Буриадын төрийн тэргүүн Цыденов гэж хэн бэ
- 2023-08-10
- Нийтлэл
- 0
Оросууд монголын унаган хойд нутгийг түрэмгийлэн эзэлснээс хойш 400 жил өнгөрчээ. Байгал далай болон хойд монголын нутаг бол алт, мөнгө, байгалийн ашигт малтмалаар баян, ан амьтан элбэг, байгалийн үзэсгэлэнт газартай тул эртнээс оросын худалдаачдын шуналыг хөдөлгөдөг байжээ.
Хамгийн анх Байгаль орчмын монголын нутагт довтолж орсон хүн бол оросын цэргийн отрядын дарга Петр Бекетов гэгч байлаа. Бекетовын отряд 1628 оны намар Ангар мөрнийг өгсөж доод Үд, Балаганы буриад монголын нутагт хүрчээ. Бекетов өвөр байгалийн монгол нутагт очоод шууд л нутгийн монгол ардуудаас албан татвар нэхэж гарчээ.
1643 онд Курбат Иванов гэгч Байгал нуурын Ольхон ольтрогийг байлдан эзлэхээр дайралт хийжээ. Тэр жилvvдэд Енисэйгээс мөнгөний орд, мөнгөний уурхайн тухай мэдээлэл авсан атаман Василий Колесников Ангар мөрөн орчмын нутагт иржээ. 1644 онд Колесников Ангарыг өгсөн аян дайнд мордоод өвөл нь Осголын адагт хvрч өвөлжихөөр шийдээд бүтэн өвлийн турш зэргэлдээ Брацкийн омгуудын эсрэг байлдаж дээрэм тонуул хийж нутгийн буриад монгол ардуудыг тонон дээрэмдэж байв. 1645 онд Колесников дахин замд гарч дээрэм тонуул хийж явсаар Байгал нуур хүрээд Куд болон Ангар мөрний орчмын буриад монгол ардуудыг дээрэмджээ. Ийнхүү оросын козак цэргvvд, худалдаачид, хожим нь түшмэд нар Байгал нутагт олноороо хүч түрэн ирж 1646 онд Дээд Ангар, 1648 онд Баргужин, 1665 онд Сэлэнгэ, 1666 онд Дээд-Yд зэрэг хойд монголын унаган газар нутаг дээр оросын цэрэгжсэн суурин шивээ гацааг дур мэдэн байгуулж , оросын эзлэн түрэмгийлэх бодлого хэрэгжиж эхэлжээ. Халх монголын ноёд Байгаль орчмын монголын газар нутгийг хаант оросын цэргүүд тvрэмгийлэн эзлэхийг зүгээр харж суугаагvй юм.
1688-1689 онд Халх Монголын Тvшээт хан Чахундорж Байгал орчмын нутагт 5000 монгол цэрэг илгээж Сэлэнгэ, Yдийн чиглэлд оросын түрэмгийлэгчдийн эсрэг байлдаж оросуудын дөнгөж барьсан цайзыг эвдэн орос цэргийг уугуул нутгаасаа хөөн гаргаж байв. Гэвч Халх Монголд Ойрдын Галдангийн 30000 цэрэг гэнэт уулгалан халдан довтолсон тул Түшээт ханы монгол цэрэг Байгал орчмын хойд нутгаа орхин яаралтай буцжээ.
Энэ чөлөөг ашиглаж дахиад л оросын козак цэргүүд Байгал нутагт өнгөлзөж эхлэв. 1703 онд оросын Петр хааны зарлигаар Буриад монголыг Оросын бүрэлдэхүүнд оруулжээ.Хаант Орос Буриад монголын нутгийг эзэлж авмагц нутгийн хүн ардад ихээхэн албан татвар ногдуулж эхлэв.Зөвлөлт засгийн үед Буриад Монголын автономит улс хэмээн зарлаад дараа нь удалгүй монгол гэдэг үгийг нь хасаж хамаг нутгийг нь зөвлөлтийнхөн булаан авч буриад монгол нутгийг 5 хэсэг хуваажээ. Ихэнхи буриад монголын нутгийг оросын мужуудад тасдан өгчээ. Зөвлөлт засгийн 70 жилд буриад монгол эх хэл, соёл түүх, буддын шашин, босоо монгол бичиг үсгийг нь зөвлөлтийн коммунистууд бүрмөсөн устгажээ. Ийнхүү хамаг соёл түүх, хүн ардаа зөвлөлтийн коммунистуудад устгуулсан Буриад монгол нутаг мөхлийн ирмэг дээр ирж хориннэгдүгээр зуунтай арайхийж золгосон юм. Ер нь хорьдугаар зуунд ганц буриад монгол бус, халимаг монгол, тува монгол, өвөр монголчууд маань харийн их гүрний дээрэнгүй үзэл геноцидэд өртөж, их зовж хэлмэгдэж хөнөөгдсөн дөө. Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр саяхан ОХУ-ын Буриадын төрийн тэргүүн Алексей Цыденовын тухай дэлгэрэнгүй мэдээлэл гарчээ. ОХУ-ын мэдээллийн хэрэгслэл өмнөх 100 жилийн адил оросын нийгмийг бүхэлд нь худал хуурмагаар бөмбөгдсөн хэвээр хоринэгдүгээр зуунд ороод хорь гаруй жил болжээ.
Эдүгээ ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр Украины дайныг Украин өдөөсөн мэтээр, Орос улс Украин болон өрнөдийн НАТО-гоос хамгаалах эх орны дайн хийж буй мэтээр, өдөр бүр оросын цэргийн украинтай хийсэн дайнд оросууд гялалзсан ялалт байгуулж буй мэтээр 24 цагийн турш улигласаар байна.
Оросын Холбооны улсын ерөнхий прокурор И.Краснов саяхан Хятад улсад айлчлахдаа Монгол улсыг өрнөдийн нөлөөнөөс хамгаалах тухай хятадын талтай хамтран ажиллах тухай санал тавьжээ. Монгол улс бол ардчилсан эрх чөлөөтэй азийн улс. Монголыг Оросын нөлөөнд оруулж оросын худал хуурмаг суртал ухуулгын нэгээхэн хэсэг болгоно гэвэл үүн шиг худал зүйл байхгүй. Монгол эрх чөлөөтэй улс болоод 33 жил болж байна. Монголыг хэн ч буцааж дарангуйллын цаг үед оруулж чадахгүй, хэн ч худал хуурмагийн ертөнцөд буцаан оруулж чадахгүй, хэн ч орос ертөнцөд буцаан оруулж чадахгүй юм.
Харин монголын алдагдсан нэгээхэн хэсэг болох Оросын Буриад улсад эдүгээ байдал хүнд байна. Украины дайнд хамгийн ихээр хохирол үзэж байгаа оросын цөөнх болсон үндэстнүүдээс Буриад улс маш их хохирч байна. Маш олон буриад цэрэг украины дайнд амь үрэгдээд байна. Тэнд жинхэнэ геноцид болж байна. 10000 цэргийн албан хаагчдад амь үрэгдссэн буриад цэргийн коэффициент 28.4 байхад Москвагаас дайнд явж амь үрэгдсэн орос цэргийн коэффициент 0.3 байна. Нэг долоо хоногт 30 - 50 буриад цэрэг украины дайнд амь үрэгдэж байна. Буриадууд оросын хүн амын 0.3 хувийг эзэлдэг бөгөөд орос цэргийн 1.0 хувийг эзэлдэг. Орост украины дайнаас болж буриад монгол үндэстэн мөхөх дээрээ тулаад байна.
Саяхан Буриад улсын Улаан -Үд хотын сургуулийн 10 настай Богдан хэмээх бяцхан хүү өөрийн бүх хадгаламж болох 3600 рублийг Украины дайнд оролцож байгаа орос цэргүүдэд хандивлажээ. Энэ явдлыг Буриадын төрийн тэргүүн Цыденов суртал ухуулгандаа чадмаг ашиглаж тэр хүүхдэд ролик тэшүүр бэлэглэж олны анхаарлыг татав. Удалгүй Цыденов Путины хөрөгтэй хивс худалдан авчээ.Энэхүү “эх оронч” үйл явдлыг оросын бүх мэдээллийн хэрэгслээр сайшаан шуугиж байлаа.
Цыдегов өөрийгөө буриад хэмээн хэлэхээс айдаг
Өнөөдөр Орост “эх оронч” үзэл хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ. Энэ үзэл ямар ашигтайг 47 настай Цыденов эртгнээс сайн мэддэг юм. Тэр бээр өөрийн албан тушаал ахих ажиллагаагаа 1998 оноос алс дорнодын төмөр замын нягтлан бодогчоор ажиллах үеэсээ эхэлжээ. 2017 оноос эхлэн Путин түүнийг Буриалын төрийн тэргүүнээр томилжээ. Мэдээж түүнийг томилоход түүний эх нь орос, эцэг нь буриад байсан нь голллох нөлөө үзүүлжээ.
Хүний эрхийн хуульч Н.Низовкина хэлэхдээ: Цыденов Буриадын төрийн тэргүүн байсан орос үндэстэн Вячеслав Наговицыний оронд томилогдсон нь түүнд их итгэл хүлээлгэснийх юм. Түүний овог нь буриад, түний цусаар буриад цус гүйж байсан нь гол нөлөө үзүүлсэн. Түүнийг томилсон нь маш нарийн бодлоготой томилгоо байв. Нэг талаас буриадын сэхээтнүүд, нөгөө талаас оросын талын ашиг сонирхлыг аль алийг нь тусгасан томилолт байлаа. Буриад овогтой хүнийг буриадын төрийн тэргүүнээр анх удаа томилж байгаа нь буриадын үндэсний хөдөлгөөн, тусгаар тогтнолын хөдөлгөөнийг түр ч гэсэн намжаах арга байлаа. Эхлээд Цыденовт өөрийн албан тушаал дээрээ баттай тогтох нөхцлийг бүрдүүлээд дараа нь Путины талд нээлттэй ажиллах бололцоог нь бүрдүүлжээ.
Оросууд өмнө нь буриад мэтийн 41 жижиг бүгд найрамдах улсуудын төрийн тэргүүнээр зөвхөн орос хүнийг томилдог байсан бол одоо арга нь улам нарийсч эцэг нь тухайн улсын үндэстэн, эх нь орос хүнийг голдуу томилдог болжээ. Цэвэр буриад монгол хүн төрийн тэргүүнээр тавихгүй байх бодлогыг Орос орон урьдын адил баримталсаар байна.
Энэхүү оросын хатуу бодлогын дүнд орчин үеийн олон мянган буриад монгол залуус өөрийгөө буриад монгол гэхээсээ ичдэг болсон ажээ. Монгол гэж хэлэхээс бүр ч их эмээдэг болжээ. Ийм ч учраад одоо буриадууд буриад хэл,буриад соёл, буриад бичиг үсэг,буриад дуу хөгжим,буриад хувцас,буриад ёс заншил хэмээн ярьдаг болжээ.Монгол хэмээх нэрийг бүрмөсөн хаяжээ.
Цыденов өөрийнхөө гарал үүслийг “ Миний эцэг бол буриад, эх бол орос, би өөрөө эрлийз” хэмээн ярьдаг аж. Энэ талаар түүхч Ражана Дугарова ярихдаа: “Би эрлийз” хэмээн өөрийгөө ярьж байгаа нь Цыденов өөрийгөө буриад хэмэх хэлэхээс айж байгаагийн шинж. Нөгөө талаас хэрэв энэ хүн өөрийгөө буриад гэж үзэхгүй байгаа, буриад орчинд өсөөгүй, Буриадын ард түмэнтэй ямар ч холбоогүй бол тэр өөрийгөө буриад биш гэж үзэх нь нэг талаас зөв юм “ хэмээн ярьжээ. Буриадын сэхээтнүүд “Цыденов бол Буриадын ард түмний эрх ашгийг хамаагалагч биш. Энэ хүн бол ердөө л Путины гинжний нохой” хэмээн тодорхойлж байна.
Улс төрийн тавцан дээр гэнэт гарч ирсэн Цыденов гэгч хэн бэ?
Алексей Цыденов 1976 онд Чита мужийн Петровск- Забайкальск хотод төмөр замчны гэр бүлд төржээ. 1998 онд Өвөр Байгалийн Төмар замын дээд сургуулийг төгсчээ. Цыденов сургуульд сурагч,оюутан байхдаа сурлага сайтай, хамт олны дунд нэр хүндтэй , сайхан дуулчихдаг, гитар дээр сайн тоглочихдог, жудо бөхөөр хичээллэдэг идэвхтэй нэгэн байсан гэдэг. Дээд сургуулиа төгсөөд тэр бээр 1998 оноос эхэлж алс дорнодын төмөр замд нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлжээ.2002 онд Хабаровскийн “Дальненефтьтранс” байгууллагын ерөнхий захиралаар ажиллажээ. 2004 онд Хабаровскийн Дальневосточная транспортная группа” байгууллагын ерөнхий захирал болжээ. 2006 оноос биенесийн ажлаа орхиж, ОХУ-ын Тээврийн яамны төмөр зам хариуцсан орлогч захирал болж дэвшлээ. 2009 онд ОХУ-ын Засгийн газрын Ажлын албаны үйлдвэр, дэд бүтэц хариуцсан орлогч захирал, 2011 онд ОХУ-ын төмөр замын тээврийн агенлагийн дарга болжээ. 2012 онос эхлэн ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайд болжээ. 2017 онд Цыденовыг ОХУ-ын Ерөнхийлөгч Путины зарлигаар Буриадын төрийн тэргүүнээр томилжээ. 2017 оны сүүлчээр “Нэгдсэн Орос” намаас нэрийг нь дэвшүүлж Буриадын төрийн тэргүүнээр сонгогджээ. 2022 оны сонгуулиар дахин ялж Буриадын төрийн тэргүүнээр улиран сонгогджээ. Цыденов гэрлэсэн. Эхнэр Ирина эмч, одоо гэрийн ажилтай. 4 хүүхэдтэй. Гэрийн ажилд нь туслагчаар халимаг бүсгүй ажилладаг ажээ.
“Эрх чөлөөт Буриад” сангийн дэд ерөнхийлөгч Виктория Маладаева ярихдаа: “Буриадуудын жинхэнэ “дайсан” бол Цыденовын өмнө нь Буриадын төрийн тэргүүн байсан Наговицын байсан юм. Түүнийг оросын Томск мужаас Буриадад томилж ирүүлжсэнд буриадын ард түмэн ихэд дургүйцдэг байв.
Тэгвэл одоо монгол царайтай, буриад овогтой шинэ “дайсныг” томилон ирүүлжээ. Цыденов бол Буриадтай ямар ч холбоо байхгүй, Буриадад өмнө нь огт ажиллаж байгаагүй, Буриад ч төрөөгүй, буриад монгол хэл ч огт мэдэхгүй оросын талыг баримтлагч “оросжсон” хүн юм. Путин гэнэт Цыденовыг Буриадын төрийн тэргүүнээр томилоход Буриадад түүнийг нэрийг огт мэдэхгүй, түүнийг хэн гэдгийг хэн ч мэдэхгүй байв.
Хэрэв тэр үед Буриадад чөлөөт сонгууль явуулсан бол тэр үед Буриадад хамгийн их нэр хүндтэй, буриудууд бүгд хүндэлдэг байсан Буриадын парламентийн гишүүн Вячеслав Мархаевыг ямар эргэлзээгзйгээр Буриадын төрийн тэргүүнээр сонгох байв. Вячеслав Мархаев бол Буриадад төрсөн, Буриадын Багшийн дээд сургууль төгссөн, 1980-2007 онд Буриадын Дотоодыг хамгаалах байгууллагад ажилласан, 2007 онд хурандаа цолтой халагдсан, дараа нь 2007 оноос Буриадын Ардын Хурлын депутат болсон, 2011 оноос ОХУ-ын ГосДумын депутат болсон, 2015 оноос ГосДумын сенатор болсон мэдлэг, туршлагатай улс төрч байв. В.Мархаев Оросын Украинд хийсэн дайныг шүүмжилдэг,оросын хуулиар өндөр насны тэтгэвэрт гарах насыг уртасгасан хуулмйн төслийг шүүмжилдэг, Оросын ерөнхийлөгчийн сонгогдо хугацааг хязгааргүй болгосныг шүүмжилдэг байв. Яг бодит байдал дээр бол оросын төрд Буриадын төлөө зүтгэх улс төрч хэрэггүй, харин Оросын төлөө морь нохой мэт зүтгэх хүн хэрэгтэй байлаа. Тэр үеийн Буриадын төрийн тэргүүнийг сонгох сонгууль гэдэг нь Кремлээс тавьсан тавилттай “сайн жүжиг” байлаа. Сонгуулийн өмнөхөн Сонгуулийн хороо Мархаевыг бүртгэхээс ямар ч шалтгаангүй, ямар ч хуулийн үндэслэлгүй татгалзжээ. Энэ бол өөрийн тавиул Цыденовыг ямар ч өрсөлдөгчгүй сонгох гэсэн Кремлийн арга заль байлаа Хүний эрхийн хамгаалагч Петр Дондуков “Мархаевыг тэд хүчээр гарын үсэг зуруулж сонгуульд оролцохоос нь татгалзуулсан юм.
Хэрэв Мархаев сонгуульд орсон бол Цыденовыг ялах байлаа. Цыденов бол өөрийгөө харуулж чадаагүй, хэн ч биш байсан юм. Цыденов бол гаднах төрх нь монгол цөрайтай, овог нь буриад байсан тул Зам тээврийн яамнаас нэрийг нь хүчээр дэвшүүлсэн Кремлийн утсан хүүхэлдэй байв. Цыденовыг Буриадад хэн ч мэдэхгүй байсан юм. Цыденов бол Путины гинжний нохой юм” хэмээн Улаан Үд хотод 2019 онд болсон эсэргүүцлийн цуглаан дээр мэдэгдэж байжээ.
Цыденов Буриадын төрийн тэргүүн болмогцоо Кремлийн ямар ч шийдвэрийг үг дуугүй биелүүлэгч болж хувирав. Путин Цыденовын Засгийн газарт Байгал нуурыг хамгаалах бүсийн хязгаарыг хасах даалгавар өгч Буриадын Үндсэн хуулийг өөрчлөхөд хүрэхэд Цыденов “ Байгал нууранд энэ явдал ямар ч нөлөө үзүүлэхгүй. Энэ бол зөв санаа” хэмээн хэлж энэхүү буруу шийдвэрийг дэмжиж байлаа. Буриадын нийт хүн амын 48.0 хувь нь Путины энэ буруу шийдвэрийг эсэргүүцэж байхад Цыденов Путины талд баттай зогсож байлаа. 2018 онд өндөр настны тэтгэврийн өөрчлөлт болж Буриадын Ардын Хурал дээр депутат Е.Цыренова тэтгэврийн насыг уртасгасан буруу шийдвэрийн талаар Буриадын төрийн тэггүүний хувьд та ямар саналтай байна вэ хэмээн Цыденовоос асуухад тэр бээр шууд хариулахаас зайлсхийж “ Миний хувийн санал бол би өөрөө тэтгэвэрт гарах нас болооогүй тул энэ асуудал намайг зовоохгүй байна”хэмээн хэлжээ.
Улс төрч ч биш, удирдагч ч биш, харин утсан хүүхэлдэй
Буриадын төрийн шинэ тэргүүн бол анхнаанаа шууд л Кремлийн тушаалыг үг дуугүй биелүүлэгч байлаа.Цыденов бол Буриадын төрийн тэргүүн болоод хамгийн эхэнд буриадын уналтад орсон эдийн засгийг сайжруулж нийгмийн асуудлыг шийдэх ёстой байлаа. Тэр эхлээд буриадын сэхээтнүүдийн элиттэй хэл амаа ололцож лобби хийхдээ сайн ажиллаж байлаа. Гэвч түүний зэс нь удалгүй цухуйсан юм.
Ражана Дугарова яирхдаа: Цыденов манай буриадын дуурийн театрын хамгийн сайн захирлыг ажлаас нь халж жүжигчдын заримыг нь шууд л халсан. Буриадын театрын гоцлол дуучин, Чайковскийн нэрэмжит уралдааны “Гран При” шагналт, монголын иргэн Г.Ариунбаатар Улаан -Үдийн дуурийн театртаа буцан ирж ажиллах хүсэлтэй байсан юм. Гэтэл Цыденов Улаан- Үд хотын дуурийн театрыг ихэд шүүмжилж гадаадын хүнийг ажиллуулах гэлээ хэмээн монголын алдарт дуучныг ихэд гадуурхсан юм. Энэ шүүмжлэлийн дараа алдартай дуурийн дуучин Г.Ариунбаатар Улаан- Үдийг орхиж Марийнскийн театрын гоцлол дуучин болсон юм. Энэ бол урлагийн талаар анхны мэдлэггүй хүн ганц гайтай гарын үсгээр гайхамшигт урлагийн хөгжлийг бүрмөсөн баллаж хаясан хамгийн муу жишээ болсон юм. 2019 оны зун Улаан - Үд хотын иргэд төв талбай дээр цугларч хотын даргыг сонгох сонгууль явуулах, бөө Габышевын талынхныг шоронгоос суллах шаардлага тавьсан юм.
Петр Дондуков ярихдаа: “Бид Улаан Үд хотын төв талбай дээр бараг нэг сарын турш эсэргүүцлийн цуглаан хийсэн юм. Гэтэл биднийг талбай дээрээс хөөсөн. Цуглаан эхлэх үед Цыденов Буриадаас нисээд явчихсан. Ийм байдал хоёр удаа болсон. Бид Цыденовт хандаж “Та цуглаан хийж байгаа олон нийтэд хандаж үг хэлээч, асуудлыг шийдэж өгөөч” гэсэн юм. Тэр энэ бүхнийг огт тоосонгүй. Тэр бодит байдлыг огт зөв үнэлээгүй юм. Цуглаан хийсэн хүмүүст ямар хариу өгөхөө ч тэр мэдэхгүй байлаа. Хууль ёсны цуглааныг Оросын Дотоодыг хамгаалахынхан болон Оросын гвардийнхан хүчээр хөөн тараасан юм. Цыденов хүчний байгууллагын энэхүү хууль бус ажиллагааг “мэргэжлийн өндөр түвшинд ажилллаа” хэмээн “үнэлжээ”. 2019 оны 9-р сарын 15-ны өдөр паркад Буриадын түүхэнд хамгийн том цуглаан болов.
Энэ цуглаанд 2000 гаруй хүн оролцжээ. Цуглаанд оролцогчид Цыденовыг дуудаж үг хэлэхийг хүсчээ. Гэтэл Цыденов 40 гаруй хүнээр хамгаалуулж 3 ,4 тойрог хамгаалалттай ирж цуглаанд оролцогчдын нэг ч асуултад хариулж чадсангүй. Цыденов бол удирдагч биш, улс төр ч биш, харин утсан хүүхэлдэй. Түүнд удирдагч хүний ямар ч чадвар, шинж чанар байхгүй” гэв.
Цуглааныг хөөж тараасны дараа буриадын нэрт найруулагч Баяр Дашиев Цыденовт нээлттэй захидал бичиж түүнийг буриадын ард түмнийг геноцидэд түлхсэн хэмээн буруутгажээ. Тэр бичихдээ: “Буриадын ард түмэн бол төрөлх газар нутгийнхаа баялгийг хүртэх эрхгүй, буриадын төрийн тэргүүнийг сонгох эрхгүй, шударга ёсны төлөө үгээ хэлэх эрхгүй, Улаан Үд хотын төв талбайд цуглаан жагсаал хийх эрхгүй байна” хэмээн шүүмжилжээ. Тэр бээр Цыденовыг “Буриадаас зугтсан, хамаг хариуцлагыг хүчний байгууллага руу чихээд сөргөлдөгч хоёр талыг хувь заяанд нь даатгаад хаясан” хэмээн шүүмжилжээ. Цыденов энэ захидалд хариу бичихдээ Буриадад төрийн тэргүүнээр ажиллах хугацаанд өөрийн хүрсэн амжилтыг өгүүлж “чи бол тэнэг” гэсэн хариу өгчээ.
Цыденов 2020 онд Буриадын Улаан Үд хотод зориулж 42 шинэ автобус худалдан авчээ. Нэг автобус 4.0 сая рубль. Гэвч эдгээр автобус Улаан Үд хотын шугаманд дөнгөж гараад эвдэрчээ. Цыденов бол Буриадыг өөрийнхөө албан тушаал дэвших трамплин хэмээн хардаг аж. Тэр хэзээ ч Буриадын эдийн засгийг хөгжүүлэх талаар юү ч хийгээгүй аж.
Петр Дондуков ярихдаа: Би 2014 - 2015 онуудад эдийн засийн сайд Думновойд Улаан- Үд хотод “IT” парк байгуулах санал тавьсан. Гэвч Цыденовт энэ санал таалагдаагүй. Тэр бусдаас мөнгө гуйхыг гол ажлаа болгосон. Тэр Москва хот явж олон тэрбум рубль авчирдаг. Гэвч энэ мөнгө бол төсвийн мөнгө. Хэрэв Цыденов Хятад улс болон европын улс руу явж хөрөнгө оруулалт татсан бол Буриад хөгжих байсан. Гэвч тэр Москвагаас мөнгө гуйсан хэвээр энэ хэдэн жилийг өнгөрөөсөн. 2020 онд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж Путин ерөнхийлөгчийн төр барих хугацааг хязгааарлахаа больж ноль болгох үед Цыденов буриадын ард түмнийг “Хэрэв Үндсэн хуулийг ингэж өөрчлөхгүй бол олигархууд 90- ээд он шиг бүх эрх мэдэл, өмчийг булаан авах болно” хэмээн айлгаж байлаа” гэв. Цыденов Путины хязгааргүй дарангуйллын засаг тогтооход ийнхүү морь, нохой мэт зүтгэж байжээ. Одоо горыг нь оросын ард түмэн болон оросын 41 жижиг бүгд найрамдах улс амсаж байна. Буриад улс бол Орос улсын хамгийн ядуу бүс хэвээрээ шинэ зуунд орсон юм. Одоо ч ядуу хэвээрээ байгаа. Албан ёсны мэдээгээр Буриад улс 2021 оны байдлаар хүн амын орлогоороо Орос улсад хамгийн ядуу буюу 69-р байранд жагсаж байна. Буриадын хүн амын 20.0 хувь нь нэн ядуу бүлэгт хамаарч байна. ОХУ-ын “Рейтинг” мэдээлийн судалгаагаар хамгийн муу захирагчаар Цыденов тодорчээ.
Дайныг дэмжигч Цыденов
Украины дайн эхэлмэгц Буриад улсын иргэдийн үхэх нөхцөл Москвагийн иргэдээс 100 дахин их болсон. Цыденов 2022 оны 2-р сарын 22- ны өдөр Путины Донецк, Луганскийн республикийг ОХУ-ын муж хэмээн зарласан шийдвэрийг хамгийн түрүүнд дэмжсэн. Цыденов хэлэхдээ “ОХУ ийм алхам хийсэн нь АНУ Оросын эсрэг эдийн засгийн дайн хийснээс болсон. АНУ-д дайн хийх шаардлага гарсан. АНУ Оросын хөгжлийг зогсоох, эдийн засгийн асуудлыг манай оронд тулгах, бүх дэлхийтэй зөрчилдөх шаардлагатай болсон” хэмээн мэдэгджээ. Буриад улс хамгийн түрүүнд Путины эхлүүлсэн утгагүй дайнд амьд хүч илгээх болсон.
Сэтгүүлчид “Буриадууд энэ дайнд 10 000 залуу цэрэгт ногдох үхлийн тоогоор 28.4 болж үхсэн буриад цэргийн тоогоор тэргүүлэх болсон” хэмээн мэдэгджээ. Буриадын залуус дайнд үрэгдэх боломж Москва орчмын залуусаас 100 дахин өндөр байна гэсэн дүгнэлт гарчээ.
Цыденов Буриадад болсон дайны эсэргүүцлийн хөдөлгөөнийг бүх хүчээрээ дардаг байсан, одоо ч дарсан хэвэээрээ. Тэр дайныг эсэргүүцсэн хүмүүстэй уулзахыг огт хүсдэггүй. 2022 оны 9 дүгээр сард Буриадад оросын цэрэг татлагаас зугатааж олон арван мянган залуус хөрш зэргэлдээ Монгол улс руу зугатаажээ. Монголчууд дайнаас зугатаж ирсэн хөрш улсын иргэдэд байр, хүнсний туслалцаа үзүүлж байв.
Виктория Маладаева ярихдаа: “Цыденов олон мянган хүн оролцсон цуглаан дээр очихоосоо айдаг. Буриадын Дуурь бүжгийн театр дээр өнгөрсөн онд болсон цуглаан дээр нэгэн улс төрч “Бидний ах дүү буриадууд энэ дайнд үхэж үрэгдэж байгаа нь ямар их шударга бус явдал вэ. Буриад залуусыг ядахдаа Ерөнхийлөгчийн хүндэт харуулын хороонд ч авдаггүй. Учир нь хүндэт харуулын цэрэгт гадаад төрөх нь славян залуусыг авна гэдэг. Энэ бол шударга ёс явдал” хэмээн ярьсан. Тэр үед Цыденов энэ үгнээс ихэд айж “Түүний микрофоныг салга, микрофоныг нь унтраа” хэмээн тушааж байсан. Цыденов бол шүүмжлэлээс айдаг, хүмүүсийн санал бодлыг сонсдоггүй. Буриадад Путин айлчилж ирсний дараа хүмүүс Ерөнхийлөгч Путин яагаад дайнд үрэгдсэн баатаруудын шарил дээр хүндэтгэл үзүүлсэнгүй вэ гэсэн асуултыг Цыденовт тавьсан. Тэр маш их тэвдэж, маш хурдан өөрийн сошл хуудсыг хаасан.
Буриад үндэстэн цэргийн татлагаас болж устаж байна
2022 оны 9-р сарын 22- ны өдөр Цыденов Буриадын ард түмэнд хандаж дараах сүржин мэдэгдэл хийв. Тэр хэлэхдээ : Бидэнд АНУ жинхэнэ дайн зарлалаа. АНУ болон НАТО Украинд Оросыг үзэн яддаг жинхэнэ дайсныг өсгөж өндийлгөлөө. Бидэнд ганц л зам байна. Эсхүл тэд, эсхүл бид. Бидэнд сонгох өөр зам байхгүй. Бидэнд зөвхөн ялалт хэрэгтэй...”гэжээ.
Н.Низовкина үзэхдээ: Өмнөх жилүүдэд Цыденов яг энэ цаг үеийг хүлээсэн мэт дуугүй чимээгүйхэн албан тушаалдаа сууж байсан. Яг чухал цаг үе болоход тэр дайны эсрэг нэг ч үг дуугараагүй, буриадын ард түмнийг цэрэг татлага нэрийн дор дайнд хөөж хөнөөж байхад тэр юу ч дуугараагүй. Тэр буриадын ард түмнээс урвасан юм. Цыденов саяхан дайны фронтод ухуулгын бригадаар жүжигчид явуулжээ.
Цыденов мэдэгдэхдээ “Батлан хамгаалахын сайд Шойгу бидэнд тусгай нисэх онгоц гаргаж өгсөн. Бид анх удаа Орост ийм санаачилгатай ажилласан” хэмээн хөөрцөглөж байв.
Чөлөөт сэтгүүлч Анна Зуева ярихдаа: “Мэдээж Цыденов бол утсан хүүхэлдэй. Тэр оросын худал суртал нэвтрүүлэгт итгэж украины дайныг хэзээ ч эсэргүүцээгүй. Тэр өөрийн албан тушаалдаа үлдэхийн тулд Путины ямар ч даалгаврыг биелүүлэх болно. Тэр хамгийн ихээр цэрэгт татагдаж байгаа Буриадын залуусыг хамгаалахгүй, харин дайны эцэс төгсгөлгүй хар пиарыг дэмжиж дайныг сурталчилсаар байх болно. Цыденов бол дайнд үрэгдэж байгаа эрчүүд, хүүхэд хөгшид, эмэгтэйчүүдийг үл тоосон бүдүүлэг харгис этгээд юм.” гэв.
Буриадын ард түмний алуурчин
Ражана Дугарова мэдэгдэхдээ: Цыденов бол дайныг дэмжигч, Буриад улс дайнд хамгийн их хохирогч болоод байхад тэр дайнд явуулах буриад залуусын тоог багасгах талаар юү ч хийгээгүй, харин оросын цэрэгт явуулах буриад залуусыг тоог нэмэгдүүлж амь үрэгдсэн буриад залуусын тоог ихэсгэхэд “гавьяа” байгуулсан юм. Оросын Буриадад намрын цэрэг татлага болоход Цыденов цэрэг татлагын төлөвлөгөөг давуулан биелүүллээ хэмээн сайрхаж байсан юм. Буриадын ард түмэн энэхүү намарын цэрэг татлагын үед ямар хүчирхийллийн харгис арга хэрэглэснийг сайн мэднэ. Цэргийн зарлан дуудах хуудсыг тахир дутуу иргэн, олон хүүхэдтэй эцэг, хүнд өвчтэй иргэн, бүр нас барсан иргэний нэр дээр хүртэл ирүүлсэн байсан. Цыденов эцэстээ хууль зөрчсөнийг хүлээн зөвшөөрсөн.
Виктория Маладаева: “Цыденов Буриадын иргэдийг ямар их хүч хэрэглэж дайчилж ямар ч өршөөлгүй цэрэгт татсаныг Буриадын ард түмэн хэзээ ч мартахгүй. Цыденов бол Буриадын түүхэнд хамгийн харгис жинхэнэ алуурчин гэгдэж үлдэх болно” хэмээн мэдэгдэв. Цыденов буриад залуусыг дайны талбар руу хөөж явуулсаар 2 жил болоход Буриадын эдийн засаг туйлдаа хүртэл сүйрчээ. 2023 оны байдлаар амьдралын чанараар Буриад улс оросын хэмжээнд бараг хамгийн сүүлийн байр буюу 81 дүгээр байр эзлэв.
2023 оны эхээр Цыденов “Гал дундах эх орон” хэмээх шүлэг бичжээ. Тэр шүлэгтээ “Орос эх орныг минь яагаад хазаад байгаа юм бэ, Яагаад дайны галыг өрдөөд байгаа юм бэ? Тэдний эцсийн зорилго нь шунал. Тэд дэлхийг ноёрхохыг хүсч байна. Дайн хэзээ ч дуусахгүй. Бид бусдын бөмбөр дор бүжиглэхгүй. Агуу Орос орон ялах болно” гэх мэтээр бичжээ.
Цыденов гэмгүй амьдарч байсан нэгэн гэр бүлийн эцгийг дайнд хөөж явуулчихаад эцэст нь амь үрэгдсэн эцгийнх нь хүүхдүүдийн оронд өөрөө эцэг нь болохоо мэдэгджээ. Цыденов энэ оны 3-р сард “Эцгийн ах” хэмээх төсөл зарлажээ. Тэр бээр Буриадын иргэдэд дайнд амь үрэгдсэн иргэний гэр бүлийг хамгаалахыг уриалжээ. Цыденов дайнд 26 настайдаа амь үрэгдсэн десантын цэрэг Чингис Шириповын өнчирч хоцорсон нэг настай охин Арьян, бэлэвсэн залуу эхнэр Санжидмаа нарыг гар дээрээ өргөж авлаа. Надад нэгэн шинэ гэр бүл нэмэгдлээ” хэмээн мэдэгджээ.
Анна Зуева энэ талаар ярихдаа: Би маш их ичлээ. Энэ бол маш том тэнэглэл. Жирийн нэгэн сайхан залуу гэр бүл мөрөөрөө энгийн амьдарч байлаа. Гэтэл гэнэт өрхийн тэргүүн залууг харийн нутагт дайнд хүчээр явуулж ямар зорилготой нь мэдэгдэхгүй дайнд оруулж амь насыг нь хөнөөлөө. Эрх баригчид энэ эмгэнэлт явдлыг “Агуу Оросын төлөө, Орос ертөнцийн төлөө амиа өгсөн” хэмээн сурталдаж байв. Гэтэл одоо өрхийн тэргүүн алга болжээ. Амь үрэгджээ. Гэтэл түүнийг үхэл рүү илгээсэн Цыденов өнчин хоцорсон түүний хүүхдийн эцэг нь боллоо хэмээн хээв нэг мэдэгдэж байх юм. Цыденов өнчин хоцорсон бэлэвсэн эхнэр, охин хоёрынх нь нүд рүү нь яаж эгцэлж харж чадаж байна аа.
Цыденов одоо болтол Украины фашист байдаг гэдэгт итгэдэг гэж үү, Орос улс энэ дайнд ялна гэдэгт итгэдэг гэж үү, “Бүхнийг фронтод, Бүхнийг ялалтад” гэсэн уриа хашгираад хэнийг ч өрөвдөхгүй гэж үү. Хэрэв Орос эх орон шаардвал хэдэн зуун мянга, хэдэн сая хүн үхэх гэж үү. Үрэгдсэн дайчдын гэр бүл эхнэр хүүхдэд бага зэрэг туслах юм уу. Тэгээд тэднийг өмнөх түүх шигээ мартах юм уу. Өмнөх дайнд ч ийм байсан, одоо ч ийм байна. “гэв.
Орост амьдардаг монгол туургатан залуус ямар ч утгагүй дайнд үхэж үрэгдэж байгааг жирийн монгол сэхээтэн би вээр хараад сэтгэл ихэд эмзэглэдэг юм. Оросууд Украины эсрэг дайн өдөөгөөд нэг сар орчим болсны дараа Буриадын цэргүүд өдөр бүр л дайнд үхэж үрэгдэж байлаа. Улаан -Үд хотод болсон буриад цэргийн оршуулах ёслол болж байсныг би телевизээр үзэж байсан юм. Гэтэл тэр оршуулган дээр Буриадын төрийн орлогч дарга ямар үг хэлж байсныг би сайн санаж байна. Тэр хэлэхдээ “Манай Буриадын эрэлхэг хөвгүүн Орос орноо агуу болгохын төлөө амь насаа зориуллаа” хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл амь үрэгдсэн хөвгүүний эх нь “Би манай ерөнхийлөгч Путинд итгэдэг. Ерөнхийлөгч хэрэгтэй гэж хэлсэн бол хэрэгтэй л байж таарна” хэмээн хэлж байсан. Энэ үгийг сонсоод би маш их харамсаж байж билээ. Энэхүү утга учиргүй дайнд амь үрэгдсэн дөнгөж хорин настай буриад залуугийн амь нас ийм хямдхан гэж үү.
Их гүрний дээрэнгүй үзлийн золиос болсон буриад монгол залуугийн амь нас ийм утга учиргүй төгсөх гэж үү. Ганц хүүгээ алдсан эх хүний харуусал ийм өчүүхэн гэж үү хэмээн бодож билээ.
Орос орны түүхийг үзэж байхад хорьдугаар зууны эхээр большевикууд улаан хувьсгал хийж эх орондоо иргэний дайн өдөөж цагаантнуудыг л ялчихвал, хөрөнгөтөн, нударган баячуудыг устгачихвал энх тайван тогтож сайхан амьдрах болно хэмээн ард түмэндээ амалдаг байсан. Ленин оросын хаант засгийг устгахын төлөө зэвсэгт бослого гаргаж “Засгийн эрхийг ард түмэнд, газрыг тариачдад, үйлдвэрийг ажилчдад “хэмээх хуурамч уриа гаргаж ард түмнийг алмайртал нь мэхэлж байсан. Гэвч юу ч болоогүй, юу ч өөрчлөгдөөгүй. Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлт гүрэн 28.0 сая хүнээ алдаж их хохирол үзсэн байдаг.Германий фашизмыг ялсан зөвлөлтийн ард түмэн одоо л нэг сайхан амьдрал эхэлнэ, амар амгалан болно хэмээн их найдаж байсан. Гэтэл Сталины аллага, шорон, дарангуйлал, ядуурал хэвээр үргэлжилсээр байсан. Афганы дайн, Чечений дайн гэх мэт дайн тасралтгүй болж байсан. Одоо ч гэсэн оросууд дайн өдөөж дайны балгаар олон мянган гэм зэмгүй хүн үхэж үрэгдсээр байна. Сүүлийн хэдэн зуун жилд дарангуйллын Орос оронд юү ч өөрчлөгдсөнгүй. Эдүгээ Орос орон ганц хүний дарангуйлалын дэглэм хүчтэй тогтож , хүний эрхийн асуудал тэг болтлооо унаж, ард түмэн нь дайныг эсэргүүцвэл шоронд ордог болжээ. Орос орон эдүгээ Брежнев, Горбачёвын үеэс ч улам дордож эрх чөлөө, ардчиллын тухай ярих бүү хэл, үзэл бодол, үгээ ч хэлэх эрхгүй болжээ. ОХУ-ын Үндсэн хууль хоосон цааас болон хувирчээ. Агуу Орос орон эдүгээ адгийн алан хядагч террорист улс болжээ.
Хориннэгдүгээр зуун бол манай цэнхэр гаригийн оюун санааны зуун, энэрэл хайрын зуун, технологийн өндөр хөгжлийн зуун юм. Энэ зуунд манай дэлхий дээр нэг ч дайн байж хэрхэвч болохгүй. Энэ зууунд зөвхөн амар амгалан, элэг бүтэн элбэг хангалуун амьдрал байх ёстой юм. Энэ бол зөвхөн миний бодол бус, манай гаригийн найман тэрбум хүний бодол юм.
Орчин үеийн Орос орон энэхүү учир утгагүй дайныг 500 гаруй хоног хийж байна. Дэлхий нийт болон НҮБ энэ утгагүй дайнаа зогсоохыг Орос улсад удаа дараа шаардсан боловч тусыг эс олов. Энэ дайнд ямар их зардал, ямар их гарз амсаж байгааг оросууд өөрсдөө мэдэж л байгаа. Орос орон өөрсдийнхөө өдөөсөн энэ дайнд шархалж байна, ёолж байна, аргаа барж байна. Энэ дайныг зогсоох тун амархан. Оросын ерөнхийлөгч украиныг түрэмгийлсэн газар нутгаас цэргээ гаргаж дайныг зогсоох зарлиг гаргахад л болно. Ямар ч гэмгүй украины ард түмэн энэ дайнд маш их хохирч байна. Хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд амь үрэгдэж байна. Украины барилга, цахилгаан, ус, дэд бүтэц оросын пуужингийн цохилтод сүйрч байна. Их гүрний дээрэнгүй үзэлд автсан харгис дарангуйллын Орос орон ямар ч гэмгүй хүмүүсийн үхэл зовлонд цадах болоогүй юу.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл (0)