Х.Баттулгын АН-д сойсон сүүлийн “морь” нь Т.Батцогт болох уу?

Эргэж нийлсэн АН-ынхан бүтэн болох гээд үзэж л байна. Намын даргатай, 15 дэд даргатай болсон. Улс төрийн зөвлөлөө байгуулсан. Одоо генсек, Нийслэлийн АН-ын дарга, АЗХ-ны ерөнхийлөгч, тэгээд орон нутгийн АН-ын удирдлагууд нь сонгогдох учиртай. Эдгээр дээр Лу.Гантөмөр, Х.Баттулга, С.Баярцогт, УИХ-ын гишүүд гэсэн гурвалжин, дөрвөлжин талууд үзэж тарж байна. Бяртай нь ихэнхийг нь авна. Ийм “дүрэм”-тэй өрсөлдөж байна. 

 

АН дахь энэ олон фракц, бүлгүүдээс хамгийн “хөдөлгөөн”-тэй нь Х.Баттулгын МоАХ-ныхон байгаа юм. Бусад нь эвлэсэн ч, эвдэрсэн ч АН-даа үлдэх бол Х.Баттулга үгүй. Тэрбээр дургүй нь хүрвэл нам байгуулахаа бараг зарлачихсан. Тийм нөхцөл нь ч ерөнхийдөө бүрджээ.

 

Түүнд хэрэгтэй байгаа хамгийн чухал албан тушаал бол АН-ын генсек аж. “...Энэ дээр МоАХ-ноосоо хүн тавья” гэж Лу.Гантөмөрт удаа дараа хэлсэн байна. Гэвч Лу.Гантөмөр үүнийг ганцаараа шийдэж чадах эсэх нь эргэлзээтэй. Тэр утгаараа Х.Баттулгын фракцад АН-ын генсек “хуваарилагдах” боломжгүй л болов уу. Үүнийг тэр бараг л мэдэрсэн бололтой. Тиймээс ойрын үед болох Нийслэлийн АН-ын даргад хүнээ сойгоод эхэлжээ. Тэр нь НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт юм байна. Хэрвээ Т.Батцогт унавал Х.Баттулга тэр чигтээ “гомдохоор” болжээ. Тэгээд “...Нам байгуулна” гэж удаан ярьснаа гүйцэлдүүлэх бололтой юм.

 

АН дахь өөрийн фракцыг УИХ-ын гишүүдээр зузаалах болсон Х.Баттулга МоАХ-ныхоо онц их хурлыг ирэх сарын дундуур хийхээр төлөвлөжээ. Тэр хурлаараа “...С.Баярцогтыг огцруулна” гэдэг шаардлага тавина. Эсвэл “...Нам байгуулахаар боллоо” гэдгээ зарлана.

 

Ийм хоёр хэлэлцэх асуудлын хувилбартайгаар онц их хурлаа товложээ. Харин алийг нь хэлэлцэх вэ гэдэг нь дээр хэлсэнчлэн Т.Батцогт нь Нийслэлийн АН-ын дарга болж чадах уу, үгүй юу гэдгээс хамаарах бололтой. Тэр утгаараа Т.Батцогт нь Х.Баттулгын АН-д сойсон сүүлийн “морь” нь болж мэдэхээр байгаа юм. 

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)