Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт эхэлжээ

СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгосын пуужингийн туршилтаас үүдэлтэй хурцадмал байдал даамжирч, Пхеньяны зүгээс холбоотнуудад хандсан үг хэллэг нь ширүүсэж буй энэ үед Өмнөд Солонгос, АНУ бэлэн байдлын түвшнийг ахиулах зорилгоор даваа гарагт цэргийн томоохон хамтарсан сургуулилт хийж эхэллээ. 

Жил тутам явуулдаг,  байлдааны бүх хувилбарыг боловсруулдаг “Ulchi Freedom Shield” хээрийн сургууль 11 хоног үргэлжлэх бөгөөд компьютерийн симуляцид суурилсан команд штабын сургуулилт, хээрийн сургууль, иргэний хамгаалалтын сургуулилт зэрэг гэнэтийн нөхцөл байдал үүсэх үеийн бүх хувилбарыг хамарна.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун хөлөг онгоцноос далавчит пуужин харвах туршилтыг хянан удирдсан талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэлүүд өнөө өглөө мэдээлсэн юм. Уг үйлдлээрээ Пёньян хамтарсан сургуулилтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бололтой. Туршилт яг хэзээ болсныг тодорхой мэдээлээгүй байна.

Штабын дарга нарын хорооны төлөөлөгчийн мэдээлснээр, хамтарсан сургуулилтын хугацаанд 30 орчим хээрийн сургалтын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Харин энэ хаврын “Freedom Shield” сургуулилтын явцад 25, өнгөрсөн жилийн “Ulchi Freedom Shield”-ийн үеэр 13 ийм арга хэмжээг зохион байгуулсан юм.

Энэ удаагийн хээрийн сургуульд Өмнөд Солонгос, Америкийн цэргүүдээс гадна НҮБ-ын командлалын есөн гишүүн орон болох Австрали, Канад, Франц, Британи, Грек, Итали, Шинэ Зеланд, Филиппин, Тайландын цэргийнхэн оролцоно. НҮБ-ын командлал бол 1950-1953 оны Солонгосын дайныг зогсоосон эвлэрлийн гэрээний гол хэрэгжүүлэгч юм хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)