Б.Энхмандах: Бусад оронд нам зарим нэр дэвшигчээ хэд хэдэн тойрогт “сойж” болдог хуулийн зохицуулалттай
- 2023-07-04
- Нийтлэл
- 0
Улс төр судлаач, ОББЭЭ, Доктор Б.Энхмандахтай Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд ярилцлаа.
-Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Энэхүү хуулийн гол агуулга, ач холбогдлыг та улс төрч, судлаач хүнийхээ хувьд юу гэж дүгнэж байна вэ?
Би ч дүгнэлт өгөөд байх ч хүн биш л дээ. Гэхдээ судлаач хүний хувьд хэлэх үгээ эн тэнд хэлж ярьж л яваа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барьсан “Улс төрийн намын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцүүлэгийн шатандаа явж байна. Төсөлд тусгагдсан асуудлаас зарчмын шинжтэй хэд хэдэн зүйлийг онцлож болох юм. Үүнд:
- Улс төрийн намыг үүсгэх байгуулах, сонгуулийн төв байгууллагын уламжилснаар Улсын Дээд шүүх улс төрийн намыг бүртгэх, бүртгэхээс татгалзах, намын үйл ажиллагааг идэвхгүйд тооцох, өөрчлөн байгуулах, намын үйл ажиллагааг зогсоох, намыг тараах зэрэг эрх зүйн зохицуулалтыг хуулинд нилээд тодорхой болгож байгаа гэж ойлгогдсон.
- Улс төрийн намын бүтэц зохион байгуулалтыг дэлхийн чиг хандлага, дотоод ардчилал, хүний эрх, жендерийн тэгш эрхийг хангах зарчмуудын дагуу уян хатан бүтэцтэй, гишүүдийн оролцоо, эмэгтэйчүүд, залуучууд, ахмад үе, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн оролцоог дэмжсэн, бодлогын нам болж ажиллах асуудлыг уг Хуулийн төсөлд оруулж ирсэн нь шинэлэг зүйлүүд болж байна.
- Хуулийн төсөлд улс төрийн намуудад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөл шалгуур, түүний мөнгөн болон мөнгөн бус хэмжээ, хуваарилалт, шилэн санхүүжилтийн зарчим, зарцуулалтын зориулалт, гишүүний татвар, хандив, намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлогын талаар улс төрийн намууд санхүүгийн тайлан гаргах, тайланг мэдүүлэх, аудит хийлгэх, сонгуулийн төв байгууллага тайланг нягтлан шалгах, нийтэд мэдээлэх, улмаар намын тайлантай холбоотой алдаа зөрчилд тооцох хариуцлагын талаар шинэ тутам зохицуулалтууд хийгдэж байгаагараа онцлогтой.
Хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж батлагдсанаар Монголын улстөрийн намуудын эрх зүйн орчин сайжирч энэ хүрээнд эерэг үр дүн авчирах нь дамжиггүй.
-Таны дээр нэрлэж буй өөрчлөлтүүд Монголд улс төрийн намуудын нэр хүнд унасан байдлыг засаж залруулан, тэдгээрийн улс төрийн тогтолцоонд гүйцэтгэх үүргийг ном журамд нь оруулахад түлхэц болно гэж Та бодож байна уу?
Орчин цагт Дэлхий дахинд нийгмийн улс төрийн институцид өнөөгөөс 300 гаруй жилийн өмнө үүссэн “улстөрийн нам” гэдэг институцийн үүрэг чухал хэвээр байсаар байна. Орчин үеийн ардчиллыг улс төрийн намгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Монгол Улсад ч мөн адил. Гэхдээ манай улс оронд нүүрлээд буй нийгэм, улс төрийн хямралт байдлын гол учир шалтгааны нэг нь улс төрийн намуудад өөрсдөө болоод байна. Тэд нийгэмд тулгараад буй хүндрэл, бэрхшээл, түүнээс үүссэн завхрал, гажуудал, авилга, хээл хахуулийн уг үндэс нь болсон гэж хэлж болно.
-Тэгвэл Монголын улс төрийн намуудын хямралт байдлыг Та товчоор хэрхэн томьёолж хэлэх вэ?
Монгол Улсад төлөвшин хөгжиж буй ардчилсан тогтоцооны хамгийн чухал баталгааны нэг бол олон намын тогтолцоо бүхий улс төрийн намуудын төлөвшилт байх учиртай. Хэдийгээр өнөөдөр Монгол Улсад улс төрийн 37 нам бүртгэлтэй байдаг хэдий ч олон намын тогтолцоо “доголон” болчихоод байна.
-Юу гэсэн үг вэ?
Манай оронд олон намын тогтолцооны “Хоёр ба бусад” өөрөөр хэлбэл, “МАН, АН болон бусад” гэсэн тогтолцоо 1990 оноос хойш нилээд удаан хугацаагаар тогтож ирсэн. Сүүлийн жилүүдэд олон намын тогтолцоот байдал алдагдахад хүрээд байна. “МАН ба бусад” гэсэн ардчилал гажуудахад хүргэхүйц “доголон” тогтолцоо бий болчихоод байгааг яаралтай засах учиртай. Монгол Улс 1990 онд “Улс төрийн намын тухай” хуультай болж, 1991, 1996, 2005 онуудад нэмэлт өөрчлөлт оруулж ирсэн хэдий ч хуулийг хэрэгжүүлж, амьдралд нийцүүлэх ажил хоцрогдсоор өнөөг хүрч иржээ.
Тиймээс “Улс төрийн намуудын тухай” хуулинд оруулах энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийн ач холбогдол улам өндөр болж байгаа юм.
-Таны хувьд МАХН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэр утгаараа 100 жилийн түүхтэй намын гал тогоог нэгэн үед хариуцан ажиллаж байсан хүний хувьд өнөөгийн эрх баригч намын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, намын санхүүжилт ямар болсон байна гэж харж байна вэ?
Энэ талаар өнгөрсөн үеийн удирдагч миний хувьд олныг ярих нь илүүц зүйл бизээ. Учир нь, МАН-ын өнөөгийн удирдлага, Удирдах Зөвлөлийн зүгээс нам хэмээх улс төрийн институци, түүний дотор МАН-ын өөрийн бүтэц, зохион байгуулалт, бодлого, үйл ажиллагаа, гишүүдийн идэвхи оролцоо, намын санхүүжилт зэрэг олон сул талуудыг өөрсдөө олж харж, тэдгээрийг засаж залруулахын тулд УИХ-д олонхи суудалтай эрх баригч намын хувьд эрх зүйн шинэчлэлт хийхээр зориглон хөдөлж байгаад талархалтай явдаг.
Энэ бол дан ганц МАН-д зориулсан эрх зүйн шинэчлэлт бус харин Монголын ардчиллын ирээдүйд батлагаа болж байх учиртай улс төрийн бүх намуудад хамааралтай, нийтлэг ашигтайнэмэлт өөрчлөлт гэдгийг хэлмээр байна.
-Улс төрийн намуудын бүтэц, зохион байгуулалт, бодлого, үйл ажиллагааны өнөөгийн алдаа дутагдлыг яг яаж засах вэ?
Улс төрийн намуудын бүтэц, зохион байгуулалтыг орчин цагийн хэрэгцээ шаардлага, шударга ёс, олон нийтийн санаа бодолд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага эн тэргүүн тавигдаж байгааг манай эрдэмтэд судлаачид бичиж байна. Монголын улс төр судлалын тэргүүлэхзалуу эрдэмтдийн нэг, МУИС-ийн Доктор, Дэд профессор С.Мөнхбат нам бол ардчиллыг хэрэгжүүлэгч улс төрийн институци болохын учир “Монголын намын бүтэц, зохион байгуулалтын цаашдын хандлага нь бүтэц, зохион байгууллалтын хувьд илүү өргөн олныг хамарсан, өргөн хүрээний намын зохион байгуулалтын хэв маягт шилжих явдал” гэж бичсэн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, улстөрийн намууд хатуу гишүүчлэлээс зайлсхийж, дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн оролцоо, ТББ, олон нийтийн ашиг сонирхлын бүлгүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг тууштай хайж ажиллах шинэ шаардлага улс төрийн намуудад үүсч байна гэсэн үг.
Ингэснээр, улс төрийн намууд төр ард түмний гүүр байж, нам улсын хэмжээнд бодлого дэвшүүлэн ажиллан, үйл ажиллагаа, сонгуулийн мөрийн хөтөлбөр нь улс орноо хөгжлийн бодлогод захирагдаж, төрийн өндөр ёс зүйтэй алба хаагчийг бэлтгэн, иргэдэд улс төрийн боловсрол олгох бодлогын институц болон төлөвших үндэс бүрдэнэ гэж хэлж болно.
Хуулийн нэмэлт өөрчлөлтөөс харахад, “намын дэмжигч гишүүн” хэмээх эрх зүйн заалт орж ирснээр намын бодлого, үйл ажиллагаанд ач холбогдол өгч, үнэт зүйлд үндэслэн улс намын бодлого, үйл ажиллагаанд иргэдийн дэмжин оролцох эрх зүйн үндэс бүрэлдэж байгаа нь сайшаалтай.
-Үүнээс гадна “Улс төрийн намын тухай” хуулийн төслийн олны анхаарлыг татаад буй нэг гол заалт бол намын санхүүжилтийн асуудал байгаа. Ер нь нам гэж ямар байгууллага вэ. Намын санхүүжилт гэхээрээ юуг ойлгох ёстой юм бэ?
Улс төрийн намуудын санхүүжилт бол өнөөгийн нийгэмд бугшаад буй авилга, хээл хахуулийн эх үндэс, учир шалтгаан болж буй хамгийн тулгамдсан асуудал гарцаагүй мөн. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, хяналт сайжруулах заалтууд Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орж ирж байна. Намд өргөх хандивын тоо хэмжээг хязгаарлаж, түүний зарцуулалтад тавих хяналтыг ил тод болгож байгаа нь зөв зүйтэй алхам.
Мөн улс төрийн намын санхүүжилтэд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн механизмыг боловсронгуй болох, түүнийг хяналтыг олон нийтэд ил тод, нээлттэй, шилэн болгох чиглэлд эрх зүйн шинэтгэл хийгдэж байна.
Намын санхүүжилт дан ганц сонгуулийн үед бус өдөр тутмын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болох эрх зүйн үндэс ч бүрдэж байгаа гэж ойлгож байна.
-Санхүүжилт ил тод байх нь ямар ач холбогдолтой вэ. Зарим судлаачид санхүүжилт ил тод байх тусам улс төрийн цэвэр өрсөлдөөн явагдана гэж ярьж байна. Та үүнтэй санал нэг байна уу?
Санхүүжилтийг ил тод болгох асуудал нэн эмзэг, улс төрийн эр зориг шаардсан асуудал байдаг. Энэ чиглэлд эрх баригч нам өөрөө санаачлагаараа шннэчлэлийн ажлыг эхлүүлж буй нь улс төрийн бусад намуудад үлгэр дууриалал болох төдийгүй, улс төрийн намуудад итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой алхам болно.
Түүнчлэн намд өгөх иргэд, аж ахуй нэгжийн хандив, түүнийг захиран зарцуулалт, санхүү болон үйл ажиллагааны тодорхой асуудлуудаар улс төрийн нам тайлан гаргаж, түүнд нь сонгуулийн төв байгууллага хяналт тавих замаар намын үйл ажиллагаа хариуцлагажиж, төлөвших үндэс бүрдэх төдийгүй олон нийтийн зүгээс тавих хяналт чсайжирна.
Энэ бүхэн улс төрийн намуудын гарааны тэгш нөхцөл байдлыг хангаж, өрсөлдөөн ил тод, цэвэр, шударга явахад зохих ёсоор нөлөөлөх нь зүйн хэрэг. Нийгмийн хэмжээнд авилгын түвшин буурахад эерэгээр нөдөөлөх нь дамжиггүй.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бид 2024 оны УИХ-ын сонгуулиар 126 гишүүнийг гаргаж ирэхээр болсон. Гэхдээ үүний 78-ыг нь тойргоос сонгох бол үлдсэн 48-ыг нь нам гаргаж ирнэ. Тэгэхээр үүнд нөгөө намын жагсаалт нээлттэй байх эсэх нь олны анхаарлыг татаад байна л даа. Таны хувьд жагсаалтыг яаж гаргах нь зөв гэж харж байна вэ?
Улс төрийн намуудын дотоод ардчиллыг хөгжүүлж, иргэдийн сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхийг баталгааг хангах хүрээнд намын бүтэц, сонгууль, гишүүдийн оролцоог хуульчлах замаар улс төрийн намын дотоод ардчиллыг дэмжих эрх зүйн үндсийг бүрэлдүүлэхэд Таны асууж буй асуулт чухал нөлөөтэй байх болно.
Сонгуульд улс төрийн намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын Дүрмийн дагуу намын удирдах дээд байгууллага нь шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт байдаг. Тиймээс 78 тойрог болон намын нэрээр сонгогдох 48 нэр дэвшигчдийн жагаасалт зайлшгүй гарах бөгөөд тэдгээр нь ил тод зарлагдаж, Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгэгдсэн байх учиртай.
Хувь тэнцүүлсэн сонгуулийн нөхцөлд нэрсийн жагсаалтыг гаргахдаа намын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн дарааллыг баримтлах нь шударга ёсонд нийцнэ. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам жагсаалт гаргахдаа тухайн нэр дэвшигчийн нэрийн эхний үсгийг цагаан толгойн дарааллаар бус харин намдаа эзэлж буй байр суурийг эн тэргүүн харгалзах учиртай. Энэ жагсаалт нь СЕХ-ны сонгуулийн дүнг гаргахдаа баримтлах үндсэн эх сурвалж болно.
Тойрогт нэр дэвшигчдийг хэн нам дотроо хамгийн олон санал авснаар нь жагсаан шалгаруулж, тойрогт нь хуваарилна. Нэг сонгуульт бүрэн эрхийн хугацаанд тухайн тойрогт дахин сонгууль явуулах болбол намын жагсаалтад дараачийн байр эзэлсэн хүнийг нэр дэвшүүлдэг болдог байвал олон удаа хуралдаад байх шаардлага гарагхгүй.
Гадаад орнуудад улс төрийн нам зарим нэр дэвшигчээ хэд хэдэн тойрогт “сойж” болдог хуулийн зохицуулалт байдаг. Хэн нэг нэр дэвшигч нэгээс илүү тойрогт ялалт байгуулсан тохиолдолд түүний оронд түүний төлөөлсөн намаас гаргасан нэрсийн жагсаалтыг үндэслэн дараачийн нэр дэвшигчийн босго оноог хангасан байдал, тухайн тойрогт авсан санал болон түүнд ногдож буй намаас хамааралт саналыг тооцон орлуулан сонгогдсонд тооцдог. Цаашид ийм боломжийг УИХ-ын Сонгуулийн тухай хуулинд оруулж өгвөл манайд улс төрийн намууд өөрийн нэр хүндтэй гишүүнийг тойрогт болон намын жагсаалтад аль алинд нь багтаах нэр дэвшүүлэх боломжийг олгох талтайг ялдамд дурьдая.
Э.Мөнхтүвшин
"Өдрийн сонин", 2023.07.04, Мягмар, №125 (7245)
Сэтгэгдэл (0)