Д.Баярхүү: Гуравдагч хөршүүд рүү хандсан томхон уриа дуудлага

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын сүүлээр АНУ-д айлчлах төлөвтэй байна. Айлчлалтай холбогдуулан олон улсын харилцааны судлаач-профессор, Элчин сайд асан Д.Баярхүүгээс манай сурвалжлагч зарим нэг тодруулга авлаа.   

-Энэ удаагийн айлчлалын онцлог юу байх бол, Та ахмад дипломатч, Элчин сайд байсан хүний хувьд хэрхэн үзэж байна вэ?

Айлчлал зарлагдаагүй байгаа гэдгийг юуны өмнө анхааруулахыг би хүсч байна. Иймд хүлээлт их үүсгэх асуулт бүү тавиасай гэж бас учирлаж байна. Айлчлал зарлагдмагц Та бүхний сонирхож буй асуудлууд түрүүчээсээ тодорно. Онцлог гэж асууж байх шиг байна. Онцлог гэж юуг хэлэх вэ? Энэ бол Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал. Засгийн газрыг тэргүүлж буй эрхэм айлчлах гэж байна. Ерөнхий сайд ямар ажил голлон эрхэлдэг, юунд ажлаа чиглүүлдэг вэ гэдгээс тэрхүү онцлог нь тодрох учиртай болов уу. Ерөнхий сайдын маань үндсэн үүрэгт ажил улс орны эдийн засаг шүү дээ. Товчоор хариулбал. Тиймээс эдийн засгийн асуудалд түлхүү анхаарах айлчлал байх болов уу. Дэлхийн хэмжээний геополитик ярьж улс төрийн мэдэгдэл хийхээсээ Монгол орны эдийн засаг, нийгэмд хэрэгтэй хамтын ажиллаганы нарийн ширийн асуудал ярилцана гэж би хувьдаа тааж байна.

 

-Монгол Улсаас АНУ-д хийж байгаа 10 дахь удаагийн уулзалт болж байна.  Айлчлалаас ямар үр дүн хүлээж байна?

 

Айлчлалын тов зарлагдаагүй, айлчлалаар хэлэлцэж шийдэх асуудлаа хоёр талдаа ид ярилцаж байгаа нөхцөлд айхтар хүлээлт үүсгэх асуулт хариулт хоёулаа өрнүүлмээргүй байна. Айлчлалын дүнгээр Хамтарсан мэдэгдэл гарах болов уу. Тэнд л маш тодорхой дурдагдах асуудлыг хөндлөө, өөрөө. Үр дүн. Үр дүн гэж юуг хэлэх, хэрхэн ойлгох, тэр нь монголчуудад яаж тусах тухайд бас л бодууштай асуудал. Ямар ч атугай олон тэрбум доллар өвөртлөөд ирнэ гэсэн гэнэн хүлээлтээсээ монголчууд өөрсдийгөө чөлөөлөх цаг болсон. Манай талаас энэхүү айлчлалыг хэрэгжүүлэхдээ Монгол орны хөгжил дэвшил, хүн ардад хэрэгтэй хамтын ажиллагааны боломж эрэлхийлж ажиллана. Айлчлал гэдэг бол манай мэтийн жижиг улсад эрэлхийлэл байдаг. Ерөөсөө шилжилтийн энэ үеүдийн гадаад айлчлал, гадаад хамтын ажиллагаа манай улсад ямагт бүтээлч, прагматик эрэлхийлэл байж ирсэн байдаг. Тэр өнцгөөс нь Та бүхэнтэй яг адил айлчлалын дүнг хүлээж байна.  

 

-Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос өнөөдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн хамтын ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

 

Дипломат харилцааны өнгөрсөн түүхийг хүүрнэнэ гэвэл энэ ярилцлагад зай талбай хүрэлцэхгүй. Дэлхийн тэргүүлэх глобал гүрэнтэй хамтран ажиллаж ирсэн бахархам түүх гэсэн ганцхан үгээр дүгнэмээр байна. Гуравдагч хөрш чинь болъё, болж чадна гэдэг итгэл 1990 онд бидэнд төрүүлсэн, тэр утгаар гуравдагч хөршийн концепцыг өөрсдөө бидэнд сэдээд өгчихсөн дэлхийн том гүрэн бол АНУ шүү дээ. Тэр утгаар манай улсын хувьд анхдагч, тэгэхдээ гол гуравдагч хөрш, дээр нь стратегийн түнш улс. Би нийтлэлдээ бичсэн дээ. АНУ бол Монголын хувьд геополитикийн, стратегийн түншээ гэж. Тэр өнцгөөс айлчлалын улс төрийн ач холбогдлыг нь олж хараасай, тэгэхдээ бүр олзуурхан лавшруулж хараасай. АНУ бол манай улсын энхийг сахиулах ажиллагааны бас гол түнш. Монгол цэргийг дэлхийн данстай болгоход түүхэн хувь нэмрээ оруулсан айл. Тэр бас дипломат харилцааны өнгөрсөн жилүүдийн нэг гол үр дүн байх ёстой. Гэх мэт яривал олон баримт би дурдаж нэрлэж чадна. Улс төрийн харилцаа бидний хүссэн дээд түншиндээ хүрсэн байна. Одоо үүнийгээ эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн салбарт бэхжүүлэхэд л Ерөнхий сайдын айлчлал чиглээсэй гэж ерөөх байна.

 

сонин mn

-Хоёр орны нийгэм, эдийн засаг ямар ямар чиглэлд түлхүү өргөжиж байна вэ. Амжилттай хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд юу байна вэ?

 

Манай хоёр улс дэлхий дахины хөгжил дэвшлийн төлөө хамтран тэмцэж ирсэн улсууд. АНУ-д эдийн засгийн боломж, санхүү, эрх мэдэл, цэрэг-зэвсэг, олон улсын нэр хүнд, нөлөө, шинжлэх ухаан–өндөр технологи, тэр ч бүү хэл технологи бүтээдэг технологи болох метатехнологи, ер нь бүгд байна. Чухамд хүртэж чаддаг бол бүгд байна. Тэр эх ундрагаас нь эрэлхийлж айлчилнаа гээд би дээр хэлчихсэн. Манай улс бол хөгжиж буй улс. Гэхдээ эдийн засгийн бэрхшээл саадаа давчихвал ирээдүй тов тодорхой харагдаж байна. Түүнд АНУ-аас ямар дэмжлэг үзүүлж болох вэ? Энэ бол үе үеийн Засгийн газруудын хөөцөлдөж ирсэн гол асуудал л даа. АНУ-ын хувьд ямар ч салбарт хамтран ажиллахад бэлэн байгаа. Харин бид бэлэн байна уу? Бид ихийг хүсэх боловч бас тэр ихээ хамтран бүтээх нэгдсэн зориг санаа байна уу? АНУ-ын нүүрсний “Пийбоди” компанийг юу болгож тавьчихаад, хэрхэн хөөгөөд гаргачихсан билээ дээ?    

 

-Худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд тулгамдаж байгаа асуудлууд юу байна вэ?

 

Дээр зах зухаас нь хэлчихлээ. Энэ удаагийн айлчлалаар шийдэгдэх нэг чухал асуудал чих дэлссэн. Тэр нь Монгол-Америкийн хоорондын агаарын шууд нислэг. Миний мэдэхээр 2002 оноос хойш ярилцаж байгаа олон жил дуншсан асуудал даа. Хэрэв энэ айлчлалаар агаарын нислэгийн асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч эрх зүйн баримт бичиг байгуулбал түүн шиг том үр дүн гэж байхгүй. Даяаршсан нээлттэй ертөнцөд Монгол, АНУ хоёр агаарын орон зайгаар нийлээд авна гэдэг өөрийн чинь асуусан хамтарсан төсөл хөтөлбөр, худалдаа, хөрөнгө оруулалтын шулуун дардан зам нээгдлээ л гэж үзэх хэрэгтэй.

 

-Цаашид шинэ түвшинд гарах ёстой гэж харж байгаа салбарууд юу байна вэ?

 

Монгол Улс бол иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай хоёр их хөрштэй, цаана нь стратегийн түншлэлийн харилцаатай 4 түнштэй. Түүний нэг нь АНУ. Харилцааны түвшин нь ч гэсэн маш ахицтай ийм өндөрлөгт хүрсэн. Түүх сөхье. 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабандийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын Хамтарсан мэдэгдэлд “Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхийлөгч Ж.Буш нар ардчилсан хоёр орны хооронд хамтын үнэт зүйлс болон стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан хамтын ажиллагаа, иж бүрэн түншлэлийн шинэ эрин үеийг зарлан тунхаглав” гэж заасан. AНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар Монгол Улсад 2005 онд албан ёсны айлчлал хийх үеэр Монгол Улс, АНУ-ын Хамтарсан мэдэгдэлд хоёр Ерөнхийлөгч  Монгол Улс, АНУ-ын уламжлалт найрсаг харилцааг дахин баталж, “Ардчилсан хоёр орны хамтын үнэт зүйлс, стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан иж бүрэн түншлэлийн удирдах зарчмыг тодорхойлж, цар хүрээг нь өргөтгөхөөр тохиров” гэсэн байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 онд АНУ-д айлчилж, айлчилалын үр дүнгээр гаргасан Хамтарсан мэдэгдэлд “Монгол Улс, АНУ нь хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд гаргасан тууштай хүч чармайлтын үр дүнд Монгол Улс, АНУ-ын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, соёл, иргэд хоорондын харилцаа холбоо гүнзгийрэн хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр талын харилцаа Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшинд хүрснийг зарлан тунхаглав” гэж байгаа. Ердөө жил хүрэхгүй хугацаанд 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулгыг АНУ-д айлчлах үеэр энэ түншлэлээ Стратегийн түншлэл болгож шат ахиулсан. Энэ бол Монгол Төрийн алтан аргамж–гадаад харилцааны маш том түүхэн ололт гэж үзэх хэрэгтэй. 

 

-АНУ манай цэрэг, зэвсгийн ур чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан гэдэг нь хэр үнэний ортой вэ?

 

АНУ бол манай улсын энхийг сахиулах ажиллагааны бас гол түнш. Монгол цэргийг дэлхийн данстай болгоход түүхэн хувь нэмрээ оруулсан айл гэж би дээр хэлсэн дээ. Тэр чинь л товч хариулт нь. Энхийг сахиулах чиглэлээр үнэхээр халуун цэгүүдэд хамтран ажиллаж чадаж байна, монгол цэрэг итгэл дааж байна гэдгийг америкийн цэргийнхэн өндөр үнэлж ярьж байхтай олонтаа тааралдаж байсан даа. Ганц жишээ. АНУ-ын гурван замын цэргийн академиудад монгол сонсогчдыг элсүүлэн суралцуулах, тэтгэлгэ өгөх тухай зар нийгмийн цахим сүлжээнд явж байсныг олж харсан бол бэлээхэн хариултаа авчихаж байгаа бус уу? 

 

-Монгол Улс АНУ-тай гуравдагч хөршийн харилцаатай. Цаашид гуравдагчийн хөршийн бодлогыг бэхжүүлэхэд хэрхэн хамтарч ажиллах бол?

 

Гарчгаа өөрөө сонго гэхлээр чинь би хэргээр “Гуравдагч хөршүүд рүү хандсан томхон уриа дуудлага” гээд өгчихсөн. АНУ бол дэлхийг хошуучлагч глобал гүрэн, дэлхий дахины эдийн засаг-санхүү, цэрэг-улс төр, геополитикийн хошуучлагч. Өрнөд ертөнцийг манлайлагч. Тэр өнцгөөс гуравдагч хөршүүд дотроо манлайлагч гуравдагч хөрш гээд би нэрлэчихсэн. Тийм учраас энэ удаагийн айлчлал хэр үр дүнд хүрнэ, АНУ-ын дотоодод болон олон улсад хэр сурталчлагдана, тэр хэрээрээ манай улсын нэр хүнд дагалдан өснө, гуравдагч хөрш гэж үздэг улс орнууд төдийчинээ Монголыг маань сонирхоно гэж товчхон хариулъя

 

-Ярилцсан Танд баярлалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)