Пап Францисын айлчлал ба Монгол дахь хүний шашин шүтэх эрхийн байдал
- 2023-09-18
- Нийтлэл
- 0
Гэгээн Ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад 2023 оны есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд анх удаа төрийн айлчлал хийгээд удаагүй байна.
Тэрбээр “Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж Монголын соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх нь аргагүй юм” гэж дурдаад Монгол улсыг шашин шүтлэгийн эрх чөлөөг эрхэмлэгч түүхэн уламжлалтай, даян дэлхийд үлгэр болохуйц улс гэж дүгнэсэн. Үүнийг ч Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх бататган илэрхийлж Монгол Улсыг хүний шашин шүтэх эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс мөн гэдгийг дэлхий нийтэд зарлан тунхаглалаа.
Энэ талаар эрх зүйч М.Төрбаттай ярилцлаа.
– Та Пап Францисын дээрх дүгнэлтийн талаар ямар бодолтой байна вэ?
– Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөг эрхэмлэгч түүхэн уламжлалтай гэдгийг түүх харуулдаг. Энэ бол монголчуудын нэг том онцлог, үнэт зүйл гэдгийг Пап Францис дурдсанаас гадна энэ уламжлалаа цаашид хадгалж дэлхий дахинд үлгэрлэж явахыг хүссэн үг болов уу гэж би үзэж байна.
Папын дээрх үг, дүгнэлт нь Монгол Улсын төр засгийг хүний эрх, тэр дундаа шашин шүтэх эрх, эрх чөлөөг хангуулах тал дээр улам анхаарах, бусдад манлайлагч байгаасай гэсэн хүслээ дэлхийн нийтийн өмнө илэрхийллээ гэж ойлгож байна.
– Өнөөдөр Монгол Улсад хүний шашин шүтэх эрх, эрх чөлөөний байдлыг та яаж дүгнэж байна вэ?
– Монгол Улс шинэ ардчилсан Үндсэн хуулиараа хүний шашин шүтэх, эрх, эрх чөлөөг баталгаажуулсан ба энэ тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий дахинд хандан онцлон дурдсаныг бид харсан.
Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт /ИБУТУОУП/-ын 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Энэхүү эрхэнд өөрийн сонгосон шашин болон шүтлэгтэй байх эсхүл тийм шашин буюу шүтлэгтэй болох эрх чөлөөний зэрэгцээ ганцаар буюу бусадтай хамтран олон нийтэд буюу хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашны болон зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэг номлох эрх чөлөө багтана” гэж заасан байдаг.
Шүтэх, эс шүтэх эрх чөлөө нь онц бөгөөд дайны байдал зарласан үед ч хязгаарлаж үл болох хүний суурь эрх чөлөө болохыг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 19.2 дахь заалт, ИБУТЭОУП-ын 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт мөн заажээ.
Шүтэх, эс шүтэх эрх чөлөө нь хувь хүн бодол санаа, дотоод ертөнцдөө хэрэгжүүлэх үед үл хязгаарлагдах, туйлын шинжтэй боловч олон нийтийн орон зайд шашин шүтлэг, итгэл үнэмшлээ илэрхийлэх, номлох тохиолдолд нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах шаардлагын үүднээс зөвхөн хуулиар хязгаарлаж болохыг ИБУТЭОУП-ын 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан.
Хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуулиар хязгаарлах зарчмыг олон улсад баримталдаг.
Тодруулбал, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах нөхцөлийг зөвхөн хуулиар тогтоосон байх, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах бодитой шаардлага үүссэн байх, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан байдал, хязгаарлалтын хүрээ нь хууль ёсны зорилгод нийцсэн байх гэсэн тодорхой гурван шаардлагыг хангасан байх ёстой.
Гэтэл харамсалтай нь өнөөдөр Монгол Улсад хэн нэг албан тушаалтан, байгууллага дээрх зарчмуудыг зөрчин өөрсдийн мэдлэг, боловсролын түвшин, хандлага, үзэмжээр хүний шүтэх, эс шүтэх эрхийг хязгаарлах, хохироодог байдал гарсаар байна.
Энэ нь манайд хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа буддын, исламын, христийн гээд бүх л сүм хийдэд тохиолддог нь хэдийгээр манай улсад Үндсэн хуулиндаа хүний шашин шүтэх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан боловч хэрэгжүүлэх тал дээр алдаа оноо байна гэж дүгнэгдэхээр байна.
-Ямар алдаа дутагдал, зөрчил байна гэж та үзэж байна?
-Жишээ нь ҮАБЗ-өөс Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг шинэчлэн батлах хүртэл шашны байгууллагуудын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгахгүй байх тухай зөвлөмжийг бүх аймаг, нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн байх юм.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн 2022 оны арванхоёрдугаар сард ҮАБЗ-ийн дээрх зөвлөмжтэй танилцахад шашны байгууллагуудын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгахгүй байх Монгол Улсын язгуур ашиг сонирхол, түүнийг хангах гадаад, дотоод нөхцөлд шууд нөлөө үзүүлэх бодитой баримт, үндэслэл байхгүй байна гэж дүгнэжээ.
Тус зөвлөмжөөр бол Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар хэлэлцэгдэн батлагдах хүртэл хүний суурь эрх болох шүтэх, эс шүтэх эрх зөрчигдөхөөр байгаа нь нэн харамсалтай.
Мөн нэг жишээг дурдахад нэр бүхий иргэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандаж, “Монголын будда бурхан шашинтны төв зөвлөл” байгуулахаар хандахад зөвшөөрлийг өгөөгүй байна.
НИТХ-аас татгалзсан шалтгаанаа үндэслэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн “Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай” 02 дугаар дүгнэлтээр хүчингүй болгосон заалтыг баримталсныг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр хүчингүй болгож тухайн иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ.
Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын жил бүрийн тайлан илтгэлээс харахад сүм хийдийн бүртгэл, иргэдийн шүтэх эрхийг хангасан шүүхийн шийдвэрүүд байдаг нь анхаарал татах ёстой асуудал мөн.
Мөн сүм хийдүүд хаяг байршлаа өөрчлөх, шинэ байранд шилжин байрших зэрэгт байнга дарамт шахалт үзүүлдэг, сүмийн номлогч, санваартнуудын виз, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой асуудалд хүндрэл их гардгийг засах ёстой гэж үзэж байна.
Энэ тухай холбогдох байгууллагуудад албан бичгээр ханддаг боловч удаан хугацаагаар хариу өгдөггүй байна.
Шашны байгууллагыг бүртгэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хэвийн явуулах бүрэн боломжтойгоос гадна бусад дүрэм журмаа тодорхой болгох шаардлагатай болжээ.
2019 оны долдугаар сард ХЗДХЯ-наас аймаг, нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн албан бичигт шашны байгууллага байгуулах зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагаанд хяналт тавих журам батлах эрхийг аймаг, нийслэлийн ИТХ-д хуулиар олгоогүй байна гэж үзээд тэднээс ирүүлсэн журмуудыг бүртгэж авахаас татгалзаж өмнөх баталсан гэх журмуудаа хүчингүй болгохыг шаардсан байдаг нь өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд аймаг, нийслэлийн ИТХ-д өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж байгааг яаралтай залруулах нь зөв байх.
Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүний эрхийн асуудал бол зөвхөн манай иргэдэд хамаатай асуудал биш бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тодорхой хугацаагаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, харьяалалгүй гээд бүх хүнд хамаарах тул зүй ёсоор олон улсын анхаарлыг татдаг гэдгийг бид ойлгох ёстой.
-2023 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар АНУ-д албан ёсны айлчлал хийж “Монгол, Америкийн стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-ийн тухай хамтарсан мэдэгдэл гаргасан.
Дээрх хамтарсан мэдэгдэлд хүний шашин шүтэх эрх, эрх чөлөө, итгэл үнэмшлийн тухай тусгасан байсан. Та энэ тухай юу гэж бодож байна?
-Шулуухан хэлэхэд дээрх хамтарсан мэдэгдэлд дурдсан хүний шашин шүтэх эрх, эрх чөлөө, итгэл үнэмшилтэй холбоотой асуудал бол Монгол Улсад хандсан зөвлөмж гэж ойлгож болно.
АНУ-ын төрийн департментаас хүний шашин шүтэх эрхийн талаарх 2022 оны тайлан мэдээгээр Монгол Улс хангалтгүй дүн үзүүлсэн байдаг.
Ийм шалтгаанаар Монгол Улсыг хүний шашин шүтэх эрх, эрх чөлөө, хүний итгэл үнэмшлийг хүндэтгэх тал дээр илүү анхаарч олон улсын гэрээ, конвенцээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлага байна шүү гэдгийг дээрх мэдэгдэлд тусгайлан тусгажээ гэж үзэж болохоор.
-Монгол Улс хүний шашин шүтэх эрх, эрх чөлөөг хангах тал дээр цаашид юун дээр анхаарах хэрэгтэй гэж та үзэж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсэх болон Пап Францис нар Монгол Улсыг шашин шүтэх эрхийн түүхэн уламжлалтай, дэлхий дахинд үлгэр жишээ болохуйц улс, ард түмэн гэж дэлхий дахинд нэгэнт зарласан.
Иймд бид түүхэн уламжлалаа хүндэтгэн хадгалж, одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн орчныг улам сайжруулах, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, төрийн албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг, хандлагыг сайжруулах, иргэдээ соён гэгээрүүлэх гэх мэт олон асуудлыг дэс дараатай шийдээд явах нь зүйтэй болов уу.
Сэтгэгдэл (0)