Тойрог, мандатын хуваарийг ирэх нэгдүгээр сард батална
- 2023-08-02
- Улс төр
- 0
Нэг жилийн дараа УИХ-ын сонгуулийн дүн гарч манай улс 76 бус 126 хууль тогтоогчтой болно. Иргэдийг төлөөлөх 126 хүнийг хэрхэн сонгох дүрэм буюу УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг хаврын чуулганаар баталсан. Гэхдээ тоглоомын дүрэм хараахан бүрэн дүүрэн дэлгэгдээгүй байна. Учир нь, тойрог, мандат хуваарилах тогтоолын төслийг УИХ-ын сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ны дотор батлах учиртай. Тэгвэл дээрх тогтоолыг ирэх нэгдүгээр сард батална гэж УИХ-аас мэдэгдээд байна.
УИХ-ын 126 гишүүний 78-ыг тойргоос, 48-ыг намын жагсаалтаас сонгоно. Тойргоос гишүүдийг хэрхэн сонгох нь ойлгомжтой. 2012 онд намын жагсаалтаас 28 хүнийг сонгож байсныг эс тооцвол 48 хүнийг хэрхэн нэр дэвшүүлэх сонгох нь бараг шинэ зүйл. 2012 оныхоос ялгаатай нь нам, эвслүүд жагсаалтаар нэр дэвшиж буй хүмүүсээ сурталчлахыг хуульчиллаа.
Энэ нь жагсаалтын ард ямар хүн байгаа нь ил тод яригдана гэсэн үг. Тэр ч атугай жагсаалтад нэр дэвшигчдээ олон нийтэд танилцуулж, сурталчилна. Бүр намын самбар гэх ойлголтыг Сонгуулийн хуульд тусгав. Тойрогт нэр дэвшигчид нэгдсэн нэг самбартай байхаас гадна тойрог бүрт намын самбар байрлаж нам, эвслүүд жагсаалтад нэр дэвшигчдээ тухайн самбараар дамжуулан сурталчлах юм.
Сонгогч саналаа өгөхдөө тухайн тойргийнхоо мандатын тоотой тэнцүү саналыг тойрогт нэр дэвшигчид өгөхөөс гадна аль нэг нам, эвслийг сонгон саналаа өгөх юм. Нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэрийг саналын хуудсанд бичих санал гарч байсан ч энэ нь техникийн хувьд боломжгүй гэдгийг СЕХ-ноос мэдэгдсэн.
Тэдний зүгээс “Нэг сонгогчид саналын хуудас гээд хоёр болон түүнээс дээш цаас өгөхөд хүндрэл үүснэ. Тойрогт нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн саналын хуудас, жагсаалтад нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн саналын хуудас хоёулаа хүчинтэй байх ёстой. Нэг нь хүчингүй болоход сонгуулийн дүн гаргахад түвэгтэй болно. Үүнээс болж маргаан үүснэ. Техникийн хувьд ч хүндрэлтэй” гэсэн тайлбар өгчээ. Тиймээс сонгогч зөвхөн нам, эвслийн төлөө саналаа өгөхөөр хуульчилсан билээ.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)