Баабар: Их хядлагын дүгнэлт

Аллагын дараах тооллого

Чойбалсан дараа нь аллага гардан явуулсан хүмүүсээ бүгдийг нь баривчлан хядаж эхлэв. Яаж ч бодоод энэ бол түүний өөрийнх нь зохиож бодсон махинаци биш. 1934-1938 онд СССР-т Сталины зохион байгуулсан их аллагын бурууг Ягода, Ежов нар үүрэн гарч, гажуудал хэлмэгдүүллийг засч буй байдал гарган Сталин өөрөө нэрээ цэвэрлэсэн шиг тэр л махинацийн монгол хувилбар гэхээс өөрөөр дүгнэлтгүй.

 

Чойбалсан шалгалтаа сайн өгч үнэхээр өөрт нь үнэнч хүн гэдгээ харуулсан тул одоо монголчуудын дунд түүний нэрийг цэвэрлэж өргөх хэрэгтэй байлаа. Чойбалсанг аллагад буруутгалаа гэхэд Сталинд нөөцний өөр хүн байсангүй. Иймээс ч түүнийг ид аллагын үеэр өөр дээрээ дуудан зориуд хол хөндий байлгасан байж болох юм.

 

Хоёрдугаарт Сталин хэтэрхий олон гэрчтэй байх хүсэлгүй, энэ бол түүний яс махны зөн совин. Иймээс хойно аллагыг гардсан НКВД-гийнхнийг хар хэргийн гэрч болохынх нь хувьд бүрэн цэвэрлэсэн лүгээ адил Монголд ч ингэж хандахаас өөр аргагүй. Иймээс юун түрүүн харж ханддаг хүмүүсээ яаралтай солив. 1939 оны гуравдугаар сард Чойбалсанд шинэ сургагч Михаил Глазков, Александр Милицин нар томилогдон ирж, мөн зүсийг нь хувиргасан чекист И.А.Ивановоор нэр муут М.Голубчикийг солилоо. Голубчикийг баривчлаад нутагт нь аваачаад буудчихсан. Ингэхээр Глазков нар нийтийг хамарсан хядлагыг зогсоох, гардан хийсэн амьд гэрчүүдийг устгах ажлын удирдамжтай ирсэн бололтой. ДЯЯ-ны улсын хэмжээний зөвлөлгөөн дөрөвдүгээр сарын 20-нд хийнэ гэж дөрөвдүгээр сарын 4-нд орон нутагт цахилгаан илгээлээ. Хамгийн хачирхалтай нь үг цахилгаанд “Онцгой бүрэн эрхт комиссоос буудан алахаар шийдвэрлэсэн хүмүүсийг миний тушаал очтол гүйцэтгэхийг зогсоосугай”[1]гэжээ. Зөвлөлгөөн ямархуу чиглэлтэй, юун тухай ярих ёстой баримжааг шинэ сургагч Глазков гаргаж өглөө. Шинэ сургагчаас Гэндэн-Дэмидийн хэрэг, хар, шар феодалыг устгах нь зөв байсан боловч хамаагүй хэтрүүлж гэмгүй амьтдыг хэлмэгдүүлсэн байна гэсэн түүхэн дүгнэлтээ гарган, үүнээс болоод “улаан Орост Монголын ард түмэн хядуулж байна” гэсэн эсэргүү ойлголт бүхий яриа цуурхал дэлгэрч байна гэж анхааруулаад, энэ бүхний хариуцлагыг өөрийнхөө түрүүний сургагч Кичиков, ДЯЯ-ны орлогч сайд Насантогтох нарт тохов. Эндээс гарах энгийн логик бол жинхэнэ сайд Чойбалсан яг болдоггүй хүмүүсийг алахад нь байсан боловч хамаагүй хэтрүүлж хэлмэгдүүлэх үед нь эзгүй байсан, Москвад сууж байсан, мэдээгүй байсан! 

 

Үнэндээ Чойбалсанг эзгүй байх 1938 оны наймдугаар сараас 1939 оны гуравдугаар сар хүртлэх богино хугацаанд аллагын хурд эрчимтэй нэмэгдсэн нь ийм жүжиг тоглохын тулд Кремлиэс бэлдсэн зориудын явуулга байх. Энэ хооронд 5 мянга 221 хүнийг хэрэгт холбогдуулан 4516-г буудан хороож, 705 хүнийг 10 жил хорихоор шийтгэжээ.[2]

 

Тэр дороо шийдвэр гарч Насантогтохыг ажлаас нь халан, зарим махчинг шүүхэд шилжүүлснээр үл барам Онцгой бүрэн эрхт комиссыг татан буулгалаа. Монголын ард түмэн аймшигт яргаллаас түр ч болов чөлөөлөгдлөө. Энэ комиссын тогтоолоор хоёр жил хүрэхгүй хугацаанд 20 мянга гаруй хүн буудуулсан боловч шүүхийн тогтоолгүйгээр хэд алагдсаныг хэн ч мэдэхгүй. Нарийвчилсан байтугай бүдүүвч тоо ч гаргах аргагүй биз ээ. Засаг төрөө дээдэлдэг, төрдөө үнэнч байдаг уламжлалтай монголчууд хоёр мянга гаруй жилийн бүх түүхэндээ төрдөө ингэж яргалуулж үзээгүй юм. 1939 оны эцсээр Чойбалсан өөрийн үйлдсэн нүглийнхээ тооцоог гаргаж үзжээ.

 

Тэрээр тэмдэглэлийн дэвтэртээ: 29 оны (1939) арваннэгдүгээр сарын эцэс болгож гаргасан бүх лам нарын тоо 20 356. Үүнд дээд лам 600, дунд лам 3 174, доод лам 13 120. бүх хуучин байсан сүм хийд 797. 27 оноос 29 оны арваннэгдүгээр сар (1937-39) хүртэл бүх баривчлагдсан хүмүүс 56 938. үүний дотроос бүх буудагдсан хүн 20 396. Жич: эдгээр баривчлагсдын дотроос 17 335 нь  лам нар болно…[3].

 

Хожим 1998 онд Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсэдийн дурсгалын мүзейгээс судалгаа тооцоо явуулаад 1937-39 онд Улсын дээд шүүх, Онцгой бүрэн эрхт комисс, Цэргийн коллегийн комиссын шийдвэр тогтоолоор 28 185 хүнийг буудан хороосноос лам 17 612, албан хаагч 777, цэргийн дарга 412, цэрэг 305, буриад 2 966, хасаг 552 гээд үүн дотор 70-аас дээш насны хөгшчүүд 1 129 гэсэн тоо гаргаж ирсэн байна[4]. Мэдээж энд тооцоонд ороогүй алагдсан үй олон лам нарыг тооцоолох аргагүй учир хядлагын ерөнхий баримжааг л илэрхийлж чадах юм. Ер нь нийт алж хядахаар төлөвлөсөн хүний бүртгэлийг ДЯЯ-аас 1938 онд гаргасан тушаалд тэмдэглэхдээ:

 

Лам нар  68 386

Хар феодал, тайж нар  900

Цагааны үлдэгдэл, оргодол буриад  7 000

Хятад (худалдаачин, жижиг үйлдвэрлэгч, контрабанд хийгчид)  9 624

Эдгээр нийт дайсан   88 110 гэжээ[5].

 

Энд мөн хядлагад олноороо өртсөн төрийн болон нам, эвлэлийн зүтгэлтнүүдийн тооцоо ороогүй учир алуурчид “ардын дайсны” тоог хэдээр багцаалж байсныг гаргахад учир дутагдалтай байна. Сталины ойлголтоор Монгол нь их аллагын дараа ангигүй, шашингүй нийгэм болсон ба өөрөөр хэлбэл “туршилт” амжилттай болж коммунист нийгэмд дэвшин орох үндсэн бэлтгэлээ ийнхүү хангасан авай. Энэ орон одоо шашнаас бүрэн “чөлөөлөгджээ”. 1937-1938 онд сүм хийдийг эвдлэн сүйтгэж нураах кампани улс даяар өрнөсөн юм. Монголд байсан 800 шахам сүм хийдийн зургаан мянга гаруй барилга байгууламжийг газартай тэгшилсэн билээ. МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн 1937 оны арванхоёрдугаар сарын 27-ны хурлаар Догсомын саналын дагуу Гандангийн урд голын Цагаан сүм, Зүүн хүрээний Шар орд, Дэчингалавын дацан, Очирдарийн сүм зэргийг үлдээн лам нарын гар үйлдвэрлэлийн нэгдэлд ашиглуулахыг санал болгоод хэрхэх тухай заавар өгч гүйцэтгүүлэхийг Чойбалсанд даалгажээ. Мань хүн үүнийг эс зөвшөөрөн бүгдийг нь нураах шийдвэр гаргав. Гандангийн гол сүмүүд, Мэгжид Жанрайсагийн сүм, Чойжин ламын орд зэргийг Зөвлөлтийн цэргийн штаб, хуаран байрлуулахын тулд арай танагтай үлдээсэн юм. 

 

1934 онд хүрээ хийд дуган нийт 771 байсан бол 1938 онд 760 нь хаагджээ[6]. Энэхүү олон сүм хийд гээд байгаа ойлголтонд 1 229 дацан, 2 887 хурлын дуган сүм орно[7]. 767 сүм хийдийн 5 953 барилга байшин байсан гэсэн тоо ч бий[8]. Барилга байшин гээчийг үл тоомсорлодог, барьдаггүй, барьж чаддаг ч үгүй нүүдэлчний хувьд энэхүү устгаж сөнөөн газрын хөрстэй тэгшилсэн 5 000-6 000 барилга нь Монголын нутагт байсан бүхий л шавар тоосгон байгууламж бараг тэр чигээрээ юм. Эвдлэн сүйтгэх ажиллагаанд мөн л залуучуудыг хамгийн түрүүнд ашиглан дайчилж, дунд нь “хувьсгалт уралдаан” зарлан шагнан урамшуулж байв. Дундад зууны үеийн Азийн уран барилгын шидээвэр болсон Эрдэнэзуу, Амарбаясгалант зэрэг сүм дуган хүртэл балмад явдлын золиос боллоо. 

 

Сүм хийдийн үл хөдлөх хөрөнгө болон мал сүргийг улсын орлогод хураан авсан ба бурхан тахилаас нь аль өөдтэй өнгөтэй алт мөнгөн болоод урлагийн үнэ цэнэтэй бурхан тахилыг зөвлөлтүүд нутаг руугаа зөөж үлдсэн ихэнх хэсгийг нь газар дээр нь эвдэн устгав. Зөвхөн давын өмнө ашиглаж болох алт эрдэнэс, мал хуйг нь дээрэмдээд үлдсэнийг нь устгасан гэсэн үг. Зөвхөн 1937 онд 233 847 биет төгрөг, 5 916 килограмм алт, мөнгө эрдэнэс, 336 734 мал хураасан гэсэн бүрэн бус мэдээ байгаа ба зэс, гуулин эдлэл 566 машин болж байжээ[9]. Гэтэл их аллага, түүнийг дагасан дээрэм тонуул улам гаарсан 1938 онд үүнээс ч их юм хураагдаж, устсан болов уу. Монголчууд хэдэн зуун жил ном барлаж ирсэн ба тэр бүхэн сүм хийдэд агуулагдаж байсан нь их хийрхлийн нэгэн золиос боллоо. Гитлер, Сталин нар номд дайн зарлахдаа өөрийн үзэл сурталд таараагүйг л шатааж байсан бол Монголд бараг л ном болгоныг устгаж шатааж байлаа.

 

Үүнээс хойш аллага тасраагүй боловч гол төлөв хар хэргийн гэрч устгах чиглэлээр явагдлаа. Наймдугаар сар хүртэл баривчилгаа явагдаж Насантогтох, Баясгалан, Дашзэгвэ, Лувсандорж гэх мэтийн ДЯЯ-ны аллага үйлдэгчдээс гадна МАХН-ын Төв Хорооны дарга Лувсаншарав, УБХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Ардын Намын анхны 7-гийн нэг Д.Догсом, МАХН-ын Хянан байцаах төв комиссын дарга, мөн анхны 7-гийн нэг Лосол нар баривчлагдан Москва руу ачигдав. 1939 оны зургадугаар сарын 13-ны өдөр Чойбалсан тэмдэглэлийн дэвтэртээ “Төв. Зөвлөхөөс надад ярилаа” гээд хэдэн зүйл бичсэнээ дугаар тавиад Лувсаншарав, Галиндэв, Догсом, Пүрэвдорж, Даншийцоодол гэж бичжээ[10]. Удалгүй тэд бүгд баривчлагдав. 

 

Алуурчдын цадиг

 

Доргижавын Лувсаншарав багадаа Мөрөнгийн хүрээнд лам байснаа 1928 онд КУТВ-т суралцан коммунист болжээ. “Баруун оппортунистыг” цохих кампанит ажилд оюутны дайрах багт идэвхтэй оролцсон учир Төв Хорооны Тэргүүлэгч гишүүнээр шагнуулав. Шинэ эргэлтийн бодлогоор Төв Хорооны адил эрхтэй гурван нарийн бичгийн даргын нэг болсон байна. Гэвч Лхүмбэ хойтон жил нь хэрэгт холбогдоод Москвад ачигдсан ба Элдэв-Очир эсэргүү намнаж яваад машинаас унаснаас болж хүзүүгээ булгалаад Москвад эмнэлэгт удтал хэвтэж байгаад тэндээ үхсэн тул Лувсаншарав баривчлагдах хүртэлээ үндсэндээ МАХН-ын хамгийн том хүн байв. Энэ хүнд Гэндэнгийн үед овойж оцойтол тодорсон юм юу ч байсангүй. Ерөнхийдөө тоогддоггүй байсан бололтой. Гэхдээ тэрээр Гэндэнтэй үргэлж арсалдаж, байнга шиншлэн ил шүүмжилж, далд матаж явдаг байв. Гэндэн түүний эхнэртэй унтаж байгаад баривчлагдсан тул хоёул нэлээд шуугиантай зодолджээ. Гэндэн, Довчин нар Зөвлөлтийн 200 мэргэжилтэнг аргалаад буцаачихсаныг Монгол-Зөвлөлтийн найрамдлыг эвдсэн хэрэг болгон Лувсаншарав их том зарга үүсгэж байжээ. Харин Гэндэн урдаас нь “Тэр 200 мэргэжилтнийг буцааснынхаа хүчинд би Сталинаас Аж үйлдвэрийн комбинатыг авсан юм шүү”[11] гэж сайрхжээ. 

 

Анхны алдарт “7-гийн” хамгийн даруу гишүүн Догсом мөн найзынхаа гарт өртжээ. Догсомыг Чойбалсан өөрөө баривчилсан бололтой[12]. Хэдийгээр энэ хоёр хамтарч түүхийн ном бичсэн боловч, их аллага эхэлснээс хойш хоорондоо тааруухан болчихоод байв. Үүнтэй хамт Чойбалсангийн дотнын нөхөр Лосол мөн баривчлагдан Москва руу ачигдлаа. Баривчлагдахын урьд өдөр Лосол, Чойбалсан хоёр удтал ярилцсан гэдэг. Догсом, Лосол, Лувсаншарав гэсэн дээрх гурван даргыг бүгдийг нь Оросын чекистүүд Люфертово шоронд буудан алсан юм. Үүнээс хойш Дэлхийн II дайн дуустал баривчилгаа, аллага үргэлжилсэн боловч их аллагатай харьцуулахын аргагүй нам жим, “даруухан” болж өнгөрчээ. Ийнхүү Чойбалсан Сталины илгээсэн 30 мянган сумыг захиалгат хүссэн байнд шигтгэж дууссан юм. Чойбалсанг Сталин 1940 онд Лениний одонгоор шагнав. Энэ бол түүний үнэнч зүтгэлийг өндөр үнэлсэн хэрэг байлаа. 

 

Чойбалсан өөрөө хэн байв? Алуурчин, садист, цусанд дуртай нэгэн байв уу? Эсвэл хийж байгаа юмандаа яг таг итгэчихсэн гэнэн тэнэг байв уу? Өөрөө алуулахаас айгаад нүд анин бусдыг алж явсан аймхай нэгэн үү? Эсвэл Монголын тусгаар тогтнолыг авч гарах үүнээс өөр арга алга гэж үзээд энэ их нүглийг хийв үү? Аль алин нь энэ хүнд холилдож байсан бололтой. 

 

Юун түрүүн амиа бодвол түүнд үүнээс өөрөөр байх арга байгаагүй юм. Хэрэв Чойбалсан аллага гардан хийхгүй юм бол өөр хэн нэг монгол нь хийж л таараа. Чойбалсангийн хоёр жил цусанд нь живүүлсэн энэ орон бол тоглоомын улс. Энэ орон системийн хувьд Сталины толгойлсон аймшигт дарангуйллын тогтоцын салшгүй нэг хэсэг байсан юм. Тиймээс хүний түүхэнд гарсан нэн аюумшигт мангасын өөрийн дарангуйлж буй тогтоц дотроо зохион байгуулсан их аллагад түүний бүрэлдэхүүн хэсэг болсон Монгол хамрагдахгүй байх аргагүй. Коммунизм өөрөө зөвхөн аллага таллага, хүчирхийлэл, сүрдүүлэг, олныг хамарсан аймшиг дээр тогтдог нийгмийн байгуулал учраас Сталин хүчирхийлэл үйлдсэн нь жам ёсны хэрэг байлаа. Сүүлд Сталин болоод СССР-ээс хамааралгүйгээр буй болсон бусад коммунист дэглэм ч мөн л олныг хамарсан аллага хүчирхийлэл явуулсан нь үүний баталгаа мөн. Хятад, Хойд Солонгос, Хойд Вьетнам, Куба, Лаос, Камбож, Этиоп, Албани, Унгар, Югослав зэрэг олон оронд урт богино хугацаагаар тогтнож байсан коммунист дарангуйлагч дэглэмүүд 1930-аад оны Монгол шиг СССР-ээс нэн хамааралтай биш байсан боловч аюумшигт хүчирхийлэл дээр дэнжигнэн тогтож байсан нь цаад нийгмийнх нь жам ёсны үзэгдэл юм. 

 

Иймээс Монголд коммунист маягийн дарангуйлал тогтнож л байснаас хойш аллага гарцаагүй зүйл байв. Харин ч аль хэдийнээ нөмрөх байсан их аллага хүчирхийллийг Цэрэндорж, Жадамба, Дамбадорж, Амар, Гэндэн, Дэмид нарын Монголын удирдагчид ямар нэг хэмжээгээр чадах чинээгээрээ хойшлуулж чадсан. Бүгд үүнийхээ шанг хүртсэн. Иймээс Чойбалсанд, нэг бол эднийнхээ араас орж дараагийн “монгол Сталин”-ы (энэ үүргийг жишээ нь, Лувсаншарав маш амжилттай гүйцэтгэж чадах байв) гарт өртөгдөх, эсвэл өөрөө “монгол Сталин” болж аваад алаад байх гэсэн хоёрхон сонголт л байжээ. Хоёр дахь сонголтыг Чойбалсан аль 1933-1934 оны үед бусдаасаа өрсөөд хийчихсэн байлаа. Нэр төрд дуртай, өсөрхүү, төрөлхийн дарангуйлагчийн зөн билэгтэй хүний хувьд Чойбалсан өөрөө олон жил доош дарагдан Монголын төрийн хамгийн дээд удирдагад хүрч чадахгүй хоёр, гуравдугаар эгнээнд явсандаа ихэд хорсож байжээ. Иймээс өс хонзон санасан хүн түүнд мундахгүй олон байв. Тэрээр Гэндэн, Амар нарт хонзогнож, Дэмидэд атаархаж, олон дарга нартай шөргөөлцөж явжээ. Иймээс их аллагыг юун түрүүн өөрийн өс хонзон, атаархлыг тайлах хэрэгсэл болгосон нь тэр юм. Анхны алуулах ёстой 115 даргын нэрийн жагсаалт Фриновскийтай зохиож суухдаа л өөртэй нь таардаггүй, дургүйг нь хүргэсэн, шөргөөцөлдсөн хүмүүсийн нэрийг юун түрүүн багцалжээ. 

 

Түүнээс гадна урьдны залуугийн нүглийн гэрчийг устгахад ч аллагыг ашигласан байна. Аль 1921 онд дэд жанжин байхдаа цуутай дээрэмчин Мэнгэттэй сэжиг төрөм ойр дотно явсан төдийгүй хүж зул барин ах дүү бололцсон ба үүнийг нь мэдэх Сумьяагийн хошууны 2 дугаар хорооны цэрэг байсан партизануудыг их аллагын үеэр толгой дараалан устгажээ[13]. 

 

Эргэн тойрон энд тэндгүй дайсан, тагнуул дүүрчихсэн байгаа тухай бүхнийг хамарсан хийрхэл, төөрөгдөлд ч Чойбалсан нэлээдгүй автсан байлаа. Нийгмийн донсолгооны үед ийм хийрхэл хувь хүний болоод нийгмийн сэтгэл зүйд хэрхэн буй болдог тухай Камю Босогчид зохиолдоо[14] тодорхой гаргаж шинжилгээ хийсэн байдаг. Эргэн тойронд нь дайсан дүүрэн байгаа төдийгүй алхам тутамд нь өөрийг нь хорлож хороох гэж оролдож байгаа юм шигээр Москвагийнхан байнга анхааруулж байсан нь биенээ хардаж сэрдэх байгалийн зөнтэй монгол хүнийх нь хувьд Чойбалсанд их л нөлөөлжээ. Үүн дээр нь түүний төрөлхийн ойворгон зан нэмэгдэхээр юу болох нь тодорхой. 

 

Чойбалсанд Ленин, Сталин, Мао шиг аугаа том орны толгой дээр гарах, дэлхийг эзлэх гэх мэтийн том санаархал мэдээж байсангүй. Түүнд тусгаар тогтнолоо хамгаалах чадваргүй буурай жижиг орныхоо удирдагч болох тэмүүлэл л байсан ба энэ нь түүний хүслийн оргил нь юм. Энэ оргилдоо хүрэхийн тулд алж хядах хэрэгцээ ч байсан, зөвхөн түүнийхээ шанд хүсэлдээ хүрч болохыгоо ч тэр ойголж байсан. Гэвч тэр үндэстэн, арьстныг үл тэвчдэг расист биш. Түүнд тэр олон мянган хүнийг хядаж байх ямар ч хэрэг байсангүй. Гэвч нэгэнт л бараг сайн дураараа хядлага эхлэхэд оролцсон тул түүнээсээ эргэж гарах аргагүй байдалд өөрийн эрхгүй оржээ.

 

Их аллагын эхэнд тэрээр бараг л баяр хөөртэйгөөр алж эхэлсэн хүн. Учир нь, түүнд өш хонзонтой, атаархлыг нь хөдөлгөсөн хүн мундахгүй байв. Гэвч түүний өш санасан хүний тоо хязгаартай тул гэмгүй, танихгүй, сүүлдээ сайн таньдаг хүн, найз нөхдөө хүртэл хядаж эхэлсэн нь гарцгүй болчихсоных нь шинж юм. Тэрээр чөтгөрийн эргүүлэгт орчихсон байв. 

 

Хядлага өргөжих тутам түүний шийдвэрлэх үүрэг багасч, илүүтэй гар хөлийн үүрэгтэй болж байжээ. Түүний гарын үсэг зурсан олон тогтоол, заавар захидал зэрэг нь монгол хэл тааруутай хүн оросоос орчуулсан нь илэрхий байдаг. Эдгээр бичиг баримт эхлээд оросоор бичигдэж, дараа нь энэ үед олон байсан халимаг сургагч нар болхи орчуулгыг нь хийдэг байсан болов уу. Өөрөөр хэлбэл аллага цааш эрчимжих тутам түүнээс хамаарах хамаарал нь багасч байв. Чойбалсан зөвлөлтүүдэд ёс төдий л хэрэгтэй байсан болохоос, аллага зохион байгуулахыгаа тэд өөрснөө гүйцэтгэж байсан хэрэг. Тэрээр гарын үсэг л зурдаг тоглоомын улсын тоглоомын дарангуйлагч л аж. Чойбалсан нь Бүх холбоотын коммунист (большевик) намын гишүүн байлаа. Тэрээр Улаанбаатар дахь СССР-ийн Элчин сайдын яамны дэргэдэх намын үүрт харьяалагдаж, хуралд нь оролцдог дуулгавартай гишүүн байв. Чойбалсанг намын үүрийн хурлын хүндэт тэргүүлэгчээр байнга сонгоно. 

 

Гэхдээ алсан хүн, устгасан зүйлийнхээ тооцоог өөрийн гараар тэмдэглэлийн дэвтэртээ бичиж үлдээснээс үзэхэд тэрээр юу хийж байгаагаа өөрөө муугүй мэдэж байжээ. 

 

Хядлага өндөрлөсний сүүлд Москвад очиход нь Ворошилов нар цөөхөн хүн амтай монголчуудаас 30 мянгыг нь нэг амиар устгана гэдэг хэтэрхий хэрэг гэж Чойбалсанг зэмлэх байдал гаргажээ[15]. Өөрснөө шахаж шаардаж сүрдүүлж байж алчихаад буюу алуулчихаад дараа нь матрын нулимс унагадгийн учир юу вэ? Ердөө л түүхийн өмнө хариуцлага хүлээхгүй гэснээс өөр юу ч биш. Хожим Оросын судлаачдын тооцоолсноор Зөвлөлтөд болсон Их хядлагын золиосонд 12 мянган Монголын иргэн өртжээ[16].  180 сая хүн амтай СССР-т баривчлах хүний тоон хязгаарын 1937 оны долдугаар сарын 30-ы өдрийн тушаалаар 258 950 хэмээн тогтоосон нь нийт хүн амын 0,15 хувь болж байна. Гэтэл Монголд 800 орчим мянган хүн амын 57 мянга 938 (Чойбалсангийн өөрийн тооцоогоор), эсвэл 88 мянга 110 (ДЯЯ-ы “дайсан” хэмээн бүртгэснээр)-ыг нь баривчлагджээ. Энэ нь нийт хүн амын 7-11 хувь болж байна. Баривчлагдсан таван хүн тутмын гурвыг цаазлан хороожээ. Насанд хүрсэн эрэгтэйчүүдийн тав тутмын нэгийг алсан[17].

Баабар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай