Г.Занданшатар: Үндэсний сур харвааг баяжуулан хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн дэлгэрүүлэхэд “Харвуул их наадам” чухал ач холбогдолтой
- 2023-07-24
- Өөр өнцөг
- 0
Монгол түмний эрийн гурван наадмын нэгэн төрөл, үндэсний өв соёлын илэрхийлэл сур харвааг эртнээс нааш эсгий туургатан, олон ястан, угсаатны дунд түгэн дэлгэрсэн уламжлалт хэв шинжээр нь сэргээн хөгжүүлэх зорилготой “Харвуул их наадам” хоёр дахь удаагаа зохион байгуулагдлаа.
Энэ сарын 18-21-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн нутаг, Заг Байдрагийн түүхт Хүрэн бэлчирт болсон Монгол туургатны харвуул их наадамд Улсын дархан мэргэн Ц.Хүдэрчулуун тэргүүтэй харваачид, мөн Өвөрмонгол, Тува харваачдын төлөөлөл оролцож байгаагаараа онцлог боллоо.
Харвуул их наадам нь Холч харваа, Бөмбөг намнах харваа, Уламжлалт зэвт харваа, Нумт харваа, Саранпай харваа болон Үндэсний сурын харваа гэсэн төрлүүдээр болсон төдийгүй наадмын үеэр Үндэсний сурын спортын зэрэг цол олгодог юм. Мөн соёлын биет болон биет бус өвийг дэлгэрүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор нүүдэлчдийн соёлын отгийг нээж, наадамчин олонд толилууллаа.
Түүнчлэн дуутай хуруу, адуучин зэрэг ардын уламжлалт наадгай, урлагийн үзүүлбэрээс сонирхуулж, сонирхогчдын бооцоот харвааны тэмцээн болон “Их хааны хуралдай” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Харвуул их наадамд оролцогчдод амжилт хүсэж, наадмын асруудаар зочлов. Тэрбээр "Монголын эртний түүх, утга зохиолын гайхамшигт дурсгал болох “Монголын нууц товчоо”-ны 159 дүгээр зүйлд Их Эзэн Чингис хаан, Ван хаан Тоорил нар Найманы цэрэгтэй тулалдахын өмнө үзэсгэлэнт Хүрэн бэлчирт хоноглож байсан тухай тэмдэглэснийг дурдаж, эх түүхээ, эрхий мэргэн харваачдаа хүндлэн дээдэлж, бахдан алдаршуулах зорилготой Монгол туургатны “Харвуул их наадам” бол үндэс угсаагаа бишрэн дээдлэх, уламжлалт сур харваагаа баяжуулан хөгжүүлэх, язгуур эв нэгдлээ бататган бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой" гэдгийг тодотгосон юм.
Нүүдэлчин түмний зан үйлийн элемент болгон үнэт өвийг тээж, Монголчуудын оюун сэтгэхүйн дархлаа, оршин тогтнохуйн баталгааг түгээсээр ирсэн гэдгийг Харвуул их наадам харууллаа.
Наадамд нийт 300 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж байгаагаас гадна үндэсний соёлын өвийг тээгчид, уламжлалт гар урлал, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжигчид олноор цугласан байлаа.
Сэтгэгдэл (0)