Ээлжит бус чуулган зарлах уу

Хаврын ээлжит чуулган наадмын өмнө өндөрлөсөн. Ингэхдээ хэлэлцэх асуудлууд ихтэй байсан ч УИХ ээлжит чуулганыхаа хугацаанд багтаан асуудлаа дуусгахаар шахаж, цаг сунгаж хуралдсан. Тухайн үед асуудлуудыг шахаж, цагт баригдан хэлэлцэж байхаар наадмын дараа ээлжит бус чуулган зарлан үргэлжлүүлэх саналыг зарим гишүүдийн зүгээс гаргаж байсан. Гэвч УИХ-ын дарга асуудлыг шамдуулан бүгдийг нь хэлэлцэн баталсанаар чуулган өндөрлөсөн. Хаврын чуулганы төгсгөлд олон нийтийн анхаарал наадам, найр руу чиглэсэн байх үед эрх баригчид Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталсан байдаг.

Энэхүү хуулийн зарим зүйл заалтыг УИХ-д суудалгүй улс төрийн хүчнүүд эсэргүүцэж байсан. Тухайлбал, уг хуулиар Сонгуулийн ерөнхий хорооны эрх мэдлийг нэмэгдүүлж, улс төрийн нам энэхүү байгууллагаас хараат байх эрх зүйн орчин бүрдэж байгааг намуудын төлөөлөл эсэргүүцэж байсан юм. Харин эрх баригчид хаврын чуулганы хугацаанд багтаан Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийг шамдан баталсан. Улс төрийн намын тухай хууль бол намуудын бие даасан байдлыг хангах, парламентын чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой хууль. Тэр утгаараа ингэж яарч сандарч батлах шаардлагагүй байсан гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна.

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал үүгээр дууссан тул одоо ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага бий юу. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хийсэн. Энэхүү өөрчлөлттэй холбогдуулан зарим дагалдах хуулиудыг өөрчлөх шаардлага байгааг хуульчид хэлж байна. Тодорхой хэлбэл Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлсэн зарим хуулийн төслийг боловсруулах шаардлагатай гэсэн үг. Эдгээр хуулийн холболт, нийцлэлүүдийг он гарахаас өмнө хийх хуулийн хугацаатай. Тэр утгаараа намрын чуулганаар холбогдох хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж, хэлэлцээд явах боломжтой ч УИХ-д тийм цаг зав гарах нь юу л бол. Учир нь намрын чуулганаар хэлэлцэх ёстой хамгийн чухал хуулийн төсөл бол 2024 оны Төсвийн тухай хууль юм.

Өөрөөр хэлбэл сонгуулийн жилийн төсвийг ирэх намрын чуулганаар хэлэлцэнэ гэсэн үг. Тиймээс намрын чуулганаар Төсвийн тухай хуульд УИХ ихэнх цагаа зарцуулах нь тодорхой. Тэгвэл бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийн тулд ирэх наймдугаар сард ээлжит бус чуулган хуралдахаас өөр гарцгүй гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьцгааж буй.

Э.Мөнхтүвшин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)