Баянгол дүүргийн 34 хорооны 10.000 гаруй ахмадын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ
- 2023-10-03
- Улаанбаатар
- 0
Баянгол дүүргийн Засаг Даргын тамгын газар, тус дүүргээс сонгогдсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монгол Улсын Их Хурлын Гишүүн Ж.Ганбаатарын ажлын албатай хамтран “Ахмадаа хүндэлье” арга хэмжээ зохион байгууллаа. Тус арга хэмжээнд дүүргийн 34 хорооны 10.000 гаруй ахмадын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Ахмадын эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг нийтэд тариулах зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын Ахмадын өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэж байхаар тунхаглажээ.
Монгол Улс 1992 оноос эхлэн “Ахмадын өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэсээр өнөөдөр 32 дахь жилтэйгээ золгож байна. 2023 онд Засаг даргын Тамгын газраас ахмад настныхаа эрүүл мэндийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, ур чадвар, сонирхлоо тасралтгүй хөгжүүлэн идэвхтэй амьдрах, насан туршдаа суралцах нөхцөл боломжийг дээшлүүлэх чиглэлээр дүүргээс сонгогдсон Их хурлын гишүүд, төрийн болон олон улс, иргэний нийгмийн байгууллагуудтай тогтмол хамтран ажиллажээ.
Давхардсан тоогоор 38500 гаруй ахмадад халамжийн дэмжлэг олголоо
Баянгол дүүрэгийн 34-р хороонд тэтгэврийн насны 27 мянга гаруй ахмад настан оршин суудаг.
Дүүргийн хэмжээнд давхардсан тоогоор 38500 гаруй ахмад настанд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн бөгөөд 34 хорооны ахмадын зөвлөл, ахмадын холбоотой хамтран 74 ахмадыг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамруулаад байна. Тодруулбал:
- Хүүхэд хамгаалагч үйлчилгээнд 20 ахмад
- Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ үзүүлэх 15 ахмад
- Өрхийн аж ахуй, үйлдвэрлэл эрхлэгч 39 ахмадад санхүүгийн дэмжлэг олгосон.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолын дагуу 65 болон түүнээс дээш настай 12,645 ахмад настанд 1,024,740,000 төгрөгийн насны хишиг тэтгэмж олгожээ.
Ахмадуудын эрүүл наслалт амьдралын чанарыг дээшлүүлнэ
Баянгол дүүргийн Ахмадын хорооноос Геронтологийн үндэсний төв, Эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулан “Ахмадуудын эрүүл наслалт амьдралын чанарыг дээшлүүлье” ажлыг уламжлал болгон зохион байгуулж зорилтот бүлгийн 150 ахмадыг нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээнд хамруулж шаардлагатай асаргаа сувилгаа, эрүүл мэндийн дэмжлэг, нөхөн сэргээх эмчилгээнд хамруулжээ. Үүнээс гадна Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол Хүн” хөтөлбөрийг амжилттай үргэлжлүүлэн эрт илрүүлэг оношилгоод хамрагдсан нийт иргэдийн 30 аас дээш хувийг манай ахмадууд эзэлж идэвхтэй оролцсон байна. Цаашид ахмад настнуудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай, алсын хараатай бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллана гэдгийн дүүргийн удирдлагууд онцоллоо.
Сэтгэгдэл (0)