Төрийн банк "Нэгдсэн Үндэсний Байгууллагын Даян дэлхийн гэрээ" /UN Global Compact/-нд нэгдэн орлоо

Төрийн банк нь харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, ил тод, сайн засаглалтай, дундаж давхаргыг дэмжих, бойжуулахад чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг дэвшилтэт технологи ашиглан хүртээмжтэй хүргэх тогтолцоог бүрдүүлэхээр эрхэм зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. 

Төрийн банк Тогтвортой хөгжил, хариуцлагатай бизнесийн туршлагыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх НҮБ-ын Даян дэлхийн гэрээнд гишүүн байгууллагаар 2023 оны 5 дугаар сард нэгдэн орлоо. 

Энэхүү түншлэл нь нийгэмд эерэг нөлөө үзүүлэх, үйл ажиллагаагаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтвортой байдлын зарчмуудтай уялдуулах бидний амлалтыг илэрхийлж байгаа билээ.

НҮБ-ын Даян дэлхийн гэрээ нь Тогтвортой хөгжлийг ахиулах зорилготой бизнесийн байгууллага, оролцогч талуудыг нэгтгэсэн дэлхийн хамгийн том тогтвортой байдлын санаачилга юм. Даян дэлхийн гэрээнд нэгдсэнээр хүний эрх, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчныг хамгаалах, авлигатай тэмцэхтэй хамаарах 10 зарчмыг баримтлан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд идэвхтэй хувь нэмрээ оруулах үүрэг хүлээдэг. 

Төрийн банк НҮБ-ын Даян дэлхийн гэрээнд гишүүнээр элссэнээр бизнесийн үйл ажиллагаанд аливаа шийдвэр гаргахдаа байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) хүчин зүйлсийг тусгаж, тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн төслүүдийг дэмжсэнээр илүү тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийг хөгжүүлэх болно. Түүнчлэн банкны ажилтан, харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч түнш болон бусад оролцогч талуудын итгэлцлийг нэмэгдүүлэн харилцаа холбоог өргөн хүрээнд бэхжүүлэн ажиллах юм. 

Бид хамтдаа урт хугацаанд эерэг өөрчлөлтийг бий болгож, эдийн засгийн хөгжил дэвшил нь нийгмийн дэвшил, байгаль орчныг хамгаалахтай зэрэгцэн оршдог дэлхийг бүтээж чадна.

Зарчим 1: Олон улсад хүлээн зөвшөөрсөн хүний эрхийг хамгаалах явдлыг дэмжиж, хүндэтгэнэ. 

Зарчим 2: Хүний эрхийг урвуулан ашиглахгүй. 

Зарчим 3: Нэгдэн нийлэх эрх чөлөө, хамтын хэлэлцээр хийх эрхийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж үр өгөөжтэй байлгах үүргийг хүлээнэ. 

Зарчим 4: Хүч хэрэглэсэн болон албадан хөдөлмөр эрхлэлтийн бүх хэлбэрийг устгана. 

Зарчим 5: Хүүхдийн хөдөлмөрийг үр дүнтэй хална. 

Зарчим 6: Хөдөлмөр эрхлэлт болон ажлын байран дахь ялгаварлан гадуурхах явдлыг устгана. 

Зарчим 7: Байгаль орчинг сүйтгэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэмжиж ажиллана. 

Зарчим 8: Байгаль орчны хариуцлагыг нэмэгдүүлэхэд идэвх санаачилгатай оролцоно. 

Зарчим 9: Байгаль орчинд хоргүй технологийг дэлгэрүүлэх, хөгжүүлэхийг дэмжинэ. 

Зарчим 10: Луйвар, авлига, хээл хахуулийн бүх хэлбэрийг эсэргүүцэж ажиллана. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)