Үерийн усанд дахин өртөх магадлалтай айлуудыг даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай

Үер усны гамшигтай холбоотойгоор Цагаан даваа орчимд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт  ажиллалаа. Энэ байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын албан хаагчид ажиллаж, үерийн үеэр урсаж орж ирсэн лаг шавар, барилгын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа:

-Өчигдөр буюу наймдугаар сарын 5-ны өдрийн 19:45 цагийн орчим энэ байршилд уулын үер буусан. Геодези, усны барилга байгууламжийн газрын албан хаагчид 21:00 цагаас хойш газар дээр нь ажиллаж, үерийн далангийн лаг, барилгын хог хаягдлыг цэвэрлэлээ. Мөн энд гурван метрийн өндөртэй их хэмжээний шавар хуримтлагдсан байсныг цэвэрлэж, замыг чөлөөлөөд байна. Манай байгууллагын 70-80 хүний бүрэлдэхүүнтэй баг, 13 техник тоног төхөөрөмжтэй ажиллаж буй.

Энэ байршилд ойр орчмын 10 гаруй амнаас ус бууж ирсэн. Уулын ус буудаг жалгыг тэгшлэн өндөрлөж, хашаа хатган суурьшсан айл олон. Эдгээрийн олонх нь газраа худалдаж авсан, барилгын хогоор дүүргэн өндөрлөсөн газар гэдгийг мэдэлгүй буусан иргэд байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:

-Уулнаас бууж ирэх усны урсацыг хааж, газрыг нь тэгшилсэн байна. Тэгэхээр энэ байршилд үерийн усанд дахин өртөх магадлалтай айлуудыг даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна. Орон гэргүй болсон иргэдийг түр байранд очиж, үйлчилгээ авахыг зөвлөж байгаа. Үерийн барилга байгууламжийг хааж шороо, барилгын хог хаягдал асган тэгшилсэн, ингэж өндөрлөж байгаад газрыг нь зарсан, их хэмжээний хог хаягдал үүсгэсэн ноцтой зөрчлүүд бий. Газрын алба, дүүрэг, хороодтой хэлэлцэж энэ асуудлыг цэгцэлнэ. Үүнтэй холбоотой хариуцлагын асуудлыг ч ярих ёстой хэмээлээ.

Үерт өртсөн айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, орон гэргүй болсон иргэдийг түр байранд хүлээн авах, шаардлагатай тусламж үзүүлэх үүрэг, чиглэлийг Хотын дарга холбогдох албаныханд өгөв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)