Б.Ганхуяг “...Нэрлэхгүй” гэвэл нэг насаараа нүүрсний хулгайн золиос болж хоцорно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг өнөөдөр шүүнэ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа юм. Ер нь бол Б.Ганхуягийн хувьд нүүрсний хэмээх энэ хэргийн гол “объект” болоод байгаа юм. Тэр хэрээр түүний үг олны анхаарлыг татаж буй хэрэг.

Тэрбээр “...Оффтейк гэрээ, нүүрсний хулгай, нэг тонн нүүрс 40 доллар байхад 400 ам.доллараар гаргаад 12 тэрбум завшсан гэх хэрэг хаана байна вэ. Зүгээр нэг хашаа ярилаа, нэг тендер тойрсон хэрүүл ярилаа. Нотлох баримтыг дандаа гэрчийн үгээр хүн ялласан процедурын алдаа ярьж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн алдаа маш их хийсэн. Жишээлбэл, намайг арав дахь сардаа хорьж байна. Шалгаагүй, эрүүдэн шүүгээгүй хамаатан садан, найз нөхөд байхгүй. 68 хүнийг барьж шалгасан. Үүн дээр гомдоллоод байх юм алга. Шалгах ёстой бол шалгаад яв. ...Нүүрсний хэрэгт тээвэр, хил гааль, тендер гээд яриад байсан. Бүгд хэрэг биш болчихсон юм уу. Тэгвэл УИХ дээр ажлын хэсэг яг юу хийгээд байгаа юм. Шалгаж байгаа юм бол надаас юу ч асуудаггүй юм бэ. Жорлон, нүүрс, оффтейк гээд над дээр хэрэг тохох гэж байгаа бол би бараг 100 гаруй жилийн ял авах юм байна. ...Маш ноцтой юм энд яригдаж байна. МАН-ын асуудал яригдаад байна энд. 220 мянган гишүүнийг энд авчраад шүүж байна. ...Өөрийн болон ар гэр, хамаатан садныхаа аюулгүй байдлыг хамгаалах хүсэлт тавьж байна. МАН-ын асуудал яригдаж байгаа учраас намаас заавал ирэх ёстой. Би эрх бүхий байгууллагын шийдвэрээр явсан. Энд нэг ч байцаалт намын Удирдах зөвлөлийн гишүүдээс аваагүй ирсэн. Тэднээс аваач ээ. ...Ингээд эцэст нь энэ хүрээнд миний бие дараах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Нүүрсний гэх хэргийг илрүүлэхэд мэдээлэл өгөх, хамтарч ажиллах хүсэлтэй байгаа тул миний биеийг болон гэр бүл, хамаатан садныг маань хамгаалалтад авах арга хэмжээг авч өгөөч гэх хүсэлт гаргаж байна. Надад хамааралгүй зүйлийг сугалж аваад хэрэг үүсгээд яллах тухай яриад сууж байна. Үлдсэн 40 их наядын хэрэг чинь хаана байна. Үнэхээр хэргээ олохгүй байгаад байна. Эсвэл олчихоод нуугаад байгаа юм уу? Би ил байгаа юмыг нь хэлээд өгье. Хэрэв бид Монгол Улсад шударга ёс тогтоох гэж байгаа бол хамаагүй, зөвшөөрч байна. МАН-ын асуудлаа ч, нүүрсний хэргээ ч ярья. Хамт дагуулаад ороод ир.  Надад баталгаа гаргаж өгвөл бүгдийг нь ярьж өгье” гэсэн юм.

Эндээс үүдээд олон нийт “...Б.Ганхуяг нүүрсний хулгайн жинхэнэ эздийг нэрлэх гэж байна” гэсэн хүлээлттэй болоод байгаа юм. Үнэхээр ч бодит байдал дээр тэр энэ талаар ам нээхгүй бол цаашид өөрийнх нь “эрх зүйн байдал” улам дордох нөхцөл үүсээд байгаа юм. Шулуухан хэлэхэд, Б.Ганхуяг насан туршдаа нүүрсний хулгайн золиос болж үлдэнэ гэсэн үг. Яагаад гэхээр, “...Хэргийн жинхэнэ эзэн хэзээ ч шийтгэл хүлээдэггүй” туршлага манайд бий. Олон жишээ бий л дээ. Тэр хэрээр золиосууд гарч ирдэг. Хэрэг явдлыг нь үүрээд үлддэг. Яагаад ч юм, ялангуяа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлуудыг тийм хувь заяа угтдаг. Анхны захирал Б.Энэбиш нь одоог хүртэл хаана байгаа нь тодорхойгүй болсон. Арваад жилийн өмнө гадагшаа гараад сураг алдарсан байдаг. Я.Батсуурь гэж Элчин сайд байсан сайхан дипломатч эрхэм энэ компанийн гүйцэтгэх удирдлагаар ажилласан. Хоёр жил болсон уу үгүй юу буруутаж бариад 20 жилийн улс төрийн карьертаа цэг хатгаж байв. Дараа дараагийнх нь захирлууд ерөнхийдөө ийм байдлаар төгсдөг болсон. Түүн лүгээ өнөөдөр Б.Ганхуяг ч тэр тавиланг давтаж байх шиг байна. Яахав, өөрт нь хамааралтай хөрөнгө мөнгөний асуудал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хэрэг. Эх үүсвэрээ тайлбарлаж чадвал гараад л явчихна. Дөнгөхгүй бол хуулийн хариуцлага хүлээж таарна. Гэвч өөрийнх нь шүүх дээр яриад байгаачлан нүүрсний бүх хэргийг нуруун дээрээ үүрнэ гэвэл тэр бүтэхгүй. Магадгүй, түүний сүүлийн үеийн үг, үйлдлүүдээс хэн нэгэн, эсвэл хэсэг бүлэг хүн “...Хамгаална” гэчихсэн байхыг үгүйсгэхээргүй байна.

Харамсалтай нь тэгж барахгүй л болов уу. Энэ нүүрсний хэрэг гэдэг чинь нэг намын, хэсэг бүлэг улстөрчийн асуудал огтоос биш. Улс орны эсрэг томоохон гэмт хэрэг болчихоод байгаа юм. Тэгэхээр Б.Ганхуяг “Зэрэг нэмэхийн өмнө” дээр гардаг шиг “...Тал нь энэ, бүүр нөгөө тал нь энэ” гэж нөгөөдүүлийг хамгаалаад үлдэх нь өөрт нь халтай. Өөрийгөө бодож, сүүлд хэлсэн шигээ хуулийн байгууллагатай хамтарч ажилласан нь дээр. Ганц гарц нь энэ болж таарлаа л даа. Энэ удаад гайгүй өнгөрсөн ч нүүрсний хулгайн асуудал босож ирэх бүрт дуудагдаж, хоригдож, шүүгдэнэ. Ерөөсөө л Б.Ганхуяг “...Нэрлэхгүй” гэвэл насаараа нүүрсний хулгайн золиос болж хоцорно. Ийм дээрээ л тулаад байна.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)