Гэр хорооллыг хөгжүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой
- 2023-09-22
- Улаанбаатар
- 0
Дунд хугацаанд гэр хорооллыг хөгжүүлэх замаар агаарын бохирдлыг шийдвэрлэх хүрээнд шинэ дэд төв болон олон нийтийн бичил төвүүдийг байгуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Энэ дагуу зургаан байршилд шинэ дэд төв, 52 байршилд олон нийтийн бичил төв байгуулан, 88 байршилд дахин төлөвлөлт хийж, нийт 219,290 орон сууцыг ашиглалтад оруулах хэрэгтэйг судалгаагаар гаргажээ.
Эхний ээлжид Баянхошуу, Сэлбэ дэд төвийн сэргэлтийг эрчимжүүлэн орон сууцжуулахад 19,110 нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатай. Ингэснээр 12,983 орон сууцанд 52,963 хүн амьдрах боломж бүрдэх юм.
Хотын дарга Д.Сумъяабазар “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр томоохон худалдааны төвүүдийг түшиглэн, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж, шинэ дэд төвүүдээ хөгжүүлэн, хот нийтийн аж ахуйн үйлчилгээнүүдээ нэгтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн хамран тойрох хүрээ, дэд төвүүдэд нийгмийн байгууламж, орон сууцны бүтээн байгуулалт, оршин суугчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг стандартад нийцүүлэн байгуулах ёстой. Мэдээж дулаан, цахилгааны эх үүсвэрийн дутагдалд орох эрсдэлтэй тул жижиг оврын цахилгааны эх үүсвэрийг мөн шийдэх шаардлагатай” хэмээв.
Түүнчлэн их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэн, тэдгээрийг дагасан 28 лицей сургуулийг байгуулснаар ерөнхий боловсролын сургуулийн чанар, хүртээмжийг сайжруулах боломжтойг судалгаанд дурджээ.
Нийслэлийн хэмжээнд хүчин чадал нь хэтэрсэн ерөнхий боловсролын 169 сургуульд 313,473 сурагч суралцаж байгаа бөгөөд эдгээр нь хотын төвд төвлөрсөн. Энэ бол түгжрэлд нөлөөлөх нэг том хүчин зүйл. Учир нь сургуулийн хүртээмжгүй бүсүүдээс ойролцоогоор 91 мянга гаруй хүүхэд тус сургуулиудад ирж, суралцаж байна. Тиймээс гэр хорооллын бүсэд буюу олон нийтийн бичил дэд төвүүддээ ерөнхий боловсролын 52 сургууль нэмж байгуулах хэрэгтэй. Үүний тулд 2253 нэгж талбарыг чөлөөлөх шаардлага үүснэ. Гэр хорооллын бүсэд ийнхүү нэмж 52 сургууль байгуулснаар боловсролын хүртээмж нэмэгдэж, түгжрэлд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө гарах юм.
Сэтгэгдэл (0)