АН хаанаас, яаж санхүүждэг вэ?!
- 2023-09-26
- Улс төр
- 0
Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох тухай олон жил ярьж байна. Энэ талаар яриагүй улстөрч ховор л доо. Сонгууль бүрийн “топ лоозон”-гуудын нэг нь энэ болдог юм. Гэхдээ ялж гарч ирээд мартчихдаг. Харин саяхан Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор баталсан “дагалдах хуулиуд”-д энэ талаар зүйл заалтууд бий. Гэвч тэр нь улс төрийн намуудын санхүүжилтийг том агуулгаар нь хянах, ил тод болгоход хэцүү.
Хамгийн гол нь сонгуулийн бусад үед санхүүжилтээ хаанаас, яаж босгоод байгаа нь бүр хяналтгүй яваад байгаа аж.
Сүүлийн үед “...Мөнгөтэй компаниуд жижиг намуудын нэр дэвшүүлэх эрхийг худалдаж аваад байна” гэж яригдах болов. Үнэн бол санхүүжилт нь далд хэлбэрээр явагдаад л байна гэсэн үг.
Харин том намуудынх бол учиртай. Мэдээж, жижиг намууд дээр яригдаад байгаа шиг ганц нэг компанид хуйгаар нь зарчихгүй нь тодорхой юм. Гэхдээ л худалдаж авч байна гэх үү, дэмжээд байгаа хэлбэр үү, ийм санхүүгийн дэмжлэг байдаг аж. Энэ асуудал сүүлийн үед АН дээр илүүтэй яригдаж байна. Том намын нэг арга хэмжээ гэхэд хэчнээн өндөр зардалтай нь ойлгомжтой. Мөн тэнд улс төр хийхэд их мөнгө орно. Эвлэж нийлэх гээд зүдэж байгаа тус намынхны хувьд энэ талаар бодох арай эртдээд байгаа бололтой. Гэтэл АН руу орж буй санхүүгийн урсгал хэд хэдэн “салаа”-гаар тэр тоогоор тухайлсан улстөрчид рүү явдаг гэлцэх болжээ. Ёстой л “тамхины цэг”-ийн ийм яриа дуулдсаар удаж байна. Мэдээж энэ намд том том бизнесмэнүүд бий. “Ажнай”, “ТЭСО”, “АПУ” гээд зөндөө л байна. Гэхдээ нам нь нэг “төрөл”-ийн, намын удирдлага дахь лидерүүд нь өөр өөр “суваг”-аас санхүүжилтээ босгож, улс төрөө хөдөлгөдөг гэх аж. Тэгэхээр “...АН, ер нь бусад нам сонгуулиас бусад, иймэрхүү үед хэнээс, хаанаас, яаж, ямар хэлбэрээр, ямархуу тохироогоор санхүүждэг вэ” гэдгийг ил болговол илүү шударга болох биз ээ. Сонгууль дөхөж буй учраас сонгогч бүрийн сонирхох ёстой асуулт энэ мөнөөс мөн билээ.
Б.ДАМДИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)