Намрын улс төр “халуурна”, угтал уулзалтууд нь одоогоор Хөвсгөл, Говь-алтай, Алтай Таванбогдод болоод байна
- 2023-08-07
- Улс төр
- 0
УИХ-ын ээлжит сонгууль арван сарын дараа болно. Улстөрчид хэдийнэ энэ сонгуулийн бэлтгэлдээ гарчээ. Тэр утгаараа улстөрчдийн оролцоотой ямар ч үйл ажиллагааны ард ирэх сонгууль нуугдаж байгаа гэсэн үг.
УИХ-ын 2024 оны сонгуулийн тухайд тоглоомын шинэ дүрмээр явна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Ингэснээр нэгдүгээрт, сонгуулийн тогтолцоог өөрчилж холимог тогтолцоогоор явуулахаар болсон. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн. Дагаад УИХ-ын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг өөрчилсөн. Ингэхдээ Үндсэн хуульд албан ёсоор тусгасны дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор сонгууль явуулахтай холбоотой заалтууд оруулсан. Мөн УИХ-ын 76 гишүүний тоог 126 болгосонтой холбоотой өөрчлөлт орсон. Түүнчлэн нэг хүйсийн төлөөлөх квотын тоог нэмэгдүүлсэн зэрэг чухал өөрчлөлтийг тус хуульд оруулсан юм. Одоо тэр хуулиуддаа тааруулсан зохион байгуулалт, хуваарилалтыг хийх ёстой. Хамгийн гол нь жагсаалтад хэн хэн орж, тойрог руу хэн хэн гүйх вэ гэдэг нь намуудын гол шийдэх асуудал болсон. Мөн босго намхан учраас жижиг намууд УИХ-д суудалтай болох магадлал өндөр болоод байна. Тиймээс жижиг намууд үнэд ороод эхэлсэн байна.
Чухамдаа эдгээр нь улс төрийн хүрээнийхнийг хооронд уулзаж учруулах гол шалтгаан болоод байна.
Гурван сая гаруйхан хүн амдаа ихэдсэн олон намтай. Намдаа олдсон тооны фракцуудтай. Тэдгээр нь нам нам дамжаад холбогдчихдог. Манай улс төрийн зүй тогтол нэг иймэрхүү “сүлжээ”-ний дор амьдардаг. Тэдний уулзалтууд наадмууд дамнуулаад Хөвсгөл, Говь-Алтай, Алтай Таванбогдод болоод байна. Ийм уулзалт дахиад ч Хөвсгөлд болох сурагтай.
Ерөнхийдөө эдгээр уулзалт 2024 оны УИХ-ын сонгуульд яаж оролцох вэ гэдэг ерөнхий сэдвийн дор болж буй юм. Харин нарийсгаад яривал олон асуудал яригдаж байгаа юм байна. 2024 оны сонгуулийн дүнгээр намууд ямар хувьтай ялах шаардлагатай вэ. Хэн хэн заавал УИХ-д орох ёстой вэ. Сонгуулийн дараах Засгийн газар хэрхэн бүрдвэл зохистой вэ. Одоогийн Засгийн газар сонгууль хүртэл ажиллах хэрэгтэй юу, үгүй юу. Гол асуудлууд нь энэ.
Бас зарим уулзалтаар нэр бүхий кандидатуудаа нүүрсний хулгай зэрэг томоохон хэргүүдээс мулталж, ирэх сонгуульд саадгүй сойх талаар ч нарийн төлөвлөгөө сэлттэйгээ ярьж авсан бололтой. Тэр талаас нь харвал уламжлалаараа жил бүрийн хичээлийн шинэ жилтэй давхцаад улс төр идэвхжээд эхлэх бололтой. Гэхдээ урьдынх шиг бус, 2024 оны сонгууль угтсан энэ намрын улс төр “халуун” болох нь тодорхой болж байна.
П.ХУЯГ
Сэтгэгдэл (0)