Сурагчийг сургуулиас хөөх чинь ялгаварлал, гадуурхал шүү, Боловсролын сайд аа?
- 2023-08-22
- Нийтлэл
- 5
Хичээлийн жил эхлэхээс урьтаж бас нэгэн асуудлыг хөндөх хэрэгтэй болов. Баянгол дүүргийн нэгэн сургууль дээр ахлах ангийн хоёр сурагч нийлж багшийгаа зодсон, үүний улмаас зодоон хийсэн сурагчийг сургуулиас хөөсөн тухай "Өдрийн сонин" мэдээлжээ.
Зодуулсан гэх багш энэ тухай “энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг” хэмээн мэдүүлсэн бол тус сургуулийн сурагчид уг багшийн тухай арай өөр зүйлийг өгүүлсэн байна. Тухайлбал, хүүхдүүдийг ялгаварладаг, царай зүсээр нь доромжилж гутаадаг, эмэгтэй сурагчдын биед хамаа намаагүй хүрдэг, айлгаж ичээдэг ёс зүйгүй багш гэжээ.
Баянгол дүүргийн цагдаа уг хэргийг шалгаад гэмт хэрэг, зөрчлийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэргийг хаасан атал сургуулийн захирал, удирдлагууд хүүхдүүдийг сургуулиас хөөсөн байна. Ингэхэд сургуулийн дүрэм журамд ийм зүйл бий юу? Байдаг бол яагаад?
Уг нь бол орчин цагийн Монгол Улсад хэн нэгний гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх шийддэг. Гэтэл цагдаагийн байгууллага “гэмт хэрэг, зөрчлийн бүрэлдэхүүнгүй” гээд хэргийг хаачихаад байхад сургууль яагаад хүүхдүүдийн эрхийг зөрчиж, хууль шүүхийн байгууллагын ямар нэг шийдвэргүйгээр сургуулиас хөөв? Хүүхдэд буруу байлаа гэхэд үүнийх нь төлөө сургуулиас хөөх, сурч боловсрол эрхийг нь хасах эрх сургууль, боловсролын байгууллагад бий юу?
Сурагчдын өгсөн мэдээллээс харахад тухайн багш өөрөө ч гэсэн өөгүй нөхөр биш аж. Сурагчдыг ялгаварладаг, доромжилдог, эмэгтэй сурагчидтай зүйл бусаар харьцдаг, айлгаж ичээдэг гээд боловсролын байгууллагад ажиллуулж болохооргүй ёс суртахуунтай нөхөр байна. Үүнийх нь төлөө хүүхдүүд багшийгаа хариу шийтгэсэн бол тухайн сургуулийн удирдлага ч гэсэн хариуцлага хүлээх ёстой. Хүүхдүүдийн суралцах орчинд ийм нөхцөл байдал үүсгэснийхээ төлөө, ийм багш ажиллуулсныхаа төлөө өөрөө шүүхийн өмнө зогсох ёстой юм.
Гэтэл “сургуулийн нэр төр” гээд сурагчаа сургуулиас хөөнө гэдэг бол нэг төрлийн ялгаварлал юм. Нөгөө талаас хүүхдийн сурч боловсрох эрхэнд халдаж буй үйлдэл. Сургууль, боловсролын байгууллага хэдийгээр хүүхдэд боловсрол олгох үүрэгтэй ч үүнээс илүү чухал үүрэг нь хүүхдийг ямар нэг байдлаар ялгаварлалд өртүүлэхгүй байх, сурч боловсрох тэгш боломжоор хангах явдал. Харамсалтай нь манай боловсролын систем одоо хэр нь үүнд бэлтгэгдээгүй хэвээр байна. Тиймээс “сургууль, боловсролын байгууллагын нэр хүнд” гэдгээр халхавчлан хүний эрхийн зөрчил гаргадаг, хүүхдийн эрхийг зөрчдөг явдал хадгалагдсан хэвээр. Яг өмнөх нийгмийн үе шиг.
Уг нь бол ардчилсан нийгэмд төрийн байгууллага, төрийн нэр хүнд гэдэг зүйл байдаггүй. Харин хувь хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хамгаалах үүргийг төр өөрөө хүлээдэг. Гэтэл Монгол Улс иргэний ардчилсан нийгэмд шилжээд 30 гаруй жил болж байхад боловсролын байгууллагаасаа эхлээд төрийн бүх байгууллагууд нь үүнийг ухамсарлаагүй, амьдарч байгаа нийгмийнхээ ёс суртахууныг таньж мэдээгүй байна гэдэг бол жинхэнээсээ “боловсролгүй байдал” юм.
Өмнөх нийгмийн үед жишээ нь муу сурлагатай хүүхдүүдийг “мэдрэл муутай” гээд тусгай сургууль руу шилжүүлчихдэг, жаахан сахилгагүй, хөдөлгөөнтэй нэгийг нь наймдугаар анги төгсөнгүүт нь “ажилчин ангийн" эгнээнд шилжүүлэхээр ТМС /Техник мэргэжлийн сургууль/-д хүчээр хуваарилдаг байлаа. Тухайн хүүхэд ирээдүйд хэн болох, ямар мэргэжил эзэмших, нийгмийн аль анги давхаргад багтахыг хүүхэд өрөө биш, төр, төрийн байгууллагууд өмнөөс нь шийддэг. Социализмын үеийн шүүх гэдэг нь нэр төдий, шүүхийн өмнөөс нам, төрийн байгууллагууд шийдвэр гаргадаг байж. Сургууль, боловсролын байгууллага дотор байсан энэ ялгаварлал өнөөдрийг хүртэл өвлөгдөөд, амь бөхтэй явж байна л даа.
Жилийн өмнө байх. Манайдаа нэртэйд ордог нэг өмгөөлөгчийн охин "найзынхаа толгой дээр халуун кофе" асгасан хэргээр МУИС-ийн Хууль зүйн сургуулиас хөөгдөж байлаа. Тус сургуулийн захиргаа ч гэсэн "Ийм ёс суртахуунтай хүн хуульч мэргэжлээр ажиллах ёсгүй" гэдэг үндэслэлээр, үнэн хэрэгтээ бол сургуулийнхаа нэр хүндийг хамгаалахын тулд оюутнаа сургуулиас хөөсөн хэрэг. Хэдийгээр уг оюутан "хуульч мэргэжлээр ажиллах ёс суртахууны эрхгүй" байж болох ч түүнд хууль зүйн боловсрол олгохоос татгалзах эрх сургууль, боловсролын байгууллагад бий юу гэдэг бас л эргэлзээтэй.
Нийтлэлч Сэмүүн
Сэтгэгдэл (5)
(202.126.89.21)
яг асуудалд багш нар тэмцэх хэрэгтэй цалин нэмүүлэх гэж тэмцдэг шигээ ажил хая жагс та нарт бүрэн эрх нь байна. одоо шавь нар чинь та нарыг зодох доромжилох эрхээ баталгаажуулчихлаа төлвөлөөд л байж байгаа шүү
(88.116.92.142)
Ямар ч үед багш зодож болохгүй ...
(59.153.113.165)
Боль боль
(66.181.182.194)
Монгол-Оросын хамтарсан сургууль байгууллагдснаасаа хойш муу сурлагатнуудыг сургуулиасаа хөөдөг юм. Монгол сургуулиуд бас энэ жишгийг дагах хэрэгтэй.
(103.212.118.21)
хөөх байтугай шоронд явхаар хүүхдүүд байна.эргүү чавганц шиг сэтгүүлч минь өөрөө очоод ганц цаг заачих даа
Хоосон байна
Хоосон байна