Л.Оюун-Эрдэнийн “газрын дайн”-д Байгаль орчны сайд нар, хотын дарга нараас эхлээд гарын үсэг зурсан бүх дарга өртөхөөр байна
- 2023-08-18
- Нийтлэл
- 0
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наадмын өмнө болсон үерээс хойш “Газар олголттой холбоотой асуудлыг цэгцэлнэ” гэсэн агуулгатай зүйлийг хэд хэдэн удаа хэлсэн.
Анх өнгөрсөн хавар Цагаан сарын өмнө Үндэсний телевизээр “Яагаад заавал одоо газар авахын тулд бид Хотын даргад юм уу, Хотын менежер, эсвэл ерөнхий архитекторт авлигал өгөх ёстой гэж. Яагаад Зайсангаар дүүрэн хаус отог гэдэг нэртэй баригдчихаад бүх дарга нь энд амьдраад байхад тэрийг бид өнөөдрийг хүртэл ярихгүй явах ёстой гэж. Дархан цаазтай газарт яагаад 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид хувийн хэвшлийнхнээс илүү тансаг зэрэглэлийн 6-8 давхар хауст амьдрах ёстой гэж, энэ бүх зүйл авлига шүү дээ. “Шүүр”-дүүлэх ийм олон албан тушаалтан байна гэсэн үг. Тэгэхээр би хамт “шүүрдье” гэж хэлээд байгаа юм. Яваад үзээрэй, манайх шиг эмнэлгийнхээ урд нүүрийг нь хаагаад барилга барьчихсан, төмөр замыг дундуур нь таслаад байшин барьчихсан, ийм төлөвлөлтгүй, авлигалын систем нь маш ойлгомжтой хот гэж байхгүй. Бүгдээрээ түгжирчихээд байж байдаг. Түргэний машин нь ч явж чадахгүй болчихсон. Энэ нь хууль бус газар олголтоос л болсон. Эднийг нь гаргаж ирээд тавихаар бүгдээрээ захиргааны хэргийн шүүх дээр очоод л хад мөргөдөг. Сүүлийн үед хүмүүс Туркийн газар хөдлөлтөөс болоод үнэхээр эмзэглэж байна. Үлдэх барилга байгаа юу. Авлигал ингэж л хүний амь нас, аюулгүй байдалтай холбогддог. Энгийн иргэний амьдралын боломжийг хулгайлж байдаг хорт хавдар байгаа юм. Тиймээс бид Улаанбаатар хотын газар олголт, техникийн шийдлүүд яаж явсан, олгогдох ёсгүй газарт хэн зөвшөөрөл олгосон, тэр хүмүүс авлигал авсан уу, үгүй юу гэдэг дээр ажлын хэсэг байгуулж байгаа юм. Өнгөрсөн 30 жилийн Улаанбаатар хотын замбараагүй газар олголтыг цэгцэлж, ойлгож, дүгнэлт хийхгүйгээр цаашаа энэ байдал цэгцрэхгүй” гэж байв.
Дараа нь долдугаар сарын 9-нд “Монголын эдийн засгийн форум 2023” арга хэмжээний үеэр хэвлэлийнхэнд “Энэ үер бол төлөвлөлтгүй газар олголтоос үүдэлтэй. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хот дур мэдэн баахан газар олгосон. Дүүргийн Засаг дарга нар дур мэдэж газар олгодог. Байгаль орчны яам “Отог” нэртэйгээр орон сууц барих зөвшөөрөл олгодог. Үүнийг бид мэддэг ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг яваад ирсэн. Учир нь, энэ бүхний цаана дандаа улс төрийн нөлөө бүхий этгээдүүд, томоохон хувийн хэвшлийн төлөөллүүд байдаг. Энэ хуурамч байдал өнөөдөр ийм үр дүн авчирч байна. Ерөнхий сайдын хувьд АТГ-ын дарга, Улсын ерөнхий прокурорт хоёр хоногийн өмнө хүсэлт өгсөн. Энэ хүсэлтэд, эхлээд үер ус, голын ай савтай холбоотой, нийтийн эзэмшлийн талбайтай газарт яагаад газар олгосон бэ, хэн газар олгосон бэ гэдэг албан тушаалтнуудыг ангилж шалгаач. Хоёрт, хууль бус газар авсан нь тодорхой байхад яагаад барилга барих зөвшөөрөл олгосон бэ. Үүнийг тусад нь салгаж шалгаач. Олгосон газар, барилга нь хууль бус байхад яагаад иргэдийг оруулав. Энийг мөн тусад нь шалгаач. Энэ гурав тодорхой байхад тухайн орон сууцанд өөрсдөө, эсвэл ах дүү хамаатан саднаа оруулсан шүүгчид яагаад тэдний талд шийдвэр гаргасан бэ. Хэрвээ шүүх засаглал хотын архитекторын ажлыг хийх гэж байгаа бол БХБЯ-ны Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шүүх авах хэрэгтэй. Ер нь Засгийн газрын Урт хугацааны бодлогын эсрэг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын өмнүүр орж шийдвэр гаргах эрхгүй.
Засгийн газраас төрийн сангуудтай адилаар хотын газартай холбоотой бүх мэдээллийг ил болгоно. Баяр наадмын үеэр иргэдийг бухимдуулаад яах вэ. Харин наадмын дараа цахимд бүх мэдээллийг байршуулна. Тиймээс хотын иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарч, хамтдаа замбараагүй хот төлөвлөлттэй тэмцье.
Нийтийн эрх ашгийг зөрсөн барилга байшин газар олголт дээр хариуцлага тооцох асуудал яригдана. Одоо л зогсоохгүй бол энэ асуудал шийдэгдэхгүй. Улаанбаатар хот алхах ч газаргүй, жинхэнэ цементэн ширэнгэн ой болно гэсэн үг. Тиймээс газартай, хот байгуулалттай холбоотой том реформ дээр иргэд, иргэний нийгмийн байгууллагууд Засгийн газар, УИХ бүгд маш нягт хамтран ажиллах ёстой” гэсэн юм.
Хамгийн сүүлд наймдугаар сарын 14-нд Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны хуралдаан дээр “Газрын асуудлыг өмнөх асуудлууд шиг хөндөхөөс өөр аргагүй. Тэгж байж зөв гольдролдоо орно. Нийгэм өөрөө дүгнэлтээ хийнэ. Хийчихээд ч байна. Зайсангийн бүх газар отог нэртэй олгогдсон. Отгууд маань өндөр үнэтэй орон сууцны хорооллууд болсон. Бид нүдээ боогоод отог гэдэгт нь итгэхийг хүссээр явах уу. Эсвэл отог биш орон сууцны хороолол шүү дээ гээд цэгцлэх үү. Өөрсдийгөө ч, бусдыгаа ч хуурсаар байвал ирээдүйд бүр л том зовлон үлдээнэ. Тиймээс би зарим хүнийг гомдоосон ч нийтийн эрх ашгийн барих зарчим дээр зогсоно. Та бүхэн дэмжээрэй” гэж хэлсэн тухай хэвлэлүүд мэдээлсэн.
Л.Оюун-Эрдэнэ энэ үгнүүдээ албажуулаад авчээ. Засгийн газрын уржигдрын ээлжит хуралдаанаар газартай холбоотой анхаарал татсан асуудлуудыг ярьсан байна. Уг хуралдаанаар Улаанбаатарт гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ.
Тэр тогтоолоор Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, газар зохион байгуулалт, ашиглалт, хотын барилгажилтыг хүний аюулгүй байдал, нийтлэг эрх ашиг, байгаль экологи, ногоон хөгжил, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр Газрын багц хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулж, ирэх намрын чуулганд өргөн мэдүүлнэ.
Мөн БХБЯ-ны харьяанд явж ирсэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын шууд мэдэлд ажиллуулах эрх зүйг бүрдүүлэх төслийг 2024 оны төсөвтэй хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.
Дээрх хуулиуд батлагдах хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхаар болжээ.
Түүнчлэн тусгай хэрэгцээний газар, нийтийн эдэлбэрийн газар, зам, шугам сүлжээний газар, ойн болон усны сан бүхий газар, тэдгээрийн хамгаалалтын бүс газарт хууль зөрчин газар эзэмшиж, ашиглаж байгаа, барилга байгууламж барьсан асуудал бүрийг судалж, газрыг чөлөөлөхийг үүрэг болгосон байна.
Үерийн бүс бүхий газарт буусан айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэж, хууль зөрчиж газар олгосон буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан, үерийн далан, сувгийг хог, барилгын хаягдлаар дүүргэсэн, далан, сувгийг хааж барилга байгууламж барьсан зэрэг зөрчилд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, хотын хэмжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээг олон улсын мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх, цаашид усны сан бүхий газар, гол горхи, тэдгээрийн хамгаалалтын бүс газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгажээ.
Үүнээс гадна 2008-2023 оныг хүртэлх барилга, байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын 8404 дүгнэлт, барилга, түүний эзэмшигчдийн мэдээллийг www.shilen.gov.mn д байршуулжээ.
Улмаар Хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын Үндэсний хороог байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ахлахаар болжээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хотуудын төлөвлөлтийн шаардлагад нийцээгүй барилга, байгууламжийн асуудлыг цэгцлэх зорилгоор тус Үндэсний хороог байгуулахаар шийдвэрлэсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээлжээ. Харин шууд утгаараа, энэ Үндэсний хороо газар олголт, хот төлөвлөт тойрсон дээрх асуудлыг хариуцах юм байна.
Нэг үгээр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн ээлжит “дайн” газраар үргэлжилж байх шиг байна. АТГ, прокурор ажиллаад эхэлчихжээ. Одоо газар олголт, барилгын зөвшөөрлийн хяналт сайжирч, үүнтэй холбоотой хэрэгт ял шийтгэлийг чангатгахаар болж байна.
Харин энэ “дайн”-д нь үе үеийн Байгаль орчны сайд нар, Хотын дарга нараас эхлээд гарын үсэг зурсан бүх дарга өртөх нь тодорхой болоод явчихлаа даа.
Ө.Бааст
Сэтгэгдэл (0)