Д.Гантулга: Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нь байна уу хамаагүй, хулгайн асуудалд холбогдсон л бол хариуцлага үүрэх ёстой

НИТХ-ын тэргүүлэгч, ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулгатай нүүрсний хулгайн асуудлаар ярилцлаа.

-Нүүрсний хулгайн асуудал өнгөрсөн жилээс эхлээд л олон нийтийн дунд шуугиан болсон. Одоо уг хэрэг ер нь аль чиглэл рүүгээ явж байна гэж та харж байгаа вэ. Хариуцлагын асуудал өдөр ирэх тусам л бүдгэрч байх шиг…?

-Анх 40 их наядын хулгай гэж гарч ирсэн нүүрсний хэргээр удахгүй УИХ нээлттэй сонсгол явуулах гэж байна. Үүнийг нь Хууль зүйн сайд Х.Нямбаатар ахалж явуулна гэж сонссон. Мөн уг ажлын хэсэгт ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд ажиллаж байгаа. Тэгэхээр яг нээлттэй сонсгол болон уг хэргийн талаарх тодорхой асуудлыг эдгээр ажлын хэсгийн гишүүдээс нь тодруулбал илүү мэдээлэл өгөх байх шүү. Миний хувьд ерөнхий зургаар нь танд хариулъя гэж бодож байна. Эхлээд нүүрсний хулгай гэж яг юу болсон талаарх нээлттэй мэдээллийг ард түмэнд өгөх хэрэгтэй.

Дараа нь хууль хяналтын байгууллага уг асуудлаар мөрдлөг шалгалт хийж, холбогдох этгээдүүдэд нь хариуцлага тооцох ёстой. Өнгөрсөн арав, хорин жил нүүрсний хулгай гэх зүйл явсаар өнөөдрийн энэ их хулгайг бий болголоо гэж хүмүүс ярьдаг. Гэтэл өнөөдөр уг хулгайн систем, үйл ажиллагаа явагдсаар л байна. Үүнийг бид сайн ойлгох хэрэгтэй. Нүүрсний хулгай гээд олон нийт мэдээд, яриад ирэхээрээ хулгай зогсчихдог зүйл гэж байхгүй. Хулгай явдагаараа явж л байгаа.

-Энэ бол түүхий нүүрсээ хил дамнуулан зөөж, дундаас нь хулгай хийсэн асуудал шүү дээ. Одоо энэ бүгдийг зогсоож хяналттай болгосон болохоор хаагуур нь бас ямар хулгай яваад байна гэж та хараад байгаа вэ?

-Хулгайчид хулгайн хэлбэрээ арай жаахан өөрчлөөд л хулгайгаа үргэлжлүүлсээр байна. Тухайлбал, утааны эсрэг хагас коксон нүүрс гэж ярьж байгаа. Бусад нүүрстэй холбоотой бүх л асуудлаар хийдэг луйвруудаа хийсээр байна.

-Тэгэхээр хүн намын хувьд нүүрсний хулгайн асуудалд хариуцлага тооцох нь битгий хэл хулгай нь үргэлжлээд байгаа гэсэн байр суурьтай байна уу?

-Тийм. Нэгдүгээрт, нүүрсний хулгай гэдэг зүйл олон нийтэд ил тод болсон. Үүнийг эрх баригч тэр дундаа Засгийн газар илүү овжин ашиглах ёстой. Хэдийгээр эрх баригч нам засаг барьж байгаа ч гэсэн энэ Засгийн газар чинь Монгол Улсын Засгийн газар биз дээ. Тиймээс Засгийн газар болон хууль, шүүхийн байгууллага уг асуудлыг олон нийтийн анхааралд хүргэж чадсан шигээ хариуцлага үүрүүлэх асуудлыг ч мөн адил хүргэх, түүн рүү чиглэсэн ажил үүргээ сайн гүйцэтгэх шаардлагатай байгаа юм. Гэтэл өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар 177 тэрбум төгрөгөөр урдаас хагас коксон нүүрс авах шийдвэрийг гаргасан. Үүнийг нь олон нийт мэдээд юу болж байна вэ гээд анхаарал тавиад эхлэхээр гаргасан шийдвэрээ дахин харж худалдан авах үнийн дүнгээ багасгачихаж байгаа юм. Ийм байж болох уу. Өөрөөр хэлбэл нэг боомтоороо түүхий нүүрсээ гаргасан атлаа нөгөө боомтоороо хагас боловсруулсан нүүрс буцаагаад оруулж ирлээ гээд иргэд нь шүүмжлээд хэлэхээр 177 тэрбумаа 32 тэрбум болгоод багасгачихаж байгаа юм. Нэг сарын дотор бүхэл бүтэн улсын Засгийн газар нь ингэж тоглоом, шоглоомоор шийдвэр гаргаж болдог юм уу. 177 тэрбум 32-ын хооронд хэдэн төгрөг байна вэ. Ийм тодорхой бус мэдээлэл, тодорхой бус шийдвэр бүхний ард дандаа хулгай, хувийн ашиг сонирхол явж байдаг. Тиймээс л нүүрсний хулгай үргэлжилж байна гэж бид үзээд байгаа юм. Өөрөөр хэлбэл уг 177 тэрбум төгрөгийн цаана бас нэг буруу гарын үйлдэл орсон гэж хардах үндэслэл бий болчихсон гэсэн үг. Товчхондоо нүүрсний хулгайг зогсоож чадахгүй болтлоо эрх баригчид, улстөрчид чинь уг хэрэгтэйгээ холбогдчихсон юм биш үү гэж харж байна.

-МАн уг хэрэгтэй тууштай тэмцэж, холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцно гэдгээ дарга цэрэггүй хэлж байсан. Гэтэл одоо намынхаа ганц нэг хүн дээр уг хэргийг тохчихоод өөрсдөө уснаас хуурай гарах гэж байна гэж олон нийт хардаж байх шиг. хүн намын хувьд ямар байдлаар ажиглаж сууна вэ?

-Угтаа иймэрхүү хардлагыг тайлахын тулд УИХ дээр нүүрсний сонсголыг яаралтай хийх шаардлагатай. Түүний дараа хууль, шүүхийн байгууллага гэж Монгол Улсад байдаг л юм бол уг хэрэгт холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцож, олон нийтэд мэдээлэх ёстой. Хэрэв болох ёстой хурал, сонсголууд нь ямар нэгэн шалтгаанаар хойшлоод, удаад л байвал олон нийтийн дунд хардлага улам л их төрнө. Нөгөөтэйгүүр хулгай үргэлжилсээр л байна. Тиймээс төр засгийн хувьд яаралтай шийдэх асуудлаа хугацаа алдалгүй явуулах шаардлагатай. Үнэхээр л идэж уугаагүй, уг хэрэгт холбогдолгүй бол шалгаад тогтооход тийм ч удаан хугацаа шаардагдахгүй болов уу. Уг хэрэг удах тусам нийгэмд илүү хортой. Учир нь иргэдийн төрд итгэх итгэл улам л буурна. Цаашлаад бүх шатанд гаарч байгаа хулгайгаа цэгцлэхгүй бол энэ нь яваандаа улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувирахад тун ойрхон байгаа шүү.

-Саяхан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурал боллоо. Уг хурлаар Ганхуяг би ганцаараа үхэхгүй шүү, үхвэл хамт л үхье гэдэг агуулгаар тайлбар өгч байна. хүн намын хувьд уг шүүх хурлыг хэрхэн ойлгож, хүлээн авч байна. Гол өнцөг нь яаж харагдав?

-Яг шүүхийн процесс явагдаж байхад хөндлөнгөөс би ч юм уу, хэн нэгэн хүн дүгнэж ярина гэдэг зарчмын хувьд буруу асуудал. Шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно гэсэн хуулийн заалт ч бий. Надад хувьдаа боддог нэг зүйл байна. Зөвхөн Т.Аюурсайхан, Б.Ганхуягаар зогсохгүй цаана байгаа гол эзэд нь хэн бэ гэдгийг л олох, түүнийг илчлэх ёстой. Эзэд нь гарч ирэхэд тун ойрхон байгаа юм болов уу л гэж ойлгосон. Нөгөөтэйгүүр цаад эздийг нь гаргаж ирж чадах ганц байгууллага нь УИХ юм.

Учир нь төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ. Тэр утгаараа хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Хянан шалгах түр хороо байгуулаад хэргийг нээлттэй хэлбэрээр сонсгол хийх хэрэгтэй. Тиймээс ХҮН-ын хувьд бид өнөөдрийн байдалд бол УИХ-ыг л шахаж ажиллана. Түүнээс биш хараат бусаар ажиллах шүүхийг очиж шахах эрх, соёл бидэнд байхгүй. Шүүхийн гадаа бид ямар очиж жагсаал хийлтэй биш дээ. Ганц шаардаж болох субъект бол УИХ. Тиймээс УИХ-ыг уг хэргийг илрүүлэх, хариуцлага тооцуулах асуудлаар тал бүрээс нь тууштай шахаж, ажиллана.

-Ганхуяг шүүх хурлын үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд хүрэлбаатарын асуудлыг ярилаа. үүнийг та сонссон уу. Өөрөөр хэлбэл хотгор шанагын мөнгийг Таван толгойн дансаар дамжуулан авсан гэх хардлага олон нийтэд төрлөө шүү дээ…?

-Түрүүний таны асуусан асуултад нэмж хариулъя. Б.Ганхуяг “Би ганцаараа явахгүй шүү. Явбал хамт явна” гэж хэлсэн гэлээ. Яг үнэхээр ийм агуулгаар асуудалд хандаж байгаа бол тухайн хүн маань тэр хүмүүсээ бүгдийг нь хэлчих л дээ. Нөгөөтэйгүүр энэ хүн ингэж ярьж байгаа бол шүүгчид нь уг асуудлыг цаашид тодруулаад шалгаад гаргаад ирэх байлгүй дээ. Ер нь бол олон нийтийн өмнө ил гарч ирчихээд бусдыг шантаажилдаг асуудал бий.

Өмнө нь нэг хүн “би тэгээд цааш нь ярих уу, яах уу” гэж шантаачилж байсан. Энэ бүгд ерөөс Монгол Улсын шүүх засаглал ямар хэмжээнд доройтсон бэ гэдгийг л тод харуулж байгаа юм. Хууль үнэртсэн танхим, хуулийн хүрээнд үг, өгүүлбэр хэлдэг газарт очоод “Би цаашаа ярих уу, яах уу” гэж сүрдүүлж байгаа нь өөрөө хууль ямар хэмжээнд хэрэгждэг, хуулийн байгууллагууд ямар хэмжээнд доройтсоны тод илрэл юм болов уу л гэж харж байгаа.

Олны анхааралд орчихсон уг хэрэгт тухайлсан хүнийг буюу Чойжилсүрэн, Хүрэлбаатар гэж би ярихгүй. Ер нь Хүрэлбаатар, Чойжилсүрэн нь байна уу, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч байна уу хамаагүй, хулгайн асуудалд холбогдсон л бол хуулийнхаа дагуу хариуцлага үүрэх ёстой. Гэтэл манайд дээрээ хууль хэрэгжүүлэхгүй байх нь өөрөө хулгай хийж болдог юм байна гэсэн ойлголтыг нийгэмд хүчтэй өгсөөр байна.

Э.Мөнхтүвшин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (66.181.184.12)

    2023-09-16

    Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed

  • (66.181.188.183)

    2023-09-15

    Компьютерийнхэн, хүн судлал хийдэг монголчуудад ба Монголын гуйлгачдад битгий үнэгүй hacking ба stalking хийдэг программуудыг өгцгөө! Та нар хүн судлал хийдэг монголчуудад ба Монголын гуйлгачдад тийм дуртай юм бол өөрсдөө тэдэнтэйгээ гэрлэцгээгээч ээ!