Хариуцлагатай байя

Бид амьдралынхаа туршид багагүй зүйлээс шалтгаалан осолд өртөх эрсдэлтэй тулдаг. Үүний нэг нь зам тээврийн осол юм. Зам тээврийн осол гарсан газарт энд тэндгүй үсэрсэн хагархай шил, машинаас асгарах шатахуун, бусад шингэн, осолд орсон хүмүүс, таны өөдөөс тасралтгүй цувах машины урсгал. Энэ дүр зургийг төсөөлөхөд л дэндүү айдастай.

 

Олон улсын судалгааны байгууллагуудаас зам тээврийн ослоос хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирч, эрсдэлд орж байгаа гол шалтгааны нэг нь тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлснээс болж буйг тогтоосон.

 

Өртөг өндөртэй орнуудад зам тээврийн ослоос шалтгаалсан нас баралт 30 орчим хувийг эзэлж байхад бага болон дунд түвшний орнуудад зам тээврийн ослын 50 орчим хувь нь дээрх шалтгаанаас үүсэлтэй байгаа юм.  Мөн дэлхий дээр зам тээврийн ослын улмаас өдөрт 3500, жилд 1.3 сая хүн нас барж, 50 сая орчим хүн бэртдэг гэсэн НҮБ-ын судалгаа гарчээ. Зам тээврийн ослын улмаас хүний амь, эрүүл мэнд, машин техник, замын бусад байгууламж эвдэрч гэмтэх, бусад эд зүйлд хохирол учрах нь түгээмэл байдал билээ.  Зам тээврийн ослын хамгийн том шалтгаан болох тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэхээс гадна түгээмэл 10 шалтгаан бий ажээ. Эдгээр нь 2030-2060 онд ч хэвээр байна гэсэн дүгнэлтийг олон улсын байгууллагаас гаргасан байна. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсын хүн амын нас баралтын 50 шалтгааныг нэрлэжээ. Үүний эхний 10-т зам тээврийн осол багтсан байна.

 

Сүүлийн 10 жилийн байдлаар манай улсад зам тээврийн ослоор 5155 хүн амь эрсэджээ. Тухайлбал, өнгөрсөн онд гэхэд 477 хүн нас барсан байна. Ослын ихэнх шалтгаан нь хүний буруутай ажиллагаас үүсдэг. Замын хөдөлгөөнд оролцогчдын дийлэнх нь ерөнхий, аюулгүй байдлын дүрмийг сайтар мэддэг. Гэхдээ  анхаарал болгоомжгүй байдал, үл тоох хандлага нь осол үүсгэх гол шалтгаан юм.

 

Тээврийн цагдаагийн алба, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас хийсэн судалгаагаар өнгөрсөн жилүүдэд үйлдэгдсэн зам тээврийн ослын 84.9 хувь нь жолоочийн буруутай үйлдэл, 14.4 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдэл, 0.7 хувь нь замын нөхцөл байдлаас шалтгаалсан байна. Тиймээс осол нь хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, жолоочийн анхаарал сарних, гэрэл зөрчих, хамгаалалтын бүс, дуулга, хүүхдийн суудал гэх мэт аюулгүйн тоноглолоос зайлсхийх гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, эгнээ байраа буруу эзлэх зэрэг шалтгаанаас үүсдэг ажээ.

сонин mn

Наадмын өдрүүдэд 530 хүн зам тээврийн осолд өртсөн

 

Зам тээврийн ослын гол шалтгааны нэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлээр замын хөдөлгөөнд оролцож байгаатай холбоотой. Мөн замын хөдөлгөөний дүрмийн заалтын хэрэгжилт хангаагүйгээс шалтгаалдаг.

 

Тэгвэл саяхан үндэсний их баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаас нийт 4796 хүн тусламж үйлчилгээ авсан. Үүнээс том хүн 2946, 18 хүртэлх насны 1850 хүүхэд байна.

 

Харин зам тээврийн ослын улмаас 530 хүн тусламж авчээ. Энэ нь нийт яаралтай тусламжийн 11 хувийг эзэлж байна. Харин өнгөрсөн онд ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаас нийт 14.207 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс эрэгтэй 8307, эмэгтэй 5900 байгаа бол 18 хүртэлх насны 5965 хүүхэд байна.  Түргэн тусламжийн төвөөс гаргасан осол гэмтэлтэй холбоотой зөвлөгөөг хүргэе.

 

Орон нутгийн замд гарсан ослын 97.7 хувь нь жолоочоос хамааралтай

 

Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нар орон нутгийн замд 80 км цагийн хурдтай явахаар заасан нь бий. Тэгвэл орон нутгийн замд 100 дээш км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцон дүрэм зөрчдөгөөс болж осол их гардаг. Тиймээс орон нутгийн замд гарч байгаа осол аваарын 97.7 хувь нь жолоочийн буруутайгаас болдог. Мөн бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй, хамгаалах бүсээ зүүгээгүйгээс болж жилд 50-60 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдаж байгаа юм.

 

Ослын газар түрүүлж очсон бол түргэн тусламж дуудах хэрэгтэй

 

Машин жолоодож явахдаа зам тээврийн осол болсныг харвал эхлээд машинаа аюулгүй газар зогсоож, байрлуулах хэрэгтэй. Замын хөдөлгөөнд саад болж, зам түгжиж, орхиж болохгүй. Машинаасаа буухаас өмнө унтраах нь чухал. Хэрэв  тухайн ослын газар хамгийн түрүүнд очсон бол яаралтай тусламж дуудах нь зөв.

 

Хэрэв бусад хүн таниас өмнө очсон байвал яаралтай тусламж дуудсан эсэхийг лавлах хэрэгтэй. Мөн хохирогчдын гэмтэл бэртлийг шалгахдаа хөдөлгөж болохгүй. Өвдөг сөхрөн, хохирогчийн дэргэд дөхөж очино. Гэмтсэн, цочролд орсон хүний дээрээс тонгойж харах нь тэднийг улам цочролд оруулдаг байна.

 

Тэдэнтэй ярилцахыг хичээ. Өөрийнхөө нэрийг хэл. Хэрэв хариу өгөхгүй бол зөөлөн алгадаж, дуудан хариу өгөхийг нь хүлээх хэрэгтэй. Хохирогчийн амьсгалыг бөглөж, амьсгалахад нь саад болж байгаа зүйл байгаа эсэхийг шалгах нь зөв. Үүний тулд духан дээр нь гараа тавиад, толгойг нь зөөлөн гэдийлгэ. Хоёр хуруугаараа эрүүг нь өөд нь өргөж, амных нь ойролцоо хацраа аваачиж, амьсгалж байгаа эсэхийг нь шалга. Мөн амьсгал аван, цээж нь хөдөлж байгаа эсэхийг ажиглах нь зөв.

 

Хохирогч амьсгалж байвал хиймэл амьсгаа, зүрхний иллэг хий

 

Хэрэв тухайн хүн огт амьсгалахгүй, эсвэл хэвийн бус байдлаар амьсгалж байвал хиймэл амьсгал, зүрхний иллэг хийнэ. Анхны тусламж үзүүлэх сургалтад хамрагдаагүй бол тусламж үзүүлэх хэрэггүй. Хиймэл амьсгал, зүрхний иллэг хийж чадах хүн бий эсэхийг асуу.

 

Хэрэв хийж чадах хүн байвал хажууд нь ойрхон байж, шаардлагатай тусламжийг үзүүл. Шархнаас нь цус гарч байгаа эсэхийг шалга. Цус алдалт нь шоконд хүргэдэг тул түүнийг аль болох зогсоохыг хичээх хэрэгтэй. Цэвэр даавуугаар шархан дээр зөөлөн дар.

 

Хэрэв тухайн хүн ухаан алдаагүй байгаа бол өөрөөр нь даруул. Энэ нь тухайн хүн анхаарлаа төвлөрүүлж, тайвшрахад тусална. Хэрэв тухайн хүн машин дотроо байгаа бөгөөд шархыг нь тэнд нь эмчлэх боломжтой бол тэнд нь байлга. Хохирогчийн хүзүү, нуруу нугас гэмтсэн тохиолдолд нүдэнд харагдахгүй учраас зайлшгүй шаардлагатай  биш бол тэднийг бүү хөдөлгө. Ямар ч ослын дараа шоконд орох магадлал өндөр байдаг. 

 

“Хэрэв царай нь цонхийсон бол хөлийг нь өргө” гэсэн үгийг санаж байхад илүүдэхгүй юм. Мөн тухайн хүний царай маш их цонхийсон бол шоконд орсон гэсэн үг.

 

Шоконд орсон хүнд туслахын тулд бариу товч, бүч, бүс, хувцас зэргийг сулруулж, дулаан байлгах зорилгоор бүтээлэг, хувцас зэргээр хучих хэрэгтэй. Ингээд хөлийг нь дээш  өндөрлөж өгөх өвдөг сөхөрч суугаад, хөлийг нь өвөр дээрээ тавьсан ч болно.

 

Яаралтай тусламж үйлчилгээ

 

Хохирогчийн байдлыг шалгаж, тусламж үзүүлэхийн өмнө яаралтай тусламж дуудах шаардлагатай. Боломжтой бол анхны тусламж үзүүлж буй хүнээс өөр хүн үүнийг хийвэл сайн. Учир нь яаралтай тусламжийнханд шаардлагатай мэдээлэл өгч, зааварчилгаа авахад нилээн цаг шаардагддаг. Утсаар ярихдаа дараах мэдээллийг өгөх шаардлагатай юм. Осол хаана гарсан, юу болсон, хэдэн хүн бэртэж гэмтсэн болох. Амьсгалахгүй хүн байгаа эсэх, цус алдаж буй хүн байгаа эсэх, тэдний асуусан бусад асуултад хариулах, хамгийн гол нь тэвдэж сандралгүй, тайван байж, оюун ухаанаа төвлөрүүлж чадвал зам тээврийн осолд орсон эрдэнэт хүний амь насыг аврах боломжтой.

 

Аюулгүй байдлаа хангах нь эрсдэлээс хамгаална

 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс орон нутгийн замд явахад анхаарах зөвөлгөө гаргасан байна. Жолооч та холын замд зорчиж байгаа бол архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихаас татгалзах хэрэгтэй. Мөн 12 хүртэлх насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах, хэт ядарсан эсвэл нойр хүрсэн үедээ жолоо барихаас татгалзах. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа заавал хангаарай. Мөн оройн цагаар тээврийн хэрэгсэлтэй зөрөх үедээ гэрлээ шилжүүлж хэвших нь эрсдэлээс хамгаалах аргын нэг юм. Жолоо барихдаа гар утас ашиглахгүй байх. Тухайн машины даацыг хэтрүүлэхгүй байх нь эрсдэлээс хамгаалах чухал арга юм шүү. Мөн суудлын бүсээ зүүх ёстойг сануулж байна.

 

 

Баатарын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)