж ахуй хангадаг болжээ. Гэтэл зөвхөн улаан буудайн ургац нь жилд 20 сая тонн өгдөг, тэнд хагас сая трактор, 100 мянган комбайн, 100 мянган ургац зөөх ачааны машин ажлуулж байв. Нийт Зөвлөлтийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хангамжийн том төвлөрөл Казахстанд байсан. Улаан буудай ургацын 70 хувийг эзэлдэг гэхээр цаана нь өөр таримал маш их хувь эзлэнэ. 

Байгалийн баялаг ихтэйн хувьд нүүрс олзворлолтоор Украины дараа, Нефть олборлолтоор Холбоот Орос, Зөвлөлт Азербаджаны дараа ордог байсан. Хар төмөрлөг ихтэй, тэрийгээ бүрэн боловсруулах үйлдвэртэй. Өнгөт металлийн орд байтугай зэс, цинк, титан, боловсруулах тэр үедээ орчин үеийн үйлдвэрүүдтэй байсан. Машин үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл, барилгын үйлдвэр тэр үеийнхээ Зөвлөлтийн хэмжүүрээр их хөгжсөн байв. 

Гэтэл ерээд оны үед бараг зэрэг гараанаас, зохиогчийн нотлож байгаагаар бүр илүү дээр гараанаас эхэлсэн гэх Монголын байдал шал өөр байлаа. Казахстан нь нийт ЗХУ-ыг үр тариа, байгалийн баялагаар хангадаг том төв мөртөө Орос, Европын болон Кавказын холбооны улсуудтай харьцуулахад ядуу орон байсан бол Монгол нь Зөвлөлтийн улаан армийг махаар хангах ганцхан үүрэгтэй, тусгаар мөртөө нэн ядуу орон байлаа. Зөвлөлтийн 100 мянган цэргийг өөрийн нутаг дээр 30 жил байрлуулж өөрийгөө ч хятадын эсрэг плацдарм болгосны шанд 17 тэрбум долларын өртэй хоцорсон. Энэ бол Зөвлөлтийн зүгээс 1970 оноос 5 жил тутамд 3 тэрбум рубль зээлдүүлж байсныг долларт шилжүүлсэн дүн. Гэвч зээлдсэн мөнгөний хуваарилалтийг оросууд өөрснөө мэдэж хуваарилдаг байсан болохоор нийт зээлийн 60 гаруй хувь нь монголын хагас зэрлэг мал сүргийг додомдоход зарцуулагджээ. Нүүдлийн малын гол ашиг нь хөрөнгө оруулалт шаарддаггүй, өөрөө байгалийн зөнгөөр өвс тэжээлээ олоод идчихдэг, тусгайлсан маллагаа шаардах нь бага, улирлын ажиллагаатай учир хямд төсөр аж ахуй юм. Гэтэл Зөвлөлтийн тусламжаар буй болсон нүүдлийн малд тохиромж муутай олон арван мянган хашаа саравч, төлөвлөгөө биелүүлэхийн тулд хялбараар нь гол дагуулан ухсан үй олон худаг, янз бүрийн тэжээлийн үйлдвэрүүдийн үнэ өртөгт зээлийн мөнгөний ихэнх нь явжээ. 

Зөвлөлтийн тусламжаар баригдсан хамгийн том үйлдвэр болох зэсийн хүдрийн олборлолт баяжуулах үйлдвэр нь дагалдах хоттойгоо нийлээд нийт зээлийн ердөө 7 хувийг эзэлсэн байв. Зээлийн мөнгөөр олон үйлдвэр завод баригдсан ч чөлөөт эдийн засагт шилжүүт аль нь ч зах зээлийн өрсөлдөөн даахгүй учир бараг бүгд өөрөө дампуурсан. Мөнөөх хөдөө аж ахуйд оруулсан асар үнэтэй объектууд ч мал хувьчлагдсаны дараа ямар ч хэрэг байхгүй нь тодорхой учир хаягдсан.

1980-аад онд Монголд ажиллаж байсан зөвлөлтийн мэрэгжилтнүүд цайлган сэтгэлээр гайхацгааж байсан: энэ оронд 60 жилийн өмнө хувьсгал болсон юм бол яагаад ийм хоцрогдмол байна? Тухайн үеийн дундач зөвлөлт хүний ойлголтоор аль ч улс орон социализм байгуулаад л эхэлбэл үсрэнгүй хөгждөг гэж боддог байсан болохоор ингэтлээ гайхдаг нь аргагүй юм. Үнэхээр ч, Монгол 60 жилийн социалист байгуулалтын дараа хөгжлийн төвшингээрээ ч, амьдралын төвшингээрээ ч манай гаригийн Чад, Мали, Хаити зэрэг хамгийн хоцрогдсон улсаас яльгүй дээр, жишээ нь, Свазиленд, Парагвай, улигт Хондурас энэ тэрээс доогуур байв.

Зөвлөлтийн зээл Монголын нийт хэрэглээний 70 хувийг хангадаг байв. Зөвлөлтийн эзэнт улс задрахад Монгол улс шууд л шалдан бөгсөөрөө үнсэн дээр газардлаа. 1990-2004 оны хямралын хүнд үеийг Монгол улс олон улсын байгууллагууд, Валютийн сан, Азийн хөгжлийн банк, хандивлагч орнууд, ялангуяа Японы тусламжаар давсан юм. Тэдний тусламж Монголын нийт хэрэгцээний 40 хувийг хангаж байлаа.

1940-1990 оны хоорон дахь 50 жилд Монголын эдийн засаг 10,4 дахин өссөн бол 1990-2004 онд хоёр дахин өссөн ба 2004-2014 оны хооронд 10 дахин өссөн байна. Төсөв, хөрөнгө оруулалтын 70 хувийг ЗХУ-аас зээлж хэрэглэдэг байсан бол 2005 оноос үүнийг өөрснөө 100 хувь хангадаг болсон. Монголын өөрийн талаас оруулж буй төсвийн бүтцийн 42 хувь нь 1940 онд хувийн хэвшил эзэлж байсан бол 1960 онд огт үгүй болоод 2000 онд 80 хувь хүрчээ. Төсвийн нийт хэмжээ 1995 онд 250 сая доллар байсан бол 2010 оноос энэ үзүүлэлт дөрвөн тэрбум долларыг давах болжээ. Монгол улсыг 2005 оноос ядуугийн зэрэглэлээс хасч ОУВС-ын олон хөтөлбөрөөс хаслаа. ДНБ-ий нэг хүнд ноогдох хэмжээгээр 1995 онд 400 орчим доллар байсан бол өдгөө бараг 5 мянган доллар болж дэлхийн дундач төвшний эдийн засагтай оронд тооцогдох болов. 

Монгол улсын сүүлийн хорин жилд тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм юм. Ер нь дэлхийн хаана ч тийм байдаг. Популизм нь хөгжлийн хурдцыг сааруулдаг, асар их боломж бололцоог сүйтгэдэг, улмаар хөгжлийг зогсоох төдийгүй ухраадаг. Ийм жишээ орчин үеийн ертөнцөд дэндүү элбэг байна. Хөгжиж буй орнууд дийлэнхдээ Гадаадын хөрөнгө оруулалтаар босож өндийдөг. Учир нь нэг талаас ядуу орнуудад эргэлдүүлэх өөрсдийн капитал байдаггүй, нөгөө талаас гадаадын капитал тухайн орон дахь аль салбар ашиг олж ирэхийг гярхай хардагаас гадна хөгжиж буй оронд хамгийн их гачигдалтай байдаг мэнэжмэнт марктэнг чухам тэд авчирдаг. Монгол орон XXI зууны эхээр гэнэт баяжиж эхэлснээ популизмаас болоод дороо хоолны хордлого болон Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж туух, энэ дэлхийд уул уурхайгаас өөр зарах юу ч үгүй байж эдийн засгаа солонгоруулна гэх мэтээр балайрсаар эдийн засгийн материаллаг хөгжил зогсох тийшээ хандлаа. Гадаадын хөрөнгийг шахан зайлуулах улс төрчдийн шахалт Монголын ард түмний ихэнхийн дэмжсэн уухайн дор хэрэгжсэн шүү.

Ардчилсан тогтолцоо бол бололцоо болохоос шууд утгаараа диваажин биш. Эмчилгээ тэжээлийн цэг ч биш, сүм хийдээс зохион байгуулдаг үнэгүй хоолны гуанз ч биш, өвгөд хөгшдийг харж хамгаалдаг асрамжийн газар ч биш. Хөгжлийн эх сурвалж бол өөрт байхгүй буюу дутагдсан мөнгөө гаднаас оруулж ирж ашиг өгөх салбараа эрчимтэй хөгжүүлэх явдал болохоос яаж ч ардчиллаад, ардчилсан болж харагдаад, ардчиллын арал гэж дэлхийгээр нэг магтуулаад ч энэ нь материаллаг хөгжлийн эх сурвалж биш. Гадаадын хөрөнгө оруулалтаар АНУ нэгдүгээрт, Хятад хоёрдугаарт орж буй нь тэдний ингэтлээ тэлэн томорч чадсаны нэг эх үүсвэр байх. Хятадыг ардчилсан тогтолцоотой гэж тооцдоггүй байх шүү.

Жич: Профессор Тазами Масаки бичсэн “Монголын бахархал” ном монгол хүн уншихад их сонирхолтой, сургамжтай, маш баялаг баримттай уншууртай бүтээл болжээ. Энэ шүүмжийн эхний хэсэг ингээд завсарлалаа. Үргэлжлэлд нь өнөөгийн монголчуудын Хятад, Орос, Японд хандах хандлагын талаархи түүний гярхай ажиглалт, сонирхолтой дүгнэлтийн тухай өөрийн шүүмжийг бичиж зарим санаа нэмж дэвшүүлэх болно. Тэр болтол түр баяртай.

БААБАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)