Нэр муутай шүүхээ нэг талаас нь нүүрсчид, нөгөө талаас нь Л.Оюун-Эрдэнэ гөвшиж байна
- 2023-09-14
- Нийтлэл
- 2
Удахгүй “Нийт шүүгчийн чуулган” болно. Шүүгчид энэ чуулганаараа нэн тэргүүнд шүүхийн нэр хүндийг сэргээх, шүүхэд ирэх олон нийтийн итгэлийг нэмэх тухай хэлэлцвэл зохихоор байна. Учир нь хэдхэн шүүгчийн нэр холбогдсон асуудлаас болоод шүүх байгууллагын нэр хүнд гудайсаар байгааг шүүхийнхэн байтугай жирийн иргэд ч ойлгодог болжээ.
Үүний нэг нотолгоо нь уржигдар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх дээрх үйл явдал юм. Нүүрсний хэргээр ял төлөвлүүлж шүүхэд очсон хүмүүсийн шүүхэд гаргаж буй араншин, хандлага харагдлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг тус шүүхийн бүх шүүгчээр шүүлгэхээс татгалзав. Шүүх түүнийг нь хүлээн авсан. Ингэснээр уг хэргийн шүүх хурал хойшилсон. Гэхдээ дараагийн хурлын товыг гаргасангүй.
Үүний дараа Б.Ганхуяг “Шүүгч та АТГ-аас лавлагаа бичиг аваач ээ. Барьцаалагдаагүй гэдгийг чинь би яаж мэдэх вэ. Тэр лавлагаа ирж байж би танд итгэнэ. Надад жижиг ч гэсэн итгэл хэрэгтэй. Энэ итгэл байх юм бол үгээ хэлмээр байна. Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж байна. Энэ хэрэг дотор надтай холбоотой зургаан үйлдэл байгаа. Намайг болон бусад хүмүүсийг золиосолж байна. Улс төрийн золиос болгочихлоо.
Бид энд золиослогдоод, тэд тэнд тамгатайгаа, төртэйгөө үлдэж болохгүй. Нүүрсний том төслүүд байна. Ардах эзэн нь Т.Аюурсайхан юм уу. Энэ энд юу хийж суугаа юм бэ. Надтай найзалсны төлөө суулгаж байгаа бол бүгдийг нь аваад ир. 76-уулаа сууя.
Сүртэй яригдаад байсан оффтейк гэрээ, хил, гааль, нүүрсний тендер хаана байгаа юм бэ. Дараад үлдэх юм уу. Надад жорлонгийн хэрэг чихчихээд өөрсдөө ард нь үлдчих юм уу. Нүүрсний мөнгөөр санхүүжиж байгаа хэвлэлүүд гадаа байгаа. Иргэний хөдөлгөөнийхөн яаж санхүүждэг юм, яамдаас хэдийг авдаг юм. Би үүнийг яримаар байна. Гэхдээ би итгэдэг шүүгчдээ яримаар байна. Би 2007 оноос хойш энэ компанид ажиллаж байгаа. Надаас өөр нүүрсийг мэддэг хүн байхгүй. УИХ дээр яагаад надгүйгээр нүүрсний хэргийг яриад байгаа юм бэ. Нүүрсний гэх хэргээр 68 хүн баригдаад би ганцаараа үлдсэн. Намайг байлга байлга, би байж л байя. Намайг шоронгоос гаргавал маш олон хүний зүх зогсох гээд байна. Гадаа гаргаж, үг хэлүүлэхгүй байна. Үгээ хэлэх боломжгүй учраас ганц боломжоо энд ашиглаж байна. УИХ, Засгийн газар, нам, эрх баригчид, бүх хар масс над руу тэр чигээрээ дайрлаа.
Нэг нам,нэг улс ч дааж чадахааргүй гүтгэлэг доромжлол, үзэн ядалт дунд чив чимээгүй байлаа. Жагсаал зохион байгуулсан гэж есөн сар хорьчихоод дахиад байлгах юм уу. Тамгатай, төртэй үлдэхийн тулд тавьж байгаа жүжгийг чинь би мэдэж байна. Би энэ улсаас, нэг ч уурхайчнаас хулгай хийгээгүй. Би нэг ч хилс хэрэг хүлээхгүй” гэсэн нь шуугиан тариад байна.
Мөн ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан шүүхийн гадна хэвлэлийнхэнд “Энэ шүүх хуралдааны нүүрсний гэх хэрэгт надтай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй. Намайг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг хоёр үндэслэлээр яллагдагчаар татсан. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн гэх хүний санаанд оромгүй, төсөөлшгүй заалт байгаа. Шинэчлэлийн хороо нь 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Тэр хүртэл улс төрийн намын бугшсан асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх, ил тод болгохоор нэгдээд явж байсан. Үндсэн хуулиар хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үүний хүрээнд хүнийг тагнах, мөрдөх эрхгүй байдаг. Тэгэхээр энэ заалт нь хүнийг гүтгэн доромжилж харлуулж, олон сар хэлмэгдүүлж буй эрүү шүүлт юм. Оффтейк гэрээ, нүүрсний ачаа тээвэр гэх мэт нүүрстэй холбоотой олон асуудал яригдаж байсан. Түүнээс аль ч хэрэг нь энэ шүүх хуралдаанд байхгүй. Ямар этгээдүүд зохион байгуулж, ард нь байгаа гэдгийг харж болно. Би Таван толгой компанийн дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй байсан. Нүүрсний сонсгол дээр өөрийн биеэр оролцох хүсэлтээ гаргана" хэмээн ярьсан юм. Эдгээр н ь дээр хэлсэнчлэн шүүхийн нэр хүндийн асуудлыг давхар босгож ирэв. Олон нийтийн зүгээс ч “Нүүрсний хэргийнхэнд шүүх гологдлоо” гэх зэргээр даапаалж л байна. Гэхдээ энэ хэрэг дээр шүүх "хаданд хавчуулагдсан халиуны зулзага” адил л байна. Учир юу хэмээвээс нөгөө талд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүхэд шахалт үзүүлсээр байгаа юм.
Тэрбээр хоёр жилийн өмнө “Авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн” гэж байв. Улмаар өнгөрсөн оны аравдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож “Нүүрсний хулгайн эсрэг тэмцэнэ” гэдгээ зарласан. Арванхоёрдугаар сард Сүхбаатарын талбай дээр жагсаж байсан хүмүүстэй уулзаж “Засгийн газар нүүрсний хулгайг илчилж гаргаж ирсэн.
Энэ асуудлыг орхихгүй, үр дүнд хүргэхээр ажиллах болно. Хамгийн гол нь бид эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол ялагдана. Ард иргэд Засгийн газартаа дэм болж нүүрсний хулгайчидтай тэмцэхийг уриалж байна” гэсэн. Мөн “Би Ерөнхий сайдын хүрээнд, Үндсэн хуулийн хүрээнд ажиллах ёстой. Ерөнхий сайд шүүгчийг томилдоггүй. Үүнийг иргэд маань ялгаж салгаж ойлгоорой. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэргийг Засаг гаргаж тавьсан. Гэхдээ ихэнх асуудлууд шийдэгдэхгүй хугацаа удаж, замхарч байгааг гажуудал гэж харж байгаа. Бид Үндсэн хуулийнхаа эрх зүйн хүрээнд шүүхийнхээ шийдвэрийг дагахаас өөр аргагүй. Шүүх маань үнэн ажиллана гэдэгт итгэж байна” гэж байв. Түүнчлэн “Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж -чадах уу.
Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгчдийг хувааж авч болохгүй”, “Шүүх засаглал цэвэр тунгалаг байхгүйгээр шударга ёс тогтохгүй. Энэ талаар зургаа, долоон жил ярьж байна. Цаашдаа ч ярихгүй бол эздэдээ үйлчилдэг шүүх байсаар байна”гэж ярьсан. Одоо ч хөдөө аймгуудад ажиллахдаа шүүхийг шүүмжилсээр яваа ажээ.
Үүнээс гадна Б.Ганхуяг уржигдрын шүүх хурал дээрээс гарах үедээ “Ерөнхий сайд л намайг яллуулах гээд байна. Бусад нь хамгаалж байгаа” гэж хэлсэн нь тэнд байсан хүмүүст дуулдсан байгаа юм. Тийм учраас “Нэр муутай шүүхээ нэг талаас нь нүүрсчид, нөгөө талаас нь Л.Оюун-Эрдэнэ гөвшиж байна" гэх яриа гадуур тарьж эхэллээ.
Ө.Бааст
Сэтгэгдэл (2)
Сүүгий (202.126.89.52)
Тэр их хэмжээний нүүрс өөрөө штаж ууршиж алга болоогүй нь мэдээж. Нэгэнт үндэслэлгүй гэнэт хөрөнгөжсөн нь бүгдийн өмнө илт, хулгайд оролцсон нь баримт нотолгоотой байсан ч хулгай хийгээгүй болгож шүүгч нар цадаад өнгөрөх нь дээ янз нь. Шүүх гэж буруу замаар хөрөнгөжсөн луйварчдыг хаацайлж цайруулдаг л газар болж дээ.
Зочин (66.181.191.11)
Итгэх итгэл алга энэ 76 ерөнхий сайд шүүхэд!