Монголчууд хойд “ах”-даа гологдож, урд “ах”-ыгаа түшдэг болсноо ичихгүй зарлах хэрэгтэй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сая БНХАУ-д айлчиллаа. Энэ удаад овоо хэд хонов. Олз омог арвинтай ч иржээ. Түүний айлчлалын үр дүнд олон жил хүлээлт дагуулсан томоохон төслүүдийг энэ онд багтааж эцэслэхээр болсон нь сайшаалтай. Тухайлбал, хилийн боомтууд төмөр замаар холбогдоно. Эрдэнэбүрэнгийн УЦС, Чойбалсангийн цахилгаан станцын төслүүд саадгүй явах зэргээс нь харвал эрчим хүчний салбарт нилээд жин дарсан айлчлал болов. Дизель болон евро стандартын түлш, шатахууныг урд хөршөөс авах суваг нээгдлээ. Валютын ханш буурахад хамгийн их нөлөөтэй газрын тосны салбарын хамтын ажиллагааг талууд эхлүүлэхээр болж. Айлын талаас гурван тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг татахаас гадна Хятадын Ардын банкны своп хэлцлийг сунгахаар тохиролцож чадсан байна. Манай улсын худалдаа, эдийн засгийн гол суваг Замын-Үүд-Эрээний автозамын боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгоно. Энэ мэтчилэн Л.Оюун-Эрдэнийн айлчлалаар шийдсэн ажлуудыг дурдвал тав хоногт яаж амжуулсан юм гэмээр.

Эндээс үзвэл бид хойшоо явахаараа алдаатай наймаа хийгээд, урагшаа очихоороо ашигтай наймаа хийж байгааг ард түмэн бэлхнээ харж байна. Манайхан хойд “ах” гээд сүрхий сүжирдэг байсан цаг бий. Гэтэл өнөөдүүл нь ядарсан “дүү”-тэйгээ манатай болсон. Юун эдийн засгийн тусламж үзүүлэх нь битгий хэл хөршийн найрсаг харилцаагаа ч сөхөж харах тэнхэлгүй байх шиг байна. Дайны хор уршиг хойд “ах” нарт үнэхээр хүнд тусч байгаа болохоор биднийг үл тоож, голдог болжээ. Голохын дээр бас хожих гээд байгаа нь хоржоонтой байх юм. Сав л хийвэл түрэмгий дайнаа дэмжүүлэх, дайндаа ашиг тустай юм хийлгэх гэж хүчлэх нь гачлантай. Тэгэхээр бид гэм хор багатайгаар нь өмнөд хөрштэйгөө харилцаагаа сайжруулах нь зүй ёсны асуудал. Ер нь хүн төрөлхтний харилцаа эерэг, найрсаг уур амьсгал дээр удаан оршин тогтнодог. Тэр утгаараа наашаа харсан болгон руу явдаг нь хүний л жам шүү дээ.

Өнөөдөр урд хөрштэй бидний харилцаа алхам алхмаар сайжирч байна. Энэ сайн харилцаагаа улам бэхжүүлэхэд төрийн үүрэг асар их нөлөөтэй. Иймд төрийн өндөр дээд удирдлагуудаасаа эхлээд “Бид Хятадтай “ах”, “дүү”-гийн найрамдалт харилцаатай байна” гээд ичиж нэрэлхэхгүй зарладаг байх хэрэгтэй байна. Юун түрүүнд ард түмэн болон дарга нар өмнөд хөрштэйгээ харилцах хандлагаа өөрчлөх ёстой. Монголчуудад нэг муухай зан байдаг. Хойд хөршийг болохоор “ах аа, ах аа” гээд хоймортоо залах нь холгүй шүтэж ирсэн. Харин өмнөд хөршөө “Муусайн хужаа нар” гэж зүхдэг. Одоо бүгдээрээ энэ муухай ялгавар үзлээ боль оо. Бүгд л нэг дэлхий дээр, нэг агаараар амьсгалж байгаа адилхан ард түмэн, дээр нь адилхан мөнхийн хөрш. Тэгж ярих юм бол түүхийн хуудас эргүүлээд харахад монголчууд хэзээнээсээ Хятадтай найрамдалт харилцаатай явж ирсэн улс. Бидний энэ харилцаа мэдээж дардан байгаагүй. Бидний хагас тэнд харьяалагдан амьдарч байна. Амаргүй зам туулсан нь он, цагийн хэлхээстэйгээ түүхэнд ч бичээстэй байдаг. Завсар зуурт нь янз бүрийн дайтах маргаан гарч л байсан. Яс юман дээрээ Монголын Засгийн газрын хүслээр гамин цэргүүд орж ирсэн гэж түүхчид ярих л юм билээ. Энэ мэтчилэн мөнхөд хөршилсөн манай хоёр улсын харилцаа тааламжтайдаа тааламжтай, таагүйдээ таагүй л явж ирсэн байгаа биз дээ. Үүнийг хоёр улсын худалдаа наймаа гэрчилнэ. Худлаа гэвэл хувьсгалаас өмнө эрт цагт манай ард түмэн Бээжин рүү жин тээж, арилжаа наймаа хийдэг байв. Энэ уламжлалт харилцаа өнөөдөр улам өргөжин тэлж, Хятад улс манай худалдааны хамгийн гол түнш орон болсон. Далайд гарцгүй манай орны экспорт, импортын бараа өмнөд хөршөөр дамжиж байна. Монголыг тэжээж байгаа нүүрсийг өнөөдөр зөвхөн хятадууд л худалдаж авч байгаа шүү дээ. Энэ жишгээр Монгол, Хятад хоёр улс олон жилийн турш сайн харилцаатай явж ирсэн. Магадгүй худалдаа наймаа хийхгүй үед л бидний харилцаа сулардаг тал бий. Бусад үед хөрш орнууд шиг хэвийн л найрсаг харилцаагаа хадгалсаар ирлээ. Тийм болохоор ард түмэн минь одоо Хятадыг элдвээр хэлдгээ болих хэрэгтэй. Ялангуяа шийдвэр гаргагчид, дарга нар хамгийн түрүүнд өөрчлөгдөх ёстой гэдгийг дахин хэлье. Өөрсдөө Хятадын хөрөнгө оруулалтыг булааж авчихаад “Ард түмний шахалтаар” гэж нялзаадгаа ч болих хэрэгтэй шүү. Үнэндээ Салхитын мөнгөний ордыг ард түмэн биш дарга нар л булааж авсан байх жишээтэй. Хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэнийхээ дараа ард түмний нэрийг барьдаг муухай зангаа л одоо хаячих гээд байгаа юм.

Нийгмийг хүн л залж чиглүүлдэг. Тэгэхээр ард түмнийг удирдан залж байгаа төрийн түшээд минь БНХАУ-тай сайн харилцаатай гэдгээ ичиж, зоволгүй зарлаж байя. “Хятад бол бидний дайсан биш, сайн харилцаатай хөрш орон юм” гэх маягаар та бүхнийг зарлаад ирэхээр ард түмэн аяндаа дагаад оюун санаа, хандлагаа өөрчилнө. Хуучин социализмын үед “Хятад бол номер нэг дайсан” гэж үргэлж өдөр болгон сануулдаг байсан. Үүнээс болж монголчууд нэг хэсэг өмнөд хөрштэйгөө хөндий хүйтэн харилцаатай болчихож. Харин одоо манай номер нэг түнш гэдгийг хүн бүхэн ичиж цэрвэлгүй зарлаж баймаар байна. Оросуудыг шүтэж байсан шигээ урд “ах” нар гээд дагаж нялганаад хэрэггүй. Зүгээр л манай нөхөрсөг сайн түнш гэцгээж байя. Хятадууд бидэнд найр тавьж байгаад Монголын газар нутгийг эзлэн түрэмгийлнэ гэсэн дэмий балай үзлээсээ одоо салцгаа. Си Жиньпин Монголын хил гаалийг хөндөж, зөрчихгүй гэдгээ удаа дараа хэлсэн. Тэгэхээр ард түмний үндсэрхэг үзлийг дэвэргэж, хятад гэсэн болгоныг үзэн яддаг элдэв босоо, хэвтээ хөдөлгөөнүүдийн хийрхсэн улсуудад төр засгаас сануулга өгдөг, дардаг баймаар байна. “Бид дэлхий дээр оршин тогтнохын тулд худалдаа наймаа хийнэ.

Ганц худалдаа хийж байгаа орон маань Хятад л байна. Тэдэнтэй эвтэй найртай бай” гээд дэггүй хүүхдээ сургадаг эцэг, эх шиг сайн захих хэрэгтэй. Яг үүн шиг элдвийн хөдөлгөөнийхөнд хэлж, хатуу арга хэмжээ авч, харилцааны өөр түвшинд орох ёстой. Хойд “ах”-даа гологдсон улс урд “ах”-ыгаа түшиж байгаа нь огт буруу юм биш ээ. Хаана наймаа худалдаа цэцэглэж байна тэнд эв найрамдал оршиж байдаг нь хүний түүх.

 

М.Мөнхцэцэг

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (213.162.80.29)

    2023-07-05

    Хятадууд монголчуудын байгааг, байхгүйг мэддэггүй байхад өчүүхэн монголчууд хятадуудыг үзэн ядаад л, хятадуудаар байнга занималддаг инээдтэй улс юм.