Б.Чойжилсүрэн: Энэ өвөл уг туршилтыг хийснээр агаарын бохирдол хоёр дахин буурна

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойлжилсүрэнтэй агаарын бохирдлын эсрэг утаагүй түлшний асуудлаар ярилцлаа.


-Энэ жилийн өвөл утааг 50 хувь бууруулахын тулд коксжсон нүүрсийг боловсруулаад түлж үзье гэдэг саналыг та НИТХ-ын хуралдааны үеэр гаргалаа. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Хэрэв, нийслэлээс 177.5 тэрбумын бонд гаргасан тохиолдолд 115 мянган тонн хагас коксжих нүүрсийг ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд тендер зарлаж, үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар 15-наас 2024 оны нэгдүгээр сарын 31 хүртэл түлж, туршиж үзье гэсэн санал оруулсан. Энэхүү туршилтыг нийслэлчүүд та бүхэн дэмжиж өгөөч гэдгийг Эрчим хүчний сайдын хувьд ч тэр Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргын хувьд ч гуйж байгаа юм.

-Сайд аа, энэхүү туршилтыг хийснээрээ утаа бүрэн алга болох уу?

-Энэ асуултыг надаас асуух олон хүн байна. Би нэг л зүйлийг хэлж байгаа. Утааг бүрэн алга болгоно гэж гоё, сайхан үг хэлж худлаа ярихгүй. Харин утааг нүдэнд харагдах хэмжээнд багасгаж чадна гэдгийг би баттай хэлмээр байна. Тэгэхийн тулд 177 тэрбум төгрөгөөр энэ 12 дугаар сарын 15-наас ирэх оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал буюу ирэх өвлийн эхэн сард түлээд үзье ээ. 45 хоногийн турш энэхүү бүтээгдэхүүнээр галлагаа хийснээрээ утаа 50 хувь буурах тооцоолол бий.

-Яг 50 хувь буурах уу. Та бүхэн нийтээр нь биш нэг, хоёр зууханд галлаж, туршилт хийж үзсэн үү?

-Туршилтаар мидлингээр шахмал түлш хийхэд 157 мг/м3 байсан бол 43 мг/м3 болсон. Дэгдэмхий 19.5-аас 11.8 хувьтай гарсан. Хүхрийн хэмжээ 0.97 хувь байсан бол 0.41 хувьтай гарсан үр дүнтэй байна. Ойролцоогоор 45 орчим хувь буурсан. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлын хэмжээ одоо байгаагаас хоёр дахин буурах тооцоо байна. Туршилтаас айхгүй байгаа. Хоёрдугаарт, 2023 ондоо багтаагаад 600 мянган тн хагас коксжих нүүрсний үйлдвэр барья гэж байгаа. Одоо байгаа мидлингээ үйлдвэрлээд дорвитой үр дүн гарахгүй нь. Эс бөгөөс утаан дээрээ дорвитой өөрчлөлт гаргаж чадахгүй. 177 тэрбум харамсахаар мөнгө мөн үү гэвэл мөн. Улаанбаатарчууд хүсвэл галлагааг туршиж үзүүлнэ. Айлуудад туршиж үзсэн. Нүүрсийг боловсруулж байгаа болохоос биш бүрэн утаагүй болно гэж ойлгож болохгүй. Одоо байгаа утааны бохирдлыг хоёр дахин бууруулах юм.

-Туршилтад яагаад энэ хэмжээний хөрөнгө гарч байгаа юм бэ?

-Энэхүү 177 тэрбум төгрөгийн 30 орчим тэрбум төгрөг нь асаагч байна. Бусад санхүүжилтээр нь хагас коксжсон нүүрс авна. Одоо байгаа түүхий нүүрсээ хагас коксжсон бүтээгдэхүүнээр солиод үйлдвэрлэнэ гэсэн үг.

-Энэ бүтээгдэхүүнийг гаргаж ирэхийн тулд яагаад заавал БНХАУ-аас импортоор авах гэж байгаа юм бэ. Өөрсдөө бид үйлдвэрлэх боломжгүй юм уу?

-Энэ жилийн хувьд бидэнд хагас коксжсон бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байхгүй. Тиймээс БНХАУ-ын зах зээлээс энэхүү бүтээгдэхүүнийг импортолж оруулж ирье гэж байгаа юм. Тэгснээр нэг тонн шахмал түлшний үнэ 1.5 сая орчим төгрөг болж байгаа. Ингээд иргэдэд 150-200 мянган төгрөгийн хооронд борлуулна. Үүнээс бид алдагдал хүлээнэ. Гэхдээ бодит амьдрал ийм л байна. Энэ шийдлийг би хамгийн төгс төгөлдөр гарц гэж харахгүй байгаа. Гэхдээ зүгээр суухаар утааны эсрэг нэг туршилт хийж үзье л гэж байгаа юм. Ямартай ч энэ өвөл үүнийг Улаанбаатар хотод түлж туршиж үзнэ. Туршилт гэдэг үгнээс бид айхгүй байгаа. Угаасаа өөр арга байхгүй байна.

-НИТХ-ын зарим төлөөлөгчид нийслэл хот ийм зүйлд зориулсан бонд босгомооргүй байна. Хойч үедээ өр өвлүүлмээргүй байна, ийм эрсдэлтэй өр тавина гэж байхгүй гэдэг зүйлийг хэлж байсан. Өр тавьж туршилт хийх нь үнэхээр зөв юм уу?

-Амьдрал угаасаа хүндрэлтэй байна. Одоо байгаа түлшийг манайхаас өөр олон улсад туршаад амжилтгүй гэдэг нь тогтоогдсон. Тиймээс бид өөр шийдэл хайх хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр хүссэн хүсээгүй бид хагас коксжих нүүрсээр үүнийг солихоос өөр аргагүй. Мэдээж таны асууж байгаа санхүүгийн хүндрэл, эрсдэлийг би ойлгож байгаа. Гэхдээ бид зоригтой шийдвэр, оролдлого хийж чадахгүй юм бол утаатайгаа л өвөлжинө. Харин эрсдэлтэй, хүнд хэцүү байсан ч гэсэн утаанаас салах оролдлого хийж үзэх нь бидний хувьд гарц шийдэл рүү дөхөж байгаа хэлбэр гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг бид туршиж үзэхгүй л бол утааны асуудалд ямар ч ахиц гаргаж чадахгүй. 177 тэрбум төгрөгийн өр тавиад үүнийг 45 хоног шатаагаад дуусгаж байгаа нь харамсалтай. Гэхдээ бид үүнийг хийхгүй л бол утаатайгаа байж л байна гэсэн үг. Үүнээс илүү шийдэл байгаа бол Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороонд ирүүлээрэй. Бид иргэд олон нийттэйгээ хамтраад бодит шийдлийг хөгжүүлэхэд бэлэн байгаа шүү. Нэг зүйл хэлэхэд туршилт амжилттай болсон ч нийслэлийн утааг зуун хувь шийдчихлээ гэсэн үг огт биш шүү. Одоо байгаа утааны хэмжээ, аюулт чанарыг хоёр дахин бууруулах асуудлыг л ярьж байгаа юм. Юмыг наанатай цаанатай ойлгож байх хэрэгтэй.

-Бид өөрсдөө нүүрс экспортолдог орон. Гэтэл нүүрсээ бусад орноос буцаагаад импортоор авна гэхээр иргэдийн бухимдал төрөөд байна л даа. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?

-Ирэх 10 дугаар сарын 1-нд УИХ-ын намрын чуулган эхэлнэ. Намрын чуулганаар бид орчны бохирдлыг бууруулах чиглэлд зарим нэг хуулийн өөрчлөлтүүдийг хийж өгнө. Ямар өөрчлөлт вэ гэхээр Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Одоо явж байгаа Төсвийн тухай хуулиар монголчууд ирэх гурван жилийнхээ ажил амьдралыг төлөвлөөд л явж байгаа. Тэгэхээр үүнийг бид өөрчлөх ёстой. Нөгөөтэйгүүр уг хуулийн өөрчлөлтөөр Тендерийн тухай хуулийг мөн өөрчилнө. Ингээд ямар нэгэн ажил хийхэд эрх зүйн хувьд ямар ч зөрчилгүй болно гэсэн үг. Ирэх 2025 оны зургадугаар сар гэхэд хагас коксжих нүүрс боловсруулах үйлдвэрийг бид ашиглалтад оруулах ёстой. Одоо бидэнд ийм үйлдвэр байхгүй учраас бид хагас коксжих нүүрсийг БНХАУ-аас түр авъя гэж байгаа юм. Түүнээс биш түүхий нүүрс гаргадаг орон байж бусад орноос түүхий нүүрс дахин импортолно гэж ойлгож болохгүй. Бид бүтээгдэхүүн импортоор авах гэж байна. Түүнээс биш түүхий эд импортоор авах тухай асуудал огт биш ээ. Үүнийгээ бид сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

-Агаарын бохирдлын эсрэг авч байгаа энэхүү шийдлийг сонгуулийн өмнөх ард түмэнд таалагдах гэсэн түр зуурын шийдвэр гэж шүүмжлэх хүн олон байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Орчны бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах нь тодорхой. Гэхдээ бүрэн алга болгоно гэж би болон Засгийн газрын хувьд үзэхгүй байгаа. Бүрэн алга болгочихно шүү гэж хэлэхгүй байгаа шүү дээ. Энэхүү санал ажил хэрэг боллоо гэхэд ямар нэгэн шахаа, элдэв долоон хулгай луйвар гэсэн зүйл байхгүй. Тендерийг нийслэл өөрөө зарлаж явуулна. Зарим хүмүүс нүүрс биш хийн түлшээр асуудлыг шийдвэрлэхгүй юм уу гэдэг. Гэтэл хий нь өөрөө нүүрснээс хоёр дахин илүү өртөг өндөр байгаа юм. Хоёрдугаарт Монгол Улс хий үйлдвэрлэдэггүй. Үүнийг бид импортоор авдаг. Тиймээс манайх руу хий импортолж байгаа улс орон хийгээ зогсоолоо, ямар нэгэн асуудал гаргалаа гэхэд бид яах вэ. Айлуудаа хөлдөөх үү. Ийм эрсдэлтэй зүйлийг огт хийж болохгүй. Тэгэхээр бид аль болох шийдэлтэй өвлийг угтъя гэж байгаа юм. Түүнээс биш утаагаар улс төржих гээгүй. Энэ бол таны, миний эрүүл мэндэд асар их хор хөнөөл авчирч олон жил явсан асуудал учир одоо багасгах боломж юу байна, бүгдийг нь туршиж үзье. Зүгээр өвөл болохоор утааг яриад суух биш түүнээс нь өмнө ямар нэгэн байдлаар утааг алга болгох ажлыг туршиж үзэх шаардлагатай л гэж үзсэн. Өөр юу ч байхгүй.

-ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн хийн хоолойн төсөл манай нутаг дэвсгэрээр дамжиж байгаа. Тэр утгаараа уг хийнээс бид дотооддоо хэрэгцээгээ хангах боломжгүй юу?

-Юутай ч ОХУ-аас урагшаа чиглэсэн хийн хоолойн төслийн ажил явагдаж байгаа. Миний хувьд Монголоос хариуцсан ажлын хэсгийн орлогч даргаар явж байна. Тэр утгаараа уг төсөлтэй холбоотой асуудлаар тодорхой хэмжээний мэдээ, мэдээлэл байнга авдаг. Одоо уг төсөл Ямалын ордоос Бээжин хот хүртэл явах юм байна лээ. Жилдээ 50 тэрбум шоо метр губ газ нийлүүлэх ийм төсөл. Гол худалдан авагч нь БНХАУ шүү дээ. Хэрэв хамгийн өөдрөгөөр бодвол энэ ондоо багтаад оросууд Хятадтай худалдааны нөхцөл, үнэ бусад асуудлаа тохирсон тохиолдолд 2024 онд уг ажил эхэлнэ. Ямалын ордоос манай улсын хил хүртэл 4800 орчим км байгаа. Манай Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайрах нь 1000 орчим км. Дахиад урагшаагаа 1000 гаруй км явах ийм том төсөл. Тэр утгаараа уг төслийн ажил хамгийн өөдрөгөөр төсөөллөө гэхэд 2030 онд ашиглалтад орно гэсэн үг. Тэгвэл бид 2030 оныг хүлээх болж байна уу. Тэр хүртэл юу ч хийхгүй сууснаас байгаа нөхцөл боломжиндоо тааруулаад иймэрхүү туршилтаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлд жижиг туршилт хийгээд үзсэн нь дээр шүү дээ. Өнөөдрийг хүртэл иймэрхүү туршилт хийхгүй явснаас болж хэдэн мянган хүн эрүүл мэнд, амь насаараа хохирчихов оо. Ийм туршилт хийх нь ч надад хүнд байна. Туршилт учраас үр дүн нь яаж ч гарч мэднэ. Гэхдээ нийслэлчүүд энэхүү туршилтыг хамтдаа хийж үзсэнийхээ дараа дахин нэг шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл энэ туршилтаа бүрэн ашиглаж эхлэх үү үгүй юу гэдгээ шийднэ гэсэн үг.

-Улаанбаатар хотын утааг бууруулахын тулд янданг нь цөөрүүлэх ёстой юм биш үү?

-Мэдээж яндан буурснаар утаа буурна. Энэ зөв. Сүүлийн 10 гаруй жил Улаанбаатар хотод ашиглалтад орсон орон сууцны тоог бид гаргаж үзсэн. Хамгийн цөөхөн ашиглалтад орсон жилдээ бол 10 орчим, хамгийн ихдээ 17 мянган орон сууц ашиглалтад орж байгаа юм билээ. Гэр хороололд 230 мянган айл, өрх бий. Гэтэл нийслэлийн хүн амын механик өсөлтийн тоотой тэнцэх орон сууц жилд баригдаж байгаа нь яндан буурахгүй байгаа гол шалтгаан болж байгаа юм. Тэр утгаараа бид нийслэлчүүдийг орон сууцжуулж хойноос нь яваад үнэхээр гүйцэхгүй байгаа юм. Ойрын хэдэн арван жилдээ галаа түлээд явна, яндангийн тоо хэвээрээ байна гэж бодох хэрэгтэй. Тиймээс л бид түлж байгаа түлшнийх нь бохирдлыг бууруулъя, нийслэл хотын иргэд энэ өвөл өмнөх жилийнхээс хоёр дахин бага бохирдолтой агаар амьсгалъя л гэж зорьж байна. Энэ бол тийм төгс төгөлдөр шийдэл гэж би огт ярихгүй байгаа шүү. Үнэхээр аргаа барсан л зүйл.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Монгол (46.114.148.212)

    2023-08-11

    Энэ муу хазгай хэлт их солиорч байнаа. Хотын хүмүүс ямар туршилтын амьтан юм уу. Нүүрсээ хужаа руу зөөгөөд буцаагаад худалдаж авдаг ийм л тэнэг толгойнууд да Үхэр Монголчууд.