Д.Бат-Эрдэнэ: Сонгуулиар хууль бус хандив авбал авлигын хэрэгтэй дүйцэх хариуцлага хүлээлгэх санал гаргасан

Сонгуулийн ерөнхий хорооны хуулийн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Ирэх оны сонгуулийг шинэ хуулиар явуулна. Ямар ахиц дэвшил, онцлох өөрчлөлт орж байна вэ?

-Тогтолцооны хувьд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 48/78 харьцаагаар 126 гишүүнийг сонгоно. 78-ийг нь мажоритор, 48-ийг нь пропорциональ хувилбараар сонгох юм. Өөрөөр хэлбэл, саналын хуудас хоёр хэсэгтэй байна. Нэгдүгээр хэсэг нь мажоритор буюу тухайн тойргийн мандаттай тэнцүү тооны нэр дэвшигчийг дугуйлна. Түүний доод талд Дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам байлаа гэхэд сонгуульд оролцож байгааг нь харж байгаад аль нэгийг нь сонгох юм. Ингэж дээд хэсгээс 78, доод хэсгээс 48-ыг дугуйлна гэсэн үг. Харин жагсаалтаар санал авах босгыг дөрвөн хувь болгосон. Ингэснээр пропорциональ хэсэг дээр суудал хуваарилалтад оролцохын тулд нам эвсэлд өгсөн нийт саналын дөрвөн хувийн босгыг давах ёстой. Хоёрдугаарт, нам дангаараа орж дөрвөн хувийн босгоо давсан ч тойргийн 78-ийн тал дээр нэр дэвшүүлээгүй бол суудал хуваарилалтад оролцох эрхгүй. Хоёр нам нийлбэл тав, гурав ба түүнээс дээш бол долоон хувийн босго давж байж суудал хуваарилалтад оролцохоор байгаа. Дүнг гаргахдаа дөрвөн хувийн босго давсан намуудын саналыг 48-д хуваагаад нэг суудалд оногдох тоо хувийг олно.

 

Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотойгоор 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх, 2028 оноос эхлээд 40 хувь байхаар хуульчилсан. Хууль эрх зүйн орчны хувьд манай улс жендэртэй холбоотой маш том ахиц гаргаж чадлаа. Хүйсийн харьцаа 1/1 буюу эмэгтэй, эрэгтэй гэж сөөлжлөхөөр болсон. Хамгийн багаар бодоход аль нэг хүйсийн төлөөлөл 22-24 сонгогдох боломжтой гэж харж байна.

 

Мэдээж сонгуулийн үеэр хяналтын тооллогыг 100 хувь хийнэ. Гараар тоолно. Саналын хуудас бар кодоос эхлээд маш олон төрлийн нууцлалтай байдаг учраас солих ямар ч боломжгүй. Мөн Монгол Улсад ажиллаж байгаа бүх санал авах байранд хяналтын камер ажиллана. Иргэд хүссэн санал авах байрандаа очоод хяналтын тооллого хийхэд биеэр оролцож болно. Бүгдийг нээлттэй ил тод болгоно.

 

-Гадаадад байгаа иргэдийн саналыг авах асуудал жил бүр шүүмжлэл дагуулдаг. Аль болох чирэгдүүлэхгүй байх тал дээр хэрхэн анхаарсан бэ?

 

-Гадаадад байгаа иргэдээс санал авахдаа процессыг бага зэрэг хөнгөвчилж байгаа. Өмнө нь дипломат төлөөлөгчийн газраа хэд дахин ирж очдог байсан бол энэ удаад нэрийн жагсаалт гаргахад иргэн боломжит хувилбаруудыг сонгож шуудан,цахимаар болон утсаар мэдэгдэж болно. Зөвхөн саналаа өгөхдөө ганцхан удаа л дипломат төлөөлөгчийн газраа очих юм.

 

Хуулийн төслийн үеэр яригдаж байсан монголчууд олноороо байдаг газар дипломат төлөөлөгчийн газруудыг байгуулах зохицуулалт хасагдсан. Хүний нөөцтэй холбоотой хүндрэлүүд гарч ирнэ гэж үзсэн. Хэдийгээр хуульчлагдаагүй ч гэсэн холбогдох яамд хамтраад хурууны хээгээ уншуулаад бүх үйлчилгээгээ авах, энэ давуу талыг сонгуулийн үеэр ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

 

Сонгогчдын нэрийн жагсаалтыг улс төрийн намуудад цахимаар өгдөг байсныг болиулсан. Харин нэрийн жагсаалтыг цаасаар хоёр удаа өгдөг байхаар тусгасан. Санал авах өдрөөс 20 болон гурав хоногийн өмнө өгөхөөр баталсан. Энэ нь давхардал, зөрүү байгаа эсэхийг шалгах зорилготой. Нөгөө талд хариуцлагажуулж байгаа. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг ямар нэг байдлаар цаасаар хувилж тараахгүй. Хэрэв ийм зүйл байвал тухайн намын нэр дэвшигчтэй хариуцлага тооцох асуудал яригдана. Мөн гэрийнх нь хаягт таньж мэдэхгүй хүн байгаа эсэхийг шалгадаг зохицуулалтыг хэвээр нь үлдээсэн. Ингэхдээ сонгууль болохоос 85 хоногийн өмнөөс сонгогчид хаяг дээрээ танихгүй хүн байгаа эсэхийг нягтлах боломжийг бүрдүүлж байна. Үүнтэй холбоотой гомдлоо иргэний бүртгэлийн аль ч байгууллагад цахимаар гаргаж болно.

 

-Гишүүдийн тоо 126 болсонтой холбоотойгоор нэр дэвшигчдийн тоо өсөх нь лавтай. Сонгуулийн үеийн зардлыг бууруулахад ямар ахиц гарч байгаа вэ? 

 

-Зардал бууруулахтай холбоотой зохицуулалтууд орсон. Хуулийн төсөл өргөн барих үед аудитынхан тодорхой судалгаа гаргаж өгч амжилгүй өргөн баригдаад явчихсан. Аудитын байгууллага зөвхөн тоо бодох биш бодлогын хэмжээнд ажиллах учиртай. Тиймээс зардал бууруулах хоёр дахь шатлалыг аудитын байгууллага хэрэгжүүлэхдээ өмнөх сонгуулийн гүйцэтгэл тайлан зэрэгтэй уялдуулж авч үзэж багасгахаар байгаа.

 

Сум, дүүргийн Засаг дарга нар санал авах байрыг бэлтгэх үүрэг хүлээдэг. Суманд хоёр, аймгийн төвд тав, хороонд дөрөв хүртэлх самбар байрлуулна. Есөн дүүрэгт 200 гаруй хороо бий. Ингэхдээ бүх нэр дэвшигч нэгдсэн самбар дээр зурагаа байршуулна.

 

Урт нь 2.4, өргөн нь метр гаруй самбар хийхэд хоёр сая төгрөгөөс дээш зардал гарахгүй гэж тооцсон. Өмнөх сонгуульд 600 гаруй хүн нэр дэвшихэд дунджаар 35-40 мянган ширхэг самбар байршуулдаг байсан юм билээ. Тэр хэрээр зардал өсч байгаа. Одоо бол нэр дэвшигчээс самбартай холбоотой зардал гарахгүй. ЗДТГ нэгдсэн самбар байршуулна. Нэр дэвшигч А4 бичгийн цаасыг хоёр нийлүүлсэн хэмжээтэй зурагаа өөрт оногдсон дугаартаа наана гэсэн үг. Зурагаа хэт олон солих боломжгүй. Дөрвөн удаа солилоо гэхэд дор хаяж жижиг боршур тараах эрхгүй болно. Ерөнхийд нь харвал зурагт самбарын тоо 93 хувь буурах юм байна лээ. Нэгдсэн самбар дээр санал авах байр зэрэг сонгуультай холбоотой бүх мэдээллийг нэг дор өгөх юм.

 

-Нэр дэвшигчид нэгдсэн самбар дээр зурагаа наах нь. Намыг хэрхэн сурталчлах вэ?

 

-Намууд самбараа өөрсдийнхөө зардлаар хийнэ. Намын мөрийн хөтөлбөр болон жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүсээ сурталчлах самбартай байж болно. Гэхдээ гудамжинд байдаг бизнесийн байгууллагын самбарыг түрээслэхийг зөвшөөрөхгүй. Аль болох тэгш өрсөлдөх боломжоор хангана. Намууд зурагт самбараа санал авах байранд байршуулж болно. 

 

-Сонгуулийн үеэр мөнгөтэй нь сурталчилгаа илүү хийдэг нь тэгш бус байдал үүсгэдэг. Ялангуяа, цахим сурталчилгааг хэрхэн хянах вэ?

 

-Сонгуульд нэр дэвшигчид радио, телевиз ашиглахдаа контент, клип хийгээд гаргачихдаг. Гэтэл сонгуулийн сурталчилгааны контент цэвэр бодлого ярьсан мэтгэлцээний зарчим руу явах ёстой. Тэгэж байж сонгогчид нэр дэвшигчийг таньж, мэднэ. Тухайлбал, МҮОНРТ-ээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх цагийн тал хувь нь цэвэр мэтгэлцээн байх юм. Энэ нь эрүүл өрсөлдөөн гэж харж байгаа.

 

Цахим сурталчилгааны хувьд сонгуулийн нийт зардлын 15 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулж өгсөн.УИХ-ын Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж тогтоол гарсны дагуу Эрүү, Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж намрын чуулганаар батлах ёстой. Хуульд заасан хэмжээнээс өөр ямар нэг байдлаар төсөв санхүү үүсгэсэн, хандив авсан бол эрүүжүүлнэ гэсэн байгаа.

 

Хувь хүн 6.6 сая, аж ахуйн нэгж байгууллага 27.5 сая төгрөгийн хандив өгч болно. Энэ бол урьдчилан сэргийлэх чиг үүргийн үүднээс буюу сонгогддог нийтийн албан тушаалд томилогдох гэж байгаа хүн хууль бусаар хандив авч нэр дэвшиж байгаа нь зохисгүй. Үүнийг авлига албан тушаалын гэмт хэрэгтэй зүйрлүүлж үзэж болно гэсэн саналыг Сонгуулийн байгууллагаас гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, хууль бусаар хандив авсан нь илэрбэл эрүүгийн хариуцлага хүлээнэ. Тэр байтугай авлига, албан тушаалын гэмт хэрэг гэсэн бүлэг рүү очвол дахиж сонгуульд нэр дэвших эрхгүй болно гэсэн үг.

 

-Улс төрийн намын хуулиар танай байгууллага ямар үүрэг, хариуцлага хүлээж байгаа вэ?

 

-Сонгуулийн ерөнхий хороо Улс төрийн намын тухай хуулиар тодорхой чиг үүрэг хүлээж байгаа. Нэгдүгээрт, намын санхүүжилттэй холбоотой хэсэг, хоёрдугаарт, намын бүтэц зохион байгуулалттай холбоотой чир үүргийг хэрэгжүүлнэ.

 

Тухайлбал, намууд нэр дэвшүүлэхдээ 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх шаардлага тавьж байгаа. Жендэртэй холбоотой тайланг жил бүр Жендэрийн үндэсний хороонд гаргаж өгнө. Тэднийхээс ирсэн дүгнэлтэн дээр үндэслэж байж санхүүжилтийг нь олгох юм. Зөрчилтэй байвал заавал арилгуулна. Өөрөөр хэлбэл, хуулийг заавал хэрэгжүүлнэ гэсэн үг.

 

Намууд шаардлагатай мэдээллээ цахим хуудастаа тавьж байгаа эсэхийг сонгуулийн байгууллага хянана. Энэ мэтээр намд дангаар нь үүрэг болгохоос гадна төрийн институтийг оруулж ирж байна. 

 

 

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)