Б.Цасанчимэг: Улаанбаатарт өнөөдөр 14:00 цагийн орчмоос аадар бороо орно
- 2023-08-16
- Байгаль орчин
- 0
Өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутаг дэвсгэрт их хэмжээний бороо орох төлөвтэй байна. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч Б.Цасанчимэгээс тодрууллаа.
-Улаанбаатар хотод бороо орно гэсэн мэдээлэл гарсан. Ойролцоогоор хэдэн цагийн үед хэр хэмжээний бороо орох төлөвтэй байна вэ?
-Наймдугаар сарын 15-нд баруун болон төвийн аймгуудын нутаг дэвсгэрт бороо орж эхэлсэн. Урьд шөнө Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймгийн нутгаар 15-32 мм хур тунадас орж, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн. Өнөөдрийн тухайд Булган, Хөвсгөл, Архангай, Төвийн аймгийн баруун хэсгээр хур тунадас орж байгаа. Улаанбаатар хотод үдээс хойш буюу 14:00 цагийн орчимд аадар бороо орох төлөвтэй байна. Харин шөнөдөө үргэлжилсэн бороо орох урьдчилсан мэдээ гарсан. Улаанбаатар хотод 10-12 мм хур тунадас орно гэж үзэж байна.
-Бороо хотын аль хэсгээр түлхүү орох төлөвтэй байна вэ?
-Энэхүү бороо нь төвийн аймгуудын ихэнх нутгаар буюу Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрээр орно.
-Өнөөдөр орох бороо үерийн эрсдэл үүсгэх үү?
-15-30 мм хүртэлх хур тунадас орвол цаг агаарын аюултай үзэгдэл гэж үздэг. Харин өнөөдөр Улаанбаатар хотод орох бороо 12 мм хүртэлх хэмжээтэй. Гэхдээ голын усны түвшин аюултай хэмжээнд байгаа тул усны түвшин нэмэгдэж болзошгүй. Иймд иргэд, олон нийтийг болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
-Ирэх өдрүүдийн цаг агаарын төлөв байдал ямар байгаа вэ?
-Өнөөдөр их хэмжээний бороо, наймдугаар сарын 18, 20-нд бага зэргийн хур тунадас орох төлөвтэй байна. Харин агаарын температурын хувьд өнгөрсөн өдрүүдтэй харьцуулахад сэрүүхэн байх юм.
Сэтгэгдэл (0)