Үерийн хор уршгийг арилгахаар 1039 ажилтан, алба хаагч 114 техник хэрэгсэлтэй ажиллаж байна
- 2023-08-09
- Улаанбаатар
- 1
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үерийн гамшгийн дараах сэргээн босголт, цэвэрлэгээний ажил үргэлжилж байна. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа. Тэрбээр:
-НОК-ын Шуурхай штаб үерийн нөхцөл байдал үүссэнээс хойш 72 цагийн хугацаанд хор уршгийг арилгахаар ажиллаж байна. Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 350 орчим айл буюу 1300 иргэн үерт өртсөн. 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төв зам дагуух айлууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд үерийн улмаас үүссэн хор уршгийг арилгах арга хэмжээ авч байна. Зураг дээрх ногооноор тэмдэглэсэн нь айлуудын хашаанд үүссэн лаг шавар, хогийг цэвэрлэсэн байдал. Шард нь холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа юм.
29 дүгээр хороонд нөхцөл байдал хүнд байгаа. Учир нь төв зам дагуух далангийн хэсэг лаг шавартай, техник ороход хүндрэлтэй байгаа ч шийдвэрлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар холбогдох мэргэжлийн 23 байгууллагын 1039 ажилтан, алба хаагч 114 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж буй. Мөн Зэвсэгт хүчин болон онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа.
Үерийн хор уршгийг арилгаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, айлын хашаа хороон дахь лаг шавар, хогийг цэвэрлэсний дараагаар тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд халдваргүйтгэл хийж, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хяналт тавьж байна. Халдваргүйтгэлийг гурван үе шаттай хийж байгаа гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (1)
(66.181.189.125)
Үерийн далан дээр буусан ба усанд автсан гэр хорооллынхонд шинэ гэрүүд битгий өг! Урьдчилж сануулга өгсөн тул одоо өөрсдийнх нь хохь юм.