Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
- 2023-07-04
- Улс төр
- 0
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал өнгөрсөн сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Байнгын хороо 2023 оны долдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 8 санал, төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул мөн зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан 3 саналаар санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн байна.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй аж. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлэв. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Төслийн 19 дүгээр зүйлд “Нам Улсын Их Хурлын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгох ажлыг зохион байгуулах хороотой байж болно. Хорооны бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, түүнийг байгуулах, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах болон үйл ажиллагааны журмыг энэ хуулийн 8 дугаар зүйл, намын дүрэмд нийцүүлнэ”, “Улсын Их Хурлын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгохдоо энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.3-т заасныг баримталж, тухайн албан тушаалыг хаших ёс зүйн болон хууль тогтоомж, холбогдох журмаар тогтоосон бусад шаардлагад үндэслэнэ” гэсэн хэсэг нэмэх саналыг гишүүдийн олонх дэмжсэн. Мөн мөнгөн бус хандив авч байгаа тохиолдолд хандивлагчтай хандивын гэрээг бичгээр байгуулж гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулах; хуулийн этгээд намд хандив өгсөн бол хандивын хэмжээ, зориулалтыг нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайландаа тусгана; нам санхүүгийн тайланд аудит хийхээр гэрээ байгуулсан аудитын хуулийн этгээд хандивын талаар баримт мэдээллийг хандивлагчаар гаргуулан авна гэсэн агуулгатай хэсгийг төслийн 34 дүгээр зүйлд нэмэх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 62.5 хувь нь дэмжлээ. Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт тавих хяналт, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагатай холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ийнхүү саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулсны дараа хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Сэтгэгдэл (0)