Солонгосын хойг дахь шинэ өрнөл: БНАСАУ-ОХУ-ын харилцаа

Зүүн хойд Ази (ЗХА)-ийн бүс нутгийн тогтвортой байдалд сорилт учруулж буй Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн Умард-Өмнөд Солонгосын дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээ хангалтгүй бөгөөд их гүрнүүдийн бүс нутгийн хүрээн дэх оролцоо буюу АНУ, БНХАУ, ОХУ, Япон зэрэг орнуудын хүчний тэнцвэрийн механизмууд чухал нөлөөтэй.

Орос Украины дайн дэлхийн дэг журам, аюулгүй байдлын орчинд асар их нөлөө үзүүлж, улмаар ЗХА болон Солонгосын хойгийн аюулгүй байдлын орчинд ч үлэмж өөрчлөлтийг авч ирэв. Украины нөхцөл байдлыг ажигласны дараа Умард Солонгос дэглэмийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд цөмийн зэвсгээ хэзээ ч орхиж болохгүй гэсэн дүгнэлтдээ улам бүр итгэлтэй болж, цөмийн бодлогоо Үндсэн хуулиараа баталгаажууллаа. Украины хямрал улс орнуудад бие даасан үндэсний батлан ​​хамгаалах бодлогоо бэхжүүлэх шаардлагатай ба найрамдалт орнууд гэж байдаггүйг сануулсан том дохио болсон хэмээн Умардын тал тайлбарлаж, ЗХА-д зэвсэглэлээр хөөцөлдөх явдал ойрын ирээдүйд хумигдах найдвар багассаар байна.

 

Умард Солонгос улс Орос Украины дайн эхэлсний дараа Москвагийн бодлогыг нээлттэй дэмжсэн цөөн орны нэг болсон. Тодруулбал, БНАСАУ Украин дахь Оросын үйл ажиллагааг буруушаасан НҮБ-ын тогтоолын эсрэг санал өгч, Луганск, Донецкийн БНУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм.

 

Нөгөө талаас ОХУ-ын Умард Солонгостой харилцах харилцааг бүс нутгийн геополитикийн өргөн хүрээнд авч үзэх нь зүйтэй. Орос улс ЗХА-ийн тогтвортой байдлыг хадгалах сонирхолтой бөгөөд Умард Солонгостой харилцах харилцаагаа бүс нутгийн бусад тоглогчид, тухайлбал Өмнөд Солонгос, Хятад, АНУ-тай харилцах дипломат хөшүүрэг болгон ашиглаж ирсэн. Нөхцөл байдал шаардвал Москва Пёньянтай цэргийн технологи, тэр дундаа тив алгасах пуужин үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэсэн дүгнэлтийг шинжээчид онцолж байна. Умард Солонгос ОХУ-ын дэмжлэгээр цөмийн улсын статусаа бэхжүүлэхийг хичээж байна. Харин нөгөө талд Өмнөд Солонгос улс БНСУ-АНУ-Японы эвслийг улам хүчирхэгжүүлэх замаар Солонгосын хойгийн хямралд хариу арга хэмжээ авах бэлтгэлийг хангах арга хэмжээ авч байна. Солонгосын хойгийн нөхцөл байдал ойрын ирээдүйд энхийн замаар шийдвэрлэгдэх боломж хумигдсаар байгааг дараах хүчин зүйлүүдээр тайлбарлаж болно. Үүнд:

 

1.ОХУ Умардын харилцаа дахин сэргэж, цэргийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээ талууд илэрхийлэв.

 

2.Украины нөхцөл байдал Умард Солонгос Оросын харилцааг шинэ шатанд гаргах гол түлхэц болов.

 

3.Украины байдал Умард Солонгосын өөрийгөө цөмийн зэвсгээр хамгаалах ёстой гэсэн байр суурийг бататгах нөхцөл болж, цөмийн зэсвгээс татгалзуулах дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад цэг тавив.

 

4.БНАСАУ цөмийн бодлогоо үндсэн хуулиараа баталгуужуулав.

 

“Ахан дүүсийн харилцаа”-ны сэргэлт

 

Орос Умард Солонгосын харилцаа сүүлийн жилүүдэд эрс эрчимжиж байна. 2019 онд хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болж, энэ оны 7 дугаар сард Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу нар БНАСАУ-д айлчилж, 9 дүгээр сард Умард Солонгосын удирдагч ОХУ-д дээд хэмжээний айлчлал хийв.

 

 

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 9 дүгээр сарын 13-ны өдөр ОХУ-ыг зорин, ерөнхийлөгч В.Путинтэй уулзлаа. Тэрбээр уулзалтын үеэр В.Путиныг хариу айлчлахыг урьсан бөгөөд урилгыг В.Путин тааламжтай хүлээн авсныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн ба тэрбээр айлчлал цаг үеэ олсон, ашигтай, бүтээлч байсан, цаашид хоёр орны харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх болно хэмээн цохон тэмдэглэсэн байна.

 

 

Айлчлалтай холбогдуулан 9 дүгээр сарын 20-ны өдөр Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны хурал болж, хурлаар Ким Жон Уны ОХУ-д хийсэн айлчлалыг өндөр үнэлж, “зорилгодоо хүрсэн” гэж тэмдэглэжээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны Орост хийсэн айлчлал нь Умард Солонгос-Оросын харилцааг стратегийн шинэ өндөрлөгт гаргаж, дэлхийн улс төрийн нөхцөл байдлыг эрс өөрчилсөн хэмээн Умард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг 9 дүгээр сарын 22-ны өдөр мэдээлэв. Мөн уулзалтаар “Хоёр орны тактик, стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цэргийн аюул, өдөөн хатгалгыг таслан зогсоох, тусгаар тогтнол, хөгжил дэвшил, амар тайван амьдралд заналхийлсэн үйлдлийн эсрэг хамтарсан фронтод тууштай тэмцэх, эв нэгдэлтэй байх” зэрэг чухал асуудлуудыг ярилцсан талаар дурджээ.

 

ОХУ-ын удирдлагуудын айлчлал БНАСАУ-ын нэр хүндийг өсгөж байна гэж солонгос судлаач Андрей Ланков онцлов. “Умард Солонгосын хувьд С.Шойгу болон Хятадын төлөөлөгчдийн Пёньянд хийсэн айлчлал бол дипломат ялалт байлаа. Умард Солонгосын удирдагч цөмийн зэвсэг, тив алгасагч баллистик пуужин, дэвшилтэт нисгэгчгүй онгоц харуулсан цэргийн жагсаалд хоёр хөрш их гүрний өндөр албан тушаалтнууд Ким Жон Уны дэргэд зогсож байв. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхтэй холбоотой олон улсын эв нэгдэл 7 дугаар сарын 27-ны орой замхран алга болсон бөгөөд энэ нь айлчлалын хамгийн урт хугацааны үр дагавар байх магадлалтай” хэмээн тэрбээр дүгнэсэн байна. Талууд ийнхүү хоёр улсын харилцааг амжилттай хөгжиж буй талаар дүгнэн мэдээлж байгаа нь АНУ болон барууны орнуудын анхаарлыг татах, цаашид Орос-Умард солонгосын эвсэл өмнөх үеэс илүү чадамжтай болж байгааг харуулахыг зорьж байна хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. 

 

Орос Умардын цэргийн хамтын ажиллагаанд нөлөөлөх хүчин зүйл

 

БНАСАУ болон ОХУ-ын цэргийн хамтын ажиллагаа бүс нутгийн болон олон улсын ажиглагчдын анхаарлын төвд байсаар ирсэн. Цэргийн хамтын ажиллагааны цар хүрээ, мөн чанар олон жилийн турш харилцан адилгүй байсан хэдий ч хоёр улс цэргийн нягт хамтын ажиллагаа хөгжүүлэх бүхий л суурь нөхцөл бүрдсэнийг дурдах нь зүйтэй. Үүнд:

 

1.Түүхэн хэлхээ холбоо: ОХУ 1948 онд БНАСАУ байгуулагдсаны дараа хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон анхны улс юм. Солонгосын дайн болон хүйтэн дайны үед ЗХУ Умард Солонгост цэргийн дэмжлэг үзүүлж, энэ хугацаанд Умард Солонгост зөвлөлтийн цэргийн зөвлөхүүд ажиллаж, техник хэрэгслүүд байрлаж байсан.

 

2.Хүйтэн дайны дараах үе: 1991 онд ЗХУ задран унасны дараа Орос, Умард Солонгостой харилцах харилцаанд өөрчлөлт орсон. Цэргийн харилцаа мэдэгдэхүйц буурч, Орос улс геополитикийн бусад тэргүүлэх чиглэлд анхаарлаа хандуулж эхэлсэн боловч Умард Солонгос Оросын хувьд их гүрнүүдтэй тохиролцох “хөзөр” хэвээр үлдсэн.

 

4.Хамтарсан цэргийн дадлага сургууль: Орос, Умард Солонгос хоёр талын хамтарсан цэргийн дадлага сургууль нь гол төлөв Зүүн тэнгист далайн аюулгүй байдал, далайн дээрэмчидтэй тэмцэх ажиллагаанд чиглэгдэж байв. Эдгээр дасгалууд нь далайц, цар хүрээний хувьд харьцангуй хязгаарлагдмал хүрээнд хийгдэж байв.

 

5.Зэвсгийн худалдаа: Орос Умард Солонгосын хувьд зэвсэглэлийн систем, цэргийн техникийн суурь ижил бөгөөд хоёр улсын хооронд зэвсгийн худалдаа, шилжүүлэг хязгаарлагдмал бөгөөд хаалттай хүрээнд тогтмол явагдаж ирсэн гэж шинжээчид үздэг. БНАСАУ болон ОХУ-ын цэргийн хамтын ажиллагааны цар хүрээ, шинж чанарын талаарх мэдээлэл нь Умард Солонгосын дэглэмийн хаалттай байдлаас үүдэн хязгаарлагдмал байдаг.

 

7.НҮБ-ын хориг арга хэмжээ: Умард Солонгос, Орос хоёул НҮБ-ын хоригт хамрагдаж байгааг анхаарах нь чухал. Эдгээр хориг арга хэмжээнд цэргийн болон цэрэг-иргэний хоёрдмол зориулалттай технологийн дамжуулалтыг хязгаарлах заалт багтаж байна.

 

Украины хувь заяа Умард Солонгосын дэглэмийг бэхжүүлэх үү?

 

Пёньян Украины хямралд Оросыг биш, НАТО болон АНУ-ыг буруутгаж, Москвад байнга дипломат дэмжлэг үзүүлж байгаа бол Москва дайн эхэлсэн 2022 оны эхэн үеэс Пёньяны пуужин хөөргөхийг дэмжиж, Умардын талаарх Вашингтоны бодлогыг буруутган, хариу дэмжлэг үзүүлсээр ирсэн. Тухайлбал Украинд зэвсэгт мөргөлдөөн эхэлсний дараа Умард Солонгос Москвагийн бодлогыг нээлттэй дэмжиж, Украин дахь Оросын үйл ажиллагааг буруушаасан НҮБ-ын тогтоолын эсрэг санал өгсөн.

 

2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр БНАСАУ-ын Төв цахилгаан мэдээний агентлагийн албан ёсны цахим хуудсанд “БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сон Хэ Донецк болон Луганскийн БНУ-ын сайд нарт захидал илгээсэн.  Захидалдаа, БНАСАУ-ын засгийн газар тус хоёр улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргаснаа мэдэгдэж, эдгээр улстай харилцаагаа тусгаар тогтнол, энх тайван, найрамдлын үүднээс хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

 

ОХУ-ын БХ-ын сайд С.Шойгугийн Умард Солонгост хийсэн айлчлал Өмнөд Солонгос болон АНУ-д дохио өгөх зорилготой ба энэ нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёлын 2023 оны 7 дугаар сарын эхээр Киевт хийсэн гэнэтийн айлчлалын хариу байж магадгүй гэж судлаачид үзэж байна. Үүгээрээ “Өмнөд Солонгос Украинтай цэргийн нягт хамтын ажиллагаа эхлүүлбэл Орос Умард Солонгостой цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар хариу арга хэмжээ авна гэдгийг сануулсан” дохио хэмээн тайлбарлажээ. Умард Солонгос-Оросын харилцааны динамикт олон улсын эвсэл, дэлхийн улс төр, бүс нутгийн аюулгүй байдлын архитектур, түүний өөрчлөлтүүд нөлөөлдөг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Украины хямрал Умард Солонгост өөрийн байр суурийг бэхжүүлэх, цөмийн бодлогоо бататгах, ОХУ-тай нягт хамтран ажиллаж зэвсэг нийлүүлэх замаар эдийн засгаа сэргээх боломжийг олгож байна хэмээн шинжээчид үзэж байна. 

 

БНАСАУ цөмийн бодлогоо Үндсэн хуулиараа баталгаажуулав

 

БНАСАУ цөмийн зэвсгийн талаарх бодлогоо баталгаажуулан бэхжүүлэхийн тулд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулав. 2023 оны 9 дүгээр сард Ардын дээд хурлын IX чуулганаар “БНАСАУ-ын социалист Үндсэн хуулийн хэд хэдэн агуулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталж, БНАСАУ-ын цөмийн зэвсгийг хөгжүүлэх бодлогыг Үндсэн хуулиар баталгаажууллаа гэж Умард Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээллээ. Мэдээнд “БНАСАУ хариуцлагатай цөмийн гүрний хувьд улс орны оршин тогтнох, хөгжих эрхийг баталгаажуулах, дайныг таслан зогсоох, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор цөмийн зэвсгийг эрчимтэй хөгжүүлж байна” гэж дурджээ.

 

Тус улсын удирдагч Ким Жон Ун парламентын чуулганд хэлсэн үгэндээ “стратегийн давуу байдлыг хадгалахын тулд цөмийн зэвсгийн шинэчлэлийг түргэтгэх нь чухал” гэж онцолсон байна. Тэрбээр АНУ, Өмнөд Солонгос, Японы гурван талт хамтын ажиллагааг “НАТО-гийн Ази хувилбар” хэмээн буруушаагаад “ноёрхлоо тогтоох гэсэн АНУ болон Өрнөдийн стратегийг эсэргүүцэж буй улс орнуудтай эв санааны нэгдэлтэй хэвээр байхыг” уриалав.

 

БНАСАУ өөрийгөө хамгаалахын тулд өрсөн цөмийн цохилт өгөх эрхийг хуульчлан баталгаажуулснаас хойш нэг жилийн дараа дээрх нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульдаа оруулснаар Умардын цөмийн бодлого түрэмгий шинж чанартай болж байгааг илтгэж байна хэмээн судлаачид дүгнэж байна.

 

Дүгнэлт

 

Умард Солонгос цөмийн зэвсгээс татгалзвал Ливи, Ирак, Украинд тохиолдсон шиг ирээдүй хүлээнэ хэмээн Умардын тал дүгнэж, цөмийн хөтөлбөрөөс татгалзах биш цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэхэд нэг алхам урагшлав. Хоржоонтой нь Умард Солонгос улс Украин шиг ирээдүйд хүрэхгүйн тулд цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэхдээ Украинд халдан довтолсон Орос улстай ойртон нягтарч байна.

 

 

Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэх асуудалд Орос улс аль нэг дэглэмийн эрх мэдлээр бус харин цөмийн зэвсэглэл Орост болон түүний ашиг сонирхолд хэр аюул занал учруулах эсэхээр үнэлдэг гэж болно. Иймд Оросын бодлого дахь Америкийг эсэргүүцэх үзэл хүчтэй байгаа энэ үед АНУ болон барууны ашиг сонирхлын эсрэг гуравдагч этгээдийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхэд ОХУ-д ямар нэг саад харагдахгүй байна.

 

 

Орос Умардын түншлэлийн цаашдын хөгжил нь Пёньян Москвагаас тодорхой хэмжээний эдийн засгийн дэмжлэг хүлээж, хариуд нь пуужин болон бусад зэвсэглэлээр дэмжлэг үзүүлэх дүр зураг харагдаж байгаа нь ЗХА-ийн нөхцөл байдлыг улам бүр ээдрээтэй болгож, Солонгосын хойгт ойрын ирээдүйд энх тайван цогцлоох боломжгүйг илтгэж байна. Тэгвэл ЗХА-ийн тогтвортой байдал тэр дундаа Солонгосын хойгийн асуудлыг хэрхэх вэ? Умард Солонгосыг цаашид шахсаар Пёньян, Москва, Бээжинг нэг эвсэлд оруулах нь өөрөө том эрсдлийг дагуулна. Үүний оронд Умард Солонгосыг Орос, Хятадын нөлөөллөөс холдуулах, улмаар хориг арга хэмжээгээр шахах бус, хоригийг үе шаттай зөөллөх замаар харилцааг “нааштай” эргүүлэхийг хичээх нь байдлыг даамжруулахгүй байхад тустай юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн хэрэгжүүлэх ёстой нэн тэргүүний зорилт бол Умард Солонгостой энхийн замаар харилцах, яриа хэлэлцээ хийх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах явдал юм. БНАСАУ Ковид-19 цар тахлын дараа хилээ гадаадынханд нээж эхэлж буй энэ үе магадгүй хамгийн тохиромжтой мөч байж болох юм.

 

 

Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)