Эх хэлний дархлааны эрэлд гарсан долоон цуврал

Дэлхийн элгэн дээр буй монголчууд бид эх орондоо гурван саяулаа. Харин бидний бусдаас ондооших гол дархлаа нь хэл соёл юм. Тиймээс ч “Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл: Өв соёл” буландаа үндэсний цөөнхүүдийн хэлний өнөөгийн байдлын тухай болоод мартагдаж буй хэл соёлоо хэрхэн хамгаалж үлдэх вэ гэсэн долоон цувралыг хөндөж бичжээ. Бичвэрүүдийг тоймлон хүргэе.  

 

Монголын цаатнуудын ондоошил духа хэл устахад хүрэх вий

 

Бид энэхүү эхний цувралдаа Монголын цөөнхүүдийн том төлөөлөл болсон цаатнуудын үндсэн хэл болох духа аялгын өнөөгийн байдал ямар байгаа болон тус аялыг энэ хэвээр нь авч үлдэхийн тулд юу хийх ёстой тухайг албаны хүмүүсийн байр суурьтайгаар хүргэж байв. Анх CNN агентлаг 2016 онд дэлхийг хамарсан “Ховордсон хэл” төслийг хүргэсэн юм.

 

Энэхүү төслийн нэгээхэн хэсэг нь Монгол Улсад устаж, үгүй болох аюулд орсон духа хэлний тухай онцолсон нь дэлхий дахины анхаарлыг татаж байв. Тухайн үед духа хэлээр 500 орчим буюу хамгийн бага хүн ярьдаг болохыг тогтоосон байна. Гэтэл жилээс жилд энэхүү аялгаараа ярьдаг хүн ховордож одоогоор 100 гаруй хүн л үндсэн аялгаар ярьж байгаа юм байна.

 

Энэ тухай  Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэн Б.Өнөрбат “Манай сумын хамгийн том бахархал нь цаатангууд шүү дээ. Харин энэ үндэстний унаган хэл болох духа аялга нь мартагдаж байгаа нь үнэн. Одоогоор үлдсэн хэдэн хөгшид л духа хэлээ хэрэглэдэг” гэсэн юм. Харин хэл судлалын доктор Б.Пүрэвдаш “Би сүүлийн 10 жил АНУ-д амьдрсан. Харь орныг зорихоосоо өмнө хэл судлалаар хэд хэдэн бүтээл хэвлүүлж байсан юм. Түүн дотор Тува болон өнөөдөр өөрийн таны ярьж буй духа аялгын тухай жижиг бүлэг бий. Хэдийгээр энэ сэдвийг үргэлжлүүлэх бодол байсан ч баттай эх сурвалж, баримт тун ховор юм билээ. Монгол Улсын хэмжээнд яаралтай хадгалж, авч үлдэх 16 өв бий. Гэтэл түүн дотор үндэсний цөөнхийн хэлний тухай багтаагүй байдаг нь харамсалтай. Тиймээс эдгээр хэл соёлыг ЮНЕСКО-д  бүртгүүлэх нь тун чухал” гэж байр сууриа илэрхийлж байсан юм.

 

Духа хэлтэй тайгын охин

 

Цаатнуудын духа аялгын тухай сэдэв хөндсөн дараагийн дугаартаа бид Хөвсгөлийн тайгад өссөн цаатан охин О.Номингийн тухай онцолсон юм. Учир нь тэрбээр духа аялгаараа ярьдаг цөөхөн залуусын нэг. Өдгөө МУБИС-д математикийн багш мэргэжлээр сурдаг юм байна.

 

Хөвчийн тайгадаа цагаа маллаж амьдардаг өрхийн нэг нь Очирбатынх ажээ. Энэ айлын гэргийг Мөнхцэцэг, охиныг нь О.Номин гэнэ. Цаатангуудын амьдралын онцлогийг харахад хүүхдүүд нь Цагааннуур сумандаа ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, охид нь хот руу их сургуульд элсдэг бол хөвгүүд нь тайгадаа буцаж, эцэг эхдээ туслан цаагаа өсгөж, үржүүлэхээс гадна цэргийн албанд мордох үүрэгтэй байдаг гэнэ.

 

Энэ жишгийн дагуу О.Номин охин Цагааннуур сумын дунд сургуулийг онц дүнтэй төгсөж, их эрдмийн аянд мордож, Улаанбаатар хотыг зорьжээ. Түүний хувьд үеийнхнээсээ эрт буюу зургаан настайдаа уншиж, бичиж сурсан байна. О.Номин “Бага нас минь бусад цаатан хүүхдүүдийн адил аглаг тайгадаа өнгөрсөн. Манай цаатангуудын үндэсний хэл бол духа. Гэхдээ энэ аялгаар азай буурлууд маань ихэвчлэн ярьж байна. Харин миний хувьд үндэсний хэлээ ээж, ааваараа заалган бие даан сурч эхэлсэн. Духа хэлээрээ ярих үнэхээр дуртай. Аав ээж хоёр минь төрөлх хэлээрээ сайн ярьдаг учир надад духа хэлийг сурахад хүндрэл гараагүй” гэсэн юм.

 

Буриад түмний ондоошил хойд аялгыг авч үлдье

 

Харин дараагийн цувралдаа бид мөн л үндэсний цөөнхүүдийн том төлөөлөл болсон буриад зон олны хойд аялгын тухай сэдэв хөндсөн. Бидний элэг нэгт Буриад ахан дүүс Орос улсын  351 мянган км газар нутгийг эзлэн аж төрж байна. 2022 оны мэдээллээр тус улс 985 мянган хүн амтай гэсэн судалгаа бий. Эдгээр иргэдийн 86.6 хувь нь Буриад аялгаар, 13.3 хувь нь орос хэлийг эх хэлээ хэмээн үздэг байна.

 

Харин халимаг хэлээр яригсдын тоо тодорхойгүй байдаг аж. Энэ тухай  Монгол судлалын төвийн эрхлэгч, Ардын багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян “Монголчууд цөөхөн мөртлөө гадаад руу олноор явдаг. 1990-ээд оноос хойш харьд очсон гэр бүлийн хүүхдүүд монгол хэлээ мэдэхгүй өсөж байна.

 

Хоёрдугаарт, бичгийн хэлгүй болбол хэл амархан мөхдөг. Бичгийн хэл нь тухайн хэлний дархлааг хадгалж байдаг бас нэг хүчин зүйл. Бичгийн хэлгүй, хэрэглэгч зөвхөн аман ярианы хэлтэй хэл бол мөхөх аюулд их ойрхон гэсэн үг” гэв. Харин хэл судлаач, орчуулагч Б.Оюунбат “Өнөөдөр буриад хэл мартагдаж байгаа нь үнэн. Одоогоос 20 жилийн өмнө очиход нөхцөл байдал өөр байсан. Харин одоо эх хэлээрээ ярьдаг залуус их цөөн болсон. Буриад аялга нь их зөөлөн байдаг онцлогтой. Энэ хэлэнд монгол хэлний хойд аялга түлхүү хэрэглэгддэг. Буриад хэл нь дотроо дөрвөн өөр аялгатай. Үүнд баруун (эхирид, булагад), дундад (алайр, түнхэн), зүүн (хори), урд (сонгоол, сартуул) гэсэн аман аялгууд багтдаг” гэсэн юм.

 

Буриадын урд хилээр хойд аялгаар ярьдаг хүн цөөн бий

 

Энэхүү дөрөв дэх цувралдаа бид буриадын хойд аялгаар ярьдаг хүмүүсийн эрэлд гарсан юм.

 

Хэл шинжлэлийн ухааны доктор Б.Ариуннасан “Би 10 гаруй жил Буриадад амьдарсан. Өнөөдөр бид буриадуудыг монгол ахан дүүс гэж хайрлаж, хүндэлдэг ч яг орчинд нь очихоор Монгол Улс, хэл соёлынхоо тухай мэддэг хүн тун цөөн. Ялангуяа залуучууд нь ихэвчлэн орос хэлээрээ харилцаж, албан бичгүүд нь ч орос хэл дээр явах нь бий. Харин Буриадын урд хил хэсгээр яг төрөлх хэл, хойд аялгаараа ярьдаг хүн цөөнгүй байдаг юм билээ” гэсэн юм.

 

Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг шиг хятад, орос хэлний хүчтэй хүрээлэлд байгаа буриад, халимаг, өвөрмонголчуудын эх хэл  аажмаар ийнхүү хэрэглээний хүрээ нь багасаж, үгсийн сангийн бүрэлдхүүн нь эрлийзжиж, уугуул монгол хэлнийхээ чанарыг алдан олон зуун жил харь хэлний эрхшээлд байгаа нь харамсалтай. Аялагч, сэтгүүлч Б.Гантөр “Улаан-Үдэ хот 500 мянга гаруй оршин суугчтай. Жил бүр Буриад руу олон мянган жуулчин очиж, энэ ард түмний соёл, ондоошлыг харахыг хүсдэг. Гэвч жил өнгөрөх тусам монгол гэсэн үнэт зүйлүүд алсран одсоор байна. Төвд нь буухад яг л Оросын хуучны хотод ирсэн мэт мэдрэмж төрдөг. Мөн дэлгүүр, худалдааны төв, хоолны газар, гудамж, театр, үйлчилгээний төвүүдийн бараг 90 гаруй хувь нь орос хаягтай. Тэгэхээр энд хэн буриад аялгаар ярих билээ. Хэдийгээр хүн бүр хэл соёлоо хэвээр нь авч үлдэхийн ач холбогдлыг мэдэж байгаа ч орос гэх том гүрний бодлого өөр байх нь лавтай” хэмээн энэхүү цувралд онцолж байсан юм.

 

Монголын буриадууд хорь, аг, сонгоол аялгаар ярилцдаг

 

Тав дахь цувралдаа бид буриадуудын үндсэн хэлний аялгуудын онцлог болоод дүрмийн тухай онцолсон билээ. Энэ тухай  Хэл шинжлэлийн ухааны доктор Б.Цэрэндулам “Монголын буриадуудын хэл халх аялгуундаа ууссан нь элбэг. Нийслэл хот руу чиглэсэн хөдөлгөөн ихсэж байгаа нь буриад аялгууд мартагдаж, уусах нөхцөл болж байна. Цаашлаад буриад хэл аялгуу нь өөрийн өвөрмөц байдлаа алдаж, нутаг нутгийн аялгатай нийлж байгаа нь үгийн сан, хэл зүйн түвшинд өөрчлөлт орох аюулд аваачихыг үгүйсгэхгүй. Бид чинь  хорчин, үзэмчин, цахар, халх, дөрвөд, торгууд гээд олон аялгатай, хэлний баялаг түүхтэй ард түмэн. Эдгээрийг төрийн бодлогоор хамгаалж, авч үлдэх нь чухал” гэв.

 

Дэлхийн мөхөх аюулд орсон хэлнүүдийн атласаас харвал, орос дахь буриадуудын эх хэл мөхөх аюулын гурав дахь шат буюу ноцтой аюулд орсон хэлнүүдийн тоонд багтаж байна. Буриадад ихэвчлэн настай хүмүүс л эх хэлээрээ ярих ба дунд, залуу үе нь ярихаа больжээ.

 

Хэрэв энэ байдал үргэлжилбэл буриадуудын эх хэл удахгүй аюулын сүүлийн шатанд орох нь тодорхой гэж Олон улс судлаач Б.Өсөхбат онцолсон юм.Буриадууд хэдэн жилийн өмнөөс эх хэлээ сэргээх хөдөлгөөн өрнүүлсэн ч төдийлэн амжилтад хүрэхгүй байгаа ажээ. Учир нь өнөөгийн буриад хүүхдүүдэд эх хэлээ сурах орчин нь гэр бүлийн хүрээнд, нийгэмд ч бараг үгүй болжээ.

 

Монголын ондоошил ба эх хэлний дархлаа

 

Харин энэ удаагийн дугаартаа бид монгол хэлээ сурахын ач холбогдол болоод гадаад хэлийг хэдэн настайдаа сурч эхэлбэл зохистой тухай албаны хүмүүсийн байр суурийг хүргэсэн юм. Учир нь БШУЯ-наас гуравдугаар ангиас нь англи хэл заах шийдвэр гаргасан билээ. Монголчууд бид дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц онцлог, хэл соёл, зан заншилтай ард түмэн. Үүгээрээ дэлхийн 200 гаруй улс, үндэстнээс ялгардаг. Гэвч монгол хүн гэж хэн бэ. Монгол цустай, царай төрхтэй л бол монгол хүн гэж хэлэх үү. Харагдах байдлаараа тийм байж болох ч даяаршиж буй энэ ертөнцөд бид зөвхөн хэл соёлоороо л ялгарах учиртай.

 

Энэ тухай Ерөнхий боловсролын “Сэтгэмж” цогцолбор сургуулийн ахмад багш Л.Өлзийбаяр “Би 40 гаруй жил монгол хэл, уран зохиолын багш хийсэн. Өнөөдөр монгол хүүхдүүд зургаан настайдаа сургуульд орж байна. Өмнө нь наймтайдаа нэгдүгээр ангид элсдэг байсан. Үнэндээ зургаан нас гэдэг дэндүү балчир шүү дээ. Дөнгөж хэл яриа нь зүгширч эхлэх үе.

 

Хүүхдүүд нэгдүгээр ангидаа зөвхөн үсэг нүдэлж, зөв дуудах дадалтай л төгсдөг. Харин 2-3 дугаар ангидаа өгүүлбэрийн дэс дараалалтай болж, зөв бичих дүрмийн зах зухаас л сурна. Ингээд дөрөвдүгээр ангид орсноор монгол хэлээрээ зөв ярьж, зөв бичих мэдлэгтэй болж төгсдөг. Гэтэл дөнгөж эх хэлнийхээ үнэ цэн, сайхныг мэдэрч, төрөлх хэлээрээ зөв ярьж сурах эхлэл нь тавигдаж байх энэ үед дахиад англи хэл зааж эхлэх нь тохиромжгүй. Хүүхдэд эхлээд төрөлх хэлнийхээ суурийг сайн тавьж, эх хэлээрээ бүтэн ярьж, ойлгож, бичиж сурсны дараа хоёрдогч хэлийг заах нь зөв систем санагдах юм гэж” гэж байр сууриа илэрхийлж байв. Энэхүү нийтлэлийн эх сурвалж болсон экспертүүд ч олон улсад зургадугаар ангиас нь хоёрдогч хэл заахыг зөвшөөрдөг гэдгийг онцолж байсныг энд дурьдая.

 

Нэгдүгээрт монгол хэл үү, англи хэл үү   

 

Энэхүү долоо дахь цувралдаа бид эхлээд монгол хэл заах нь зөв үү, эсвэл англи хэлүү гэсэн өнцгийг голчилж байв. Түүхэндээ монголчууд хамгийн олон бичиг үсэгтэй ард түмний нэг ажээ. Бид энэ хугацаанд 10 гаруй бичиг үсэг хэрэглэж байсан гэдэг.

 

Харин  цаг хугацааны эргүүлэгт монгол хэлэнд харь үгс орж, монгол үг болтлоо нутагшсан явдал бий. XX зууны үед ихэвчлэн орос үг, хэллэгүүд орж ирдэг байсан бол XXI зуунд англи хэлний үгс давамгайлах болжээ. Өдгөө ч бид өдөр тутмын яриандаа “Hi, ok, bye, babу, honey” зэрэг олон үгийг монгол үг шигээ түгээмэл хэрэглэх болсон. Бага насны хүүхдүүд ч монгол хэлтэйгээ англи үгсийг хольж, гадаад дуу сонсох нь энгийн үзэгдэл болжээ.

 

Тэгвэл монгол хэлний үнэ цэнийн талаар судлаач Т.Загарпэрэнлэй "Залуус эх хэлээ эрхэмлэн дээдлэх, үнэ цэнийг нь ойлгох, хэл шинжлэлийн судалгаанд төрөөс анхаарах, дэмжих зэргийг бодлогын түвшинд ярих ёстой. Судлаачдын бүтээлийг нийтээрээ уншдаггүй, цөөнх нь л мэддэг үед бид амьдарч байна. Тиймээс хэл шинжлэлийн судлаачдын судалгаа, бүтээлийг төр засгаас дэмжих, олон нийтэд таниулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь чухал. Түүнчлэн монгол хэлний цахим хөгжилд түлхүү анхаарах шаардлага бий болсон.

 

Цахим орчинд монгол хэлний сан бүрдүүлэх шаардлагатай байгаа” гэв. Харин  Хэл шинжлэлийн ухааны доктор Б.Саруулбуян “Хүүхдүүдэд гуравдугаар ангиас нь англи хэл заахыг эсэргүүцэж буй төлөөллийн нэг нь би. Учир нь найман настай хүүхэд гэдэг хэл сурахад бэлтгэгдээгүй, балчир үе. Харин тухайн хүүхдэд тавдугаар анги хүртэл нь монгол хэлээ сайн заачихаад хоёр дахь хэлийг санал болгох нь зөв болов уу.

 

Өнөөдөр Монгол Улсын хөгжилд англи хэлтэй хүн бус зөв монгол иргэн л чухал. Энэ нь эх оронч үзэл, монгол сэтгэлгээг хөгжүүлэхэд тустай. Ер нь дэлхийд хүчирхэгжиж буй улс орны бодлогыг харахад эх хэл, урлаг соёлоо унаган хэвээр нь авч үлдсэн байдаг. Үүний хамгийн том жишээ нь манай хөрш Хятад улс шүү дээ” гэж байв.

 

 

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)