Баабар: Трампаас Нямбаатар хүртэл

Трампад дургүй хүмүүс маш олон. Бараг дэлхий даяараа! Гэхдээ АНУ-д түүнийг дэмжигчид маш олон. Хорин оны сонгуулиар түүний гаргасан авир чөлөөт ардчилсан оронд байж болошгүй зүйл. Тэрнийхээ төлөө шүүхээс ял авч ч магадгүй. Гэхдээ Трамп дөрвөн жил Ерөнхийлөгч байхдаа Америкийн төлөө асар их зүйл хийсэн.

 

АНУ руу бараагаа гаргадаг олон компани хилийн цаахна үйлдвэрээ байгуулжээ. Үүнийг өндөр татвар тавина гэж айлгасны хүчинд нутагтаа оруулж ирсэн. АНУ-д Мексик болон Төв Америкийн 20 сая хууль бус цагаачид буйг яаж ч чаддаггүй олон жил боллоо. Тэд зүгээр л хууль бусаар хил давж орж ирсэн хүмүүс. Хаалт хашилт барьж тогтооё гэсэн санал Ардчилсан намынхан анхлан гаргаж байсан ч тэрийгээ хэрэгжүүлээгүй.

Трамп л үүнийг зориглон шийдсэн. Хятад-Америкийн худалдааны балансын зөрүү арай хэтэрч. Дээр нь хятадууд оюуны өмчийн эрхийг тоодоггүй, шулуухан хулгайлчихана. Хоёр орны худалдаа маш өндөр учир биенээсээ их хамааралтай, үүнээс болоод хөндөхөөс айдаг байсан сэдэв. Трамп л айдаггүйгээрээ хөндсөн дөө. Олон улсын харилцаан дахь эмх замбараанд ч Трамп нэлээд өөрчлөлт оруулсан. НАТО бол чөлөөт ертөнцийг хамгаалсан гол инстүүц. Дайны дараа бий болсон энэ байгууллага хэрэв байгаагүй бол өнөөгийн дэлхий ямархуу жонхуу болох байсныг төсөөлөхөд хэцүү. Хамаг зардлыг нь АНУ даадаг. Гишүүн орнууд ДНБ-ийнхээ ердөө хоёр хувийг нэмэрлэх үүрэгтэй. Гэтэл Америкийн шүхэрт хорогдсон тэднээс ердөө ганц хоёр нь л энэ үүргээ арай хийж биелүүлж байж. Баян Герман хүртэл амлалтынхаа хагасыг өгмөр аяддаг! Энэ шударга биш явдлыг Трамп зарлаж тэднийг шахсан. Тэрээр Япон, Солонгосыг ч шахсан. Америкийн хамгаалалтад ороод 70 жил болсон тэд өдгөө баяжсан, тиймээс өөрийгөө хамгаалах цэргийн зардалдаа өөрснөө мөнгө нэмэрлэ гэжээ. Мөн л 70 жилийн турш тусгаар тогтнолоо заралдаггүй, бололцоо гаргаад байхад хэрүүл терроризм үйлдээд салдаггүй Палистинтай ширүүн харилцсан. Израилийн нийслэлийг Ерүсламд шилжүүлэх эрх олголоо.Цөмийн хөтөлбөрөөсөө татгалзана гэж амалж байж хоригоо суллуулсан Иранд дахин хориг тавьлаа. Учир нь тэд нууцаар хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байсан. Цөмийн бөмбөгтэй болоход тэдэнд ердөө ганц хуруу дутчихаад байгааг Натъянху баримтаар баталсан. Трамп сонгуульд ялж Ерөнхийлөгч болоход Кремль асар их баярлаж билээ. Учир нь сонгуульд нь хөндлөнгөөс оролцсон, сонгуулийн явцад тэрээр Путиныг их өмөөрсөн. Иймээс өөрийн гох дэгээтэй тул шинэ хамтрагч гэж оросууд харжээ. Гэтэл үгүй юмаа. 2014 онд Орос Крымыг эзэлсний дараа Обамагийн Засгийн газар Украинд хувцас, дуулга бэлэглэжээ. Харин Трамп Ерөнхийлөгч болуутаа Украинд Жавэлин нийлүүлсэн. Жавэлин л Киев хотыг Оросын түрэмгийлэгчид эзлэхээс аварсан юм шүү дээ. 

Трамп Ерөнхийлөгч байхдаа маш олон алдаа гаргасан. Үүнийг нь өнөөгийн Засгийн газар шүүрэн авч хүүхэн шуухны хэрэг, татварын зөрчил гэх мэт. Мэдээж сонгуулийн дүнг өөрчлөх гэж зүтгэсэн, эмх замбараагүй явдалд өдөөн тухирсан зэрэг нь яах аргагүй хууль зөрчсөн муйхарлал л даа. Гэхдээ араас нь төрийн эрхэнд гарсан Ардчилсан намынхан Трампын дээр өгүүлсэн олон шинэчлэлийг огт хөндөхгүй байгаа биз? Мухардсан, өөрснөө өөрчилж чадахгүй байсан олон асуудлыг нь Трамп шийдээд өгчихсөн учир хүний хийсэн бэлэн хоолон дээр гараад мордчихсон гэсэн үг.

Ганц засаж өөрчилсөн юм нь Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын конвенцоос АНУ татгалзан гарсныг Байданы Засгийн газар буцаасан. Эх дэлхийгээ нэг сайхан хоролъё гэсэн муу санаагаар Парисын конвенцийг эсэргүүцсэн ч юм биш л дээ. Энэ бол их маргаантай сэдэв. Нэгдүгээрт, өнөөгийн дэлхийн дулааралд хүний үйлдлийн хүчин зүйлийн нөлөөлөл шуугиад байгаа шиг тийм өндөр биш гэж олон эрдэмтэд үзэж үүнээ янз бүрээр баталдаг. Хоёрдугаарт дулаарлын шуугианы ард асар их коррупци нуугдах аргагүй бөөгнөрсөн байна. Сургууль завсардсан, шизофренитэй жаахан хүүхэд энэ хооронд өөртөө дөрвөн тэрбум доллар босгож чадсан тухай ч хэвлэлүүд бичиж байна. Сорос мэтийн биржийн луйварчид асуудлыг дэврээхээр асар их мөнгө цацаж байна. Гэх мэт, гэх мэт. Алив хүний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг хожим цаг хугацаа тодруулдаг. Том шийдэл нь л үлддэг болохоос жижиг сажигууд нь түүхийн явцад мартагддаг, эсвэл цайрагддаг. Аугаа томыг хийсэн бол тэрэнтэй нь харьцуулахад жижиг сажиг нь тийм ч чухал биш болох нь мэдэгддэг. VIII Хэнри хаан олон авгай авсан, бүр заримыг нь цаазлан хороосон зэрэг нь муухай л даа. Гэхдээ тэрээр шашинаа Ватиканаас салгаж Английг протестант болгосон нь дараа дараагийн түүхээс харахуйд аугаа шинэчлэл байжээ. Энэ суурин дээр Англи дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болж, эндээс уламжлан буй болсон Америк хэмээх хүчирхэг иргэншил төрсөн. Хойд Америк руу эрх чөлөө эрсэн хүмүүс очиж суурьшсан бол Өмнөд Америк руу алт хайсан хүмүүс очсон учир энэ хоёр бүс нутгийн ялгаа ингэтлээ өөр орчин бүтээсэн ч гэж ярьдаг. Англид анхлан буй болсон Аж үйлдвэрийн хувьсгал манай дэлхийн нүүр царайг үндсээр нь өөрчилсөн.

Ньютон бол хүний түүхэнд тохиосон хамгийн аугаа сартваахийн нэг. Ертөнцийн тухай хүмүүний ойлголтыг үзэгний үзүүрээр өөрчлөн шинэ төвшинд хүргэсэн. Гэвч тэрээр 80 наслахдаа ердөө 30 нас хүртлээ л аугаа нэлтүүдээ хийжээ. Үлдсэн амьдрал нь шашины болон алхимийн хайгууль. Маш их нэр хүндтэй байсан учраас Английн парламентад сонгогдож байсан. Гэхдээ тэрээр Английн мөнгөний системийг тэр чигээр нь өөрчлөн шинэчилсэн нь хүчирхэг Английн нэг суурь болсон. Мөнгөний шинэчлэлийн дараа Ньютон асар их баяжиж, маш том эдлэнтэй болжээ.

 

Хулгай хийгээгүй л байх, авилга ч аваагүй л байх, гэхдээ өөртөө ашиг гаргахаа сайн мэдэж байсан. Ийм аугаа юм хийсэн учраас түүнийг баяжлаа, идлээ гэж хошногыг нь ухаад байдаггүй. Орчин үеийн иргэншсэн ертөнцийг бүтээхэд Наполеоны үүрэг асар их байлаа. Францын аугаа хувьсгал дампуурч аллага хүчирхийлэл болон хувирахад чухам Наполеон л үүнийг засаж зорилгод нь оруулсан. Хожим дэлхийн бараг бүх орон дуурайн хуулсан төрийн тогтолцоог тэр санаачлан буй болгожээ. Харин ардчилсан чөлөөт нэгдсэн Европ байгуулах гэж олон дайн өдөөсөн нь түүний нүгэл. Хэт эртэдсэн санаачлага байлаа. Гээд тэрээр Гитлер шиг ард түмнүүдтэй байлдаагүй, шинэчлэлийг хүлээн зөвшөөрдөггүй эзэнт гүрнүүдийн Засгийн газруудтай тулалдаж явсан. Бас л хүний түүхэнд аугаа ихийг бүтээсэн хүний нэг дээ. Түүх түүнийг нэгэнт цагаатгасан, хүндлэн үздэг. Украиныг чөлөөлөгч Богдан Хмельницкий гэж байлаа. Тэрээр Украиныг Польшийн мэдлээс салгасан. Гэвч тахал өвчин гарч хүн ам нь сүйджээ. Ядарч доройтсон энэ үндэстэн аль нэг хүчирхэг орныг бараадахаас өөр замгүй болов. Түүнд Польштой эргэж нийлэх, шашин нэгтэй Оростой нэгдэх, тухайн үед хүчирхэг асан Крымын Татаартай холбогдох, бүс нутагтаа хамгийн хүчирхэг Осман Түрэгийг бараадах хэдэн сонголт байлаа. Эцэст нь Польш-Оросын дайнд оросууд ялахад Оросын Царийг сонгожээ. Өөрсдийгөө Их Орос гэж нэрэлдэг тэд Украиныг нэгдэнгүүт Бага Орос гэж албан ёсоор нэрлэх боллоо. Энэ басамжилсан нэрийг дөнгөж ХХ зуунд халсан боловч одоо Путины Кремль нэршлийг дахин сэргээж ингэж дуудах болов. Оросын мэдлээс гарах гэж украинчууд олон удаа оролдсон. 1918 онд тусгаар тогтнолоо заралсан боловч төдөлгүй Улаан армид хядуулсан. Дэлхийн II дайны үед бас оролдож 1950-аад он хүртэл тэмцсэн нь гашуун ялагдлаар төгссөн. Ерэн оны Зөвлөлтийн эзэнт гүрний задрал тэдэнд дахин бололцоо олгосон. Үүнийг Орос, Британи, АНУ-ын оролцоотойгоор Будапештийн меморандиумаар Украины тусгаар тогтнол аюулгүй байдлыг баталгуужилсан ба дараа нь мөн ийм баталгааг оросууд Киевт өгсөн. Тэгээд дараа нь “хуцваа” гэсэн дээ. Буруу сонголт! Хэрэв жишээ нь Осман Түрэгтэй нийлсэн бол ХХ зууны эхээр хэл амгүй тусгаар тогтнох байсан. Яг л Болгар, Югослав, Румын, Египт, Арабын орнууд шиг.

Чухамдаа яг тэр цаг үед Монголд Занабазар зөв сонголт хийсэн. Манж нар бол монголчуудын холбоотон байсан, тэд л орос, хятад хүмүүсийн цөмрөлт уусгалтаас цөөн тоот монголчуудыг аврах байлаа. Үнэхээр ч тэгсэн. Хэдийгээр энэ хамгаалалт нь монголчуудыг ертөнцөөс таслан бөглүү орчин болгож хорвоогийн хөгжлөөс тусгаарласан ч гэсэн өргөн уудам нутагт цөөхүүл үндэстэн зэргэлдээх олон тоот үндэстэнд өөрийн эрхгүй холилдон уусч үндэсний төрхөө үүрд алдах байлаа. 220 жил тэдний хамгаалалтанд байгаад, Манжийн төр унахад өөрийн тусгаар тогтнолыг заралсан билээ.

Сонголт хийн шийдвэр гаргах үедээ хичнээн их хардуулж хараалгуулж муугаа дуудуулсан ч эцэст нь цагийн явцад оносон зөв шийдвэр л үлддэг. Төгрөгийн ханш унагасан Бямбасүрэнгийн, гааль тэглэсэн Энхсайханы, хамтарсан Засгийн газар байгуулж байж Оюунтолгойн гэрээг хийж гадаадын хөрөнгө оруулж ирсэн Баярын зэрэг шийдвэрүүд тухайн үедээ бөөн хараал, гүтгэлэг туулж билээ. Ханш унагаж гааль тэглэнгүүт улс орон хөгжсөн гэнээ гэж орилогсод мундахгүй л гарах байх, гэхдээ энд аль содонг нь сануулсан хэрэг, учир нь нэн хүнд хямралын үед авсан мундаг арга хэмжээ. Тэгээд ч эдгээр Засгийн газруудын хийсэн цогц олон реформ шинэчлэл нь дэлхийн хамгийн ядуу орны нэгийн эдийн засгийг босгож дундаж төвшний улс болгон өөрчилсөн. Өнөөдөр дэлхийд оршин буй 200 улс гүрэн дотор Монгол нь урдаа 100 оронтой ч, ардаа бас 100 улстай. 2003-2013 онд Монголын эдийн засаг 10 дахин өссөн. Үүнийг процентоор илэрхийлбэл 1000 (мянган) хувь гэсэн үг. Харин 2013-2023 оны 10 жилд эдийн засаг 10 хувь өсчээ. Энийг хорлон сүйтгэл гэхээ больё гэхэд аугаа тэнэглэл байсан. Хүн амын орлого, амьжиргааны төвшин 2012 онтой харьцуулахад эрс доошилсон гэсэн үг. Гол шалтгаан нь Гадаадын хөрөнгө оруулалт зогсчээ. Тэрнээс ноцтой юм гэвэл хөрөнгө оруулах сонирхолтой улсуудын итгэлийг алдан үргээсэн. Дахиж урьж оруулж ирнэ гэдэг маш хүндэрсэн. Алив улс орны үсрэнгүй хөгжлийг зөвхөн Гадаадын хөрөнгө оруулалт, өндөр технологи хангадаг. Энэ үзүүлэлтээр зуун жилийн турш АНУ тэргүүлж байгаа. Нөхцөлгүй ядуу байсан Хятад орон сүүлийн 30 жилд Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадсанаар дэлхийн хоёр дахь том эдийн засаг боллоо. Гадны хөрөнгө оруулалтын төлөө улс орнууд хоорондоо өрсөлддөг. Үргээдэг, хөөдөг хоцрогдонгуй орнууд бий ч байгалийн баялагтай мөртөө хамгийн ядуу буурай байранд байсаар. Сүүлийн 10 жилийн дампуурлыг, яахав, алдаа дутагдал, гэнэн тэнэглэл гэе л дээ. Гэхдээ сайн тал нь өнөөдөр нийгмээрээ үүнийг буруу хандлага байжээ гэж ойлгож эхэлж байна. Сүүлийн хоёр жилд төр засгаас ч энэ алдааг засах гэж мэрийж, олон нийт ч дэмжиж байгаа харагдана. Үүнд Хуулийн сайд Нямбаатарын оролцоо, санаачлага, зүтгэл нэлээд тод харагдаж буй. Юутай ч бараг хөөгдөж яван ашиглалтад оруулах гэж байсан уурхай, бүтээн байгуулалтаа орхин хэдэн жилээр консервацид хадгалсан Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрээ сэргээн харилцан ойлголцсоны дүнд ажил овоо урагшлахаар боллоо. Монголд орж ирээд 25 жил янз бүрээр дайрлагад өртсөөр ахиц олоогүй Францын төрийн өмчит Ариава компанитай шинээр хэлэлцээ хийсний дүнд тэд орхиж гарахаасаа татгалзаад цаашид хамтран ажиллахаар боллоо. Энэ л бусад гадаадын хөрөнгө оруулагчдыг эргүүлж татах зам. “Нөгөө дуракууд чинь алдаагаа ойлгоод засарч байх шиг байна” гээд хөрөнгө оруулагчдын гутлын хоншоор нааш эргэж магадгүй. Энэ ажлыг Нямбаатар удирдан толгойлж буй. 

Нямбаатарт мэдээж мянган алдаа дутагдал бий. Амны зоргоор хамаагүй юм ярина. Элдэв асуудалд баримжаа нь тэнэмэл. Бүх юм руу давхиж орно. Тэгээд ч боловсрол мэдлэг нь хангалттай биш байх. Өөр ч зөндөө дутагдал бий. Гэхдээ дээр өгүүлсэн Трампын жишээнээс алдаа оноог нь дэнсэлж жингийнх нь харьцаагаар буян нь уу, нүгэл нь үү гэж харьцуулмаар. Нямбаатарын өөр дээрээ овоолсон ажил баргийн хүн даамааргүй.

 

Ийм олон тийш самгардахаар нэг нь ч бүтдэггүй нь элбэг. Нийгмийн зүгээс түүний бүтэлгүйтлийг ихээр шүүмжилдэг, хочилдог, дорд үздэг, доромжилдог гогцоо нь энэхүү өөртөө овоолсон “хариуцлага”. Хөдөлмөрийн хуваарь гэж юм байдаг. Өнөөдөр Монгол улсын хувьд хамар дор тулгарчихаад байгаа хамгийн чухал асуудал болох Гадаадын хөрөнгө оруулагчдыг эргүүлж татах ажилдаа гол анхаарлаа төвлөрүүлмээр санагдана. Авилга хээл хахууль гэх бузартай нүгэл нийгмийг өнөөдөр хордуулж байгаа ч гэсэн улс оронд зуун жил дагалдахгүй, нийгмийн амьдралын төвшин дээрдэж, хуулийн тогтолцоо сайжрахад хар аяндаа засран төлөвших нь мэдээж. Харин ядуу гуйлгачин хэвэндээ байгаад л байвал хэзээ ч арилахгүй. АНУ-ын түүхэнд тодорсон дөч гаруй Ерөнхийлөгч дотор эрдмийн зэрэг цолтой ердөө ганц хүн байсан нь Вилсон. Гэтэл дунд сургуулийн ч боловсролгүй олон хүн байв. Америкийн хамгийн аугаа Ерөнхийлөгч Линкольн сургуульд ердөө гурван жил сурсан, түүний дараах Ерөнхийлөгч Жонсон тэр байтугай үсэглэж уншдаг, бичиж чаддаггүй байжээ. Гэхдээ тэдний хэн нь ч чадваргүй, сул дорой, шийдвэр гаргадаггүй төрийн удирдагч байгаагүй. Эрдэм номтой хүмүүс шинжлэх ухаанд л зүтгэдэг. Израилийн Ерөнхийлөгч болооч гэсэн гуйлтаас Эйнштэйн татгалзсан учир энэ. Нямбаатар бол зорьсон ажилдаа зүтгүүр, өөртөө итгэлтэй, шургуу нэгэн. Гол нэг чанар нь харимзмтай. Түүний Монголын хувь заяанд том эргэлт оруулж болох салбар нь чухам Гадаадын хөрөнгө оруулагчдыг эргүүлж татан эх орноо нэгэнт хавчигдан тээгэлчихээд байгаа хавхнаас суллах. Өнөөдөр Монголын гол зорилго, онилсон бай, хийх гэж буй гоол нь тавь жаран жилийн ирээдүйн гайхамшигт төлөв биш. Монгол буцаад 2012 оныхоо төвшин, орчин, таатай нөхцөл, урам зоригтоо эргэж хүрэх!

 

Баабар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)