Органик мах Хөвсгөл экспо: Ханх, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр,Цагаан-Үүр, Түнэл, Эрдэнэбулган сумд эрүүл бүсээр тогтоогдсон
- 2023-09-14
- Орон нутаг
- 1
“Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс байгуулах” тухай Монгол Улсын Засгийн газрын 424 дүгээр тогтоолоор Хөвсгөл аймгийн Ханх, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Түнэл, Эрдэнэбулган сум эрүүл бүсээр тогтоогдсон билээ. Өнөөдөр Хөвсгөл аймагт махны долоон үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Тодруулбал, эдгээр бүсээс мах экспортлох бүрэн боломжтой.
Хөвсгөл аймагт энэ сарын 12, 13-ны өдрүүдэд “Органик мах Хөвсгөл Экспо-2023” өдөрлөг зохион байгуулагдаж өндөрлөв. Өдөрлөгийн үеэр гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулж, дуудлага худалдаанд орууллаа. Худалдаанд зургаан сумын малчид бод, бог нийлсэн 10-аад үүлдрийн 50 гаруй малаа оролцууллаа. Энэ үеэр дээрх сумдын төлөөлөлтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын ИТХ-ын төлөөлөгч Х.МӨНХ-ЭРДЭНЭ: Нэг хуц 350-400 мянган төгрөгийн ханштай
- Манай сум энэ үзэсгэлэн худалдаанд 2015 онд батлагдсан “Дархад” үүлдрийн хуцтай оролцож байна. Энэ үүлдрийн хонь нэг нуглам илүү, нарийн ноостой, мах, ноосны чиглэлийнх. Эр хонины гулууз мах нь 45-47 кг, төлөгнийх 22-25 кг татдаг. Хэдийгээр тайгын өндөр уулын бүсийнх ч гэсэн өөр газар нутагшуулах боломжтой. “Хишигтмандал” үржлийн нэгж энэ хуцнуудыг бэлтгэж зах зээлд нийлүүлж байна. 350-400 мянган төгрөгийн ханштай байна. Харин энэ дуудлага худалдаагаар толгой бүрийг 350 мянган төгрөгөөр бөөнд нь борлуулах захиалга авлаа.
Ренчинлхүмбэ сум дархад үүлдрийн 100 000 гаруй толгой хоньтой. Мөн бид энэ оны 8 сард Дархад үүлдрийнхээ хонины махыг органик махаар батлуулж чадлаа. Тайгын ховор тэрдундаа эмийн ургамал ихтэй, цэнгэг устай, өвчлөлгүй газрын мах органик мах мөн болно гэж баталгаажуулсан. Ренчинлхүлбэ сум 1000 гаруй малчин өрхтэй, 221 мянган толгой мал маллаж байна.
“Мөрөн Агра” ХХК-ийн кластер төслийн зөвлөх Д.АМАРБАЯСГАЛАН: Экспортын дундаж үнэ 2.3 $ байгаа нь дэлхийг гайхшруулах хямд үнэ.
- Яг энэ цаг үед Хөвсгөл аймаг органик мах бэлтгэлийн тухай ярьж байгаа нь чухал. Манай компани органик мах бэлтгэж, экспортод гаргах чиглэлээр ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Түнэл, Тосонцэнгэл гэсэн гурван сумын 1100 малчин өрхийн малчдыг чадавхижуулах, малын үүлдэр угсааг сайжруулах, хамтран тэжээлээ бэлтгэлдэг байх зэргээр хоршиж ажиллах тогтолцоог бий болгохоор ажлаа эхэллээ. Өнөөдөр Монгол улсад 170 орчим махны үйлдвэр ажиллаж, жилдээ 30-90 тн мах экспортлогдог. Экспортын дундаж үнэ 2.3 $. Аль аль нь чамлахаар тоо. Бэлчээрийн мал аж ахуйтай орны хувьд дэлхийг гайхшруулах хямд үнэ.
Бид органик махаа үнэ хүргэж экспортлож чаддаг байх хэрэгтэй. Хэд хэдэн шаардлага тавигдаж байна. Үүнийг шийдэхийн тулд бид асуудлыг тогтолцоогоор нь шийдвэрлэх, өөрчлөх хэрэгтэй байна. Мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоо манай улсад үгүйлэгдэж байна гэлээ.
Монгол улсад хамгийн олон буюу 6.3 сая толгой мал тоолуулсан Хөвсгөл аймаг уналга эдэлгээний хурдан чиглэлийн “тэс”, уналга, махны чиглэлийн “дархад” үүлдрийн цагаан адуу, мах, өөх бүдүүвтэр ноосны чиглэлийн “дархад" үүлдрийн хонь, ноолуурын чиглэлийн “эрчмийн хар ямаа” гээд олон үүлдрийн гойд ашиг шимт малтай. Өвөлдөө 50 градус хүртэл хүйтэрдэг бүс нутгийн цаг агаар, байгалийн онцлогт зохицсон үүлдэр угсааны малууд амьдын жин, үс ноосоороо илт давуу ашиг шимтэй байдаг байна.
Мөн тус аймаг 2022 онд “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 2020 онд Сэлэнгэ үүлдрийн 510 толгой үржлийн үхрийг авчирч малчиддаа түрээсээр өгчээ.
Хөвсгөл аймгийн Засаг дарга П.ЛХАГВАЖАВ:
- Монгол Улсын болоод Хөвсгөл аймгийн хөгжлийн бодлого, холбогдох тогтоол, шийдвэр, хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйн салбарт нэн тэргүүн шаардлагатай бодлогын бичиг баримтыг боловсруулж, хэд хэдэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаагаа танилцууллаа. “Үүлдэр омгийн цөм сүрэг бүрдүүлэх, шилмэл малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, үхэр хонины аж ахуйг махны чиглэлээр эрчимтэй хөгжүүлэх, дэвшилтэд технологи, технологийн шинэчлэл, инноваци нэвтрүүлэх замаар махны экспортын нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Олон улсын стандарт шаардлага хангасан мах боловсруулах үйлдвэр, мах бэлтгэлийн тогтолцоо сүлжээг орон нутагт байгуулах шаардлагатай байна. 2030 он хүртэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавин ажиллаж байна.
Цагаан уул сумын мал үржүүлгийн нэгжийн дарга, мал зүйч П.ТӨРТОГТОХ:
- Манай нэгж махны чиглэлийн “Цагаан уул” үүлдрийн 600 гаруй толгой үржлийн хуц бэлтгэж Завхан, Архангай, Булган, Хэнтий Төв аймагт борлуулсан. Судалгаагаар Завхан аймгаас бусад нь газар нутаг маш сайн өсч үржиж, ашиг шимээ өгч байна. Жирийн монгол төлгөн хуц дунджаар 45-48 кг байдаг бол манай төлгөн хуц амьдын жин нь 55-58 кг татдаг. Одоогоор 500 мянган төгрөгөөр борлуулж байна.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: zms.mn
Сэтгэгдэл (1)
(103.57.94.31)
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten