Иди амин
- 2023-09-05
- Нийтлэл
- 0
Иргэншсэн ертөнцийн хувьд Африкийг сонирхох сонирхол дэс дараалан буурсаар өнөө үеийг хүргэсэн. Эхний үе буюу Родэзийн үе ч гэж нэрлэж болох XIX зууны 80-аад оноос дэлхийн I дайн хүртлэх хооронд Африкийн их баялаг европчуудын сайн сайхныг хангана гэх үзэл их дэлгэрсэн байв. I дайны дараа 1920-иод он гэхэд энэ үзэл алга болж, II дайны дараахнаас 1960-аад оны дунд үе хүртэл буюу колонийн систем задран тусгаар тогтносон улсууд үүсэж эхлэхэд ирээдүйн бие даасан хөгжилтэй, харилцаагаа хөгжүүлэх ёстой шинэ тив, бүс нутаг үүслээ гэх үзэл, сонирхол давамгайлсан юм. Африкийн бүх орнуудад болж буй увайгүй, бүтэшгүй үйл явдлууд 1970-аад оны үед хэвийн үзэгдэл болж энэ тивийг тоож харахаа больжээ. Дэлхийн эдийн засагт нөлөөтэй ӨАБНУ, Нигериа зэрэг улс л сонирхол татахаас бусдыг нь соёлт ертөнц мартах буюу хэт зэрлэг догшин онцгой явдлыг нь шоолох, өрөвдөх, жигших байдлаар түр зуур л шуугина. Энэ нь өнөөгийн ертөнцийн норм болчихоо юу гэлтэй.
1980 он. Судан – нэг намын сонгууль. Тунис – төрийн эргэлт хийх оролдлого. Марокко – Полисарийн дайн. Алжир – Зөвлөлтийн тусламжаар хүнд үйлдвэржих төлөвлөгөө нурав. Этиоп – Зөвлөлтийн нисдэг тэргийг нутгийн амхаар биш үндэстнүүдийн эсрэг хэрэглэв. Кубын 20 мянган цэрэг этиопчуудтай хамтран Эритрэй, Сомалид байлдаж байна, дүрвэгсэдийн тоо саяас хол давав. Сомали – дүрвэгсэдийн тоо 1.5 сая хүрэв. Танзани – Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч Нерьерэ ганцаараа өрсөлдөж ялав, өлсгөлөн. Занзибар – төрийн эргэлт. Уганд – орж ирж эзэлсэн Танзанийн армийн 20 мянга ба өөрийнх нь 6000 цэргийг тэжээхэд улсын төсвийн 37 хувийг зарцуулав. Нийслэл Кампалад 7 хоногт улс төрийн 50 орчим аллага, өлсгөлөн. Гана – инфляц 114 хувьтай, их сургуулиудаа хаав. Нигериа – төрийн эргэлт хийх ээлжит оролдлого, 1000 хүн алагдав. Гамби – сөрөг хүчнийг хааж бүгдийг нь баривчлав. Либэриа – төрийн эргэлт, иргэний дайн. Сенегал – 25 жил дарангуйлсан Сэнгора унав. Мавритани – төрийн эргэлт. Мали – бослого, улсын эдийн засгийг бүрэн хямарсан гэж дүгнэв. Гвинэй–Биссауд гарсан төрийн эргэлтийг Малигаас санхүүжүүлэв. Зааны ясан эрэг – нэг намын сонгууль. Бүрүнди – христосын 52 миссионэрийг нутгаасаа хөөж гаргав. Мавритани – уржнан Оулд Салакийг түлхэж төрийн эрхийг авсан Оулд Даддыг ноднин Оулд Жолдук унагасан бол өөрийг нь энэ жил Оулд Хардалл зайлуулж Ерөнхийлөгч болов. Экваторын Гвинэй – дарангуйлагч Мациасыг түлхэн унагав. Дээд Вольт – төрийн эргэлт. Нигэр – Ливийн санхүүжүүлсэн партизанууд бослого өдөөв. Бэнин – Каддафийг айлчлах үеэр Ерөнхийлөгч Кэрэкү мөнгө горьдсондоо өөрийгөө лал шашинтан гэж зарлав. Камэрун – Чадаас ирсэн дүрвэгсэдээс болж эдийн засаг хямрав. Чад – иргэний дайн, Ливийн өдөөн хатгалга. Заир – Ерөнхийлөгч Мобуту Амьд байгаа цагтаа өөр нам оршихыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэв, гадаад худалдаанаас олсон мөнгөнийхөө 38 хувийг өрөнд эргүүлж өгч байна, 5 хүртлэх насны хүүхдийн 42 хувь нь өлсгөлөнгийн байдалд. Гвинэй Биссау – төрийн эргэлт. Сан Томэ – Анголын 1000, Кубын 100 цэрэг довтлов. Ангол – иргэний дайн. Замби – төрийн эргэлт хийх оролдлого. Мозамбик – Ерөнхийлөгч Машел эрэгтэйчүүд урт үс, эмэгтэйчүүд банзалтай явахыг хориглоод христосын сүмүүдийг хаав. Зимбабвэ–Британийн хараан дор чөлөөт сонгууль болов. Лэсото – “Лэсотогийн чөлөөлөх арми” довтлов. Намиби – иргэний дайн. Өмнөд Африкийн холбоо – Партизаны дайн!
Энэ бол капитализмыг алгасан социалист чиг баримжаагаар замнаж явсан тэрхүү Африкт зөвхөн 1980 онд тохиолдсон “хачин сонин” үйл явдлын жагсаалт ба энэ нь 1979, 1981 оныхоосоо ерөнхий дүнгээрээ юугаараа ч ялгагдахгүй. Түүнээс хойш 30 гаруй жил өнгөрөөд байгаа ч өнөөдөр тэгтлээ дээрдэж дээшилсэн юмгүй, харин ч шашин–угсаатан хоорондын дайнд нэрвэгдэж, Судан, Мали улсууд дундуураа, Сомали нь хэд хэд хуваагдчихаад, ийм хуваагдал Нигериад нүүрлээд байна. Ийм юм хүний сонирхол татна гэж үү!? Энэ асар том тивийн ихэнх хэсэг нь улс төрийн мөнхийн тогтворгүй байдал, эдийн засгийн доройтлын намагт шигдсэн тул олон улсын интеграциас тусдаа ертөнц болжээ. Өөрөөр хэлбэл мартагдсан ертөнц!
Хар арьстнуудыг боол болгох санаа анх арабчуудаас үүсжээ. Тэд л европчуудад боол зарц болгон зардаг байсан ба сүүлд АНУ-ын өмнөд мужийн тариалангийн талбай руу боол зөөх бүхэл бүтэн үйлдвэрлэл ажиллаж байв. XVII зуунаас Африкийг колоничлож эхэлжээ. Арьс өнгөөр ялгаварлах, тэр байтугай боолчлох явдал элбэг байсан, гэхдээ арьс өнгө, үндэс угсаа, шашин, омог отгоор ялгаварлах, аймаглан устгах, хөөн зайлуулах явдал өнөөгийн хар Африкт болж буй шиг хэмжээнд хэзээ ч очоогүй юм. 1950-1960-аад оны үед Египет, Ливи, Алжир, Мароккоос 300 мянга гаруй жүүдүүдийг хөөж гаргасан ба үлдсэн нь нийгмээс бүрэн тусгаарлагдсан. Танзанид өөрийн нутагт буй арабчуудын тэгш эрхийг хассан. Дорнод болон Төв Африкийн орнууд өөрийн ази үндэстнүүдийг хөөж гадуурхаж эхэлсэн нь 1960-аад он. Тухайлбал 1972 онд Угандаас ази үндэстнүүдийг хөөж гаргасан нь улс төрийн гэхээсээ өмч хөрөнгийг нь булаах гэсэн шунахай зорилготой байв. Төрийн сонинуудад нь Азийнхан чемоданаар манай валютыг зөөж байна, Ази эмч нар өвчтөнөө алж байна гэх маягийн гарчиг ердийн үзэгдэл. Цагаан арьстныг ялгаварлан гадуурхах явдал колонийн задралын маргаашаас Африкийн орнуудын төрийн бодлогын салшгүй нэг хэсэг болжээ. Африкт хамгийн балмад, зэрлэг байдлаар илэрдэг ялгаварлан гадуурхах бодлого түгээмэл, гэхдээ омог хооронд. Олон мянган үндэстнээс бүрдэх олон овгуудад төв Засгийн газрууд нь колоничлолын үеийн либераль хандлагаар хандсангүй, харин боолчлол, апартеидын үеийн балмад аргыг сонгосон юм. Бүр бүгдээрээ шүү!
Африк эхнээсээ ардчиллыг сонгоогүй. Гэхдээ Азийн зарим орнууд шиг дарангуйллын замаар улс төрийн тогтвортой байдлыг хангаж чадсан нь нэгээхэн ч үгүй. Танзанийн Ерөнхийлегч Нерьерэ өөрийн орондоо нэг намын систем тогтоож буйгаа “Гуйланчлал, өвчин зовлонтой хийж буй тэмцэлдээ ялалт байгуулах хүртлээ бид гадны үзэл суртал манай эв нэгдлийг задлахыг зөвшөөрөхгүй” гэсэн нь Африкийн хэвшмэл хэллэг юм. Ийм тэмцэлд тэд мөддөө ялалт байгуулахгүй, өөрөөр хэлбэл ардчиллаас зориуд зайлсхийж байгаа нь тэр. Тэрээр Бандунгийн бага хуралд сууж ирээд Сукарногоос сурсан юм гэвэл дотоодын тогтворгүй байдлыг гаднаас дайсан эрж олох замаар шийдэх арга аж. Өмнөд Африк, Өмнөд Родэзи, Португалын колони орнуудыг өөрийн дайсан гэж зарлаад тэмцэгчийн дүр баахан эсгэн, манай орон дайны байдалд орлоо гэж тунхаглаж байв. Нерьерэ Танзанид 30 гаруй жил нийгмийн инженер зүйн хэдэн арван болхи туршилт хийж үзсэн юм. Ленинизм, Бандунгийн тунхаглал, гитлеризм, апартеид, расизм, аймаглан устгах бодлого зэргийн хольц холион бантан болсон онол, уриа, туршилт, хүчирхийлэл нь олон арван мянган хүний амиар хэмжигджээ. Колонийн систем задарсны дараа Африкийн үндсэрхэг өвчин хэмээх хийрхэл энд тэндгүй дэгдсэний нэгийг Нерьерэ санаачилсан юм. Гадны юм болгоноос сэжиглэж, хүмүүсийн хувцаслалт, алхаа гишгээнд хүртэл орно.
Африкийн дарангуйлагч болгон нутаг нутагтаа янз бүрийн юм бодож олно. 1965 оны аравдугаар сард Кэнид “Eрөнхийлөгч Кэнятагийн өдөр” тэмдэглэх үеэр тэрээр эхлүүлэх гэж байгаа аллагын өмнө баригдах хүмүүсийг дуудаж авчраад Библийн сударт гардаг зургаар оройн хоол зохион байгуулжээ. Малавийн Eрөнхийлөгч доктор Банда төр барих өдөр тутмын ажлаа үзмэрчээр заалгана. Заирын Eрөнхийлогч Мобуту европ нэр ус хэрэглэхийг хориглон өөртөө Ямар ч эм тахиаг зүгээр үлдээдэггүй азарган тахиа Мобуту гэсэн нэр өгөв. Габоны Eрөнхийлөгч Бонго өөрөө их намхан хүн байсан тул “пигмэй” гэсэн үг хэрэглэхийг хуулиар хорив. Тэр нь ширэнгэд амьдрагч намхан биетнүүдийн омог ба өөрөө тэндээс гаралтай юмсанж. Бүрүндийн дараалсан Eрөнхий сайд нар 7 хоногийн зайтай алагдав. Конгийн телевизээр хүний толгой цавчихыг байнга харуулдаг ба нэг эсэргүүний таслагдсан толгойн аманд дүүрэн мөнгө чихээстэй байх аж. Бэниний Eрөнхийлөгч өөрийн ГЯЯ-ны сайдаа эхнэртэйгээ хардаад шууд буудав. Экваторын Гвинэйн Eрөнхийлөгч мөн нэг сайдаа олны нүдэн дээр модоор жанчсаар байгаад үхүүлэв.
Зимбабвэйн Ерөнхийлөгч Роберт Мугабе 1980 оноос эдүгээ 33 дахь жил рүүгээ орж халаагүй засаглан буй. Тэрээр ардчиллын зарчмууд, хүний эрх, эрх чөлөөг байнга зөрчин дур зоргоороо авирладаг. Тусгаар тогтнолынхоо төлөө хамтран тэмцэж явсан Жошуа Нкомог хөөж явуулаад ЗАПУ намыг нь хойд солонгосынхны бэлтгэсэн десантчаар цус урсан даруулаад өөрийн ЗАНУ намыг хуульчилж, өөрөө хязгааргүй дарангуйлагч нь болсон. Газрын реформ хийхдээ цагаан арьстан 4000 фермерийн газрыг хурааж, өмчид халдаж дарамталснаас тэдний 90 хувь нь Зимбабвээс дүрвэж, үлдэх нь гянданд хоригдсон буюу ядуурсан. Үр дүн нь ОУВС санхүүгийн дэмжлэгээ зогсоосон, Европын Холбоо хориг тавьсан, тус орон ядуурсан, гиперинфляцаар дэлхийн рекорд тогтоосон. Гэвч Мугабе хөгшрөх тусмаа (одоо 88-тай) эрх мэдлийг гартаа бат атгаж, түүнээ хэнд ч шилжүүлж үл зүрхлэх ажгуу.
Африк жолоодогчдын дотроос Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч, сүүлд нь Эзэн хаан болсон Бокассо их содон дүр. Францчууд нутгийнханд тусгаар тогтнол олгохдоо Дэвид Дакко гэгч туршлагатай негр улс төрчид энэ орныг үлдээжээ. Гэтэл хамаатан нь болох цэргийн дарга Бокассо түүнийг түлхэн унагаад 1965 онд өөрийгөө насан туршийн Ерөнхийлөгчөөр зарлав. Наполеоны тухай их сонссон, түүнийг шүтээнээ гэж тооцдог мань эр 1977 онд улсаа эзэнт гүрэн болгож, өөрийгөө яг л Наполеон хаан болсон тэр маягаар хаан ширээнд суух ёслол үйлдэв. Ёслолд гадаадын 3500 айлчин оролцсон ба хааны зөвхөн титэм л гэхэд 2000 гаруй очир алмаазан шигтгээтэй аж. Ёслолын ажиллагаа энэ ядуу орны үндэсний нийт бүтээгдэхүүний гуравны нэг буюу 30 сая долларын өртөгтэй болжээ. Үндэсний орлого нь алмааз олборлолтоос буй болдог ба Францын Ерөнхийлөгч Жискар де Эстэныг өөрийн ах гэж үздэг тул нэг удаа Парист айлчлахдаа түүнд атга атгаар нь очир алмааз бэлэглэсэн байна. Харин Жискар авсан алмаазаа бүгдийг нь улсын санд тушаагаагүй, хагасыг нь хармайндаа авч үлдсэн байх гэсэн сэжигт өртөн дараагийн сонгуульд ялагдсан билээ. Бокассогийн хувийн хувцасны үйлдвэрээс дүрэмт хувцсыг нь шаардсаны дагуу авах мөнгөгүй болсон тул Эзэн хаан эгдүүцлээ илэрхийлж 1978 онд 40 хүүхэд хороов. Бас баахныг шоронд хорисон байснаа өөрөө оролцож байгаад 30-40 хүүхэд нэмж устгалаа. Жискар түүн рүү өөрийн зөвлөхийг илгээж, хаан ширээгээ суллахыг зөвлөсөнд Бокассо түүний толгой дундуур модоор татаад авчээ. Ингээд Парисаас аргагүйн эрхэнд ганц онгоц цэрэг илгээн түүнийг зайлуулж түрүүнд нь зайлуулагдсан Дакког дагуулж ирээд хуучин тушаалд нь тавив. Хүний мах иддэг овгоос гаралтай Бокассогийн хөргөгчнөөс нөөж тавьсан хүүхдийн шинэхэн мах овоохон хэмжээгээр олдсон аж.
Гвинэйн Eрөнхийлөгч–дарангуйлагчаар олон жил ажилласан Сэкү Түрэ бол Бокассогоос арай дээр, гэхдээ Ливийн хувьсгалын удирдагч Каддафи түүнээс дээрдэх юмгүй. Асар их газрын тосон дээр суудаг тул мөнгө төгрөгөөр дутахгүй учраас олон улсын терроризмоор хичээллэдэг байсан. Тэрээр Венад болсон ОПЭК-ийн хуралд ингэ дагуулж ирчихээд түүндээ тусгай өрөө гаргаж өгөхийг шаардаж бөөн хэл ам таталсан байна. Учрыг нь лавлабал ингэний сүүгээр эмчилгээ хийлгэж байгаа ба түүнээ таслахгүй гэж байгаа ухаантай юмсанж. Олон улсын нэг уулзалтан дээр өрөөсөн гартаа хэргээр хар бээлий хийчихээд түүгээрээ мэндчилж байсан ба жүүд үндэстэнтэй барилцсан бузар гаруудад хүрэхгүй хэмээн ийм арга хэмжээ авч байгаагаа тайлбарлаж байв.
Африкийн Ерөнхийлөгч–дарангуйлагч–алуурчдаас хамгийн сургамжтай, цуутай нь “маршал” цолтон Иди Амин юм. Түүнээс гадна хамгийн эмгэнэлтэй нь, юу гэвэл Африкийн хамгийн баялаг сайхан орныг энэ нөхөр бүрэн баллаж тавьсан билээ. Энд 1908 онд ирсэн Британийн колонийн яамны орлогч сайд Винстон Чөрчилл Угандыг газрын диваажин гэж нэрлээд ертөнцийн хамгийн тансаг газар болно гэж зөгнөж байв. Британийн Ерөнхий сайд Макмилланы Африкийг нэг мөсөн өөрсдөд нь хүлээлгэж өгөх хөтөлбөрийн дагуу 1963 онд Уганд улс үүсэж тэндхийн хамгийн боловсролтой омог Багандагаас гаралтай Кабаки Ерөнхийлөгч болов. Лалын шашинтай гэгдэх умардын Каква, Нуби овгийнхон олзолсон хүнийхээ цусыг сордог, элгийг иддэг заншилтай бол “боловсролтой”, загалмайн шашинт Баганда овгийнхон зөвхөн террор харуулж айлгахын тулд л бөөнөөр нь алж чаддаг аж. Ерөнхий сайд Милтон Оботэ 1967 онд Амины тусламжаар Кабакийг хөөсөн ба дараа нь өөрөө Аминдаа хөөгдөхөд хүмүүс харгислах нь түрүүчийнхийгээ бодвол арай гайгүй болов уу гэж талархан угтаж байжээ.
Бөөгийн шашинт удганы хүү, асар том биетэй Иди Амин 16 настайдаа лалын шашинд орж Каква, Нуби зэрэг махчин овгийнхныг түших болов. Колонийн цэрэгт орж боловсролгүй боловч ахисаар түрүүч болжээ. Кэнид малын хулгайтай тэмцэж явахдаа 8 хүний бэлэг эрхтэн огтолж хаясан хэрэгтэйгээр муу нэрээ дуурсгаж эхлэв. Мөн нэгэн тосгоны 20 тариачныг өөрийн гараар цавчиж алав. Тусгаар тогтнол олгохын өмнөхөн элдэв шуугиан үүсгэхгүй гэж шийдсэн англи офицерууд түүнийг Ерөнхий сайд Оботэд хүлээлгэн өгчээ. Мангар том биетэй энэхүү зэрлэг эр лал омгийнхныг татахад хэрэг болно гэж үзсэн Оботэ түүнийг шатгүй дэвшүүлэн хурандаа болгов. Тэрээр удахгүй арми командлах болов. Армиас 2.5 сая фунт стерлинг ор сураггүй алга боллоо гэж нэг өдөр Сангийн сайд нь матахад Сингапур явах гэж байсан Ерөнхий сайд хаашаа мөнгө алга хийснээ ирэхэд нь илтгээрэй гэж Аминд хэлээд нисжээ. Энэ бол төрийн эргэлт хийхийг зөвшөөрсөн “уриалга” байлаа. Оботэ нь жүүд зөвлөгч нартай учраас түүнийг үзэн ядсан Ливийн Каддафи, Палестины Ясир Арафат нар Аминыг төрийн эргэлт хийхэд тухирчээ.
Амины засаг эхнийхээ өдрөөс расист бодлого явуулж Ланги, Ачоли хоёр омгийг хүйс тэмтрэв. Танзанитай байлдахаар шийдэн Израилиас тусламж гуйгаад татгалзсан хариу сонссон тул Каддафид түшиглэсэн лалын–арабын бодлогоо гүйцэтгэж эхэллээ. Угандын хүн амын ердөө 5-хан хувь нь лал шашинтан аж. Гэвч Каддафи мөнгө өгч, палестины террористууд биеийг нь хамгаалж байсан тул тэрээр удаан тогтсон юм. Сүүлд олдсон Засгийн газрын протоколд “аль ч сайд өөрийн амь насанд аюул учрах нь гэж бодох юм бол цаад этгээдийг шууд алах эрхтэй” гэж заажээ. Үнэндээ сайд нар цаад этгээдүүдээс биш, харин Аминаас үхтэлээ айна. Учир нь тэрээр тэднийгээ ямар ч шалтгаангүй алж хядаж эхлэв. Зарим нэг зугтааж гарсан сайд нар энэ тухай Африкийн төрийн тэргүүн нарт бичиж хэлж байсан авч хэн нь ч тоосонгүй. Шүүх яам, ГЯЯ-ны сайд, улсын тэргүүн хамба нарыг шоронгоос шууд дуудаж авчраад гэгээн цагаан өдрөөр өөрийн биеэр хороов. Садист маягаар алж устгах нь түүний хобби. Эхнэр Тэрэсагаа хэрчээд жиргэчихсэн байхыг нь харсан хүн бий. Үзмэрч нь зөвлөсөн учраас хүүгээ алаад зүрхийг нь сугалан иджээ. Хоригдлыг зугтаалгаад буудах, өмд рүү нь гранат хийх зэрэг зүсэн зүйлийн юм өөрөө бодож олно. Сүүлд түүний хөргөгчнөөс хүний мах ихээр олдсон. Зөвлөлт маягийн, сталинч маягийн дэглэмийн бүдүүлэг, шоглосон хэлбэр нь Амин юм. Тэрээр Сталинтай адил хоорондоо өрсөлддөг аюулаас хамгаалах алба давхар байгуулж хооронд нь яс хаядаг байжээ. Амины дэглэм нь африкийн примитивизмийн илрэл төдийгүй 1970, 1980-аад оны Африкийн үнэн байдлын толины тусгал байсан юм.
Амин 6 жил аллага хийсний хариуцлагыг НҮБ болон Африкийн Нэгдлийн Байгууллага (АНБ) хүлээх ёстой юм. Каудилло нар биенээ дэмжих ёстой гэдэг латин америкийн зарчмаар Африкийн ихэнх орноос Амин дэмжлэг авч байсан. Хэдийгээр зугтсан сайд нар нь аллагын тухай тодорхой хэлж байсан боловч Угандын нийслэл Кампалад болсон АНБ-ын дээд хэмжээний уулзалтад гурваас бусад удирдагчид нь очжээ. Очоогүй хүний нэг нь Нерьерэ ба тэрээр ёс суртахууны талаас биш, харин өөрөө Амины түрэмгийллээс айж байсанд учир бий. Цугласан Ерөнхийлөгч нар түрүүчийнхээ эхнэрийг алж идчихээд шинийг авч буй Амины хуриманд баяр хүргэж, 4 цагаан арьстан “бизнесч” Аминыг жуузтай нь өргөн, хойноос нь нэгэн швед хүн шүхэр барин алхахыг хараад бүгд хөгжилдөн алга ташиж байлаа. Виктори нууран дээр тавьсан “ӨАБНУ”, “Капштаат” гэсэн бичигтэй байг Угандын нисэх хүчин үзүүлэн тоглолт маягаар бөмбөгдөхийг хараад Ерөнхийлөгч нар алгаа хорстол ташиж байлаа. Гэм нь нэг ч бөмбөг байгаа оноогүй учир төлөөлөгчдийг явсны маргааш Амин нисэх хүчний командлагчаа өөрийн гараар цааш нь харуулжээ. АНБ Аминыг 1978 он хүртэл магтдаг байсан ба харин унасных нь дараа ам уралдан муулах болжээ.
НҮБ-д Африк–Ази–Арабын бүлэг дээр Зөвлөлтийн бүлэг нэмэгдээд олонх болдог тул Амин тэнд баатарт тооцогддог байв. 1975 оны намар АНБ-ын тэргүүний хувьд Амин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ америк–сионистын дээрэмчдийг бут шүүмжлээд жүүд нарыг Израилийн нутгаас хөөж гаргах төдийгүй устгахыг шаардаж байлаа. Үг хэлэхээр түүнийг орж ирэх, үг хэлж байхад, дуусаад гарахад НҮБ-ын том танхим алга ташилтад дөжирч байв. Маргааш нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Аминд зориулж зоог барьсан байна. Угандад хүний эрх ноцтой зөрчиж буй тухай оруулсан тогтоолын төсөл НҮБ дээр мөнөөх африкийн ба зөвлөлтийн бүлгийн харгайгаар дэмжлэг аваагүй төдийгүй, Британийн хамтын нөхөрлөлийн орнуудын уулзалтан дээр ч дэмжлэг хүлээгээгүй юм. Ийнхүү хар нь харыгаа алж устгах нь НҮБ-ын асуудал биш гэж үзэж байсан Хаммаршөлдийн ёс суртахуунгүй үзэл энэ байгууллагын баримтлах сургаал болсон аж. Зөвхөн Аминыг унасны дараа л НҮБ-ынхан түүнийг танхимд орж ирэхэд алга ташдаг нь “шоолсон”, түүний аллагын нөгөө нэг буруутан нь бас империализм юм гэсэн янз бүрийн ичгэвэргүй тайлбар гаргаж иржээ.
Амины дэглэмийн эсрэг “цогт тэмцэгч” Нерьерэ, Оботэ нар Танзанийн “чөлөөлөгч армийг” удирдсаар Угандад орж ирэхэд энэ орны зовлон дуусаагүй юм, учир нь чөлөөлөгч нар нийслэл Кампалаг танигдахгүй болтол нь тонож дээрэмджээ. Амин өөрөө лалын ертөнцөд зугтаан Ливид хэсэг орогнож байснаа Саудын Арабт очоод тэндээ ясаа тавьжээ.
1997
Сэтгэгдэл (0)