Хөвсгөлд болж буй АН-ын уулзалтаар юу шийдэх вэ?
- 2023-08-01
- Улс төр
- 0
АН-ынхан Хангайн бүсийн эдийн засгийн форум нэрийн дор Хөвсгөл аймагт цуглаж уулзалт хийж байна. Тус уулзалтад Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын 500 гаруй гишүүн, төлөөлөгч оролцож байгаа гэнэ. Мөн АН-ын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, АН-ын ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин, Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар, АН-ын Стратеги, бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ХБНГУ-ын Конрад Аденауер сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Виктор Франк, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл Х.Эрдэнэбаатар нар Хөвсгөл аймагт очжээ. Тэднийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ш.Идэрбаясгалан нар угтан авчээ. Форумаар Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэхийн зэрэгцээ залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн хөрөнгө оруулалт, цаашдын боломжийн талаар намын гишүүд дэмжигчидтэй нээлттэй ярилцаж, санал санаачилгыг нь сонсох юм. Мөн энэхүү уулзалтын нэг гол зорилго нь АН дотооддоо учраа ололцох нэг оролдлого юм.
АН-ын дарга Лу.Гантөмөр намаа эмхэлж журамлачих гээд хичээгээд байгаа нь ажиглагддаг. Тодорхой шийдвэрүүдийг гаргаж байна. Даанч хэрэгжүүлэх гэхээр нь энд тэндээс бойкот шантааж гарч ирээд байх шиг байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд Лу.Гантөмөр намынхаа дотоод журамд зарим өөрчлөлтийг оруулжээ. Энэ нь шууд утгаараа ҮБХ-ндоо сэлгээ хийх санаачилга аж. Үүнийгээ 2023 оны долдугаар сарын 24-нд намынхаа Улс төрийн зөвлөлийг хуралдуулж, дүрэмдээ оруулж баталсан байна. Тодруулбал, 2023 оны наймдугаар сарын 5-ны дотор татвараа төлөөгүй гишүүдийг ҮБХ-ноос хасахаар болжээ. Тэгээд хасагдсан гишүүдийн “орон тоо” дээр сонгууль явуулах юм байна. Хангайн бүсийн чуулган нэрийн ард МоАХ угшилтай Сэлэнгэ, Хөвсгөл, Эрдэнэт, Дарханы АН-ын дарга нар “...ҮБХ-нд тэр чигт нь ротац хий” гэсэн шаардлагыг тавихаар ярьж буй гэсэн мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, Лу.Гантөмөр нарын АН-ын удирдлагууд “...Наймдугаар сарын 5-ны дотор ҮБХ-ныхоо татвар төлөөгүй гишүүдийг хасна” гэж байгаа бол Х.Баттулга нарын зүгээс “...ҮБХ-г бүрэн шинэчил, бүгдийг нь соль” хэмээн шахаж эхэлсэн байна. Тэгэхээр АН-ынхан ҮБХ-ндоо “сэлгээ” хийх үү, эсвэл бүгдийг нь солих уу гэдэг нь хангайн бүсийн чуулганы үеэр тодорхой болно гэсэн үг.
Мөн чуулганы үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө, ажил хийснийхээ төлөө яллагдаж болохгүй. Ажил хийх тусам ядуу амьдруулж байгаа учраас монголчууд гадагшаа дүрвэж байна. Энэ бол бодлогогүй улс төрийн үр дүн юм. Бид бодлогын түвшинд ажиллахын тулд намын дэргэд Стратеги, бодлого судалгааны хүрээлэнг байгуулан ажиллаж байгаа” гэдгийг онцлов. Ардчилсан нам асуудалд бодитоор ханддаг, бодлогын шийдлүүдийг хамтаараа гаргахаар ийн чуулж байгаа юм.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)