Сумъяазавр!

СУМЪЯАЗАВР !

нэг. Улаанбаатарын сүүлчийн өдрүүд

Улаанбаатар бол хоногоо хүлээж байгаа байгаа хот аж. Яг л, амьдрах найдваргүй болсон хүний ар гэрийнхэнд халган ядан байж “За, дуулгах хүн байвал дуулгаж, уулзуулах байвал ирүүлсэн дээр дээ” гэдэг шиг мэдээг экспертүүд хэлжээ. 

          Гэхдээ “Улаанбаатар чинь шуударчихсан юм биш үү” хэмээн палхийтэл хэлсэнгүй. Их л тойруугаар, нийслэлийг түгжрэл утааг шийдэх хийгээд, төлөвлөлтийг жолоодлоготой болгох боломж бол байна. Гэхдээ сүүлчийнх. Хожимдоогүй гэдэгт бид итгэхийг хүсч байна. (Итгэхийг хүсч байна гэдэг бол мөн ч нохой үг шүү. Итгэлт баян эхнэртээ хаягдаад уйлж суугаа Галсанд “Чи энэ Долгорыг... за чадахгүй дээ, чадахгүй” гэдэг шиг аялга дуулдаж байгаа биз) Гадны экспертүүд ингэж дүгнэсэн байна. Үлгэрлэвээс, “Өвчтөн хорт хавдарт нэрвэгджээ. Маш их үсэрхийлсэн ч апираас хийвэл амь аврагдах найдвар байна” гэдэг шиг.

     Хэрвээ одоо л зориглоод хувьсгалын чанартай шинэтгэлийг Улаанбаатарт хийхгүй бол хожимдоно. Цаг алдвал юу ч хийгээд нэмэргүй. Газар олголт, хот байгуулалтаас эхлээд авто тээвэр, эрчим хүч гээд “хавдар үсэрхийлсэн” бүх салбарт мэс хүрэхээс өөр сонголтгүй. 

       Машины дугаар хязгаарлах, утаа бараг гардаггүй, эсвэл утаа нь энгийн нүдэнд харагддаггүй түлшээр хангах зэрэг нь нэмэргүй. Сэтгэлээ хуурсан, харилцан хууралцсан арга аж. Үлгэрлэвээс, хорт хавдар тусчихаадмэс ажилбар хийлгэхийн оронд өвчин намдаагчаар торгоох, бариач үзмэрчид найдах, зарааны үсээр домнох энэ тэртэй агаар нэг үйлдэл юм байна.  Иймээс, өнөөгийн авч байгаа арга хэмжээ Улаанбаатарыг аврах бус харин арай удаан үхүүлэх л засал төдий болж гэнэ ээ. 

     Улаанбаатарыг үхүүлчихгүйн тулд нийслэлд “мэс засал” хэрэгтэй. Өвдсөн хавдсан төдийгүй, хавдар үсэрхийлсэн салбаруудыг “тайрах”, нэлээн том мэс засал. Энэ хавдрыг уг сурвалж нь мэдээж авилга. Харамсалтай нь өнөө шөнийн хоног шилжих “0” цагаас эхлээд авилгаас татгалзлаа ч гэсэн хотын өвчин эдгэхгүй. Заавал мэс засал хэрэгтэй. 

     Ийм мэс заслыг хувьсгалын чанартай өөрчлөлтөөр л хийнэ. Хувьсгал бол нураалт. Бидэнд бүтээлч нураалт л хэрэгтэй байна. Нүүдэлчид бүтээхээс илүү нураагчид байсан тул амархан ч юм уу, гэтэл үгүй аж. (Эргэлзэж байвал “Монголчуудын барьсан хот” ба “Монголчуудын нураасан хот” гээд гүүгл- хайлт хийж үзээрэй). Сүүлийн үед үүнийгээ ойлгож, гэмшсэндээ ч тэр үү, юм хум нураалгах их дургүй, хэдэн жил болчихсон жорлонг ч болов түүхийн дурсгалд тооцож, “багын минь мочевин шингэсэн”ч юм уу, үндэслэлээр хамгаалах гээд байх болсон. (Савааг тэгшлэхийн тулд эсрэг тал руу нь мурийлгаад буцаадагтай төсөөтэй үзэгдэл юм уу даа)

   Буруу өрөгдсөн ханыг нураахгүйгээр тэгшлэх аргагүй. Буруубороолсон ясыгдахин хугалахгүйгээр зөв эдгээхболомжгүй. Яг түүн шиг буруу барилгажсан, жам ёсны өсөлтийн оронд хаван гүйсэн хот байгуулалтад бүтээлч нураалт хэрэгтэй болсон аж. Хаанаас эхэлж нураах ёстой гэдгийг түрүүчээс нь үер хэлээд өглөө. Энэ зуны үер бол байгалийн гамшиг бус, харин байгалийн анхааруулга, сануулга төдий. Үерийн ус “Би үүгээр урсдаг байсан, яагаад зам хаачихсан бэ? Миний замыг чөлөөлөхгүй бол хүчээ зузаатгаж ирээд өөрөө чөлөөлнө шүү” гэж хэлээд явлаа. 

Хавдрын мэс засал тайралт байдаг шиг Хотын аврал нь тодорхой утгаар, тодорхой хэмжээний нураалт байж таарна. Үүнийг хэн зориглох вэ, зориглолоо ч хэн эхлүүлэх вэ, хэн саатуулах вэ?

хоёр. Үхсэн болон үхэх хот.

-Улаанбаатар хоногоо тоолж байна ч гэх шиг, айн хэмээн хөх инээд тань хүрнэ үү? Инээх юм биш. Бас уйлах ч хэрэггүй. Учир нь уйлах нь тайтгарал болохоос аврал биш.. 

   Хот мөхдөг. Шинэ ч юм биш. Усан дороос, элсний гүнээс хаягдсан хотыг археологид бишгүйдээ л нэг олдог. Энүүхэн Орхоны хөндийдИх гүрний нийслэл асан Хархорумыг амжилттай малтаж л байна. 

    Мэс засал хойшилбол манай хот үхнэ. Хот үхэх нь хэвийн. Бид хот мөхөхийг үзээгүй ч багахан суурин үхэхийг бишгүй харсан, Зөвлөлтийн цэргийн орхигдсон хотхноос эхлээд. Жижигхэн л болохоос хот суурины мөхлийн жишээ захаас авам. Баруун чиглэлийн засмал зам ашиглалтад орохоос өмнө “Хөх эргийн гарам”, “Үнээн ус” гээд хоёр бяцхан буудал-суурин амилж байгаад нэг л өглөө хаягдсан даа.

     Хотын зах руу шинэ хорооолол баривал айлууд тийшээ нүүгээд түгжрэл арилна гэдэг худлаа. Хүмүүс түгжээн дунд ч гэсэн дэд бүтцээ дагаад бөөгнөрдөг. Яагаад, Шар хөвийн дөрөлжний цаанаас эхлэх хээр талд бус хотын төвийн автобусны буудал дээр ТҮЦ тавьж хөөгдөөд байгаа юм бэ? Хүн их хөлхдөг болоод тэр.

    Орон сууц бариад л байвал хүмүүс тийшээ нүүдэг гэж эртүүд хэн бүлтэрсэн байв аа? Арай өнөө хэн байсан уу, үгүй юу. Кайрын сүнстэй хорооллоос эхлээд Хятадын зарим бүсэд бариад хаягдсан эзгүй хотууд бишгүй. Египетчүүд 1952 онд хувьсгал хийгээд, түүнийхээ дурсгалд хотхон барьсан байгаа юм. Ядуу зүдүү ардаа цоо шинэ, хувьсгалт орон сууцанд оруулаад хагас коммунист диваажинд амьдруулах гэж. Тэгсэн чинь ядуус нь шинэ хотоо, орон сууцаа хаяад, Кайрынхаа хажуухан шарилын газрын бунхнуудад орогнох болсныг харж л явлаа.

гурав. “Орон зай” ба “Үл хөдлөх” үхэх цаг.

Бидний зарим нь “Улаанбаатар хотыг одоогийн Хархорин рүү нүүгээд сайхан болно” гэж хөөрөх юм. Хот нүүх чинь малчин айл гэрээ ачаад нүүхээс өөр, хөөш! 

 Чиний энд бүтээсэн бүхэн чинь эндээ үнэгүйдэн хаягдана. Хаусаа, хотхно обайтугаа гарааш, зогсоолоо аваад нүүх ямарч аргагүй. Долоон буудалд ч бай, Зайсанд ч бай хамаагүй чи нэг орон зай олоод авсан байгаа даа. Тэр чинь хаягдаад, цоо шинийг олох, бүтээх хэрэг гарна. Утаатай ч гэсэн, бөглөөтэй гэсэн нийлэлэлийн орон бүхэн үнэ цэнэтэй. Бас орлуулшгүй. 

   Хот хаягдахаар энэ бүхэн чинь үнэгүй болно. Засаж шинэчлэснээс, нураагаад барьснаас илүү хаяад явсан нь хямд тусна. Баруун Нарангийн хашаа байшингаас эхлээд,бага тойруугийн таван давхрууд ороодүнэгүй, бүүр огт үнэгүй хаягдал оромж болж үлдэнэ.

   Байшингаа зараад, хашааныхаа газрыг арилжаад, хуасаа түрээслээд явна гэдэг ойлголт байхгүй. Учир нь бүгд л зарах гэж байгаа. Тэгэхээр хаягдана. Шинэ хотод шинээр төвхнөх амаргүй. Энд утаан дунд, бөглөөн дунд олж авсан байр сууриа чи эргүүлж олох хэцүү. Олох байлаа ч цаг хугацаа их орно. Тэр хугацааг туулах ч бий, туулж барахгүй нь ч бий.

    Өнөөдөр нураалгахгүй үлдээх гээд байгаа тэр хороолол ч хаягдана. Тэр бүсэд ороогүй нь ч хаягдана.Хотын үхэл гэдэг бол хувь хүмүүсийн нийгэмд олж авсан орон зайн мөхөл, үл хөдлөх хөрөнгийн үхэл байдаг.

   Хэрвээ бид зориглоод өөрчилж чадвал хуучин авилгад идэгдсэн Улаанбаатарын сүүлчийн өдрүүдийг үдэж орхиод, шинээр төрөх шинэ Улаанбаатарын тооллыг эхлүүлнэ.

   Тэгж чадахгүй аар саархан засал хийсээр аргалсаар байвал Улаанбаатартайгаа бидний мөрөөдөл хамт үхэх болно. Тайван нойрсоосой л гэх байхдаа, ийм тохиолдолд.

 

дөрөв. Эдгэхийг хүсвэл өвдөхийг хүс!

 

Хотын хувьсгал гэхээр төр эргүүлэх юм биш. Бүх хүний ашиг тусын тулд бүх хүний эрх ашгийг хөндсөн үйл явцын утгаар нь хэлж байна. Үерийн зам дээр барилга барьсан, түүнийг авсан хэсэг ч зөвхөн хохирох юм биш. Шударга ёс угаасаа хохирол дагуулдаг. Хулгай баригдлаа хулгайч өөрийгөө хохирсонд тооцоод гомдоллодог шиг. 

 Харин “хувьсгалт мэс засал”оройтвол, иймээрээ үлдвэл үерийн зам дээр барилга авсан хүмүүс ч хохирно. Үлдсэн хэсэг нь ч хохирно. Над зах нь, үерийн ус саадтай таарахаараа улам хүчээ аваад тэлдэг тул аюулгүй гэж тооцсон хэсэгт ч хүрнэ. 

   Тэр цагт уг барилгыг барьсан хүмүүс нь зарсан мөнгөө өвөртлөөд “өгсөн авсандаа өлзий” болоод үлдчихнэ ч гэсэн юм ч байхгүй. Хүний оюун мартавч, хиймэл оюун юуг ч мартахаа байсан цаг. Амь нас, эд хөрөнгөөрөө нөхшгүй хохирсон хүмүүст зөвхөн өшөөгөө авах боломж л үлддэг, түүнээ авах нь ч олонтаа. Өшөө хорслоос зугтааж чадлаа ч насаараа айж, нуугдаж амьдрана. Үр хүүхэд нь овгоо солихгүй л бол элдвээр хэлүүлж, “бүүлийдүүлнэ”, үзэн ядуулна. Дэлхий агшаад гар утсанд багтчихсан тийм цаг, нуугдах газаргүй болтлоо давчидсан хорвоо.

  Зөвхөн газар олголт, барилгажилтын салбарын хорт хавдар, үсэрхийллийн тухайд гэхэд л иймэрхүү. Үүнээс салбарлаад хот замгүй үлдсэн. Бас утаатай зууралдсан.

    Түгжрэлгүй замаар сүнгэнэтэл давхихыг маш их хүсч байгаа ч бид өөрсдөө бөглөөний нэг хэсэг. Өмнөх машинаа жолоочтой нь хамтаар чи харааж байгаа бол арын чинь жолооч чамайг “жаргах замын садаа” гэдэгт итгэж яваа. Бид цөмөөрөө нийлээд бөглөөс. Би явахгүй өнжиж гэмээнэ чи хагас бөглөрөөнд арай шуурхай явж,чамайг өнжсөн өдөр би арай чөлөөтэй байх боломжийг туршиснаа “тэгш сондгойгоор явах” хязгаарлалт гэж байна. Гэтэл, хоёулаа өдөр болгон бөглөрөөнд саатахгүй явмаар байдаг. Учир иймд, бөглөө арилгахад гарах хохирлыг чи бас хуваалцана. 

   Утаа бас дундынх. Утаанаас салах процесст ч бид өртөнө. Чи бид хоёр бас утааны нэг хэсэг .Утаа арилахад явцад чи ч, би ч бас жаахан хорсоно. Гэхдээ энэ нь “би хохирохгүй бол юуны хамаа” гэж яваад “хоттойгоо үхэх”-ээс дээр. 

   Яг л нүүрсний мафитай хийх тэмцэх гэсэн чинь цаашлаад тээвэр, улсын тусгай сан руу ороо, тэндээсээ сургалтын сан гээд үсэрхийлээд, үсэрхийлээд явчихсан даа. Яг л хавдрын тархалт шиг.  Авилгалыг “төрийн араак” гэж зүгээр нэг нэрлээгүй. Тэгэхээр энэ төрийн хавдар эрүүл үлдсэн байх учиртай гэж итгэсэн салбарууд руу хүртэл үсэрхийлсэн, том жижиг гэлтгүй бүх хүний ашиг сонирхол руу яаж ийгээд орсон. 

 Хямралтай үнэ хямдруулж тэмцдэггүй, үнийг чөлөөлж тэмцдэг. Хямралтай халамж нэмж тэмцдэггүй, халамжийг танаж тэмцдэг. Яг л өвчнийг эдгээхийн тулд өвчин намдаах эмийн тунг хассантай адил арга тул бүх хүнд эмчилгээний өвдөлт мэдрэгдэнэ. 

   Хүн төрөлх мөн чанараараа шударга, бурханлиг амьтан. Сүргийн зөнгөөрөө бусдыгаа дуурайдаг зангаасаа болоод “Энэ хулгай хийж байхад би яагаад болохгүй гэж”, “Бүгдээрээ л тэгж байхад би хоцроод яах юм бэ”, “Бэлэн олз хэвтэж байхад авахгүй бол аз харина” гэхчлэнгийн агшин зуурын сэтгэгдлүүдэд бууж өгдөг. Гэвч сэтгэл зүрхэнд нь байгаа хүн чанарын үлдэгдэл нь байнга эзнээ зовоож, буруу замаасаа гарахыг сануулж байдаг.

 Ямарч авилгачин, луйварчинд буруу ажлаа болиод мөрөөрөө амьдрах хүсэл байвч буцахад хэцүү эргүүлэгт нэгэнт орчихсон байдаг. Маш олон хүн “унаагаа нэг сольж аваад, мөрөөдлийнхөө байшинд орчихоод, эсвэл ээж аавдаа хэрэгтэй эмчилгээний өмнгө унагааж аваад энэ муухай замаас гарна” гэж боддог. Гэвч чи нэгэнт “зам”-г сонгосон бол цаашдын хувь заяаг чинь “зам” өөрөө мэдэх аж. 

  Хэдэн жилийн өмнө “Соут чайна морнинг пост” сонинд нэгэн авилгачны ярилцлага байсан. Утга нь, буруу замаар явж байгаагаа өдөр бүр мэдэрч шаналж байв. Гэвч нэгэнт дотор нь ороод өөрөө нэг эрэг шураг нь болчихсон сүлжээ автоматаар, хүсэл зоригоос үл хамааран эргэлдүүлдэг юм билээ. Баригдсандаа харамсахаас илүү өөрийн хүчээр гарч чадахгүй сүлжээнээс мултарсандаа нэг тийм сэтгэл амарсан мэдрэмж төрж байгаа тухай.

    Өнөөдөр энэ авилгатай, нүүрстэй хийж байгаа тэмцэл, үерээр шалтгаалан өрнөсөн “авилга”-ы байгууламж нураах процесс нь дээр өгүүлсэн эргүүлэгч орчихоод “гаръя гарч болохгүй, оръё орж хүчрэхгүй” олон хүмүүст шударга амьдрал руу эргэх сэдэл болно.Ашиглаасай билээ. 

Гол асуулт: Олон түмэн үүнийг ойлгож, хүлээн зөвшөөрлөө гэхэд хэн зориглож мэс заслын хутга барих вэ? 

тав. Азгүй хотын азтай мээр

Уг н ьөнөөдөр тулгамдсан хотын хувьсгалыг, дээр өгүүлсэн нийслэлийн мэс заслыг Эрдэнийн Бат-Үүлээр хийлгэчих байсан юм.Тэгээд авилгач нараа нүүрэн дээрээ өмөөрсөн байдал гаргаад “Таминь ээ! Сэлмэн Томгид хүн аллаа” гэсхийгээд сууж байсан бол “Хүний гараар могой бариулж” болох л байлаа. Одоо яах вэ, үйлийн үр юм биз дээ? Өөрийнхөө үр могойг өөрийн гараараа барих л учиртай байж. 

 Миний мэдэхээр, хотын дарга нараас хамгийн азтай нь Э.Бат-үүл. Гэхдээ хот нь азтай байгаагүй, өөрийн нам нь ч, түүнийг түлхэн зайлуулсан сөрөг нам нь ч тийм азтай байгаагүй. Тэр богинохоон хугацаанд үнэхээр хотынхны дарга нь байсаан. Хотын бусад дарга нар “иргэдээ сонсдог” энэ тэр гайхуулдаг бол Бат-үүлийг иргэд нь сонсоно. 

Үүл дарга:

-Та нар хөдөө, гадаа жаал яваад ирнэ үү дээ. Би амжуулаад замаа засаадахъя гэхэд

-Заа гээд бид хотоо орхиод гарч байлаа.

Хожимхон нь АСЕМ-ын бэлтгэл ажилд оролцож байсан нэг жаалхүү, 

-Уулзалтын үеэр хотын иргэдийг хөдөө явуулах бодлого байгаа гээд алуулангаа алдаж билээ.

-Хуц, бидний хаачихыг чи мэддэг юм уу?

-Түмай!!!

  Хот нь Бат-үүлд итгэдэг байлаа. Сонгуулийн тогтолцоогоо сайн ойлгоогүй масс нь “намд нь саналаа өгөхгүй, харин Бат-үүлийгээ аваад үлдэнэ” гэсэн төөрөгдөлтэй байсан ба сөрөг хүчин ч “Харин тийм. Чухмаа чухам” гэлцэн амжилттай тоглосон.

Орон нутгийн сонгуулийн дараа,

агаад Бат-Үүлийг хотын дарга болгохгүй байгаа юм бэ гэж гайхсан улс бишгүй байж билээ.

Хотын ч, МАН-ынхны ч аз харьж, Бат-үүлийг аз дайрсан юм. Тэр үнэхээр баатар болж үлдэв. Олон түмний дунд “Бат-үүлийг хотыг удирдсан бол өөр байх байсан” , “Тэр л энэ бүхнийг хийх байсан” гэсэн итгэл үлдэв. 

Бүх дарга хулгай хийдэг, хийх ч нигууртай гэдэгтэй нэгэнт эвлэрсэн настан буурай “Бат-Үүл шиг байвал хулгай хийхэд яадаг юм бэ” хэмээхийг сонсож билээ...

  Саяхан, мөнөөх “Авилга хороолол” гэдгийг төлөөлсөн нэг нөхөр, Бат-Үүл намайг ганцаарчлан уулзахыг шаардаж мөнгө нэхэх мэт болсон гэж ойлгогдохоор юм ярьсан харагдана. Зайлуул, ингээд хэлчихвэл Бат-Үүлд дургүй улс надтай нийлнэ гэж бодоод, дэмжлэг эрж дээ, янз нь. Харин ч эсрэгээрээ, Бат-үүл натур нь тийм хүн биш гэдгийг олон түмэн мэдэх тул “энэ хүн худалч нэгэн ажээ” гэсэн дүгнэлттэй үлдэж байна. Тэр азтай дарга гэдэг нь ийм учиртай.

Э.Бат-үүл хотын дарга болоод удаагүй байхдаа,

-Эхэлж барилгаа барьчихаад дараа нь зөвшөөрлөө авдаг болчихсон байж хэмээн толгой сэгсэрч билээ. Харин одоо барилгаа барьчихаад биш, ашиглалтад оруулаад биш, харин борлуулж дуусаад зөвшөөрлөө хөөцөлддөг болсон юм даг уу ?

зургаа. Сумъяа мавр уу, Сумъяа завр уу?

Үүл даргаас хойш хотод тувт МАН ялж, МАН дотроо бие биенээ ялсаар ирлээ. Биологичид “Зүйл хоорондын тэмцлээс илүү харгис алалдаан зүйл дотроо өрнөдөг” гэлцдэг лүгээ адил МАН намын дотоод ялалт, ялагдлууд хорлонтой гэж жигтэйхэн. 

   Нэг МАН-чин “шөнийн гэрэлт гудамж” байгуулсан чинь дараагийн дарга бүх чийдэнг нь унтраагаад хаяв. Нөгөөх нь хотын малыг овоо гаргаад байтал удаах нь ногоон бүсийг бэлчээр болгоод, сүүлдээ зуслангийн хашааг “малд ээлтэй” байлгах асуудал сөхөгдөв. Бас нэг нь төв талбайнхаа модыг огтлоод, зөөврийн усан оргилуур хийснийг дараагийнх нь дарга “сайхан ширгээхээ муухан мэдэхтэйгээ” жишээний. 

    Энэ зуур хүний өөрийн болоод импорт экспортийн хор залгисан АН нам паралич маягтай хэдэн жилийг өнгөрөөж байгаа нь аз ч юм уу? Бурхан багш “МАН бүх баасаа өөрөө арилгасны дараа АН сая сэргэхээр” таалсан ч юм болов уу?

   Сарвайсандаа бүрэн хүрээгүй талаасаа амны хишиг дутуу ч улаан гараараа могой бариагүйн тухайд азтай дарга нар солигдсоор “бөкъ тэкъ” нөхөр үлдсэн нь энэ Д.Сумъяабазар. Олон жил хураасан асуудлын хур баас, үе үеийн дарга нарын цэрвэсэн могой үер болон урсч ирэх нь тэр. Азгүй золиг.

   Түүний өмнө хоёр зам байна. Аварга болж үзлээ, гишүүн болж үзлээ, сайд болж үзлээ, хотын дарга болж үзлээ... за бас мисс авгайтай байж үзлээ. Хаваасаг биш үү? Сонгодог утгаараа, “Мавр үздгээ үзлээ, мавр одоо явж болно”. Энэ бол Сумъяа маврын зам.

Нөгөө хувилбар нь нэгэнт азгүйтснийх азаа үзэх. Хаяад байх аз нэгэнт үлдээгүйгээс хойш түүнийг эрэхэд эрсдэл гэж юу байна? 

Хотыг аврахад өнөөдөр бүтээлч сүйтгэл хэрэгтэй. Шинэ Улаанбаатар төрөхийн тулд хуучин Улаанбаатар нь өвдөг шороодох учиртай. Үүнийг хэн нэгэн динозавр шиг муйхар нөхөр л зориглохоос биш тээнэгэлзсэн сэхээтнүүдийн хийх ажил биш. Аймхайгаа эв эеийг хичээснээр тайлбарладаг, хулчгараа болгоомжид тооцдог улстөрчдийн зориглох юм бүүр биш. Харин“Сумъяа базаари бол бөкъ, тэкъ нүкэръ” Тэр л ингэж тэнэгтэж чадна. Дээр нь бид зөвхөн бөх хүн л тэнэгтэхийг зөвшөөрдөг, тэнэглэлийг нь өхөөрддөг (Бат-Үүлийг эс тооцвол) ард түмэн гэж байгаа.

   Баабар түүнийг хэдэн ч удаа “Зөв, зөв юм ярьдаг. Нэгийг нь ч хийдэггүй” хэмээн шүүмжилж байсан. Харин одоо, юу ч ярилгүйгээр ганцхан, ганцхан баатарлаг үйл хийх боломж түүнд байна.

  Израйлын домог болсон Ариэль Шарон бүтээн босгохын төлөөнөө зоригтой нураагч байсан. Тийм ч учраас “Бүлтүүзэр Шароон” хочтой болж. Хоч нь яваандаа цол хэргэмд хувирин үлдэж. 

   Энэ Сумъяабазар бүтээлч нураалтыг түрсэн динозавр болж болно. Эхэндээ, “Тэнэг бөх, мангар динозавр, бөкZилла хот нураалаа”, “Ардын намын сэлмэн Томгид хүн аллаа” гэнэ л биз.Манайхан зөвхөн бөх хүн тэнэг байхыг, мангар байхыг зөвшөөрдөг учраас хэн ч хорьж чадахгүй. 

 Харин хожмоо булах ёстойг булж, нураах ёстойг нураасан манай талын Сумъяазавр болж үлдэнэ. Маргаашийн Монголын үнэт зүйл өнөөгийнхөөс ондоо. Бөх байсан, аварга байсан, гишүүн ч байсан, мээр ч байсан... бүгд мартагдана... Гагцхүү Сумъяазавр л бидний түүхийн нэг хэсэг болж үлдэнэ. 

Чи зоригловол, хот зориглоно. 

2023 оны Есдүгээр сарын 11

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)