Ромын Папын Монголд илгээсэн элч нар

1247 оны арваннэгдүгээр сарын 18-нд Бүргүндийн Вант улсын Лион хотноо урт хугацааны аянаас буцаж ирсэн бүлэг хүнийг хотын ихэс дээдэс хүндэтгэлтэйеэ угтан авлаа. Аяншиж ядарсан энэ хүмүүсийн ахлагч нь 65 нас хүрсэн итали өвгөн ажгуу. Жиованни дэл Плано Карпини* (Giovanni da Pian del Carpine) хэмээх энэ санваартан олон жилийн турш Ватиканы ихэс дээдсийн итгэлийг үнэнхүү хүлээсэн этгээд байлаа. Энэ үед өөрийгөө Ариун Ромын Эзэнт улс гэж зарласан германчууд улам хүчирхэгжихийн хэрээр Ватиканы тэдэнтэй харилцах харилцаа хурцдаж байсан тул Плано Карпинийг Ромын Гэгээн Пап Герман руу зараалаар явуулж байсан учраас өвгөн санваартан бол туршлага бүхий итгэлт хүн юм. 

Загалмайн шашны үзэл суртлын төв Ватикан нь XIII зууны үед нэлээд бэрхшээлтэй учирсан юм. Нэгэн цагт Зүүн Ром гэж нэрлэгдэж байсан Византын Хаант улс буруу номтны даралт шахалтанд орж задран уналаа. Дорно зүгийн үл мэдэгдэх газраас нүүдэллэн ирсэн лал мөргөлт сэлжүк нар Бага Азийн загалмайн мөргөлт орнуудыг улам шахаж байв. Эль Моравид Эль Мохадын Халифат улс хэмээх лал мөргөлтөн умард тийш түрэн Иберийн хойгийн хагасыг эзэмшиж Францын Вант улстай шууд хиллэх болжээ. Ийнхүү мянган жил загалмайн шашны жинхэнэ төв гэгдэж байсан ариун Ром нэгэн шашны дотор буй болсон бусад урсгалтайгаа зөрчилдөхийн зэрэгцээ лал мөргөлтний хэзээ ч биеллээ олж магадгүй түрэмгийллийн занал дор сэтгэл түгшин амьдарч байв. 

Гэтэл зах хязгаар нь хаана байдаг, хэн суудаг нь үл мэдэгдэх дорно зүгээс хурдан морь унаж, хурц зэвсэг агссан аймшигт зэрлэг хүмүүс хот балгадыг шатаан хүн амьтныг хайр найргүй алж талж буй мэдээ 1223 онд ирэх нь тэр. Загалмайн шашинд занал учруулж байсан лалын ертөнцийнхнийг гэсгээн цээрлүүлж буйн хувьд нь тэрхүү дорнын үл мэдэгдэх дайчдыг аюул заналаас аврах Прэстэр Ионн (Prester Ionn) хэмээх домгийн гэгээний явуулсан элч төлөөлөгч гэж үзэж байсан. Гэтэл жижиг, шаламгай морь унасан тэрхүү дорнын зэрлэг балмад хүмүүс лал төдийгүй загалмай мөргөлтнийг ч хайр найргүй устгадаг болох нь удалгүй мэдэгдэв. Прэстэр Ионны элч хэмээн Ромын Пап IX Грегорийн* (Gregory) үнэнхүү итгэж байсан тэр үл таних дайнчид 1237-1242 онд Дорнод Европыг тэр чигээр нь цусанд нь үйлээ. Үнэн алдартны шашинт Оросыг хүйс тэмтэрснийг Ромын Папд захирагддаггүйнх нь тэнгэрийн шийтгэл гэж үздэг юм гэхэд католик шүтлэгт Унгар, Польш, Бохэмиа тэдний уулгалсан довтолгооны цуст золиос болсон нь улам ойртон ирж яваа сүйрлийн дохио ажгуу. 

1243 онд Ромын Папын ширээнд залагдсан IV Инносэнт (Innocent IV) тун ч ухаалаг улс төрийн бодлоготон тул үл мэдэгдэх тэр аюулыг гэтэлгэх арга саам хайж олжээ. Инносэнтийн хувьд уугуул шажинд нь тохиолдож буй хамгийн гол хоёр аюул бол Папын ёсны эсрэг Ариун Ромын эзэнт улс гэгчийн хаан Фридрихийн дайсагнах явдал байсан бөгөөд мөн загалмайн бүх хаант улсыг байлдан дагуулахаар заналхийлж буй тэрхүү татаар гэж нэрлэгдсэн дорнын дайнчдын аюул бөлгөө. Тэрээр энэ бүх аюул хямралыг давах үүднээс 1245 онд Шажны ерөнхий зөвлөлийг Бүргүндийн Лион хэмээх хотноо зарлан хуралдуулав. Тэндээс IV Инносэнт дорнын татаар хэмээх зэрлэгүүдийн удирдагч нарт элч төлөөлөгчид зарж, Төв Европт үйлдсэн харгислалыг нь эсэргүүцэхийн зэрэгцээгээр тэднийг загалмайн номд орохыг шаардах тухай зоригтой алхам хийхээр шийдсэн байна.[1] 

Элчийн толгойлогчоор Герман, Польш, Бохэмиад амьдарч байсан төдийгүй Папын зараалаар Герман, Испани орж байсан туршлагатай, зоригтой боловч нас нэлээд дээр гарсан Плано Карпинийг томилжээ. Карпини эл татаарын хаан болон ард түмэнд нь хаягласан Папын захидлыг өвөртлөөд хоёр гурван хүний хамт 1245 оны дөрөвдүгээр сарын 16-нд Лион хотоос гарчээ. Тэд Герман, Бохэмиа, Польш орноор дайран польшийн Бэнэдикт хэмээх санваартантай нийлж аваад цааш Оросын нутаг руу орж татаарын аймшигт үйлдлийн үр дүн болох гавлын ясаар дүүрч балгас болсон Киев хотыг дайран чинагш явсаар 1246 оны хоёрдугаар сарын 23-нд татаарын анхны хилийн харуултай тааралдсанаар иргэншсэн Европын хязгаараас гаран урьд хожид хэн ч, хэзээ ч юу байдгийг нь үзээгүй үл мэдэгдэх ертөнц рүү орж сураг тасрах нь тэр ээ. 

Ийнхүү хоёр жил хагас хүнд хэцүү нөхцөлд үл таних газраар жуулчлаад Папын даалгавар биелүүлсэн Плано Карпини тун ч олон сонин мэдээтэй буцаж ирж дээ. Юун түрүүн тэдний татаар гэж нэрлээд байдаг дорнын зандалчид нь жилийн газрын алсад орших Монгол хэмээх улс юм байна гэдгийг дуулгав. Карпини тэрхүү Монголын их хаан Гүегийн Папад өгүүлсэн хариу захидлыг авчирчээ. “Пап биднийг загалмайн шашинд ор гэж шаардах болж байна уу, Польш, Унгарт хядлага явуулсан гэж Монголыг зэмлэх болж байна уу?“ хэмээн Эзэн хаан ихэд зэвүүцэн уурсаж үл эвсэхүйн маш товч хариуг хэлж бичүүлжээ. Загалмайн улс оронтой муугаар харилцлаа гэж Папын зэмлэсэнд Гүег* (Kuyuk) хаан үнэхээр аягүйцэн “Мөнх Тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Далай хаан зарлиг ил болга иргэн дүр хүрвээс биширтүгэй, аюутугай!”* хэмээсэн монгол үсгээр бичсэн тамгатай цаасан дээр[2] перс хэлээр хариу бичиж өгсөнд:*

Энэхүү зарлигийг их Папад мэдтүгэй хэмээн илгээв. Карал нутагт… зөвлөлдөөд хүлцэнгүй байхыг гуйн илгээснийг Танай элч нараас сонсов. Та нар хэлсэн үгээрээ болох аваас их Пап чи манай газар иртүгэй. Бид тэр тухайд засаг зарлиг бүрийг Та нарт сонсгон дагуулъя… Тэнгэрийн хүчинд наран мандах газраас наран жаргах газар бүгдээрээ биднээ заяажээ… Эдүгээ Та нар “бид харьяат болж хамаг эд агуурсаа Та бүхэнд өгтүгэй” хэмээн чи шударгаар хэлбээс зохино. Чи өөрөө вангуудаа тэргүүлэн хамаг улсаа аван, хүлцэнгүй байж хүчээ өгөхөөр иртүгэй… Харин Та нар тэнгэрийн зарлигийг үл даган манай зарлигийг эсэргүүцэх аваас Та нар дайсан болно. Эл учрыг Та нар мэдтүгэй. Харин үүнээс бусаар явбаас юу болохыг бид мэдэх гэж үү, гагцүү Тэнгэр л мэднэ.[3] гэж заналхийлэн төгсгөжээ.

IV Инносэнт* (Innocent IV) мөн Персийг эзлэн захирсан монголчууд руу Ломбардигийн захирагч Ансэльмыг заран явуулсан нь дээрх Гүег хааныхтай туйлын төстэй хариуг авчирчээ. Персийн захирагч Байжугийн* өмнө сунан мөргөхөөс татгалзсан төдийгүй Ромын Папыг дэлхийн хамгийн хүндэтгэлт хүн мөн хэмээн ярьсан хэрэгтээ Ансэльм амьдаараа өвчүүлэх ял авчээ. Гэвч тэр монгол хаан эхнэрийнхээ гуйснаар элчийн арьсыг амьдаар нь хуулахаа азнаж удтал хорьж байсны дараа монголоор эхийг үйлдэж оросоор дамжуулан латин хэлнээ орчуулсан хариу захидлын хамтаар эгүүлэн явуулсан гэнэ. Захидал заналтай маягаар:

Их хааны зарлигаар Байжуу бибээр Танд энэхүү хариуг явуулж байна. Пап аа, Таны захидлыг авч ирсэн элч тун ч бардам дуугаар ярьж байна. Таны зарлигаар тэгсэн үү, бүү мэд. Та биднийг олон хүн аллаа гэж зэмлэж байна. Гэвч биднийг үг дуугүй дагасан бүхэн газар дээрээ эзэн болж үлдэнэ, эсэргүүцсэн бүхэн устгагдана гэсэн энэ ертөнцийн эзэн Тэнгэрийн зарлигийг санагтун!. Би Пап чамд Тэнгэрийн зарлигийг явуулж байна! Чингэхлээр хэрэв газар нутгаа барьж үлдье гэж бодож байгаа бол биеэрээ бидэнд ирж бүх ертөнцийн эзэнтэй нийцэн явах ёстой. Хэрэв Та үгүй гэх аваас юу болохыг бид мэдэхгүй, зөвхөн Тэнгэр мэднэ.[4]

Карпини Лионд буцаж ирснийхээ дараахан тагнаж мэдсэн зүйлийнхээ талаар илтгэл бичсэн нь манай үе хүртэл хадгалагдан хоцорчээ. Карпини тэнд бичихдээ:

…Монголчуудын санаархал нь Чингис хааны зарлиг ёсоор, болж өгвөл дэлхийг эрхшээлдээ оруулах явдал болой. Тийм ч учраас тэдний хаан зарлигтаа “Тэнгэрийн гэсгээлч далай хаан“ гэх ба түүний тамга бичээс нь “хөхрөгч Тэнгэр, хөрст дэлхийн гэсгээлч Гүег хаан, Далай хааны тамга“ хэмээсэн байдаг. Тийм ч учраас дээр өгүүлсэнчлэн эрхшээлдээ ороогүй хэнтэй ч бол найрамддаггүй билээ. Одоо дэлхий дээрх загалмайн шашинт улс орныг эс тооцвол өөр тэдэнд эзлэгдээгүй нэг ч улс гүрэн байхгүй болсон учир тэд бидний эсрэг тулалдаанд бэлтгэж байна… хэмээн анхааруулаад …тэдний хувьд бурхан шүтээнийг хүндэтгэнэ гэж огт байхгүй бөгөөд хүний бие сэтгэлийг санаанд оромгүй янз янзын аргаар тарчлааж зовоодог жигшүүрт бузар үйлдлийг нь санаваас загалмайн шашинтан нар монголчуудын эрхшээлд орно гэдэг нэн зохисгүй нь илт болой. Монголчууд эхлээд бялдуулчлан дотночилж, дараа нь хилэнцэт аалз мэт хэмлэн зовоож тарчилгах нь үнэн болой. Харин тэд загалмайн шашинтай ард түмнээс тоогоор цөөн, бие бялдараар сул юм шүү дээ.[5]

Плано Карпинийн тэмдэглэлд будилсан, эндүүрсэн, буруу ойлгосон зүйл бий боловч санаанаасаа зохиосон худал зүйл байдаггүй нь үлдэж хоцорсон түүхийн бусад материалтай харьцуулахад илт байдаг. 

Европт монголчуудын тухай бичиж үлдээсэн анхны хүн бол Английн хувраг Матэү Парис* (Matthew Paris) юм. Тэрээр Chronica Majora хэмээх зурагт тольдоо монголчуудын тухай дуулж сонссоноо бичжээ.[6]Монголчууд Европт довтолсны дараа тэдний тухай чөтгөрийн хүч, савдаг, мангас болгон ярих цуу ихээхэн дэлгэрсэн юм. Гэвч 1250-иад оны үеэс монголчуудын тухай арай өөр ойлголттой болж, лалын эсрэг хамтарч болох бололцоог хайх болжээ. Ингээд 1245 онд IV Пап Инносэнт Монгол руу Плано Карпини-г зараалаар явуулсан. Хамтрагч болохын тулд тэднийг загалмайн шашинд оруулах арга чарга байна уу гэдгийг ч судлуулсан бололтой. Пап мөн Сири рүү Ансэльмыг элчээр явуулсан аж. Үүнээс гадна өөр бас хоёр элчийг монголчууд байгаа газар явуулжээ. 1253 онд Францын IX Лүи хаан Гийом дө Рүбрүкийг Монголд очиж их хаантай нь уулз хэмээн илгээжээ. Ансэльм Папад Байжуу хааны захидлыг авчирсан бол, Карпини захидлаас гадна Монголчуудын түүх хэмээх бараг ном болчихмоор тайлан бичиж өгчээ. Рүбрүк Itinerrarium гэсэн захидлын хэлбэрээр бичсэн номыг Францад эргэж ирсэн хойноо бичиж үлдээсэн.[7]

Харин Марко Поло монголчуудын эзэгнэсэн Хятадад олон жил сууж маш их мэдээлэлтэй буцсан юм. 1254 онд төрсөн тэрээр бага наснаасаа эцэг, авга ах нарын хамт жуулчилж улмаар Хятад нутагт ирэн Хубилай хааны дэргэд 17 жил төрийн албанд зүтгэжээ. Энэ хугацаандаа тэрээр Азийн бараг бүх орноор орж үндэстэн ястны зан заншил, соёл уламжлалтай танилцсан юм. Тэрээр гурван жилийн турш Ян Чау мужийн захирагчаар ажиллаж байсан нь магадгүй Хятадын түүхэнд европ хүн засаг захиргааны дарга хийсэн цорын ганц тохиолдол байж болох юм.[8] 

Хожим Венецидээ буцаж очсон хойноо шоронд хүнд хэлж бичүүлсэн номдоо үзэж харснаа ярьсан нь түүний нэрийг ертөнцийн түүхийн нэгэн салшгүй хэсэг болгожээ. Чухам л Марко Пологийн буянаар тэр үеийн Ази болон Хятад, Монголын тухай маш үнэт олон дүрслэл, зураглал үнэнээрээ үлдсэн ажгуу. Өнөөдөр түүний ярьсан зүйл бараг бүх талаар батлагдсан тул хожмын олон жуулчинтай харьцуулахад тэрээр туйлын үнэнч шударга хүн байжээ гэж дүгнэмээр. 

 

* Плано Карпини (1182-1252) фрацискан санваартан. Монголын Эзэнт улсад ирсэн анхны европ хүн (1245-1247)

* Григори IX (1170-1241) Ромын пап (1227-1241). Инквизац санаачлагч

[1] Saunders, J. J. History of the Mongol Conquests  (University of Pennsylvania Press, Philadelphia)

* Гүег (1206-1248) Монголын их хаан (1246-1248).

* Ромын Ватиканы номын санд хадгалагдаж буй энэ бичгийн 6 мөр монгол бичээстэй тамганы үг нь Карпиний бичсэнээс өөр болохыг Францын монголч П.Пэльёо судлан тогтоожээ. Энд жинхэнэ эхийг нь бичив.

[2]Плано Карпини Монголчуудын түүх (Улаанбаатар 1988) х-51, 89 [Giovanni da Pian del Carpine  Ystoria Mongalorum]

[3] Сүхбаатар, Г. Монголын түүхийн дээж бичиг, II (Улаанбаатар 1992) х-70. [Suhbaatar, G. Best Writings on Mongolian History]

* Энэ захидлын хуулбарыг Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ватиканд айлчлахдаа авчирсан.

* IV Инносэнт (1243-1254) Ромын пап

* Байжу (1298-1323) Жалайр аймгийн Мухулай ноёны удмын Антун ноёны ач хүү

[4]Saunders, J. J. History of the Mongol Conquests  (University of Pennsylvania Press, Philadelphia)

[5]Плано Карпини Монголчуудын түүх (Улаанбаатар 1988) х-51, [Giovanni da Pian del Carpine  Ystoria Mongalorum]

* Матэү, Парис (1200-1259) Английн түүхч, санваартан,

[6]Vaughan, Richard. The Chronicles of Matthew Paris: Monastic Life in the Thirteenth Century (Gloucester, 1984).

[7]Эрс, Жак. Марко Поло (Ростов на Дону. Феникс 1998) х-81-103 [Ayrs, Jacques. Marco Polo (Rostov on Don. Phoenix 1998)] p-81-103

[8]Asimov, Isaac. Isaac Asimov’s Book of Facts (Wings Books; New York 1979) pp-319

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)