Л.Энхболд: Нүүрсний хэрэг шалгагдаж байгаа нэртэй ч жинхэнэ бүлэглэл нь задраагүй

УИХ-ын гишүүн асан Л.Энхболдтой нүүрсний хэргийн эргэн тойронд ярилцлаа.


-Нүүрсний хэргийн тухай ярьж эхлээд жил тойрчихлоо. Мөрдөх байгууллагууд ноцтой баримт үйлдлүүдийн талаар нэг бус удаа нийгэмд зарласан. Тиймээс нүүрсний сонсгол хийх асуудал яригдсан ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй байна. Ер нь сонсгол хийвэл юу тодорхой болно гэж та харж байна?

-Нүүрсний хэргийг тойрсон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд их бий. Тиймээс нүүрсний хэрэг гэж юуг хэлээд байгаа юм, нүүрсний хулгай нь аль нь юм бэ. Яг уурхайгаас нь аваад байдаг нүүрс, мөнгө хэнд очсон юм, энд хууль хяналтын байгууллагууд, төрийн байгууллагууд яаж хараа хяналтаа ажиллуулж байсан юм. Жишээ нь, гааль яаж ажиллаж байв, хилийн цэрэг яаж ажиллаж байв гэдэг л тодорхой болох учиртай. Ингээд мэдээллүүдийг олон нийтэд сонсгож, ил болгоход төрийн байгууллагууд нь оролцоод нүүрсийг хил гаалиар бүртгэлгүй гаргаж болдог юм уу, болдоггүй юм уу гэдэг олон түмний эргэлзээг тайлах ёстой. Хоёрдугаарт, нүүрсний хэрэг дээр яригдсан Т.Доржханд гишүүний яриад байдаг 40 их наяд төгрөгийн хохирол яаж гарсан зургийг харах ёстой. Тэр гэрээг дагаж гардаг юм уу, оффтейк гэрээгээр дагаж гарсан юм уу, үнэхээр хулгай хийгээд гаргачихсан юм уу, ямар арга замаар 40 их наядын боломжийг алдсан гэж яриад байна вэ. Сонсгол хийвэл Т.Доржханд гишүүн өөрөө байх юм чинь олон түмэнд тайлбарлаж, олон түмний эргэлзээг арилгах нэг боломж гэдэг үүднээс сонсгол хийх ёстой гэж миний хувьд боддог.

-Гэтэл сонсгол болдоггүй ээ. Өнгөрсөн өвөл жагсаал цуглаан болж байж нэг тов зарлагдсан. Болоогүй. Одоо бүр сураг алдарлаа. Сонсголыг хийхгүй байх санаархал байна уу гэж хардахад хүрч байна?

-Та бид хоёрын ойлголт нэг л байна. Би бас гайхаад байгаа юм. Юу тодорхой болчих гээд ингээд хойшлуулаад байна вэ. Яахав, анхны сонсголын тов зарлагдах үед Г.Ганболд гишүүний үед ахлаад явж байсан Ажлын хэсэгтэй ганц нэг удаа уулзаж, мэдээлэл солилцоод явж байх үед сонсгол хийх гэж байгаа юм байна гэдэг итгэл үнэмшил надад төрж байсан. Гэтэл цуцлагдчихсан.

Дараа нь шалтгааныг нь дуулахад АТГ ч гэлүү мөрдөн шалгаж байгаа байгууллагаас нэлээд томоохон хүрээтэй шалгаж байгаа, мөрдөн байцаалтын явцад ямар нэгэн саад учруулах буюу сөрөг нөлөө авчирч болзошгүй гэдэг үндэслэлээр сонсголыг хойшлуулсан юм болов уу гэж ойлгосон. Тэгж ч мэдээлж байсан.

Өнөөдөр бол Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг явж байгаа байх. Энэ Ажлын хэсэгт хойшлуулах ямар нэгэн шалтаг шалтгаан байгаа эсэх нарийн зүйлийг мэдэхгүй юм. Миний хувьд улс төрөөс гадна, иргэний хувиар явж байгаа учраас хардаж сэрдэхээс илүү олон түмэнд цаашид байгалийн баялгийн хулгайг гаргахгүй байх, хуулийн шударга шийдвэрлэлтээр хулгайг хараа хяналтанд оруулчих юм бол цаашид байгалийн баялгийн хулгай байхгүй болно гэдэг үндэслэлээр хараад, хүлээгээд байгаа юм.

-Нүүрсний сонсгол хийвэл хэний эрх ашиг хөндөгдөж болох вэ. Магадгүй ийм үндэслэлээр хойшлуулж байж болзошгүй. Та энэ хэргийн талаар анх хэвлэлд ярьж байсан хүмүүсийн нэг учраас хэн хэн ямар хамааралтай талаарх зургийг харж байгаа шүү дээ?

-Яахав мэдээж аль, аль улс төрийн намууд нэлээд анхааралтай хянаж байгаа байх. Улс төрийн сонгууль дөхөж байгаа учраас хэтэрхий улс төрийн процесс явагдаж, эсвэл үнэхээр хуулийн процесс дуусаагүй байгаа учраас удааширч байна уу гэдэг өнцгөөс нь харж, арай эерэг хүлээлттэй байна. Хэн нэгний эрх ашиг хөндөгдөнө гэхээс илүү хуулийн процессын хувьд болохгүй байгаа юм болов уу. Нөгөө талаасаа улс төрийн сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор улс төрийн намууд янз бүрийн юм болоод байдаг юм болов уу. Энэ хоёр үндэслэлээр миний хувьд ойлгож байгаа.

-Та өмнө нь манай сонинд ярихдаа нүүрсний хэргийн дөрвөн төрлийн хулгай байна гэж тайлбарлаж байсан. Өнөөдөр жижиг голдуу үйлдэлтэй нүүрстэй холбоотой хэргүүд шүүхээр шийдвэрлэгдэж дуулддаг. Таны анхны харж байсан гэмт хэргийн үйлдлүүд шалгагдаж чадав уу?

-Би шууд хэлнэ. Тухайн үед миний ийм өнцөгөөс нь гаргаж ирээд, ийм болгочихвол ахин хулгай гарахгүй, дахиж Монголын ард түмэн боломжоо алдахгүй шүү гэж бодож байсан хүлээлтэд хүрсэнгүй. Нуугаад яахав тухайн үед олон түмэнд хэлж байхдаа энэ бол жирийн нэг иргэн, хэн нэгэн байцаагчийн, хэн нэгэн мэргэжилтний, аль нэгэн компанийн захирлын хийчихдэг ажил биш. Зохион байгуулалттай, томоохон бүлэглэлийн оролцсон процесс. Тэгэхээр өнөөдрийнх шиг ганц нэг мэргэжилтэнтэй хариуцлага тооцоод дуусна гэвэл энэ өрөөсгөл шийдвэр буюу хэн нэгнийг энэ том дуулианы далимаар хэлмэгдүүлж явуулаад, хэн нэгэн томоохон магадгүй янз бүрийн албан тушаалтнууд гол гүйцэтгэгч нар сугарч үлдэх вий гэдэг дүр зураг харагдаж байна.

-Бүлэглэл гэснээс үнэхээр энэ хэрэгт хариуцлагатай албан тушаалтан, улстөрчид хариуцлага хүлээх нь тун бүрхэг болчихлоо. Ганц нэг гишүүний эрхийг түдгэлзүүлээд л өнгөрч байх шиг. Таны хэлсэн бүлэглэл задраагүй юм биш үү?

-Задраагүй гэж харж байна. Улстөрчид гэж та өөрөө ярьж байна. Улстөрчид байхыг үгүйсгэхгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн байгууллагууд, тэр тусмаа хууль хяналтынхан оролцсон бүлэглэл байдаг гэж би олон нийтэд гаргаж тавихдаа баримттай ярихын тулд ул үндсээр нь судалж байсныхаа хувьд зохион байгуулалттай бүлэглэл байдаг гэж ойлгодог. Тэгэхээр одоохондоо тэр бүлэглэл задраагүй. Өнөөдрийн хууль шүүхийн процессыг харахад сэтгэл дундуур байна.

-Нүүрсний хэргийн хохирлын хувьд, оролцсон хүмүүсийг сонссон олон нийт бухимдаж байгаа. Өнөөдрийн шийдвэрлэлтийн процесс ч шударга болж чадахгүй байна гэдгийг та хэлж байна. Ер нь энэ хэрэг бүрэн шийдвэрлэгдэж, улс хохиролгүй болж чадах уу гэдэг хүлээлт нийгэмд байсаар байна. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Жижиг зургаар харахад нүүрсний хэрэг олон түмний анхааралд байгаа учраас шийдэгдэж байж нэг талд гарна. Шийдэгдэхгүй бол олон түмний бухимдал байсаар л байна. Ер нь том зургаар харахад би ч өөрөө төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар ажиллаж байсан хүний хувьд Монголын төрийн өмчит компаниуд түмэн олны хяналтанд байх ёстой юм. Үүний тулд нээлттэй хувьцаат компани руугаа шилжих ёстой. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийг авч явах маш олон том компани хэт хаалттай, төрийн давамгайлсан, төрийн оролцоотой байх нь ард түмэнд очих байгалийн баялгийн хувь ойлгомжгүй байдал руу орчихоод байгаа юм. Тиймээс яаралтай Баялгийн сангийн хуулиа батлах ёстой. Байгалийн баялгийн хуваарилалт, үр ашиг ил тод байх ёстой. Саяхан Биржийн тухай хууль батлагдсан.

Ганц нүүрс биш цаашаа алт, зэс гээд бүх төрлийн ашигт малтмалыг хөрөнгийн зах зээл дээр гаргаж, зарж хараа хяналтанд оруулж өгөхгүй бол ард түмэнд өгөөжөө өгөхгүй юм байна гэдэг нь тодорхой байна. Яг өнөөдрийн нүүрсний хулгайтай тэмцэж байгаа байдлаас харахад хэрэв энэ асуудал шийдэгдэхгүй бол нийгэмд томоохон бухимдал үүсч, ялангуяа эрх баригч намын хувьд хүнд цохилт болж магадгүй.

Б.Энхзаяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (66.181.188.244)

    2023-08-29

    АН-ынхан өөрсдийгөө хамаатан садан нь гэж хэлээд Ардын намын гишүүдийн орон сууцны ордеруудыг ба эдгээр хүмүүсийн байрны хамтран эзэмшигч нарыг судалж эхэлсэн байна. Мөн АН-ынхан 1800-аар эхэлсэн улсын гэх хуурамч дугааруудыг гаргаж, хүн судлал хийж байгаа юм.

  • Зочин (202.55.191.194)

    2023-08-28

    Нүүрсний хэрэг том эзэдээрээ задарвал МАН, АН хоёр л нуран унах болно.

  • Зочин (202.55.191.194)

    2023-08-28

    Энэ бол томоос том хэрэг харин жинэхэн хариуцагч нар биш жижиг зарайханууд л золоосон явах болоод байна даа

  • Зочин (202.55.191.194)

    2023-08-28

    Нүүрсний хулгайн хэргийг хэн илрүүлж хэн арга хэмжээ тооцох гээд байгаа юм бэ ?