Баабар: СССР өгсөн, СССР нь буцааж татсан

Ю.Цэдэнбал 1988 онд эхнэрийн хамт Улаанбаатарт ирж нэг сар хэртэй болсон юм. 1984 онд зөвлөлтүүд түүнийг огцруулан Монголын төрийн удирдлагаас зайлуулахдаа Москвад гэрийн хорионд байлгаж байсан нь үнэн. Цэдэнбалыг Монгол руу буцаавал төлөвлөсөн бүх ажиллагаа нь нурж, тэрээр эргээд төрийн эрхэнд гараад ирнэ гэдгээс болгоомжилж ийм арга хэмжээ авсан бололтой. Жил хэртэй өнгөрсний дараа нэгэнт ийм аюул үгүй болсон тул КГБ Цэдэнбалыг зөнд нь орхижээ. Тэрээр Монголдоо эргэж ирэх нь чөлөөтэй байсан, 1988 онд ирээд буцахгүй эндээ үлдэж ч болох байсан. Гэвч буцсан нь эхнэрийнх нь сонголт байсан бололтой.

Монголын шинээр бүрэлдсэн төр, Засгийн газраас Цэдэнбалыг хавчиж, элдвээр муу хэлж, гадуурахсан явдал байгаагүй. Эхнэрийнх нь шаардлагаар Монголын банкинд хадгалагдаж байсан нэг сая 300 мянган төгрөгийг нь өөр рүү нь бүгдийг нь шилжүүлсэн байдаг.[1] Тэр хоёрыг Улаанбаатарт ирэхэд нь сууж байсан байрыг нь лацдаад бүрэн бүтнээр нь хадгалж байжээ. Тэд эндээс өөрсөддөө хэрэгтэй гэснийгээ авч ачаад Москва руу явуулсан. Москва дахь бариулж дууссан барилгыг нь хураагаагүй, угаасаа тэр нь төрийн өмч байсан учир зарж борлуулсан. Тэгээд ч тэднийх уг байшинд орж сууж амжаагүй байсан юм билээ. 

 

1991 онд Цэдэнбалыг нас барахад шарилыг нь Улаанбаатарт авчирч Монгол улсын цэргийн зүтгэлтнийх нь хувьд Алтан Өлгийд нэр хүндтэйгээр оршуулсан. Цэдэнбал нь асар олон жил Монголын нийгмийг удирдаж байсан хүний хувьд ард түмний дунд нэр хүндтэй, маш их нөлөөтэй нэгэн байлаа. Түүний оршуулгад үй олон хүн оролцож, хүмүүс үнэн сэтгэлээсээ гашуудан уйлж байсан нь үүний баталгаа юм. 

 

1986 оноос Зөвлөлтийн перестройкагийн нөлөөгөөр Монголын ард түмэн сэрж эхэлсэн. Социализмыг өөрчлөн байгуулж улам төгөлдөршүүлэх, урьд өнгөрсөн түүхэндээ алдсан оносноо эргэж харан шүүмжлэх өнгө аяс цухалзаад эхэлсэн юм. Ялангуяа 1930-аад оны хядлага аллага, үндэсний уламжлал түүхийг гуйвуулсан, хориглосон талаар сэхээтнүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандах боллоо. Олон жил дарагдуулж нууж ирсэн энэ учир битүүлэг явдлын үнэнийг мэдэхийг хүмүүс хүсэх, улмаар шаардах болжээ. Түүхээ эргэж сөхөн шүүмжлэх болоход юун түрүүн Цэдэнбалын нэр холбогдох нь мэдээж хэрэг юм. Энэ талаар тодорхой хүрээлэлд хагас нууц маягаар шүүмжлэн ярьдаг байсан болохоос илээр илэрхийлэхийг тухайн цагийн дэглэм зөвшөөрдөггүй байлаа.

Ингэж аажмаар бэлтгэгдсэн нийгмийн сэтгэлэлгээ 1988 оны сүүлчээс зад тавин ил гарч эхэлсэн билээ. Дэлхийд 70 гаруй жил оршин тогтносон коммунист систем задран унах нь 1989 он гэхэд бүхэнд тодорхой болсон. Дарангуйлал үгүйгээр орших бололцоогүй нийгмийн байгууламж болох нь түүхийн шалгуураар батлагдаж буй нь энэ. Нийгмийн ийм тогтолцоонд хамгийн түрүүн эгнээнд багтсан Монгол орон, монголын нүүдэлчин ард түмэн нэг талаас соёл иргэншлийн хувьд асар их амжилт олсон боловч үүнийхээ төлөөсөнд мундахгүй их гамшиг туулсан билээ. 

 

1990 оны хувьсгал нь Монголын нийт ард түмний дэмжлэгтэйгээр ялалтад хүрсэн юм. Энэ нь дан ганц шинээр үүссэн нам, хөдөлгөөнийхний үйл хэрэг биш, Монголын төрийн удирдлага болон, төрийн эрх дангаараа барьж байсан МАХН-ын удирдлагын оролцоо, дэмжлэгтэйгээр явагдсан. Хэдийгээр хожим нь янз бүрийн цуу, мушгин гуйвуулалт, зохиомол яриа бишгүй нэг гарсан авч, үнэндээ шинээр гарч ирсэн нам, хөдөлгөөнийхнийг хүчээр дарах тухай ямар чяриа, санаа оноо хэнээс ч гараагүй. Харин ч хамтарч ажиллаж, биенээ ойлголцож байсан юм шүү. Үүнд тухайлбал Ж.Батмөнх, П.Очирбат, Ц.Намсрай, А.Жамсранжав, Д.Бямбасүрэн, Б.Чимэд, К.Зардыхан, П.Жасрай, Б.Даш-Ёндон, Л.Моломжамц, Ц.Гомбосүрэн гээд нам, төрийн удирдлагад байсан олон хүнийг нэрлэж болно. Ардчилсан хувьсгал бол Монголын нийт ард түмний бүтээл, түүний дотор шинэ, хуучин улс төрийн бүх хүчний оролцоотой хийгдсэн нийгмийн шинэчлэл байлаа. Тийм ч учраас Улс төрийн товчоо бүрэлдэхүүнээрээ огцорч, хуучин Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, бүх нам, хүчний хооронд зөвшилцөлд амархан хүрч, Монголын түүхэнд анх удаа чөлөөт ардчилсан сонгууль болж, мөн л Монголын түүхэнд анх удаа ард түмэн өөрсдийн удирдлагыг чөлөөт сонгуулиар буй болгосон. Сүүлийн 300 гаруй жилийн түүхэнд анх удаа монголчууд өөрийн төрийг өөрийн үзэмжээр байгуулж, өөрийн үнэлэмжээр бодлогоо явуулах болсон юм.

 

Нэгэнт хуучин нийгэм халагдаж цоо шинэ үзэл санаа, нийгэм-эдийн засгийн шал өөр тогтолцоо буй болж эхлэхэд хуучин удирдлагыг шүүмжлэх, заримдаа хэтрүүлэн хорсол занал илэрхийлэх явдал аль ч хувьсгалын үед гардаг. Ийм хувь заяа Цэдэнбал төдийгүй түүнийг хүрээлж байсан удирдлага, улам цаашлаад эрт галавын Чойбалсан нарыг дайрсан. Гэхдээ монголчуудын 1990 оны хувьсгал оготны хамраас цус гаргаагүй, ганц цонх хагалаагүй. Чаушеску цаазаар авахуулж, Хоннекер гадаад руу зугтаж, Живков баривчлагдаж, СССР-ийн сүүлчийн удирдлага болох путчийнхэн шоронд орж, зарим нь амиа хорлож байлаа. Харин Монгол ардын хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дарга, Бүгд найрамдах Монгол ард улсын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга асан Бүгд найрамдах Монгол ард улсын маршал Юмжаагийн Цэдэнбалыг 1991 онд харь газар нас барахад нь эх орон нь тосон авч маш өндөр хэмжээнд хүндэтгэл үзүүлэн оршуулсан. Үүнд нь үй олон хүн үнэн сэтгэлээсээ гашуудан оролцсон юм.

 

1990 оны хувьсгалын үеэр МАХН түүнийг буруушаасан тогтоол гаргаж, намаас нь хөөсөн төдийгүй тухайн үед мөн л тус намын гарт байсан төрөөс бүхий л одон медалийг нь хүчингүй болгожээ. Үүгээр тогтохгүй “тойрон хүрээлэгчдийн хэрэг” гэдгийг үүсгэн прокуроор шалгуулж эхэлсэн билээ. Цаг үетэй нь уялдуулан үүнийг ойлгож болох юм. Энэ нь цаг зуурын хийрхэл төдий юм биш. Орчлон хорвоо орвонгоороо өөрчлөгдөж, 70 жил замнасан нийгмийн байгууламж үндсээрээ шинэчлэгдэж байхад төрийн эрхийг дангаараа барьж байсан улс төрийн нам өөрийн бодлого, зарчмын шугамаа яаралтай өөрчлөх шаардлага гарсан. Тухайн үед хэдийгээр хувьсгал болж нийгмийн баримжаа солигдож байсан ч гэсэн МАХН маш нөлөөтэй, тэр хэрээрээ нийгмийн өмнө асар том хариуцлага хүлээж байлаа. Анхны чөлөөт сонгуульд энэ нам Ардын их хурлын нийт суудлын 80 хувийг, Улсын бага хурлын суудлын 60 хувийг авч байснаас үзэхэд түүний нийгмийн өмнө хүлээх хариуцлага асар их байлаа. Ийм нөхцөлд хуучин тогтолцоог төдийгүй түүнийг удирдаж байсан хүчин болон хувь хүмүүстэй хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг билээ.

Цэдэнбал гадны хүчний тавиул байсан, олон гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн, улс орны хөрөнгө мөнгийг зүй бусаар зарцуулсан, ард түмний үндэсний уламжлал бахархлын дэвсэлсэн гэх мэтээр энэ хүнийг олон янзаар буруутгаж болно. Гэвч Цэдэнбал бол тухайн нийгмийнхээ л бүтээгдэхүүн байсан. Чойбалсан байгаагүй бол түүний үүргийг хэн нэг нь гүйцэтгэх л байсан. Цэдэнбал ч яг ийм хувь заяатай байлаа. Энэ хүн тухайн үед нь хажуугаас нь хөөргөгч нарын магтаж байсан шиг “гарамгай удирдагч”, “суут гүүш” байгаагүй нь мэдээж. Гэхдээ тэр өөрийн гунигтай, харамсалтай, шоглоомтой хувь заяаг туулсан жирийн монгол хүн байлаа. Юутай ч тэрээр хүний адаг биш нь ойлгомжтой. 

Алсын бүдүүлэг хоцрогдсон хязгаараас эрдэм сурахаар ирсэн дөнгөж 15-16 настай жаахан хүүхдийг НКВД олзлон авчээ. Тухайн үед хамтралжуулалтаас болж СССР-т сая сая хүн өлсгөлөнгөөр үхэж байлаа. Усанд чанасан байцаанаас өөр хоолгүй монгол сурагчид өлсөхийн эрхэнд “мах, мах” гэж орилолдож байсныг Цэдэнбал хожим нэг бус удаа дурссан байдаг[2]. Чухам “мах”-наас болж хойно сурахаар очсон хүүхдүүдийн дийлэнх нь гэр рүүгээ буцсан. Цэдэнбал үүнийг тэсэн давж гарч чадсан. Ингэхэд нь цаадуул нь ч тусалсан. Хүнийг нэг уургалаад авчихвал насан туршид нь тавьдаггүй тийм л нийгмийн тогтолцоо байсан шүү дээ.

Тийм ч учраас тэрээр бүх насаараа бусдын дуулгавартай гүйцэтгэгч болсон. Энэ бол үнэндээ эмэгнэлт хувь заяа. Түүнд амьдралынхаа ханийг ч өөрөө сонгох эрх байгаагүй. Сонгосон болгоныг нь НКВД-ийн төлөөлөгчид голсоор, эцэст нь өөрсдийн бэлдсэн хүүхэнтэй суулгажээ. Тэрээр гэр орны хувийн жаргал үзээгүй. Өөрөө Ширэндэвт ярихдаа “Важнов Москвад намайг хамаатныхаа гэрт урихад тэнд хоёр хүүхэн байсан. Надад тэр татаар хүүхэн их таалагдаж би хандарсан юм. Гэтэл тэрийг Важнов хөөж явуулсан. Ингээд л өглөө сэрэхэд нэг шар хүүхний өвөрт хэвтэж байлаа” гэжээ. Эхнэрээсээ айдаг, түүнийгээ өөрийг нь хянаж байдаг байнгын дагуул гэж үздэг, хэлсэн ярьснаас нь зөрвөл цаанаа эзэнтэй гэж сүрддэг байжээ. Тиймээс ч гэр орноосоо аль болох дайждаг, эхнэрээ унтахыг хүлээн шөнө дөл болтол ажил дээрээ суудаг байж.[3] 

 

НКВД-ийн төлөөлөгч Иванов, Важнов нар түүнийг архинд оруулсан. Энэ тухай маш үнэмшилтэй баримт цөөнгүй бий.[4]Архинаас хэдий их хамааралтай болох тусам, архинаас холдуулах гэж тэмцэх эхнэртээ талархсаар улам бүр гарт нь оржээ. Үүн дээр нь мартах, орчноо үл ойлгох өвчин тусч, энэ нь тэр хэрээрээ гүнзгийрэх тутам төрийн эрхийг үнэн хэрэгтээ эхнэртээ алджээ. Оросын хөдөө тосгоны тариачин гаралтай бүдүүлэг, боловсролгүй, тэнэг авгай “алтан загасны эмгэн” шиг улам давшлан, жижиг буурай орны төрийг эзэгнэхэд тэр ч, түүнийг тойрон хүрээлэгчид ч саад болж чадаагүй юм.

 

Кремлийн тогооч нарын дурсамжид өгүүлснээр гадаадын хүндэт зочдод захиалгаар нь тэд хоол бэлтгэдэг байж. Цэдэнбал ирэхээрээ хонины бүхэл мах, гол төлөв шаант чөмөг, хавирга захидаг гэнэ. Тэрээр махаа гараараа барин шүдээрээ зулгааж амтархан иддэг байсан тухай дурссан байна. Мах идэж өссөн монгол хүн шүү дээ. Гэтэл ямар ч боловсролгүй мөртөө орос авгай нь хэн нэгнээс “холестрин” хэмээх хорны тухай дуулсан бололтой, мах хорьдог, холестринд сайн хэмээн голдуу чанасан байцаа идүүлдэг байжээ. Бүх насаараа идэж уухаараа хүртэл хориулсан хүн жаргалтай байх уу? Москвад гэрийн хорионд байхад нь жолоочоор нь ажиллаж байсан хүний яриагаар эхнэр нь гадаа салхинд гаргадаггүй, хувцсыг нь нуучихдаг байсан гэнэ. Уужим тал хээрийнхээ эрүүл агаар салхинд өсч өндийсөн монгол хүн шүү дээ.Насаараа ажил хийж үзээгүй тэнэг авгай халамжилж, арчилдаггүй байсан учир насны эцэст усанд оруулах хүн байхгүйгээс бие нь загатнан хөөрхий болж байж. Мөнөөх жолооч эхнэрээс нь нууж хааяа усанд оруулж, хумсыг нь авч өгдөг байжээ.[5] Насны эцэст тэнэгрэх өвчин тусан орчноо огт ойлгохоо больж, гэртээ төөрдөг болсон байна.[6] Хоёр хүүхэд нь ч, эхнэр нь ч хөөрхийг зөнд нь орхисон бололтой. 

 

Цэдэнбалыг 1984 онд зөвлөлтүүд төрийн эрх мэдлээс нь зайлуулсан. Үүнд нь ямар ч монгол хүний оролцоо байгаагүй нь цагийн явцад тодорхой болов. Бүх операци явагдаж, эцсийн шатандаа орсон үед л эрэмбээрээ түүний дараа орох Батмөнх, Моломжамц нарт дуулгажээ. Дуулгасан төдийгүй шахаж шаардсан юм. Өнөө хоёр нь үнхэлцгээ хагартал айсан байдаг. Цэдэнбалыг зайлуулах талаар Монголын удирдлагаас хэн нь ч ядахнаа бодож ч байгаагүй. Түүнд сайндаа ч биш, ерөөсөө ийм юм толгойд нь орж ирэхээс ч эмээдэг байв. Бараг бодлыг нь тагнаж мэддэг байсан тогтолцооноос айдастай хүмүүс. Бүгдээрээ л тийм байсан. 1937-1938 оны аймшигт хядлага хүн бүрийн зүрхэнд гүн суусан байлаа. Дарга даамал болох нь нэг талаас сайхан хэрэг ч, нөгөө талаас асар эрсдэлтэй, нэг л хазгай гишгэвэл амь нас, хувь заяагаараа дэнчин тавьсан аймшигтай шоглоом, тийм л тогтолцоо байсан юм шүү дээ.

 

Үнэндээ Цэдэнбалыг улс орноо удирдаж чадахаа болилоо, авгай нь галзуураад байна, өөрөө мартдаг өвчтэй боллоо гэж зөвлөлтүүд зайлуулсан юм биш. Ийм шалтгаан бий боловч энэ нь хоёр гурав дугаар зэргийн асуудал. Өөрөөр хэлбэл ердөө л шалтаг. Жинхэнэ шалтгаан нь СССР энэ дэлхийд ганцаардах болсонтой холбоотой. Брежневийг үхсний дараа, ерөөс СССР геополитикоо өөрчлөхгүй бол цаашид тэсэн гарах нөхцөл улам хаагдах нь маш тодорхой боллоо. 

 

Онолын маргаанаас эхэлсэн ч гучин жил үргэлжилсээр зэвсэгт мөргөлдөөн хүртлээ хурцадсан Хятад улстай харилцах ”хүйтэн дайны” уур амьсгалаа өөрчилж, яаралтай эвлэрэх шаардлага СССР-ийн хувьд гарлаа. Дэлхийн хоёр дахь хүчирхэг гүрэн геополитикийн гүнзгий өөрчлөлтөд орохоор зэхэв. Тэд хамгийн түрүүн Хятадтай харилцаагаа сайжруулах нь зөв гэж шийджээ. НАТО-гийн эсрэг Европт байрлуулсан зэвсэгт хүчнээс нь хавьгүй их Зөвлөлтийн цэргийн хүчин Хятадыг бүслээд байралчихсан байв. СССР-ийн Хятадтай харилцах харилцааны гол барометр нь Афганистан, Вьетнам, Монгол байжээ. Үүн дотор хамгийн том үзүүлэлттэй нь нутагтаа 100 мянган цэргийг нь байрлуулсан БНМАУ улс байлаа. Хятадын эсрэг хийж буй Монголын хөдөлгөөн болгоныг Кремлийн явуулга гэж Бээжин хардаг, тэр нь ч үнэн байсан юм. Гүнзгий склероз туссан, архинд донтсон, зөнөсөн, өвчтэй Цэдэнбал СССР-ийн шинэ геополитикийг ойлгохгүй, ойлгосон ч маргааш нь мартчихана. Даварсан эхнэр нь хүн болгоныг “хятадын тагнуул”-аар нь дуудан халж солино. Яг ийм үед зөнөсөн эхнэр, нөхөр хоёрын Хятадын эсрэг өдөөн хатгалга, явуулга улам идэвхжиж байв. Чухам ийм шалтгаанаар л зөвлөлтүүд Цэдэнбалыг зайлуулахаар шийдсэн юм. Түүнийг цагтаа НКВД тавьсан, хэрэггүй болохоор нь КГБ зайлуулсан.

 

1984 онд Цэдэнбал явснаар Монголд цэдэнбализм буюу түүний буй болгосон дэглэм цааш Цэдэнбалгүйгээр үргэлжлүүлэн тогтсон. Гэхдээ түүний авторитари дэглэм байхгүй болсон юм. Түүний залгамжлагч Батмөнх нь ганцаар захирагч огт биш. Харин 1990 оны хувьсгалаар ерөөс цэдэнбализм гэж нэрлэж болохуйц тоталитари дэглэм сөнөсөн билээ. 

1997 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэдэнбалыг цагаатгаж, урьд нь хурааж авсан бүхий л одон медал, цол хэргэмийг нь буцааж олгосон юм. Эндээс эхлээд Цэдэнбал нь улс төрийн болоод хөрөнгө мөнгөний ашиг завшаан хөөцөлдөгчдийн тоглоом болж эхэллээ. Монголын цэргийн нэрт зүтгэлтэн, жанжин Д.Сүхбаатарыг нас барснаас нь олон жилийн хойно гэнэт “мандуулан” улс төрийн хөзөр болгож, ашиг завшаан, нэр төр хөөцөлдөгчдийн тоглоом болгосон гунигт сургамж бий. Мандуулахаа ч хат, хэлээгүйг нь илтгэсэн, бодоогүйг нь үйлдсэн болгож, нэгэнт тэнгэрт хальсан сайн хүнийг гутаан доромжилсон, ясыг нь өндөлзүүлсэн явдал болсон юм. Гашуун сургамж байсаар атал ийм явдал давтагдах болов.

Цэдэнбалын нэрэмжит сан, сургууль, академи, нийгэмлэг олноор байгуулагдаж хоорондоо өрсөлдөн, эд мөнгө булаацалдаж, зарга заальхай үүсгэх нь жигшмээр. Яг л Филатовагийн “Хүүхдийн төлөө фонд”-ын үлгэрээр санхүүжилт босгон худал хуурмагаар дүүрсэн кино, товхимол, нэвтрүүлэг, сонин, сэтгүүл олноор нь үйлдвэрлэх болжээ. Ард түмний тодорхой хэсэг, ялангуяа түүний төрсөн нутаг усныхны хувьд Цэдэнбал нь гэгээлэг ариунаар үлдэж, маш ихээр хүндэтгэн дурсдаг. Энэ нь ч нээлттэй нийгмийн хувьд байх, зүй ёсны үзэгдэл. Харин үүн дээр дөрөөлөн улс төрийн сонгуульд ашиглах, эсрэг хүчнээ намнахад зэвсэг болгон хэрэглэх, хэрүүл уруул, хардлага сэрдлэгийн бай болгох явдал улам гаарах болов. Улмаар монгол хэл мэдэхгүй хүүг нь авчирч төрийн сонгуульд өрсөлдүүлэх, өнөөх нь малчин ардын өмнө хэлмэрчтэй оччихсон “дорогие араты” гээд зогсож байхыг харах нь тоглоомоосоо халиад шоглоом руугаа гүнзгий орсон эмгэнэл мэт. 

 

Улаанбаатарын төвд Цэдэнбалын хөшөө босгожээ. Цэдэнбалын санаачлага хүсэлтээр энд олон жил гозойж байсан Сталины хөшөөг 1990 онд буулгаж, оронд нь Цэдэнбалтай хамгийн их шөргөөцөлдөж асан нэрт эрдэмтэн, үндэсний үзэлтэн Б.Ринчингийн хөшөөг сүндэрлүүлсэн юм. Ном сугавчлан номхон зогсох Ринчинг сандал дээр хөлөө ачин суугаа Цэдэнбал байгалийн зүгээр биш, тэс хөндлөн чигтэй эгц урдаас нь ширтэх аж. 

 

Түүхийг буцааж болдоггүй юм. Түүхийг “тэгсэн бол тэгэх байсан, тэгээгүйгээс болоод тэгсэн” гэх мэтээр тайлбарлаж болдоггүй юм. Түүх болсноороо болоод л өнгөрдөг. Түүх түүхээрээ л үлддэг. Түүх гэдэг бол угтах ирээдүйг зөв тольдох сургамж, бахархал, эмгэнэл. Энэ сургамжийг авч, цаашдын зам мөрөө зөв залахын тулд түүх үнэнээрээ үлдэж, дараа үеийнхний нүдийг нээж байх ёстой. “Түүхээ мэдэхгүй бол чамд түүх зохиож өгөх хүн олдоно” гэж хоёр мянганы өмнө суут Цэцэрон захиж байжээ. Үнэнээс гажсан түүх цээжилсэн хүн угтах ирээдүйгээ зөвөөр төсөөлж чадахгүй. Түүхийн ач холбогдол чухамдаа энэ буюу.

Өөрийн үндэстний өмнө байгуулсан Цэдэнбалын хамгийн том гавъяа бол түүний санаачилж, удирдан зохион байгуулж хийлгэсэн Соёлын их хувьсгал юм. Дундад зууны хоцрогдлоос морио унаж модоо тохсоор ХХ зуунд давхиж орж ирсэн нүүдэлчин монголчуудын мянган жилийн хэвшмэл амьдрал Цэдэнбалыг хүртэл онцын өөрчлөлтөд ороогүй байлаа. Усанд ордог, бичиг үсэгтэй, цагаан даавуун дээр унтдаг, дотуур хувцастай, бөөснөөсөө салсан, арьс өнгөний өвчингүй, зөв боловсон хооллодог, гадаад хэлээр ойлголцдог, иргэншиж соёлжсон өнөөгийн дундач монгол иргэн бол чухамдаа Цэдэнбалын “бүтээл” юм. Хоцрогдсон алс хязгаарын жаахан банди СССР-т явж эрдэм ном сурсан төдийгүй, иргэншиж соёлжин, юм үзэж нүд тайлснаар барахгүй өөрийнхөө араас шинэ үеийн зуу зуун мянган эх орон нэгтнүүдээ үлгэрлэн дагуулсан. Магадгүй Цэдэнбалаас өөр хүн улс орныг толгойлж байсан бол ийм аугаа хувьсгалыг хийж чадаагүй ч байж болох. Боловсрол мэдлэгтэй, иргэшсэн, тэр хэрээрээ хүчирхэг шинэ Монголын шинэ үеийнхэн Цэдэнбалын биечлэн хийсэн энэ том хувьсгалыг үргэлжлүүлэн, улс орноо улам мандуулан цэцэглүүлэх нь маргаангүй билээ.

 

Баабар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)