Ш.Мөнхцэцэг: Түр байранд ирсэн 116 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн

Үерт өртсөн болон түр байранд ирсэн иргэдэд хэрхэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний албаны дарга Ш.Мөнхцэцэгээс тодрууллаа.

-Манай дүүргийн 43 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар ажиллаж байна. НОК-ын Шуурхай штаб болон үерт өртсөн иргэд байрлаж байгаа 127 дугаар сургууль дээр нэг баг ажиллаж байгаа. Тодруулбал, наймдугаар сарын 5-наас хойш гурван ээлжээр гурван баг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар түр байранд ирсэн 116 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн.

Мөн дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүд өндөр настан, хүүхэд, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг гэрээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай хүн бүрд хүрч ажиллаж байна. Өчигдрийн байдлаар 20 гаруй айлаар орж, тусламж үзүүлсэн. Бэртэж гэмтсэн, шархадсан болон оёдол тавиулах шаардлагатай иргэдэд тусламж үзүүлж, нарийн мэргэжлийн үйлчилгээ шаардлагатай иргэдийг эмнэлэг рүү явуулж байгаа. Манай салбар болох Дарь-Эх нэгдсэн эмнэлэгт төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар тусламж, үйлчилгээ үзүүлж буй. Энд мөн төрөлжсөн нарийн мэргэжлийн буюу дотрын болон гэмтлийн, мэс заслын эмч нар ажиллаж байна. Түүнчлэн үерийн дараах хор уршгийг арилгахаар ажиллаж байгаа 1500 гаруй ажилтан, алба хаагч нарт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ халдваргүйтгэлийг хийж байгаа гэлээ.

Мөн шаардлагатай тохиолдолд иргэдийг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү тээвэрлэн, хэвтүүлэн эмчилж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)