Туул голын усны түвшин нэмэгдэх магадлалтай тул бэлэн байдалд ажиллана
- 2023-07-06
- Улаанбаатар
- 0
Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдлаа. Хурлын эхэнд Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.
Үргэлжлэн орсон борооны улмаас Туул, Тэрэлж голын усны түвшин 20-53 см, Сэлбэ, Улиастай, Дунд голынх 5-10 см нэмэгдэж, үерийн аюултай нөхцөл байдал үүсээд байна. Онцгой байдлын байгууллагад 43 дуудлага, мэдээлэл ирж, энэ дагуу иргэдийн амь, эд хөрөнгийг хамгаалан ажиллажээ. Мөн НОК-ын даргын тушаалаар 20 байгууллагын 40 албан хаагчтай Шуурхай бүлэг ажиллаж байгаа юм.
УБЗАА-наас хог тээвэр, зам, талбайн цэвэрлэгээний 12 байгууллагын 364 албан хаагч тусгай зориулалтын 80 автомашин, техник хэрэгсэлтэй зуслангийн бус, “Алтай” хотхон, Сэлбэ гол дагуу нийт дөрвөн байршилд ажиллаж байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор таван дүүргийн найман хорооны 10,414 хэрэглэгчийн цахилгааныг тасалсан. Усыг соруулж, аюулгүй байдлыг хангасны дараа цахилгаан өгөхөөр төлөвлөсөн бөгөөд 6000 орчим айлын цахилгааныг өгчээ.
Геодези, усны барилга, байгууламжийн газраас Энхтайваны гүүрний нүхэн гарцаас 2300 тонн ус соруулж, 272 тонн дайрга, шороо зөөсөн. Мөн “Баянмонгол” хорооллын нүхэн гарцаас 3300 шоо метр ус соруулжээ. Сэлбэ гол дагуу 617 албан хаагч 56 техник хэрэгсэлтэй шороо асгаж, далан босгон ажиллаж байна гэлээ.
100 айлын гүүрэнд бэхжилт хийнэ
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-Инженерийн найман байгууллагын 544 албан хаагч 146 машин, техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Нийт үерийн нөхцөл байдалд 1597 хүн ажиллаж байгаа. Хувийн компаниуд шаардлагатай материал, шуудайгаар хангаж, голын урсцыг сайжруулан ажиллаж байна. Усны түвшин бага хэмжээгээр буурсан. Тухайлбал, “Алтай” хотхоны ус гүүрэндээ тулаад байсан бол өдгөө 15 см доошиллоо. Оройн ээлжид цэргийн бүрэлдэхүүн ажиллана. 100 айлын гүүрэнд бэхжилт хийнэ. Ус соруулах, даланг хүчитгэх, эрсдэлтэй цэгүүдэд хүн хүч, техникийг нэмж ажиллуулна. Мөн шөнө эргүүл ажиллана хэмээлээ.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа “Баянмонгол” хорооллын нүхэн гарц, Энхтайваны гүүрний доод талын авто замын усны түвшин буурсан тохиолдолд соруулна. Манай албан хаагч нар тасралтгүй 48 цаг ажиллаж байгаа тул яаралтай үед дуудахаар түр амраасан” гэв.
Дүүргүүд нөхцөл байдлыг хяналтдаа авчээ
Дүүргүүдийн удирдлагууд үерийн усны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэд нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа авсан бөгөөд хүн хүч, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүрэлцээтэй байгааг хэлж байлаа.
Сүхбаатар дүүргийн тухайд 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 81-84-р гудамжинд нөхцөл байдал хүндэрчээ. Дүүргийн онцгой комисс, цагдаа зэрэг холбогдох байгууллагууд хамтран далан босгосон байна. 200 гаруй иргэн байдгаас 43 өрхийн 170 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн. 14 өрх сайн дураараа нүүхгүй хэмээн үлджээ. Мөн Ар хустайд 50 гаруй айл үерт автсан. Айлуудад сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн байна. Түүнчлэн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийг холбосон гүүр нурсан гэв.
Баянгол дүүргийн удирдлагууд Дунд голын далангийн нарийссан хэсгийг өргөтгөн, урсцыг сайжруулсан. 200 машин хайрга, дайрга буулгаж, элс, хайргыг шуудайлж байна. Хүний нөөц хангалттай байгаа гэсэн бол Хан-Уул дүүрэгт 130 албан хаагч техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Соёмботой хөшөөнөөс “Говь” компани хүртэл нөхцөл байдал хүндэрсэн. 19 дүгээр хорооны үйлчилгээний төвийн ойролцоо маш их ус тогтож, иргэд орц руугаа ороход хүндрэлтэй байгаа тул 12 нацосс ажиллаж байна. Зарим байрны усыг тогтоосон ч ус соруулаад ч нэмэргүй байрнууд байгааг хэлж байлаа. Мөн 3 дугаар хороо буюу “Алтай” хотхон руу ордог хэсэгт усны түвшин гүүр давах гэж байсныг далан босгож, хяналтдаа авчээ. Түүнчлэн Туул голын түвшин нэмэгдэж байна. Туул голын усны хэвийн түвшин 202 см байдаг бол одоо 230 см байгаа юм. Харин аюултай түвшин 260 см. Усны түвшин нэмэгдвэл нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй хэмээсэн.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 43 хороог дөрвөн бүсэд хуваан, 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үерийн ус соруулах баг ажиллаж байна. Үерт өртөж болзошгүй 4-5 хороонд эргүүл ажиллаж, иргэдэд заавар, зөвлөмж өгч, шуудуу ухан, далан босгож байна. Дүүргийн 56 байгууллагын 120 албан хаагчдыг дайчлан, 1000 шуудай хайрга, дайрга нөөцөлж байгааг хэлж байв. Хайрга, дайргыг үерийн эрсдэлтэй бүс рүү зөөвөрлөж, далан босгох юм. Таван шар, Нэгдүгээр хорооллын байрнууд дунд тогтсон усыг соруулсан гэлээ.
Баянзүрх дүүрэгт гурван байршилд үерийн нөхцөл байдал үүссэн. Шөнийн 03:00 цагаас хойш байрнуудын гараашинд байгаа машиныг гаргах ажлыг зохион байгуулжээ. 15 мянган шуудай шороо бэлдсэнээс 7000 шуудайг ашиглаад байна. Айлууд руу орсон усыг шийдэж, нөхцөл байдал тогтворжсон. 34 байр усанд өртсөнөөс 25-ыг нь соруулсан. Үлдсэнийг нь үргэлжлүүлэн соруулан, 11 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Шөнийн ээлж гаргасан гэлээ.
Чингэлтэй дүүргийн хувьд 24 хороотой бөгөөд таван хороонд албан хаагч нар ажиллаж байна. Өнгөрсөн шөнийн 02:00 цагаас хойш 15 дуудлага хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авч, үерт өртсөн 200 гаруй өрхийн 500 гаруй иргэнийг үерийн бүсээс гаргасан. Долоон байршлын 650 метр газарт үерийн хамгаалалтын далан босгож байна. Шөнийн ээлж гаргаж, далан босгон, нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа авсан хэмээв.
Д.Сумъяабазар: Нэг ч хүний амийг эрсдүүлэхгүйн төлөө нийслэлийн албан хаагчид ажиллаж байна
Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ЗХЖШ-аас 200 гаруй цэргийн албан хаагчийг дайчлан ажиллаж байна. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч 13 компаниас хайрга, элсийг татаж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар шуурхай ажиллаж, үерийн нөхцөл байдлыг хяналтдаа авсан дүүргийн удирдлагуудад талархал илэрхийлж, бороо орох, Туул голын усны түвшин нэмэгдэх магадлалтай байгаа тул бэлэн байдалд ажиллахыг санууллаа. Мөн нэг ч хүний амийг эрсдүүлэхгүйн төлөө нийслэлийн албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд далан босгох ажлыг яаралтай зохион байгуулахыг үүрэг болгов. Түүнчлэн албан хаагчдыг 2-3 ээлжид ажиллуулж, хоол хүнс, техник, хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах хэрэгтэйг онцлов. Цахилгааны асуудлыг яаралтай шийдэх, аюулгүй байдлыг хангах, нэг ч хүний амь эрсдэх учиргүй гэдгийг хэллээ.
18 байршилд нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй
Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга 18 байршилд нөхцөл байдал хүндрэх, эрсдэл үүсэх магадлалтай байгааг танилцуулаа. Тодруулбал,
Хотын дарга дээрх байршлуудад анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг сануулав. Мөн үерийн дараа тоосжилт үүсэх тул ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд онцгой анхаарахыг үүрэг болголоо.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “ОБЕГ-Шуурхай ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Зохион байгуулалтад анхаарч, эрсдэлтэй 18 байршилд ажиллах ослын удирдагчийг томилгоожуулж, шаардлагатай мэдээллийг тухай бүр авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй”-г хэлж байлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)