Улаанбаатарынхаа гоё талыг олж хардаг болъё

Хайлтын томоохон сайтууд руу ороод Улаанбаатар хоттой холбоотой мэдээлэл хайхаар утаатай, гудамжны архичидтай, хог новшоор дүүрсэн гуу жалга, машины түгжрэлтэй тиймэрхүү ёозгүй зурагтай мэдээлэл гарч ирэх юм.

Аливаа хот сайнтай, муутайгаа л зэрэгцэн хөгждөг. Бид хэдий болтол улсынхаа нийслэлийг ингэж буруу талаас нь хар бараан өнцгөөс нь дэлхий нийтэд сурталчилж, өөрсдийгөө нэг муу арчаагүй улс гэж танилцуулж байх вэ дээ.

Дэлхийд алдартай Лас Вегас, Парис, Вашингтон, Москва, Шанхай, Нью-Йорк зэрэг хотуудад архичин, тамхичин, янханууд хаа сайгүй л хөлхөж, замын түгжрэл, уур бухимдал хулгай зэлгий, дээрэм тонуултайгаа олон арван жилийг үдсээр л байгаа. Тэглээ гээд эдгээр улсууд өөрсдийнхөө тэр талыг нийтэд гаргаад байдаггүй. Иймэрхүү сэдвээ хөндөхдөө гаднынханд харуулалгүй тэрүүхэн тэндээ шийдчихдэг. Бид АНУ-д гуч, дөчин сая ядуус байдаг. Тэд газар дор, үерийн ус зайлуулах хоолойд орогнодгийг саяхныг болтол мэдээгүй л байсан шүү дээ.

Та Лас Вегас хотын тухай мэдээлэл хайвал гэрлэн чимэглэлээр чимсэн байшин барилга, зугаа цэнгээнээр жаргаж байгаа аз жаргалтай хүмүүсийн инээмсэглэл, дуулж хуурдаж бүжсэн гоо бүсгүйчүүдийн зурагтай сайхан мэдээллийг түрүүлж олж харах болно.

Бээжин хот өвөл зунгүй агаарын бохирдолтой тэмцэж, зарим үед амьсгалахад бэрх байдаг ч уг хотын иргэд утаан дунд зовж тарчилж байгаа дүр зургийг төдийлөн олж харахгүй л байх.

Үүнтэй адил бид Улаанбаатар хотынхоо тухай аль болох сайн сайхан мэдээлэл, гоё зураглалтай фото сурвалжлагыг мэдээллийн орчинд түлхүү оруулж баймаар юм.

Үгүй ядаж гэрэл зурагчид, фото нийтлэлчдийн дунд Улаанбаатар хотоо хамгийн сайхнаар харуулсан, өгүүлсэн гэрэл зургийн уралдааныг тогтмол явуулж, шалгарсан бүтээлийг томоохон сайтуудад байршуулах хэрэгтэй юм. “Улаанбаатарын өвөл”, хавар, зун, намар гээд л ямар нэг сэдэв өгөөд иймэрхүү уралдааныг нийтийн дунд ч зарлаж болох.

Манай Улаанбаатар хотод чинь хүний нүдийг хужирлах гоё барилга, байгууламж, түүхэн дурсгалт газрууд олон бий шүү дээ. Сүүлийн үед компаниуд сонин сайхан шийдэл, архитектуртай барилга байгууламж барихыг чухалчилдаг болсон. Тэр бүгдийг оруулсан ганган сайхан зургийг яаж бол яаж авч болно.

Дэлхийд ганцхан байдаг наадам манайд бий. Наадмын үеэр шинэ дээл, хуушуур, хурдан морь, хүчит бөх, эрхий мэргэн харваач, Төв цэнгэлдэхэд болдог наадмын нээлтийн ажиллагаа гээд зөндөө олон сайхан, гэгээлэг зүйл бий. Тэр бүгдийгээ бас л сайхан гаргах хэрэгтэй. Яахав наадмын үеэрх замын түгжрэл, тоос шороог ядаж нэг удаа ч болов орхиод гоё талыг нь гаргая л даа.

Нэг зуныг Улаанбаатараа гоё талаас нь харуулж, дэлхийд сурталчилан өнгөрүүлбэл болохгүй гэх хүн гарахгүй л болов уу.

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)