Өнгөрсөн шөнө 27 дэд өртөөний 5835 хэрэглэгчийн хүчдэлийг залгалаа

Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн мэдээллийг хоёр цаг тутамд өгч буй. Тодруулбал, долоодугаар сарын 6-ны 02:00 цагийн байдлаар Нийслэлийн Замын хөгжлийн газар болон замын компаниуд нийт 50 ажилтан, 13 автомашин, техниктэйгээр Сүхбаатар дүүргийн Сэлбэ гол, Парисын гудамжны үерийн даланг өндөрлөн бэхэлгээ хийж, найман удаагийн ачилтаар 120 шоо метр элс, хайрга зөөвөрлөн буулгаад байна.

Түүнчлэн Ус сувгийн удирдах газар Сэлбэ голын баруун талын далангийн 100 метр газарт шуудайнд шороо хийж хүчитгэлээ. Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны “Натур” төвийн баруун урд далангийн хальсан усыг тогтоож, 97.3 дугаар байрны гараашийн усыг соруулж байгаа юм.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны “Натур”, “Сэлбэ” хотхон орчмын 19 дэд өртөөний 4938 хэрэглэгчийн хүчдэлийг ОСНААУГ-тай хамтран залгав. Мөн зуслангийн бүсийн Хуурай мухарт унасан хоёр тулгуурыг босгосон бөгөөд  нийт 27 дэд өртөөний 5835 хэрэглэгчийн хүчдэлийг залгаад буй. Одоогийн байдлаар таван дүүргийн есөн хорооны 34 дэд өртөөний 5481 хэрэглэгч хүчдэлгүй байна. Үүнээс ерөнхий щит болон хувийн эзэмшлийн тоноглол усанд орсон 22 дэд өртөөний 5144 хэрэглэгч байгаа юм. Эдгээр байршлын усыг соруулж аюулгүй байдлыг хангасны дараа хүчдэлд залгана. Цахилгааны аюулгүй байдлыг хангах ажилд 181 ажилтан, есөн механизм, 31 автомашинтай үүрэг гүйцэтгэж байна.

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс болон аж ахуйн нэгж, байгууллагын 94 ажилтан, албан хаагч хоёр автомашин, нэг ковштой ажиллаж 700 ширхэг шуудайнд шороо хийж бэлтгээд байна.

Баянгол дүүргийн “Алтай” хотхоны хоёр байрны гараашид байрласан тээврийн хэрэгслийг чөлөөлөн орц, гарц хэсэгт 50 шуудай элсээр хамгаалалт босголоо. Мөн “Хөсөг трейд” компани орчмын замд хоёр экскаватороор сэтлэлт хийж өргөтгөсөн бөгөөд “Голден парк” хотхоны зам талбайд  тогтсон усыг соруулж, 20 шуудай элсээр орон сууцуудын орц, гарцад хаалт хийгээд байгаа юм. Дүүргийн хэмжээнд 1000 шуудай элсийг нөөцлөн бэлтгэж, нэг хово машин элсийг голомтын бүсэд 05:00 цагт хүлээн авахаар ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Пийс таун-2” СӨХ-оос 33 дугаар байрны дээвэр дээр тогтсон усыг шавхан, “Хонгор апартмент” СӨХ-оос 30 шуудай элс бэлтгэж, авто машины гараашид ус нэвтрэхээс сэргийлэх арга хэмжээ авч байна. 19 дүгээр хорооны “Цэлмэг” хотхон, “Этүгэн” сургуулийн цэцгийн мандалтай тойргийн авто зам дээр том хэмжээний нүх үүссэнийг тойруулан аюулгүй байдлын тууз, хаалт хийхээр хороодын хэсгийн ахлагч, СӨХ-ын ажилчид ажиллаж байна. Мөн болзошгүй эрсдэлээс сэргийлэн дүүргийн Зам засвар арчлалтын газрын гурван том оврын автомашин, хог тээвэр, зам цэвэрлэгээний байгууллагуудын 40 ажилтан хүрз, багаж хэрэгсэлтэй бэлэн байдалд ажиллаж буй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)