Даншиг наадам наймдугаар сарын 5, 6-нд болно
- 2023-07-20
- Улаанбаатар
- 0
НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт зохион байгуулна. Даншиг нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм.
Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд болдог тус наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болно. Мөн хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай харвааны наадам, дэмбээний тэмцээн, морин цирк, морьт харвааны тэмцээн болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, ёс заншил харуулсан гэр хотхон, уран зураг, гэрэл зураг, эртний монгол хоол, хүнсний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах юм.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм. Цамын үеэр Очирваань бурхан болон цагаан өвгөн, мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.
Сэтгэгдэл (0)