МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны говь, зүүн бүсийн чуулган өндөрлөлөө

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны говийн болон зүүн бүсийн чуулган Дорноговь аймагт боллоо. Өчигдөр эхэлсэн бүсийн чуулганд 7 аймгийн 600 орчим эмэгтэй төлөөлөгч оролцсон бөгөөд чуулган хоёр өдөр үргэлжилж өндөрлөв. Чуулганы үйл ажиллагаанд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, СДМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар оролцсон юм.

Бүсийн чуулганд хөдөө орон нутагт нийгмийн бүхий л салбарт ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүдийн төлөөллийг оролцуулж, орон нутаг дахь эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал, шийдвэр гаргах түвшин дэх оролцооны асуудлыг хөндлөө. 

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганд оролцож, хэлсэн үгэндээ “Социал Демократ Үзэл баримтлал болон Жендэрийн тэгш эрхийн асуудал нь тэнцвэртэй нийгэм, тэнцвэртэй хөгжлийг бий болгодог.  “Шинэ сэргэлтийн бодлого” бол шинэ оролцоо, хандлага, бидний хамтын реформ. Үүнд эмэгтэйчүүд та бүхний оролцоо чухал. Монгол Ардын Нам шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна” гэдгийг тодотголоо.

Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах нь хүний эрх, жендэрийн тэгш эрхийг хангах чухал нөхцөлийн нэг болдог. Монгол Улс төр, хувийн хэвшлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлснээр “Дэлхийн эдийн засгийн форум”-аас гаргадаг “Жендэрийн ялгаатай байдлын индекс”-ээр нэг жилийн дотор 10 байр урагшилж, 153 улсаас 69-рт эрэмбэлэгдсэн. 

Чуулганд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Энхбаатар оролцож Монгол Ардын Нам болон Засгийн газрын бодлого зорилтын талаар танилцуулсан юм.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь ихсэх нь нийгмийн асуудлууд уян хатан байдлаар шийдэгдэх, төсвийн үргүй зарцуулалт буурах, нийгмийн сэтгэлзүй зөөлрөх зэрэг олон эерэг нөлөөтэй. Ийнхүү зүүн болон говийн 7 аймгийн эмэгтэйчүүд, жендэрийн тэгш эрхийн асуудлыг бүтэн хоёр хоног хөндөн хэлэлцэж цаашид хэрхэх ёстойгоо тодорхойллоо. 09 дүгээр сарын 16, 17-нд Орхон аймагт хангай болон төвийн бүсийн 9 аймгийн чуулган, 09 дүгээр сарын 23, 24-нд Ховд аймагт Баруун бүсийн 5 аймгийн чуулган зохион байгуулагдана. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)