АНУ-ын Калифорнид байгалийн хоёр гамшиг нэг дор тохиожээ

Хилари хар салхины нөлөөгөөр үүсэх байгалийн гамшгаас сэргийлэхээр муж даяараа бэлтгэж байх үед тус мужийн баруун өмнөд хэсэгт өчигдөр газар хөдөлсөн байна. Газар судлаач, доктор Люси Жонс NBC телевизэд өгсөн ярилцлагадаа “Газар хөдлөлтийн төв Ожай хотод байсан. Яг энэ газарт 1932 оноос хойш тав дахь удаагаа газар хөдөлж байгаа нь анхаарал татаж байна” гэж ярьсан байна.

Дараа нь хар салхины нөлөөгөөр хүчтэй аадар бороо орсны улмаас гудамжууд усанд автаж, цахилгааны шугам эвдэрч сүйджээ. Үүний улмаас тус мужийн 48 мянга гаруй хэрэглэгч, Лос-Анжелас хотын 18 мянга гаруй хэрэглэгч тог цахилгаангүй болсон байна.

Харин хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд их хэмжээний хохирол учрах вий гэсэн айдас намжиж байна.

Мексикийн ойролцоо хар салхи болж хувирсан шуурга хойд зүгийг чиглэж байгаа тул хүн ам ихтэй Өмнөд Калифорнид борооны үүл арилж, тэнгэр цэлмэж байна гэж Үндэсний цаг уурын албанаас нь мэдээлжээ.

“Хилари”-гийн нөлөөгөөр Невада, Юта муж улсууд болон баруун хойд нутагт аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд 4 сая гаруй хүн үерийн аюулд өртөх эрсдэлтэй байгааг албаныхан сэрэмжлүүлсэн байна. 

Цаг уурчид Лас-Вегасаас баруун хойд зүгт орших бүс нутагт даваа гаргийн үдээс хойш үер усны аюул нүүрлэж, гол мөрний дагуу амьдардаг хүмүүсийн амь насанд аюул учирч болзошгүйг анхааруулжээ.

“Калифорничууд засаг захиргааны зөвлөмжийг сонсож, өөрсдийгөө, гэр бүлийнхнийгээ хамгаалахын тулд шаардлагатай бэлэн байдлын арга хэмжээг авч чадлаа” гэж Онцгой байдлын албаны дарга Дин Крисвелл сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

АНУ-ыг дайран өнгөрөхөөс өмнө уг шуурга Мексик дэх Баха Калифорнийн хойгийг дайрсны улмаас нэг хүн амиа алдаж, үерийн улмаас авто замууд эвдэрч сүйджээ.

2023 оны 8 дугаар сарын 22-ны 11.00 цагийн байдлаар Хилари хар салхи 26 км/цагийн хурдтай байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.126.89.174)

    2023-08-24

    калифороны дарга огцор