Намуудын нанчилдаан: Засагт хоёр фракц үүсч цаашид яахаа мэдэхгүй болж байна гэв үү
- 2023-08-23
- Улс төр
- 0
Манай сонин улс төрийн намуудын хөшигний ард өрнөдөг явдлуудыг “Намуудын нанчилдаан” хөмсөг дор уншигчдадаа хүргэж байх болно. Энэ удаа МАН дотор өрнөөд буй үйл явдлын талаар хүргэе.
Амралт дуусч ажил одоо л жигдэрч байна. Үүнтэй зэрэгцээд улс төрийн үйл явдал ч хүссэн хүсээгүй өрнөж эхэллээ. Тодруулбал, энэ Засгийн газарт хоёр фракц үүсчээ. Нэг нь нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх зорилготой нөхөд. Тэд УИХ-аар тогтоол батлуулж, ажлын хэсэг байгуулаад явж байна. Нөгөө талд энэ сонсголыг явуулахгүй гэх ашиг сонирхолтой бүлэг байна. Ийм хоёр фракцын зөрчилдөөн ойрын өдрүүдэд хурцдаж, ар нуруугаа харалцаад байгаа гэнэ.
Нүүрсний нээлттэй сонсгол хийхээс зайлсхийж буй фракцын нөхөд зуны турш Говь-Алтай, Хөвсгөлөөр найр наадам хэсэх далимаар сэм сэм хуралдаж, үг хэлээ нийлүүлж, цаашид ямар акц хийхээ төлөвлөөд ирсэн гэх. Мөн нүүрсний хулгайд холбоотой хэмээн зарлагдсан гишүүд нүүрстэй холбоотой ч нэр н ь ил гараагүй гишүүдээ “хэрэв сонсгол хийх юм бол та нарын нэрийг ч нийтэд дэлгэнэ” хэмээн дарамталж байгаа бололтой. Түүгээр ч зогсохгүй тэд нүүрсний сонсгол гэх сэдвийг дарахаар нийгэмд янз бүрийн сенсааци хаяж байна. Үер ус, барилга, байшин нураахаас эхлээд өлгөж болох бүх мэдээллийг суваг бүрээр шидэж байна. Зорилго нь ердөө л нүүрсний сонсголын чимээг нам дарах. Үүний төлөө үхэн хатан тэмцэж байгаа нь цаанаа том ашиг сонирхолтой. Нүүрсний нээлттэй сонсгол явуулаадахвал нэр нөлөө бүхий зарим улстөрчдийн замнал энд дуусчих гээд байгаа юм. Ямар нэгэн арга сүвэгчилж нүүрсний сонсгол хийлгэхгүйгээр сонгуулийн бараа харахаар тэд зүтгэж байна.
Харин нүүрсний сонсгол хийхээр яваа нөхөд яг одоо хэн нь хэнийгээ таньж, идээ бээрээсээ салж намаа цэгцлээд цаашаа явахыг зорьж байна. Тиймдээ сонсгол хийнэ гэдэг дээрээ бат зогсож байгаа бололтой. Эсрэг тэсрэг зорилготой энэ хоёр фракц одоо яахаа мэдэхгүй хоёр тийшээ хараад сууж байна.
Энэ үйл явдал цааш яаж хөврөхийг бид цаг тухайд нь мэдээлэх болно.
О.Дашням
Сэтгэгдэл (0)