Украин: Санаачилга Оросоос эргэлтгүй алга боллоо!
- 2023-07-25
- Нийтлэл
- 4
Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 520 орчим хоног тасрахгүй үргэлжилж, 18 дaхь сар руугаа орж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, мөн оросын зарим ТВ, Youtube сайт, украины Батлан хамгаалахын дэд сайд Владимир Гаврилов, дээд тушаалын офицер Сергей Череватый, оросын сэтгүүлч Виталий Дымарский нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Орос офицерууд гашуудал зарлаад зогсож буй энэ зураг юу өгүүлнэ вэ? Царай зүс баргар, дүнсгэр, баяр баясал огтоос байхгүй, бас нүдний нь гал? Оросын нийгэм тэр чигтээ сэтгэл санааны хямралын байдалд байна. “Украиныг одоо дуусгая” гэсэн итгэл нь бүтэн жил хагас үргэлжилсээр ялалт амжилтгүйгээр төгсгөлдөө ойртсон бололтой.
Оросын сөрөг хүчний нэг нөхөр гадаадаас ярьж байна лээ. Юу гэвэл Оросын нийгмийн уур амьсгал, сэтгэл зүйн байдлыг яг хэлээд өгчихнө лээ. Youtube-ээс хөрвүүлбэл:–Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш оросууд зам харгуй хаагуур байгааг бүү мэд болсон. Жил хагасын өмнө, тусгай ажиллагаа эхлэхийн өмнө ялагдашгүй ганц армитай, ялахаас өөр гарцгүй, тэр нь баталгаатай гэж бодож явцгаасан бол одоо тэр цэрэг арми нь ялахгүйгээр барахгүй ялагдахад тун дөхсөн, үхэл хагацал, хохирол нь Орос–Зөвлөлтийн түүхэнд байгаагүйгээр өссөн, тэгэх тусмаа одоо ямар ч гарцгүйгээр махан овоо босгон зууралдан байлдаж байгаа, дээр нь Оросын дотоодод цэрэг арми, тусгай алба нь хоёр талдаа гарч илд зөрүүлэхийн даваан дээр, домогт улаан армид хаос нүүрлэж, оросын дайчин генералууд Кремлийнхээ эсрэг хуйвалдахыг харна, сонсоно, мэднэ, мэдэрнэ гэдэг яасан ч их гомдмоор юм, яасан ч шившигтэй муухай юм, сохор юм шиг явснаа одоо эргээд бодоход яасан ч харамсалтай юм бэ?
Анхнаасаа Орос ялахгүй нь тодорхой байсан байхад өдий болтол хардаггүй, зөвхөн Кремлийн суртал нэвтрүүлэгт итгэсээр, горьдсоор яваа нь ямар их гамшиг вэ? Украин дахь ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааг том зураг дээр яг хэлээд тавьчихсан юм биш үү?
Жижиг зураг дээр бол санаачилга 6 дугаар сарын дунд үеэс Украины талд хэдийнээ шилжсэн ба гэвч ялтал зай байна, учир нь 1000 гаруй км өргөн зурваст зэрэг зэрэг байлдаж байна, орчин үед ийм өргөн зурвасаар дайн явуулсан тохиолдол байхгүй, Оросын цэргийн бие бүрэлдэхүүний тоо их, их бууны тоо их, сум галт хэрэгсэл араасаа байнга хангалттай, ийм нүсэр том армийг ялтал бас зай байна. Иймд 200 км-т тусдаг алсын тусгалтай их буу ялалтын гол зэвсэг байх болно хэмээн Украины Жанжин штаб үзэж байна. Оросын цэрэг зэвсгийг фронтын шугамд ойртуулахгүйгээр устгах нь хамгийн зөв мэргэн тактик гэнэ. Ойртоод тулаад ирвэл үхэж барагдахгүй их цэрэг, устгаж барагдахгүй их зэвсэг техник овоорчихно.
“Стратегийн санаачилга” гэж аливаа дайнд байдаг. Тэр нь украины талд хэзээ шилжсэн юм гэвэл Бахмутын чиглэлд 6 дугаар сарын сүүлч гэхэд эргэлтгүй Оросоос салж оджээ. Гэвч орос цөхрөлтгүйгээр давшихыг хичээнэ, тэр тоолондоо хүн хүчээ гарздаад ухарна, дахиад давшина, дахиад цохиулна. Москва-Кремлиэс “зөвхөн давшилт”, “зөвхөн ялалт”–ганц тушаал нь. С.Череватыйн тайлбарласнаас оросын түрэмгийлэгчид Купянскийн чиглэлд санаачилга авчих санаатай үр дүнгүй давшсаар, гэтэл Украины зэвсэгт хүчин Дорнод фронтын бүх халуун цэгүүдэд хориглолт хамгаалалтыг найдвартай хийж чадаж байна. Мелитополь, Бердянск нь (Бердянск руу фронт 1 км ойртжээ) түрүүлээд “ОХУ-ын бүрэлдэхүүн”-ээс гараад явчихаар, хэрэв тэгвэл Орос-Украины фронтод томхон цөмрөлт гарахаар байна. Оросын цэргийн үндсэн хүч нь Купянск, Лиман, Бахмут, Авдеев, Марьинскийн чиглэлд төвлөрчээ. Украины арми дор хаяж фронтын гурван хэсэгт сөрөг давшилт хийж, амжилтад аажуухан, даацтай хүрч байгаа гэжээ.
АНУ-ын Дайн судлах институт (ISW) энэ тухай мөн мэдээлэв. Бүр газрын зураг дээр геолокацын бичлэгт дүрслэн үзүүлжээ. Бахмутаас баруун хойш 11 км-т Орехов-Васильевкийн чиглэлд давшиж буй, мөн Великой Новоселкээс баруун өмнөшөө 12 км-т Приютныйн ойролцоо оросын цэрэг ухарч байгааг харуулав. Бахмутын умард ба өмнөд жигүүрт сөрөг давшилт амжилттай явагдсан, Бахмут-Славянскийн төв замын дагуу украины хүчин давшиж буйг геолокацын бичлэгээс харж болохоор байна.
Бахмутад Оросын армийн гол хүч нь хэн бэ гэдэгт ISW ийм хариулт өгчээ. Чеченийн Рамзан Кадыровын “Ахмат”, “Умард-Ахмат” гэсэн хоёр бүлэг, мөн Луганскийн АБНУ-ын 2-р армийн корпусын 4-р мото-буудлагын бригад, ОХУ-ын тусгай зориулалтын 346-р бригад гэх нэгтгэлүүд ялалтгүйгээр, гэхдээ цөхрөлтгүйгээр дайтаж байгаа аж.
Ер нь тулалдааны явцад юу тодорхой болов гэхлээр Украины арми Авдеевк-Донецкийн чиглэлд хязгаарлагдмал давшилт явуулж, оросын арми хариуд нь зууралдан байлдаж, хэн хэн нь амжилт олохгүй байгаа ба Донецкийг алдана гэдэг Оросын хувьд зуурдын биш үүрдийн үхэл болох тул ямар ч үнээр хамаагүй өгөхгүй гэдэг дээрээ зогсоно, хүн хүчнийг үл хайрлана, харин Украин нь цэргээ гамнан, алсын тусгалт их буу, тийрэлтэт сумаар дайснаа хөнөөнө гэсэн байр суурьтай. нь Оросын цэргийн өчүүхэн ч атугай амжилтыг оросын суртал нэвтрүүлэг сүр дуулиантай мэдээлдэг, тэгснээрээ Оросын ард түмний эх оронч сэдлийг өргөж өгнө гэдэг боловч тэр мэдээлэл нь худал болох нь дорхноо танигддаг болжээ. Авдеевкаас дорно зүгт Весело–Каменкад 5 км-т украины цэргийг бутцохиж хөөж гаргалаа гэсэн нь ISW-ийн визуал мэдээллээс худал болох нь нотлогджээ.
Оросын цэргийн бүтэлгүйтэл, тактикийн хоцрогдол, цэргийн техник-технологийн хоцрогдлоос илүүтэй сургаж бэлтгэсэн, юунаас ч үнэтэй бие бүрэлдэхүүний хохирол хэрээсээ хэтэрч, дайн судлаачдын үзэж байгаагаар, оросын өөрийнх нь цэргийн шинжээчдийн дүгнэж байгаагаар Оросын армийг “2022-2-24”-ний өмнөх түвшинд нь эргэж сэргээхэд 50 жил хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Энэхүү “50 жил” гэдэг тоо Москваг чухам паникт оруулахаар тоо юм.
В.Гавриловын хэлснээр украины арми өдөр бүр алхам алхмаар урагшилж, зарим газар 100 метр, зарим газар нэг км урагшлах ба чөлөөлсөн ямх газар бүрээ эрхэмлэн байлдана. 2014 онд Дорнод Украинаас Оросын мэдэлд очсон газар ч чөлөөлөгдөж эхэлжээ. Бүх фронтоор санаачилга гартаа оруулж чадсан байна. “Бүхэлдээ бүх санаачилга манай талд байна”- Гаврилов тэмдэглэжээ. Оросоос хамаг хүчээ тавьж, горьдлого тээж босгосон хамгаалалтын нэг, хоёрдугаар зурвасыг аажмаар давж байна, гэхдээ Украин нь бүх хүч нөөцөө дайчлаагүй, гадаадын холбоотнуудаас нь тусламж ирэх нь эргэлзээгүй, эрт орой хэзээ боловч эх орноо бүрэн чөлөөлнө, амжилтад хүрнэ гэдэг дээр бидний дунд нэгдсэн ойлголттой, украин хүн бүр тэр мөчийг хүлээж байна хэмээн дэд сайд хэлжээ.
“Вагнер”-ын зэвсэгт үймээн намжаагүй байтал “Эх оронч Гиркин”-ий үймээн дэгдэв. Британийн тагнуулынхны олж мэдсэнээр, “ДНР” гэгчийн хээрийн ангийн захирагч асан, хожим нь БХЯ-ыг нь толгойлон өндөрлөгт хүрсэн тэрхүү Гиркин гэгч нь цэрэг-эх оронч, оросын нацист-шовинист ТББ-ууд, хөдөлгөөний хүрээнд үлэмж нэр хүндтэй болчихсон, 2014 онд Донбасст байгуулсан гавьяагаараа оросуудын зарим давхаргын тархинд гүн суусан нэгэн байжээ. Армиас халагдсан, үүрдийн шарх авсан, бэлтгэлд ба чөлөөнд байгаа оросын цэргийнхэн дуу хоолойгоо өргөнө, цэрэг-эх оронч блогерууд (z-патриот) дэвхцэж өгнө, тэр тоолонд хуулийн хариуцлага ногдуулах гэнэ, фронт дээр арми нь ялахгүй, ялахгүй байна гэж гонгиносон орос хүн бүр ОХУ-ын зэвсэгт хүчнийг гутаан доромжилсон ялд унана, тэр тоолонд Оросын нийгмийн бат бэх гагнаас суларна хэмээн үзэхээр болжээ.
Виталий Дымарскийн ярьснаар, Гиркин, Пригожин гэлтгүй оросын генералууд байнга үймэх шинжтэй болов. Тэдний гомдол ч савнаасаа халилаа. Нөхөн хангалт алга, цэрэг нь муу байлдаж байна, бэлтгэлгүй эрчүүд цэрэгт ирээд шууд алуулж байна, орголт их байна, цалин мөнгө дутмаг гэх мэт.
Алхам тутамдаа армиа Украины армитай харьцуулан атаархлын өнгө аясаар оросынхоо армийг чамлана, цолыг нь ахиулаад ч нэмэргүй. Тэр олон гомдол нэгдэж нийлэхээрээ яалт ч үгүй Кремлийн эсрэг чиглэнэ. Маш том ялагдлын сүүдэр биш биз? Байлдааны талбарт Украины ялахыг чимээгүйхэн хүлээн сууна, учир нь засгийн эрхийг солиход нь тийм ялагдал нэн хэрэгтэй гэнэ. Оросын генералууд юу ч хийхэд бэлхэн болсон байж магадгүй? Пригожинтой Сергей Суровикин хуйвалдсан болж таарсан. Одоо хаачсан нь тодорхойгүй, зарим мэдээгээр 30 хүртэл генерал баривчлагдсан, гэрийн хорионд орсон, армиас хөөгдсөн гэх мэдээ чих дэлсэнэ. Иван Попов, Владимир Селиверстов гэсэн нэрс тодров. Цэргийн тойргийн дэд командлагч дэслэгч генерал Олег Цоков алагдсан, цаашаа хэнд ч баталгаа байхгүй.
Гиркин гэгчийг баривчилсан нь Орос даяар, улмаар дэлхий даяар сенсаац дэгдээв. Түүний нэр хүнд ямар өндөр түвшинд хүрсэн байсныг оросууд мэдэж сонсоод ёстой мэл гайхжээ. Ялангуяа дайн үргэлжлүүлэхийн төлөө зогсож буй оросын үндсэрхэг эх орончдын уриа, дуу хоолой, далд удирдагч нь байсан болж таарав.
Гиркин нь БХЯ ба түүний дарга нарыг удтал шүүмжилж ирсэн, Украины эсрэг байлдаж чадахгүй байгааг нь чухам гайхшран уулга алдахдаа нэг үе дайснаа магтаад, нөхдөө доош хийхийг үзүүлж өгч байв. Түүнийг нь Кремльд удтал тэвчжээ. Гэтэл мань хүн гал халуун шүүмжлэлээ Кремлийн удирдагч Владимир Путин руу чиглүүлээд эхлэх нь тэр. “Зайлж од!”, “Орондоо ухаантай өөр хүн олж тавь!”, “Тэнэглэхийг чинь зөндөө харлаа!”, “Дээд ерөнхий командлагч юм бол ингэж цэрэг захирдаггүй юм!” гэхчлэн хэлэх хэлэхгүйгээр Оросын ард түмний хайртай удирдагчийг шүлсдсэний шанд шоронгийн хаалга татав. Гиркиний амаар хэлэгдсэн болохоос оросын дурын генерал тэгж хэлэхэд дөхсөн. Харин Гиркин–Стрeлков өөрөө шүүх хурлыг хүртэл амьд байж чадах болов уу даа?
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл (4)
Зочин (66.181.181.207)
Яг үнэн! Гэхдээ хохирлын харьцаа 12:1 (Украйн : Орос) гэснийг сольж ойлгоорой, алдаад бичсэн байна. АНУ-ын цэргийн шинжээч, Хурандаа Дуглас Макгрегор энэ мэдээллийг тавьсан
ИРГЭН (66.181.181.207)
ЭНЭ АМЬТАН ХӨӨРХИЙ АНУ, БАРУУНЫ МЭДЭЭЛЛИЙН ДАЙНЫ ХУУРАМЧ ГҮТГЭЛЭГ, ҮГҮЙСГЭЛ, ГУЙВУУЛГЫГ ТҮҮЖ ЭВЛҮҮЛЖ, ДАВСАЛЖ ЭЗДЭЭСЭЭ “НОГООН” ЦОХИДОГ. ҮНЭНДЭЭ УКРАЙН ГЭХЭЭСЭЭ АНУ, НАТО ЯЛАГДСАН. ЯГ ВЬЕТНАМД НАВС ЯЛАГДСАН ШИГ! 1) УКРАЙНЫ НАЦИСТ ДЭГЛЭМИЙН ХЯДЛАГААС БОЛЖ 4 МУЖ /ДНР, ЛНР, ХЕРСОН, ЗАПОРОЖЬЕ/ ЭХ ОРОНДОО НЭГДЭВ 2) УКРАЙНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ-ЭДИЙН ЗАСГИЙН ХАМГИЙН ГОЛ ХЭСЭГ ОРОСТ ШИЛЖЛЭЭ 3) УКРАЙН БИЕ ДААСАН БАЙДЛАА АЛДАЖ АНУ, НАТО-ИЙН БҮРЭН УДИРДЛАГАД ОРОВ 4) УКРАЙН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАЖ, ДААЖ ДАВШГҮЙ ӨРД УНАВ 5) УКРАЙНЫ СӨРӨГ ДОВТОЛГОО СҮЙРЧ БАЙНА. АМЕРИКИЙН ЦЭРГИЙН ШИНЖЭЭЧИД ДАЙНЫ ХОХИРЛЫН ХАРЬЦААГ 12(ОРОС) : 1(УКРАЙН) ГЭЖ ТОДОРХОЙЛОВ 6) ДЭЛХИЙ ГАНЦ ТУЙЛТ (АНУ) ДЭГЛЭМЭЭС ТАТГАЛЗАЖ, ОЛОН ТУЙЛТ ШУДАРГА ЁС ЖУРАМД ШИЛЖИХ ШИЛЖИЛТ ӨРНӨВ 7) ОЛОН УЛСЫГ ШУЛЖ ИРСЭН НОЁН ДОЛЛАРЫН БАЙР СУУРЬ ГАНХАВ 8) ХЯТАД, ОРОС, ЭНЭТХЭГ, БРАЗИЛ, САУДЫН АРАБ ЗЭРЭГ ДЭЛХИЙН ХҮН АМЫН ТАЛ ИЛҮҮ ХУВЬ, ЭДИЙН ЗАСГИЙН 60 ШАХАМ ХУВИЙГ ХАМАРДАГ УЛСУУДЫН ЭВСЭЛ ХҮЧЭЭ АВЛАА. ОРОС ЯЛЖ БАЙНА ГЭХЭЭСЭЭ ШУДАРГА ЁС ЯЛЖ БАЙНА!
(202.21.124.159)
Haha yostoi Shana biz, engiin irged ui olnooroo uhej bna, dainii huuliig ilted zurchij bna
(185.17.14.116)
Оросууд энгийн иргэдийг алахгүй гээд дайныг удаан явуулж байна. Уг нь бол ОХУ Украиныг сарын дотор шамшийлгаж чадна.
Хоосон байна
Хоосон байна