Үерийн ус хуримтлуулах хиймэл нуур байгуулах санал гаргав
- 2023-07-21
- Улаанбаатар
- 1
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж байна. Хурлын эхэнд үерийн нөхцөл байдалд хийсэн ажил болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням танилцуулав.
Үерт нийслэлийн 26 хорооны 128.1 мянган хүн, 11 байршилд гудамж, зам, нүхэн гарц, 144 барилга байгууламж өртөж, 53 мянга орчим хэрэглэгч цахилгаангүй болсон. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор 18 байршилд нийт 15 мянга орчим ажилтан, алба хаагч 2200 гаруй техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн юм. Үерийн ус хальсан болон халих эрсдэлтэй байршлуудад нийт 80 мянга орчим шуудай, 900 шоо метр /м3/ элсийг буулгаж, Туул, Сэлбэ голын дагуу элс, хайрга, шороо буулгаж, голын даланг өндөрлөж, хүчитгэсэн. Усанд автсан 144 барилга байгууламжаас 10,880 тонн орчим усыг зөөвөрлөлөө. Мөн 16 байгууллагын нийт 870 ажилтан, албан хаагч, сайн дурын иргэдтэй хамтран 25 байршлын лаг шаврыг шуудайлан, 22.7 сая ам метр талбайг цэвэрлэж, 10.5 мянган тонн лаг шаврыг зөөвөрлөсөн. Түүнчлэн нийт 4.3 сая ам метр талбайг халдваргүйжүүлжээ.
Тэрчлэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дараах саналуудыг танилцууллаа. Тухайлбал,
- Усны сан бүхий газар, усан хангамжийн эх үүсвэр, хамгаалалтын бүсэд голын урсцын чиглэл өөрчилсөн, инженерийн барилга байгууламжийн хийц, бүтээц, зориулалт өөрчилж барьсан, барьж байгаа барилга, байгууламжуудыг буулгаж, урсцыг чөлөөлөх, холбогдох хариуцлагыг хүлээлгэх,
- Үерийн хамгаалалтын барилга байгууламжийг өргөтгөн шинэчлэх, сэргээн засварлах, шинээр барихад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх,
- Үерийн усыг хуримтлуулах хиймэл нуур, хөв цөөрмүүдийг байгуулах,
- Ус зайлуулах сүлжээгүй барилга, замын байгууламжийн асуудлыг шийдвэрлэх,
- Үерийн хамгаалалтын бүсэд суурьшсан айл, аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлэх,
- Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги болон инженерийн дэд бүтцийн байгууллагын машин механизм, техник хэрэгсэлд парк шинэчлэл хийж, хангалтыг нэмэгдүүлэх,
- Хууль, эрх зүйн зохицуулалт, дүрэм журамд өөрчлөлт оруулах зэрэг санал гаргав.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, үерийн нөхцөл байдалд холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хяналт шалгалт хийж, нэгдсэн дүгнэлтийн дагуу цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг байгуулж ажиллахыг үүрэг болгов.
Зөвшөөрөлгүй хашаа, хайс буулгах ажил 80 хувьтай байна
Зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс болон гараашнуудыг буулгах, тохижуулах, цаашид авах арга хэмжээний тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар танилцууллаа.
Төвийн зургаан дүүргийн хэмжээнд 111 байршилд 8771 метр урт хашаа буулгахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 88 байршилд 6917 метр урт хашаа, хайс буулгаж, захирамжийн хэрэгжилт 80 хувьтай байна. Мөн энэ онд 132 байршилд 2355 гарааш чөлөөлөхөөс 81 байршилд 1297 гарааш чөлөөлж, ажлын явц 50 хувьтай байгаа юм.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, газар чөлөөлсөн байршлуудад тохижилтын ажлыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Хөрөнгө нь шийдэгдвэл замын ажлыг эхлүүлэх боломжтой 65 зураг төсөл бий
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад нэн шаардлагатай зураг төсөлтэй зам, замын байгууламжийн хөрөнгө оруулалтын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан танилцууллаа.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2021 онд нийт 90 байршилд авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулахаар баталсан. 2022 оноос зураг төсөл боловсруулах ажил эхэлж, нийт 73 зураг төсөл бүрэн дууссан байна. Үүнээс зургаан зам барилгын ажлыг 2022 онд хэрэгжүүлж, хоёр ажил бүрэн дуусаж, дөрвөн ажил нь он дамжин хэрэгжжээ.
Өнөөдрийн байдлаар зураг төсөл хийсэн, хөрөнгө оруулалт нь шийдэгдвэл замын ажлыг эхлүүлэх боломжтой 65 зураг төсөл байна. Эдгээр нь түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх бөгөөд нийт 60 км орчим зам юм.
Хотын дарга дээрх зураг төсөлтэй ажлуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэлийг хангаж, шуурхай зохион байгуулж, ажлын явцыг тухай бүр танилцуулж ажиллахыг даалгав.
Сэтгэгдэл (1)
Монгол инженер (202.131.230.162)
Үерийн давтамжийг Монгол хүн 60 жилээр, Ёвропын орнууд 100 жилээр тооцдог. Одоо энэ давтамж улам ойртож байгаа. Сүүүлийн хэдэн жил тасарсан Сэлбэ гол үерлэнэ гэж хэн ч тооцоогүй. Үндсэндээ 1966 оны үерийн давтамж боллоо. Харин Туул голын даланд олон жил анхаарал хандуулсны үр дүнд Туулын үерийн усны өнгөрөлтийг хохирол багатай давлаа. Цаашид голын голдирол, усны урсацыг өнгөрөөх байгалийн хуулийг зөрчиж болохгүй гэдгийг л байгаль хатуу санууллаа даа. Туул бас тасарч л байсан шүү дээ.