Хүний биед шилжүүлэн суулгасан гахайн бөөр хэвийн ажиллаж байна

ЛОНДОН./ВВС/. Хүний хоёр бөөрийг генийн хувьд хувирган өөрчилсөн гахайн бөөрөөр орлуулах мэс заслыг АНУ-ын Алабамагийн их сургуулийн эрдэмтэд амжилттай хийлээ.

 

Тархины үхжилт гэсэн оноштой өвчтөнд түүний гэр бүлийнхний зөвшөөрлөөр гахайн бөөрийг шилжүүлэн суулгажээ. Өвчтөний биемахбодь уг донор эрхтэнээс “татгалзаагүй” төдийгүй гахайн бөөр хэвийн ажиллаж, шээс ялгаруулж, хорт бодисуудыг шүүж байгаа нь анагаах ухааны түүхэн дэх анхны тохиолдол боллоо.

Энэхүү мэс заслын талаар JAMA Surgery анагаах ухааны сэтгүүлд тодорхой бичжээ. Мэс засал амжилттай болсон нь бөөрний архаг өвчнөөр шаналж, бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болоод буй олон арван мянган өвчнүүдэд итгэл найдвар төрүүлж байна. Дэлхий даяар донор эд эрхтэний эрэлт хэрэгцээ нь нийлүүлэлтээсээ олон дахин давж байна. Статистик судалгаагаар, АНУ-д эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр хүлээж буй 5 өвчтөн бүрийн 2 нь донорын эрхтэн олдоогүйн улмаас онош тавигдсанаас хойш 5 жилийн дотор нас барж байна.  

 

Өмнө нь, гахайн бөөрийг хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн тохиолдлууд бий. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ийм мэс заслыг хоёр ч удаа гүйцэтгэсэн билээ.     

 

Гэхдээ хамгийн гол нь, мэс заслын дараа тухайн өвчтөний бие организм нь донорын эрхтэнийг гадных гэж танихгүйгээр хүлээн авдаг байлгахын тулд гахайн бөөрийг тусгайлан ургуулж, генийн дасан зохицуулалтын аргаар хүнийхтэй адил болгосонд учир бий.

 

Тодруулбал, ДНХ-ийн хэлхээн дэх гахайн дөрвөн генийг /GTKO, CMAH, B4GALNT2, GHR/ олсны дараа тэдгээрийг “салгасан” бөгөөд үүний дараа гахайн генүүдийг хүний зургаан генийг / CD46, CD55, CD47, THBD, PROCR, HMOX1/ нэмж суулгажээ.

Ингэснээр донорын эрхтэн шууд хэвийн ажиллаж, шээсийг шүүж, бие организмыг хорт бодисуудаас, ялангуяа креатинаас цэвэрлэж байсан нь анагаах ухааны түүхэн дэх анхны тохиолдол юм хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)